III. Байгалийн нөөцийн ашиглалт

3.1 Эрдэс түүхий эдийн нөөц

Байгаль нуурын сав газарт өнгөт болон үнэт металл, нүүрс, шохойн чулуу, ураны нөөц элбэг (Зураг 3.1.1). Буриадын БНУ-д л гэхэд 135 тэрбум ам.доллартай дүйцэхүйц байгалийн баялаг нөөц тогтоогдоод байна. Эдгээрийн гуравны хоёр нь түлш, эрчим хүчний нөөц болох хүрэн нүүрс бөгөөд мөн үнэт болон өнгөт, ховор металл, нефелиний хүдэр, хайлуур жонш, фосфат, натри, төмрийн хүдэр элбэгтэй нь судалгаагаар тогтоогдсон. Баргажингийн районд шавар, шохойн чулууны нөөц, Кабанскийн районд шохойн чулуу, графитын нөөц геологийн судалгаагаар тогтоогдсон байна. Геологийн судалгаагаар Дээд Ангар, Баргажин, Жид, Темник, Цөх голуудын татам зэрэг 228 газарт аллювийн давхаргын алтны орд тогтоогдсон. Буриадын БНУ-ын уран, нүүрс, хайлуур жонш, хар тугалга, цайр, вольфрам, апатит, кварцын элс зэргийн том ордууд нь Байгаль нуурын бүсэд 140-200 км-т сунаж тогтсон байдаг [1, 2].

3.1.1

Зураг 3.1.1. Хар болон өнгөт, ховор металлын нөөц, тэдгээрийн олборлолт [1]

Зураг 3.1.1-ийн тайлбар

зураг - 3.1.1 тайлбар

харах

Байгаль нуурын ЭТБ нь экологийн онцгой хамгаалал­тын объект юм. Энэ нутаг дэвсгэрт эрдэс баялагийн 44 орд тэмдэглэгдсэн бөгөөд техникийн болон газрын ховор элементийн 16 орд, түгээмэл тархалттай ашигт малтмалын 29 орд бүртгэгдсэн байна. Сав газрын Эрхүүгийн хэсэгт шохойн чулууны үйлдвэр ажиллаж байна. Мөн энд олон тооны ордуудыг илрүүлсэн бөгөөд одоогоор ашиглаагүй байна. Олхоны районд кварц, Слюдянкад сиенит, лазурит, волластанитын орд тогтоогдсон. ЭТБ-д хамаарах Эрхүү мужийн Слюдянка, Эрхүү, Олхон районуудад техникийн, химийн түүхий эд, эрдэнийн чулуу зэрэг 29 орд тэмдэглэгдсэн бөгөөд үүнээс барилгын материалын 13 орд (6 нь ашиглагдаж байсан) байна. Үүнээс 2012 онд Перевалын ордоос 902 мян.тн гантиг, 311 мян.тн шохойн чулуу, Ангасолын ордоос 505.8 мян.тн хайрга олборложээ [3, 4].

Сав газрын Оросын хэсэгт эрчим хүчний томоохон эх үүсвэр нь нүүрс, газрын тос юм. Нүүрс ихэвчлэн Сэлэнгийн сав газарт байдаг. Байгаль нуурын газрын тос, байгалийн хий нь бүр XYII зуунд илэрсэн бөгөөд энэхүү орд нь Байгаль нуурын экологийн төвийн бүс дотор байдаг учраас олборлолт хийхийг хориглоод байгаа юм.

2012 онд Буриадын БНУ-д хүрэн нүүрсний 5, чулуун нүүрсний 2 ордод ашиглалт явуулсан байна (Зураг 3.1.2).

2012 онд “Баянзүрх” нүүрсний компани 932.1 мян.тн нүүрс гаргасан нь 2011 онтой харьцуулахад 146%-иар өссөн байна. “Угольный разрез” компани 1,200 мян.тн-ыг олборлосон нь 2011 оныхоос 2.6 дахин их юм. Харин “Буриад нүүрс” компани 2012 онд 255.6 мян.тн-ыг олборлосон нь 2011 оныхоос 105.8%, “Тугинскийн разрез” компани 12.5 сая.тн нүүрс олборлосон нь 2011 онтой харьцуулахад 120.3%-иар өссөн байна.

2012 онд шороон ордоос 1.35 тн алт олборлосон нь 2011 онтой харьцуулахад 11.7%, үндсэн ордоос 4.6 тн алт олборлосон нь өмнөх оныхоос 13.5%-иар бага юм. 2012 оны байдлаар “Бурятзолото” компани, “Артель старателей Западная” хоршоо нь алтны томоохон аж ахуйн нэгжид орж байлаа.

Закаменскийн районд гянтболдын 4 орд байдаг. Жидийн гянтболд, молибденийн уурхайн хувьд Жид голын баруун эрэгт орших Инкур, Колтосонскийн ордыг олборлож байна. Энэхүү үйлдвэр хаагдсаны дараа 1 км2 бүхий талбайтай хаягдлын даланд гянтболдын гурван ислийн нөөц 21 тн үлдэхийг тогтоосон байна. 2010 оноос “Закаменск” компани энэхүү хүний үйл ажиллагаанаас буй болсон ордыг олборлож эхэлсэн бөгөөд ордын бааз дээр орчин үеийн хүдэр боловсруулах үйлдвэр, гянтболдын баяжмал боловсруулах гидрометаллургийн үйлдвэр байгуулсан байна [3].

3.1.2

Зураг 3.1.2. Түлш-эрчим хүчний нөөцийн орд, тэдгээрийн олборлолтын байдал [1]

Зураг 3.1.2-ийн тайлбар

зураг - 3.1.2 тайлбар

Закаменскийн районд Мало-Оногорскийн молибденийн орд тэмдэглэгдсэн байна. ОХУ-ын бүртгэлд Зарчикинскийн молибденийн орд (Тарвагатайн район), Ермаковын флюорит-фенацит-бертрандитийн ордууд тэмдэглэгдсэн байна.

2012 онд Буриадын БНУ-д металл бус ашигт малтмалын 9 ордод олборлолт явуулж байсан бөгөөд Татарын ключ ордод 209.0 мян.тн шохойн чулуу, Тархбуканы орд (Заиграевын район)-оос 160 мян.тн доломит, Черамканы орд (Прибайкальскийн район)-оос 202.0 мян.тн кварцит, Тимулскийн орд (Иволгины район)-оос 35.0 мян.тн цементийн шавар, Ошурковын ордоос апатит олборлосон байна.

“Хиагда” компани Хиагдагийн ордоос туршилтын хэлбэрээр уран олборлож байгаа бөгөөд 2012 онд 331.7 тн уран олборлосон бөгөөд энэ нь 2011 оныхтой харьцуулахад 124.5% болж өссөн үзүүлэлт юм (2011 онд 266.4 тн) [11,12].

Зураг 3.1.2-ийн тайлбар

зураг - 3,1.2 тайлбар

Буриадын БНУ-ын уул уурхайн секторын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2012 онд 13.8тэрбум рубль бөгөөд энэ нь 2011 оныхоос 106.4%-ийн өсөлттэй байна. Озерийн холимог металлын орд, Зарчикнискийн молибденийн орд, Инкур, Колтосоны гянтболдын орд, Никольскийн битумжсэн нүүрсний орд, Хиагдын ураны ордуудын бааз дээр хүдэр боловсруулах үйлдвэр байгуулах, хөрөнгө оруулалт хийх төслийг холбогдох байгууллагууд хэрэгжүүлж байна.

Забайкальскийн хязгаарт үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн төрөл бүрийн хэлбэрийн үйлдвэр аж ахуйн газар, хамтарсан үйлдвэрийг доорх хүснэгтэд харуулав (Хүснэгт 3.1.1) [6,7].

 

Хүснэгт 3.1.1. Статистик бүртгэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр, аж ахуйн газрууд (2013 оны 1 сарын 1-ний өдрийн байдлаар)

хүснэгт - 3.1.1

Красночикой, Петровск-Забайкальск, Улетовск, Хилок, Чит мужуудын үйлдвэр, уул уурхай, боловсруулах үйлдвэр, эрчим хүч үйлдвэрлэл, түгээлт, шатдаг хий, усны аж ахуйн газруудын нийт үйлдвэрлэлийн хэмжээ 26.2 тэрбум рубль бөгөөд эдгээрээс Петровск-Забайкальскийн район давамгайлах ба энэ нь 22.1 тэрбум рубль болж байсан.

2012 онд Хилокийн сав газарт (Петровск-Забайкальск, Хилок районууд) эрдэс баялагийг олборлох 10 лиценз, Цөх голын сав газарт 16 лиценз олгосон байна.

Петровск-Забайкальскийн район нь битум, хүрэн нүүрсний нөөцөөр баян юм. Тугнийн разрез, Обон-Шиврийн компаниуд 13 сая.тн битумжсэн нүүрс 2012 онд олборлосон бөгөөд Тугнийн разрез компани 260 мян.тн хүрэн нүүрс олборлосонбөгөөд энэ нь 2011 онтой харьцуулахад 121.4%-иар өссөн байна.

Красночикойн районд 14 жижиг алтны шороон ордууд оршдог бөгөөд Хикотой, Гутай, Тайга, Федотовка, Даури зэрэг компаниуд 200 кг алт олборлосон байна. Хилокийн районд оршдог металл бус ашигт малтмалын ордод Холины орд хамаардаг бөгөөд 0.6 тн цеолит, 380 мян.тн боржин гаргасан байна.

3.1.3

Зураг 3.1.3. Тэвшийн нурууны хүрэн нүүрсний ордын ил уурхай

Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар бол уул уурхайн үйлдвэр бөгөөд ДНБ-ний 22%, экспортын 94%, гадаадын хөрөнгө оруулалтын 85%-ийг эзэлдэг [9]. Ашигт малтмалын батлагдсан нөөц гэвэл нүүрс (Зураг 3.1.2, Зураг 3.1.3), шороон ордын алт, мөнгө, төмөр, молибден, хайлуур жонш, цайр, вольфрам, хар тугалга, цагаан тугалга, уран, ховор металл зэрэг юм.

Хангайн бүсэд 15 төрлийн ашигт малтмалын хайгуул хийсэн болон хэтийн төлөвийн үнэлгээ өгсөн ордууд оршдог байна Үүнд: алтны 46, фосфорын 22, алт, мөнгө, зэс, марганец, төмөр, хайлуур жоншны ордууд тогтоогдсон байна.

2013 оны байдлаар хөдөлмөрийн насны хүн амын 4.6% буюу 50.3 мянган хүн уул уурхайн үйлдвэрт ажиллаж байна. Түүнээс гадна 40 мянган хүн хууль бусаар нүүрс, алт, гянт болд, элс-хайрга, элс гөлтгөнө олборлож байна. Хууль бусаар ашигт малтмал олборлогчдын 90% нь алтны хаягдсан ордууд дээр ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийг “нинжа “гэж нэрлэдэг. Хууль бусаар алт олборлох үйл ажилагааг Сэлэнгэ мөрний сав газарт орших Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай, Архангай аймгийн Цэнхэр сумуудад явуулж байна. Хууль бус алт олборлолт нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлдэг тул сүүлийн жилүүдэд энэ үйл ажиллагаагаар хөндөгдсөн газруудыг нөхөн сэргээж байна.

1992-2005 онуудад Монгол Улсын Засгийн газар алт олборлолтыг дэмжихэд чиглэсэн “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд алт олборлолт 1992 онд 773.6 кг байсан бол 2005 онд 21,900 кг болон өсч, олборлолт 28.3 дахин нэмэгдсэн байна (Зураг 3.1.4).

Сэлэнгийн сав газарт багтах Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Бороогийн алтны орд (1982-1990 онуудад Монгол-Зүүн Германы хамтарсан геологийн экспедиц уг ордыг нарийвчлан судалж, ордын геологийн нөөцийг 42.56 тн-оор тогтоосон)-ын талбайд 2004 оны 3 дугаар сард жилдээ 1.8 сая.тн (хоногт 5,000 тн) хүдэр боловсруулах хүчин чадалтай боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, 2003-2012 онуудын хооронд 1,628,000 унц буюу 46.15 тн алт олборложээ.

3.1.4

Зураг 3.1.4. Алт олборлолт (Төв аймгийн Заамар сум)

Бороогийн алтны ордыг 2007 оноос эхлэн Канадын “Сентерра гоулд” компани эзэмшиж байгаа бөгөөд 2009 оноос хойш алтны исэлдсэн хүдрийн нөөц эрс буурсаны улмаас 2010 оны 11 дүгээр сард ил уурхайн олборлолтын ажил зогсонги байдалд орж, улмаар ядуу агуулгатай хүдэрээ нуруулдан уусгах технологиор боловсруулж байгаад одоогоор түр зогсолтын байдалд ороод байна. Цаашид энэ ордын алтны нөөц дууссан тул стратегийн ач холбогдолтой ордоос хасагдах магадлалтай байна. Энэ боловсруулах үйлдвэрийг ашиглан “Сентерра гоулд” компани нь Бороогийн алтны ордоос 35 км зайд, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын алтны орд /2010 оны 12 ду­гаар сард тус ордын бодитой нөөцийн хэмжээг 1.5 сая.унц, боломжтой нөөцийн хэмжээг 491,000 унц, баттай нөөцийн хэмжээг 426,000 унц гэж тогтоосон/-ыг 2027 он хүртэл эзэмших тусгай зөвшөөрлийг аваад байгаа бөгөөд одоо­гоор ашиглаж эхлээгүй байна. Гацууртын ор­дын исэлдсэн болон сульфидын хүдрийг Бороогийн үйлдэрт боловсруулах, сульфидын хүд­рийг биологийн аргаар исэлдүүлэх цехийг Бороо­гийн үйлдвэрт нэмж барихаар төлөвлөж байна.

Сэлэнгийн сав газарт Булган аймгийн Сайхан сумын нутагт орших Эрээн, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт орших Шарын гол, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутагт орших Улаан-Овоо, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт орших Нүүрстэй, Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутагт орших Налайх зэрэг том, жижиг нүүрсний ордуудад нүүрс олборлож байна.

Мөн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт орших Төмөр толгой /”Бэрэн” ХХК эзэмшдэг/, Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Төмөр толгой /”Дарханы төмөрлөгийн үйлдвэр” УҮГ эзэмшдэг/, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших Баянгол /”Болдтөмөр ерөө гол” ХХК эзэмшдэг/, Хуст-Уул /”Дарханы төмөрлөгийн үйлдвэр” УҮГ эзэмшдэг/, Хүдэр сумын нутагт орших Төмөртэй /”Дарханы төмөрлөгийн үйлдвэр” УҮГ эзэмшдэг/ зэрэг ордуудад төмрийн хүдэр олборлох, баяжуулах үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төмрийн хүдрийн үндсэн эрдэс нь скарн магнетит бөгөөд хүдэр дэх төмрийн агуулгыг 51.2-55.8, хүхрийн агуулгыг 0.1-3.8% гэж тогтоожээ.

 

3.1.5

Зураг 3.1.5. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр

Төв аймгийн Алтанбулаг сум болон хил залгаа Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, мөн Дархан-Уул аймгийн Дархан сум, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт олон аж ахуйн нэгжүүд Туул, Орхон, Хараа голын татамд барилгын материал /элс, хайрга, дайрга, гөлтгөнө, шохой г.м/ олборлож байгаа нь байгаль экологид ихээхэн сөрөг нөлөө үзүүлэхүйц үйл ажиллагаа явуулж байна.

Монгол Улсад аж үйлдвэрийг цогцолбор байдлаар төлөвлөж, ашигт малтмалын түүхий эдийг олборлон анхан, дунд, гүн боловсруулалт хийх замаар дотооддоо нэмүү өртгийг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвартай, байгаль орчинд хор хөнөөл багатай, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий хүнд үйлдвэрүүдийг барьж байгуулахыг зорьж байна.

Хар ба өнгөт төмөрлөгийн үйлдвэрт одоогоор 1994 онд ашиглалтад орсон Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон 1978 онд ашиглалтад орсон уулын баяжуулах “Эрдэнэт”-ийн зэс, молибдений үйлдвэрүүдийг багтааж байна.Дарханы төмөрлөгийн үйлдвэр Төмөртэйн уурхайд хуурай соронзон баяжуулах үйлдвэр байгуулах, Төмөртолгойд хуурай аргаар баяжуулах шинэ шугам барихаас гадна өөрийн үйлдвэр дээрээ нойтон аргаар баяжуулах үйлдвэр, гангийн үйлдвэрийн өргөтгөл зэргийг барихаар төлөвлөжээ.

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр нь 1978 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн Монгол-Оросын хамтарсан үйлдвэр (Монголын тал 51%, ОХУ-ын тал 49%-ийг эзэмшдэг) бөгөөд тус үйлдвэр нь жилд 25 сая.тн хүдэр боловсруулж, 530.0 орчим мян.тн зэсийн баяжмал, 3.0 орчим мян.тн молибдений баяжмал үйлдвэрлэдэг Зураг 3.2.6) [2]. .

Тус үйлдвэрийн ашиглаж буй Эрдэнэтийн овоо ордын хүдрийн нөөц нь 1,060,367 сая.тн, зэсийн нөөц нь 4.632 сая.тн бөгөөд 125,414 тн молибденийн нөөцтэй. Тус үйлдвэрийн ашиглах нөөцийг нь сүүлийн жилүүдэд хайгуулын үр дүнд нь 3 сая.тн зэс, 55 мян.тн молибденээр нэмэгдүүлсэн байна.

1997 оноос эхлэн “Эрдмин” ХХК нь Эрдэнэт үйлдвэрийн хаягдал хүдрийн овоолгын тодорхой хэсгийг ашиглан катодын зэс, улмаар зэсийн хавтан, цахилгааны зэс утас зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн ба цаашид энэ технологио улам боловсронгуй болгож цахилгааны кабель үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна.

3.1.6

Зураг 3.1.6. Эрдэнэтийн овооны ил уурхай

Document Actions

3.2 Газрын нөөц

Буриадын БНУ нь Байгаль нуурын сав газрын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ихэнх хувийг үйлдвэрлэдэг (ойролцоогоор 80%) [3, 4]).

2012 онд Буриадын БНУ-ын ХАА-н газрын хэмжээ 2011 онтой харьцуулахад 0.883 мян.га-аар өссөн байна. Хойд байгалийн дүүргийн ТХГН-аас 0.003 мян.га талбайг ХАА-н газарт шилжүүлсэн газар байна (Зураг 3.2.1).

ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь ихэвчлэн бүс нутгийн өмнөд болон төвийн бүсэд төвлөрсөн бөгөөд өмчийн янз бүрийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна (Хүснэгт 3.2.1).

3.2.1

Зураг 3.2.1. Байгаль нуурын сав газрын хүн амын ХАА-н бүтээгдэхүүний хангагдсан байдал [1]

 

Хүснэгт 3.2.1 ХАА-н үйлдвэрлэлийнбүтэц , аж ахуйн төрлөөр (Бодит үнээр, дүн хувиар)

хүснэгт - 3.2.1

1)Хувиараа үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулсан.

 

Буриадын БНУ-ын ХАА-н тэргүүлэх салбар нь үхрийн аж ахуй, үр тариа, хүнсний ногоо юм. Буриадын газар тариалангийн бүтээмж маш доогуур юм.

2013 онд үр тарианы ургац 1 га-аас 12.8 цн-ийг хураан авсан нь 2012 оныхоос 12%-иар бага байв (Зураг 3.2.2).

3.2.3

Зураг 3.2.3. Байгаль нуурын сав газрын мал аж ахуй [1]

3.2.3 1

Зураг 3.2.3.Байгаль нуурын сав газрын мал аж ахуй [1]

Хүснэгт 3.2.2. Малын тоо, толгой(Нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар малын төрлүүдээр,мян.толгой)

хүснэгт - 3.2.2

2012 онд 51.6 мян.тн мах, 2013 онд 54.6 мян.тн мах тус тус бэлтгэсэн байна. Сүү үйлдвэрлэл (нийт саалийн дүнгээр) 2012 онд 227.9 мян.тн байсан бол 2013 онд 225.8 мян.тн болжээ (Хүснэгт 3.2.3).

Хүснэгт 3.2.3.Мал аж ахуйн үндсэн бүтэгдэхүүний үйлдвэрлэл (аж ахуйн төрлүүдээр)

хүснэгт - 3.2.3

Улсын хэмжээнд үйлдвэрлэсэн мах болон махан бүтээгдэхүүн эдийн засгийн эрэлтийг хангаж чадахгүй байна. Махан бүтээгдэхүүний эрэлт 2011 онд 74.6 мян.тн байсан бол 2012 онд 80.0 мян.тн болж өсчээ. Үүний 50 гаруй хувийг импортоор хангасан байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний 28%-ийг мөн импортоор хангаж байна.

Байгаль нуурын сав газрын Эрхүү мужид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зах зээлд харьцангуй бага жин дардаг.

2013 оны байдлаар Монгол Улсын нийт газар нутгийн 73.8% буюу 115,361.4 мян.га талбай нь хөдөө аж ахуйн газар /бэлчээр, хадлан, тариалан, атаршсан газар, хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулсан бусад газар/ юм. 2013 оны байдлаар 113,309.9 мян.га-г хөдөө аж ахуйн эдэлбэр газраар ашиглаж байгаагийн 112,738.5 мян.га нь бэлчээр, хадлангийн талбай, 571.4 мян.га нь хагалсан газар буюу тариалсан, уриншилсан тариалангийн газар байна.

ХАА-н салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2011 онд 0.5%-ийн уналттай байсан бол 2012 онд 21.6% болон өсч, 2013 онд 13.5% болж буурчээ (Хүснэгт 3.2.4).

3.2.4

Зураг 3.2.4. Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын тариалангийн талбай

Хүснэгт 3.2.4 Сэлэнгийн сав газарт хамрагдах бүс, аймаг, нийслэлийн малын тоо, төрлөөр (2013 оны байдлаар)

хүснэгт - 3.2.4

2013 онд улсын хэмжээгээр нийт 415.4 мян.га-д тариалалт хийсний 293.3 мян.га-д үр тариа, төмс 15.5, хүнсний ногоо 8.3, тэжээлийн ургамал 14.4 мян.га-д тариалж, үлдсэн 83.9 мян.га-д тосны болон жимсний ургамал тариалжээ. Тариалсан нийт талбайн 83.8% буюу 347.9 мян.га нь Сэлэнгийн сав газарт ногдож байна (Зураг 3.2.5).

2013 онд улсын хэмжээгээр дээрх талбайгаас улаан буудай 368.4, төмс 191.6, хүнсний ногоо 101.8, тэжээлийн ургамал 42.6, тосны ургамал 41.7, жимс, жимсгэнэ 1.6 мян.тн-ыг хураасаны үр тарианы 90.8, төмсний 82.4, хүнсний ногооны 73.4, тэжээлийн ургамлын 68.5, тосны ургамлын 97.7, жимс, жимсгэний 45.1%-ийг Сэлэнгийн сав газраас хураажээ (Зураг 3.2.2 ба Хүснэгт 3.2.5).

Хүснэгт 3.2.5. Сэлэнгийн сав газарт хамрагдах бүс, аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт тариалсан талбай, хураасан ургац (2013 онд)

хүснэгт - 3.2.5

2011 онд улсын хэмжээгээр 46.5 мян.га талбайд усалгаатай тариалалт хийсний 49.0% буюу 22.8 мян.га нь Сэлэнгийн сав газарт багтаж байсан ба үүний 6.4 мян.га-д үр тариа, 8.1 мян.га-д төмс, 5.3 мян.га-д хүнсний ногоо, 1.8 мян.га-д жимс, жимсгэнэ, 1.1 мян.га-д малын тэжээл тариалжээ (Зураг 3.2.6) [11].

3.2.5

Зураг 3.2.5. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын хүнсний ногооны хувийн аж ахуй

3.2.6

Зураг 3.2.6.Усалгааны суваг

Document Actions

3.3 Усны биологийн нөөц

3.3.1

Зураг 3.3.1. Байгаль нуурын алгана загасны тархалт [1]

 

Байгаль нуур болон бусад голын сав газруудад үйлдвэрийн аргаар загас олборлох (Зураг 3.3.1), байгаль дахь загасны нөөцийг нөхөн сэргээх боломжтой.

3.3.2

Зураг 3.3.2. Байгаль нуурын үйлдвэрийн загас агнуур

Байгаль нуурын загас олборлох хэсэг бол ихэвчлэн түүний эргийн хэсэг бөгөөд 377 мян.га талбайг эзэлдэг ба энэ нь Буриадын БНУ-ын нутагт нуурын усан толионы 12% юм. Энэхүү бүсэд мөн Сэлэнгэ мөрний цутгалын садраа (делт)-гийн хэсэг орох ба энэ нь нийт 145 мян.га талбай бөгөөд үүнээс Прибайкальскийн районд 31 мян.га, Баргажин хотод 84 мян.га, Северобайкальск хотод 62 мян.га, Эрхүү мужийн Олхон районд 55 мян.га багтдаг (Зураг 3.3.2) [2, 4].

3.3.3

Зураг 3.3.3. Өвлийн загас агнуур (Кабанскийн район, Истомино тосгон)

Загасны ихэнх төрлүүд нь худалдааны ач холбогдолтой бөгөөд үүнд Байгалийн омуль, алгана, булуу цагаан, нерфлин, гутаар, цурхай зэрэг юм (Зураг 3.3.3). Омуль (алгана загас) нь зах зээл дээр өндөр эрэлттэй бөгөөд түүний нөөц багасч байгаатай холбогдуулан олборлолтод хязгаар тогтоож байна.

Буриадын БНУ-ын хэмжээнд 48 байгуул­лага болон хувийн компаниуд загасны аж ахуй эрхэлж байна. Загас олборлолт 2009 онд 3,136 тн-д хүрч байсан бол 2010 онд 115%-иар өсч, 2011 онд өмнөх онтой харьцуулахад 80.1% болж буурсан байна (Хүснэгт 3.3.1) [12].

 

Хүснэгт 3.3.1. Байгаль нуурын сав газрын Буриадын БНУ-ын районууд дахь загасны биологийн нөөц болон загас олборлолт

Он

2010

2011

2012

Буриадын БНУ

2,246

2,600

2,082

Улаан-Үд хот

66

83

90

Северобайкальск хот

-

15

-

Баргажин район

748

810

598

Веравненскийн район

305

251

257

Иволгиний район

-

22

56

Кабаны район

543

530

408

Курумканы район

-

1

-

Прибайкальскьскийнрайон

-

13

9

Северо-Байкальскийн район

331

568

386

Сэлэнгийн район

238

274

223

 

2013 онд Буриад улсын усны биологийн нөөцийн олборлолт 2,190.4 тн болжээ. 2013 онд алгана загасны олборлолт 2012 оныхтой харьцуулахад 67 тн-оор буурсан бөгөөд 1,140 тн байв. Бодит байдлаар 2013 онд алгана загасны олборлолт 39% (1,870 тн)-иар өссөн бөгөөд 2012 онд 37% (1,900 тн) байсан ба энэхүү өсөлт нь хууль бус загас агнууртай холбоотой. Байгаль нуураас хариус агналт 2013 онд бодит байдлаараа 9.3 тн (2012 онд 7.0 тн), сига 4.6 тн (2012 онд 3.7 тн), загасны эдгээр төрлүүдийн тооцоонд ороогүй загас агнуурын хэмжээ зөвшөөрөгдсөн хэмжээтэй ойролцоо байна [4].

Буриадын БНУ-ын нэг хүнд ногдох загас болон загасан бүтээгдэхүүн 2010 онд 9.7 кг байсан бол 2011 онд 10.4, 2012 онд 10.8 кг болжээ. Буриадын БНУ нь загас болон түрс экспортолдог бөгөөд 2011 онд 944.4 тн, 2012 онд 1,292.1 тн-ыг экспортолсон байна.

Байгаль нуурын худалдааны ашиг бүхий загасны нөөц багасч буйтай холбоотойгоор загас үржүүлгийг 10 жил хугацаанд явуулж байна. Буриадын БНУ-ын загас үржүүлгийн томоохон аж ахуй гэвэл Большеченскийн загасны аж ахуй (1.25 сая загасны түрсний хүчин чадалтай), Сэлэнгийн загасны үйлдвэр (1.5 сая алгана

3.3.4

Зураг 3.3.4. Омуль загас худалдааны сайн дурын зах (Листвянка тосгон)

загасны түрс, Байгалийн хилэм загасны 2 сая түрсний хүчин чадалтай), Баргажингийн загасны үйлдвэр (1 сая загасны түрсний хүчин чадалтай). Мөн Эрхүү мужид Бурдугузскийн загасны үйлдвэр (100 сая загасны түрсний хүчин чадалтай), Цагаан гол дээрх Эрхүүгийн загасны үйлдвэрийн Бельскийн загасны үржүүлгийн газар (150 сая загасны түрсний хүчин чадалтай) [2, 4].

Алгана загасны хиймэл үржүүлгийн үндсэн зорилго нь (Зураг 3.3.5) жил бүрийн тогтвортой алгана олборлолтыг 3,000 тн-д хүргэх явдал юм. 2012 онд загасны үйлдвэрээс 1.03 тэрбум.ш авгалдай гаргасан нь 2012 оны түвшинд бөгөөд энэ нь үйлдвэрийн хүчин чадлаас доогуур байгаа юм. Алганы үйлдвэртэй холбоотой санхүүжилт жилээс жилд буурч байгаа бөгөөд 2012-2013 онуудад энэ ажилд ерөөс санхүүжилт хийгдээгүй байна. Загасны авгалдай болон залуу загасыг Орос, Монгол, Хятад, Японы олон нуурт тавьж үржүүлж байна.

3.3.5

Зураг 3.3.5. Байгалийн омуль (алгана

Document Actions

3.4 Ойн нөөц

Байгаль нуурын сав газрын ихэнх ойн хэсэг Оросын хэсэгт төвлөрөх бөгөөд энд ойн 38 аж ахуй үйл ажиллагаа явуулж байна (Зураг 3.4.1) [3, 4].

Эндэхийн ой нь шилмүүст болон навчит мод гэсэн үндсэн хоёр бүлэгт хуваагдах ба шилмүүст мод болох нарс (Pinussilvestris), хар мод (Larix) ижилхэн тархалттай бөгөөд нийт ойн 25%-ийг, хуш (Pi-nussibirica) өргөн дэлгэр тархалттай бөгөөд нийт ойн 17%-ийг эзэлдэг (Зураг 3.4.2).

3.4.2

Зураг 3.4.2.Шилмүүст ой

Навчит модны хувьд хус (Betula) давамгайлах бөгөөд нийт ойн 17%-ийг эзэлдэг (Зураг 3.4.3). Бутлаг ургамал нь ихэвчлэн өндөр уулын хуш мод ургасан хэсэгт голын хөндийд хустай холилдсон бургас байдлаар мөн тэрчлэн бутлаг хус ажиглагдана. Ойн масс нь ихэвчлэн шилмүүст төрөл давамгайлна. Энд мөн навчит ургамал хус, хуш, нарс, хар мод давамгайлна.

 

3.6.3

Зураг 3.6.3. Хусан ой

Эрхүү муж: Хуурай газрын хэсэг нь 8,626 мян.га (2011 онд 8,623.5 мян.га) ойн (ойт хээр, ойн сан, ТХГН) бүрхэвчтэй, үүнээс 95% нь мод, 5% нь бутлаг ургамал юм [3, 4].

Байгаль нуурын сав газарт боловсорсон модонд тогтоосон хязгаарт багтаан 2012 онд 893.2 мян.м3 (2011 онд 7,665.4 мян.м3), 2012 онд ойролцоогоор 2,133.2 мян.м3 мод бэлтгэсэн (2011 онд 2,314.4 мян.м3) ба энэ нь тогтоосон хэмжээний 24%-тай тэнцэнэ. Бэлтгэсэн мод нь 1.8 мян.га (2011 онд 2 мян. гa) болно. Ойн цэвэрлэгээг 4.8 мян.га-д хийсэн байна (2011 онд 5.8 мян.га).

Ойн нөхөн сэргээлт: 2012 онд Байгаль нуурын сав газарт тарьсан ойг оруулаад 7.9 мян.га (2011 онд 9.1мян.га)-д, залуу суулгацыг 14.2 мян.га (2011 онд 13.2 мян.га) хийсэн.

Ойн түймэр: 2012 онд Байгалийн нутаг дэвсгэрийн Эрхүү мужид 201 ойн түймэр тэмдэглэгдсэн (2011 онд 433 түймэр) бөгөөд түүнд өртөгдсөн нийт талбай 1.5 мян.га болно (2011 онд 17.2 мян.га). Ойн түймрийг илрүүлэх, богино хугацаанд унтраахын тулд нийт 9,561 мян.га-д мониторинг хийсэн бөгөөд үүнээс 717.6 мян.га-д газар дээрх хяналт, 8,125 мян.га-д агаар (сансар)-ын хяналт, 719.5 мян.га-д алсын зайн хяналт хийсэн байна. Ойн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд 839.9 км зам засаж сайжруулсан бөгөөд ойг түймрээс хамгаалах саад 1,787.5 км, хяналтын шатаалтыг 11,485 га-д хийсэн.

3.4.1

Зураг 3.4.1. Ойн нөөц ба түүний ашиглалт [1]

2012 онд Байгаль нуурын нутаг дэвсгэрийн ойн үйлчилгээний ажилтнууд хүчний байгууллагын ажилтангуудтай хамтран хулгайн мод бэлтгэлийн хяналт-шалгалтыг 2,035 удаа, ойн эргүүлийг 520 удаа хийсэн. Ой ашиглалт болон ойг гэрээгээр эзэмшүүлэх үйл ажиллагааг улсын байгаль орчны байцаагч, ойн менежмент дээр үндэслэн хэрэгжүүлж байна. Ойг гэрээгээр эзэмшигч нь тодорхой журмын дагуу ойн менежментийн төсөл батлагдсан тохиолдолд үйл ажиллагааг эхлүүлдэг журамтай.

Буриадын БНУ: Байгаль нуурын нутаг дэвсгэр дээр ойн бүрхүүл бүхий талбай (ойн талбай, ойн нөөц, ТХГН) 2011 онд 11,099.2 мян.га байсан бол 2012 онд 7.1%-иар буюу 11,891.7 мян.га болж өссөн. Модны бүрэлдэхүүний хувьд 75.4% нь шилмүүст мод бөгөөд 8.8% нь зөөлөн навчит мод, 0.001% нь хатуу навчит мод, 15.8% нь бутлаг мод байдаг (Зураг 3.4.4) [3, 4].

Буриадын хамгийн их ойн бүрхэвчтэй газар нь Закаменск район (ойн нягтшил 86.6%) бөгөөд Хоринск (81.5%), Прибайкальск (80.8%), Заиграевск (74.1%), Хижинск (70.2%)-ийн районуудын газар нутгийн дийлэнхийг ой эзэлдэг. Харин ойн нягтшил Kабанск (32.1%), Хиагтад (32.1%), Мухаршивэртийн районд (41.8%) бага байна [2].

Ойн менежмент: Буриадын БНУ-ын Засгийн газрын тогтоол, ойн үйлчилгээний журам, дүрэм болон батлагдсан ойн төлөвлөгөөний дагуу улсын хэмжээнд үйлчилгээ явуулж байна. Буриадын БНУ-ын Засгийн газрын “Ойн менежментэд хөрөнгө оруулалт хийх төслийн тухай” тогтоолыг хэрэгжүүлэх үндсэн арга зам нь энэхүү салбарын хөрөнгө оруулалтад анхаарлаа төвлөрүүлж, тоног төхөөрөмжөөр хангах явдал юм.

Нас гүйцсэн ойн талбайд мод бэлтгэлийн ажил 2011 онтой харьцуулахад 0.029-иар буюу 4,841.4 мян.м3-ээр өссөн байна. Үүнээс 2012 онд 930.3 мян.м3 (2011 онд 967.1 мян.м3) байгаа нь тогтоосон хэмжээний 19% болж байна. Энэ нь 2011 онтой харьцуулахад нас гүйцсэн мод бэлтгэл 4%-иар буурсан байна. Мөн боловсронгуй технологи бүхий мод бэлтгэл 2011 онтой харьцуулахад 9.7%-иар буурсан байна. Ойн цэвэрлэгээг 8.4 мян.га талбайд хийсэн байна (2011 онд 14.7 мян.га).

Ойн нөхөн сэргээлт: 2012 онд ойн нөхөн сэргээлтийг 20 мян.га-д хийсэн бөгөөд үүнд ойжуулсан талбай 2.1 мян.га болно (2011 онд 2.89 мян.га). Залуу суулгацыг 24.8 мян.га-д шилжүүлэн суулгасан (2011 онд 26.4 мян.га).

Ойн түймэр: 2012 онд ойн бүрхэвч бүхий нутаг дэвсгэрт ойн түймэр 641 удаа гарсан байна (2011 онд 1,303 удаа түймэр гарсан). Энэ нь 2011 онтой харьцуулахад 51%-иар буурсан байна. Ойн түймэрт өртсөн талбайн хэмжээ 117.73 мян.га. Энэ нь 2011 онтой харьцуулахад 52%-иар нэмэгдсэн байна (Зураг 3.4.6).

3.4.4

Зураг 3.4.4. Ойн бүрхүүлийг үүсгэж буй үндсэн төрлийн модны нөөц

3.4.5

Зураг 3.4.5. Ойн нөхөн сэргээлт (Тарвагатайн район)

Ойн түймрийг богино хугацаанд илрүүлэх, түүнийг унтраах хугацааг богиносгох зорилгоор ой бүхий газар нутагт ойн түймэр бүхий газарт нийт 13,146 га талбайд хяналт-шалгалтын ажлыг хийсэн байна. Үүнээс газар дээрх хяналтыг 2,388 мян.га-д, агаарын зайн хяналтыг 7,455 мян.га-д, 1 дүгээр зэргийн алсын зайн хяналтыг 3,303 мян.га-д хийсэн байна. Гал түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, шаталтын хяналтыг 260 мян.га-д, галын хамгаалалтын сүлжээг 2,488.67 км, ийм сүлжээний үйлчилгээг 4,333.72 км-т хийсэн байна (Зураг 3.4.7).

3.4.6

Зураг 3.4.6. Ойн түймэр (Прибайкальскийн район)

Буриадын БНУ-ын Ойн нөөцийн агентлаг нь Эрхүү мужийн Ойн алба, ОХУ-ын Иргэний хамгаалал, онцгой байдал байгалийн аюултай тэмцэх яамны Ерөнхий газар зэрэгтэй хамтран ойн түймэртэй тэмцэх байгууллага, Агаарыг хамгаалах агаарын бааз зэрэг байгууллагуудтай байгууллага хоорондын хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.

2012 онд Холбооны төсвөөс 73.9 сая рублийн тусламж гаргасан бөгөөд үүний 3.9 сая рублийг галын хяналтын тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулсан байна. Үүнээс 37 нэгжид галын хяналтын тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулсан.

 

3.4.7

Зураг 3.4.7. Түймрийн эсрэг эрдэсжсэн

зурвас (Иволгиний район)

 

Ойн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор ойн үрийн төвийг байгуулсан. Энэхүү үрийн төвийн төсөл-санхүүгийн баримт бичгийг боловсруулахад зориулан 6.5 сая рубль зарцуулсан байна.

Сайжруулаагүй ойн нөөцийг ашиглахын тулд 2.8 га талбайг хөрөнгө оруулалт хэлбэрээр 3 хувааж (Хойт, Зүүн, Өмнөд) энэ 3 бүсэд 1.09 сая.м3 зүсмэл бүтээгдэхүүн бэлтгэсэн ба үүнээс шилмүүст мод 1.04 сая.м3 болно. Геологийн судалгаа уул уурхайн чиглэлээр ойн талбайг ялгасан ба энэ нь 1,225 га талбай бөгөөд үүнээс 213 га-г нөхөн сэргээх зорилгоор ялгасан.

2012 онд 3 удаа ой бүхий газрын дуудлага худалдааг амралт, сувиллын, хөдөө аж ахуйн үйл ажиллагааны, ойн нөөцөөс мод бэлтгэх чиглэлээр явуулсан бөгөөд гэрээний үндсэн дээр нийт 462.2 га-г олгосон байна.

2012 онд түрээсээр эзэмшигчдэд 825.6 мян.м3 (үнэлгээгээр 2,107.3 мян.м3 гэж тогтоосон) олгосон бөгөөд энэ нь 30% нь юм. Эдгээр түрээслэгчид нь тэдгээрийн ойн менежментийн төслүүд нь улсын экспертээс эерэг үнэлгээ авсан бөгөөд ойн үйл ажиллагаа нь дэмжигдэж байна.

Ойн менежментийн түвшин, ойн нөөцийн амжилттай ашиглалт нь ойн тээврийн дэд бүтцээр тодорхойлогдож байна. Бүх л хугацаанд 1000 га-д 2.1 км зам ногдож байна. Улсын ойн төлөвлөгөөний дагуу ойн замыг 2017 он хүртэл 840 км болгох зорилт тавьж байна.

Забайкальскийн хязгаар: Байгаль нуурын нутаг дэвсгэрт 2012 онд ойн талбай 4,715.4 мян.га (2011 онд 4,715.9 мян.га) байсан бөгөөд ойн бүрхэвч бүхий газар 0.01%-иар багассан байна.

Боловсорсон мод огтлол Байгалийн нутаг дэвсгэрт 2011 оныхоос нэг их өөрчлөгдөөгүй бөгөөд 2,484.0 мян.м3 үүнээс зүсмэл материал 2012 онд 628.3 мян.м3 (2011 онд 681.5 мян.м3), энэ нь зөвшөөрөгдсөн хэмжээний 25.3% болно. 2011 онд мод бэлтгэл 35%-иар буурсан ба 0.6 мян.га юм. Цэвэрлэгээний мод бэлтгэл энэ бүс нутагт 3.4 мян.га (2011 онд 3.1мян.га).

Ойн нөхөн сэргээлт: 2012 онд 9.2 мян.га (2011 онд 4.4 мян.га), үүнээс тарималжуулсан ойн талбай 1.1 мян.га (2011 онд 1.3 мян.га). Залуу суулгацыг ойн бүрхүүлтэй хамт 13.4 мян.га (2011 онд 17.5 мян.га)-д хийсэн.

Забайгальскийн хязгаарын Засгийн газар “2012-2015 онуудад Забайгальскийн хязгаарт ой нөхөн үржүүлэх тухай” удаан хугацааны хөтөлбөрийг баталсан байна. Энэхүү хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаа нь үрийн нөөцийг арвижуулах, шинэ тоног төхөөрөмж, технологийг ашиглах, таримлын тоог нэмэгдүүлэхэд оршино. 2012 онд 541.2 кг шилмүүст модны үрийг бэлтгэсэн нь 2011 оны мөн үеийнхээс даруй 38%-иар их байна. Эдгээр үрийг хяналтад оруулсан бөгөөд чанарын хувьд нэгдүгээр зэрэг гэсэн үнэлгээ авсан байна.

Ойн түймэр: 2012 онд Забайкальскийн хязгаарт 249 ойн түймэр тэмдэглэгдсэн байна. 2011 онтой харьцуулахад ойн түймэр 58%-иар өссөн байна. Ойн түймэрт нэрвэгдсэн талбайн хэмжээ 2.5 дахин өссөн бөгөөд 49.54 мян.га болжээ.

Забайгальскийн хязгаар нь “2011-2014 онуудад ойн түймэртэй тэмцэх” удаан хугацааны зорилтот хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн хүрээнд үзүүлэнгийн материал бэлтгэх, суурилуулах (ханын материал, постер г.м), галын аюултай видео клип, улын хэмжээний үйл ажиллагааг харуулах г.м. Ялангуяа, сургалтын курст 70 хүн сууж ойн галын төслүүдээр бүсчлэх ажил хийсэн. Тусгай зориулалтын ойн түймрийн 4 багаж худалдан авсан ба замын дагуу ойн цэвэрлэгээг хийсэн байна.

Үрслүүрийн тоо 1,757.5 мянган ширхэг болсон бөгөөд энэ нь 2011 онтой харьцуулахад 19.8%-иар өссөн дүн юм.

Монгол Улсын Засгийн газар “Ойн тухай хөтөлбөр”-ийг шинэчлэн баталж, “Ойн менежментийн улсын ерөнхий төлөвлөгөө”-г шинээр батлан хэрэгжүүлж байна (Зураг 3.4.8) [9].

Заг ургасан бүс нутгийн загийг түлшинд хэрэглэхийг хориглосон байна. 2008-2011 онуудад 37,211.5 мян.га талбайд мод ургуулсан бөгөөд 1,000 га-д ойн хамгаалалтын зурвасыг байгуулсан байна. “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хүрээнд 2005 онд 367 га, 2006 онд 461 га-д, 2007 онд 300 га-д, 2008 онд 426 га-д, 2009 онд 271,4 га-д, 2010 онд 253 га-д, 2011 онд 365 га-д тус тус ойжуулалт хийсэн байна. Ойн нөөцийг нөхөн сэргээх, ойжуулалтын ажилд түр болон байнгын 6798 хүн 2011 онд ажиллажээ.

 

 

3.4.8

Зураг 3.4.8. Улаанбаатар хот орчмын Туул голын ой

 

Ойн нөхөн сэргээлтийн ажлын чанарыг сайжруулахын тулд “Ойн нөөцийг бүртгэх, худалдан авах журам”-ыг хэрэгжүүлж байна. Энэхүү журмын дагуу сүүлийн 3 жилийн туршид нутгийн иргэдийн тариалсан 194.3 га ойг төр худалдаж авсан бөгөөд үндэсний ойн нөөцөд бүртгэн авчээ (2008 онд 56 га, 2009 онд 77 га, 2010 онд 61.3 га).

Хэнтий аймаг энэхүү журмыг маш сайн хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү тэргүүн туршлагыг бусад аймгуудад хэрэгжүүлэхээр болжээ.

БОНХ-ийн сайдын тушаалаар улсын хэмжээнд үйлдвэрлэлийн ашиглалт болон арчилгаа, цэвэрлэгээний зориулалтаар ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг 2013 онд 1,128,464 м3-ээр, 2014 онд 627,542м3-ээр тогтоожээ.

Сэлэнгийн сав газарт бэлтгэх модны хязгаарыг 2013 онд 1,058,239 м3, 2014 онд 605,817 м3-ээр тус тус тогтоосон байна. 2011 онд 13,900.0 га, 2012 онд 13,810.0 га ойгоос үйлдвэрлэл болон арчилгаа, цэвэрлэгээний огтлолтоор болон ойн цэвэрлэгээгээр мод бэлтгэсэн байна. Статистик мэдээллээр 2012 онд 1,395.66 мян.га ойн сан түймэрт, 950 мян.га талбай бүхий ой хортон шавьжид идэгдсэн байна.

Сэлэнгийн сав газарт бэлтгэх модны хязгаарыг 2013 онд 1,058,239 м3, 2014 онд 605,817 м3-ээр тус тус тогтоосон байна. 2011 онд 13,900.0 га, 2012 онд 13,810.0 га ойгоос үйлдвэрлэл болон арчилгаа, цэвэрлэгээний огтлолтоор болон ойн цэвэрлэгээгээр мод бэлтгэсэн байна. Статистик мэдээллээр 2012 онд 1,395.66 мян.га ойн сан түймэрт, 950 мян.гаталбай бүхий ой хортон шавьжид идэгдсэн байна.

Document Actions

3.5 Аялал жуулчлал, амралт сувилал

Байгаль нуурын сав газарт аялал жуулчлал тийм ч амжилттай сайн хөгжөөгүй бөгөөд энэ нь байгалийн янз бүрийн ландшафт, соёлын болон түүхийн өвийг хадгалсан объект юм. Байгаль нуур болон түүний хил залгаа нутаг нь уламжлалт аялал жуулчлалын газар мөн боловч аялал жуулчлалын эдийн засагт эзлэх хувь маш бага (1%) байгаа нь үүнд ач холбогдол бага өгч байгааг харуулж байна.

Амралт, аялал жуулчлалын нөөц нь ихэвчлэн нуурын эргийн дагуу байх бөгөөд түүний урт нь 2,000 км ба 70% нь усан замын тээврээр зорчих боломжтой. Энэ хэсэг нь үзэсгэлэнт сайхан байгалийн ландшафт бөгөөд ус сайн халах улирлын үед амралтын ямарч тоног төхөөрөмжийг ашиглаж болно (Зураг 3.5.1). Нуурын захын хэсэгт амралт сувиллын ач холбогдол бүхий 26 эрдэст булаг, байгалийн 128 хөшөө, 94 түүх, соёлын дурсгал бий. Энэ бүс нутагт аялал жуулчлал, амралтын баазыг өргөжүүлэхийн тулд дэд бүтцийг хөгжүүлэх шаардлага бий [2].

Байгаль нуурт ирж байгаа жуулчдын тоо жил бүр өсч байна. 2012 онд Буриадын БНУ болон Эрхүү мужид 1,529 мян­ган жуулчин ирсэн байна (2011 онд 1,303 мянган жуулчин ирсэнээс 75.4 мянга нь гадаадын жуулчин байжээ) (Зураг 3.5.2). Өмнөх жилүүдтэй харьцуулахад Эрхүү мужид ирсэн жуулчны тоо 4.4%, Буриадын БНУ-ынх 34.9%-иар өссөн байна. Гадаадын жуулчдын дотор ихэвчлэн Хятад, Герман, Монгол, Солонгос, Франц, АНУ, Англи, Польш, Японы жуулчид байна. Жуулчдын үйлчилгээний мөн­гөн дүн 2012 онд 10,130 сая рубльд хүрсэн байна. Аялал жуулчлалын салбарт нийт 20.5 мян.хүн ажиллаж байна [4].

Байгаль нуурын жуулчдын өргөн дэлгэр төрөл гэвэл:

-      Танилцах: Круго­байкальскийн төмөр замын угсаатны зүйн экскурс “Тальцы” музей, байгалийн музей бусад түүх-соёлын маршрут,

-      Экологийн: Байгаль нуурын мөсөн бүрхүүлийн маршрут, нуурын эрэг орчмын машин, явган, морин, дугуйн аялал, Их Байгалийн зам, цанын аялал, завин аялал, шувуу судлах, шувуу барих, агуйн аялал зэрэг,

-      Агнуурын жуулчлал: Ойн амьтны агнуур, агнуурын тоглоом, зун, хаврын улиралд мөсөн доорх загас агнуур, ховор ургамын цуглуулга,

-      Амралт, сувиллын аялал: Рашаан сувилалд амрах, эмчилгээ сувилгаа, эрүүл мэндийн амралт, рашаан амралт зэрэг,

-      Зохион бай­гуулалттай амралт: Амралт, амралтын бааз байгуулах, аялал жуулчлалын бааз, амралтын тоног төхөөрөмж байгуулах, зочид буудал, дэн буудал, өрөө хөлслөх г.м. Байгаль нуурын амралт, аялал жуулчлалын байрны багтаамж 20,000 жуулчин хүлээн авах хүчин чадалтай бөгөөд 6 сараас 9 сар хүртэл 300,000 аялагч зорчих боломжтой.

-      Зохион байгуу­лалтгүй амралт: ТХГН-т хийх зохион байгуулалтгүй аялал болно.

Байгаль нуурын аялал жуулчлалын бас нэг томоохон чиглэл бол нуурын гүн нэлээд сайн судлагдсан хэсэгт тодорхой заавраар сэлэх, аялах маршрут юм (Зураг 3.5.3). Энэ нь экологит нэлээд дөхөмтэй аялал жуучлалын төрөл бөгөөд цаашид шууд хөгжүүлэх хэтийн төлөв бий. 2012 онд 80 завиар нийт 1,640 хүн аялсан байна.

 

3.5.1

Зураг 3.5.1. Байгалийн эргийн үзэсгэлэнт хэсгүүд [1]

3.5.2

Зураг 3.5.2. Байгаль нуурын сав газар дахь аялал жуулчлал [1]

2007 онд ОХУ-ын Засгийн газар Эрхүү муж, Буриадын БНУ, Байгаль нуурт аялал, жуулчлалыг хөгжүүлэх үүднээс эдийн засгийн тусгай бүс болгох шийдвэр гаргасан бөгөөд олон нийт, хувийн секторын хооронд түншлэлээр дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийх явдал өсч байна.

3.5.3

Зураг 3.5.3. Аврах онгоц

Эрхүү мужийн хил орчимд 1,590 га талбай бүхий Их Голосний гэдэг газрыг тодорхойлсон байна. 2010 онд ОХУ-ын Засгийн газар Эдийн засгийн бүс нутаг Слюдянка төрийн өмчийн газрыг бий болгож, энд “Гора Соболиная”, “Мангутай” зэрэг цанын баазыг байгуулсан байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэх зорилгоор Эрхүү мужийн Засгийн газар “Эдийн засгийн тусгай бүс Слюдянка районд аялал жуулчлалыг 2012-2015 онуудад хөгжүүлэх” урт хугацааны зорилтот хөтөлбөрийг батлан гаргасан.

Эдийн засгийн тусгай бүс нутгийн хил хязгаар улам өргөсч байгаа бөгөөд зэргэл­дээх Листвинка усан зогсоол, Байкал – Кругобайкальскийн төмөр замын бүс нутаг орж байна. Аялал жуулчлалын агентлагууд нуурын хойд хөвөөн дээр дэд бүтэц сайн хөгжсөнийг ашиглан үйлчилгээг сайжруулан, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх боломж буй.

Үүнээс гадна Эрхүү – Листвинк – Байгаль порт – Кругобайкальскийн төмөр замын дэд бүтцийг ашиглан бүсийн дотор кластер байгуулах замаар эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх бодит боломж бий.

Амралт сувиллын чиглэлээр Буриадын БНУ-д 5 бүс нутгийг батлан гаргасан байна. Үүнд: Кабанскийн районд“Байгаль-Прибой”, “Лемасова”, Северобайкальскийн районд “Северобайкальск”, Баргажингийн районд “Байгаль нуурын Баргажин хөвөө”, “Сучи нуур”, Сэлэнгийн районд тодорхойлсон байна. Мөн эдийн засгийн тусгай бүсэд “Байгаль-Нарбор”, Прибайгальскийн районд “Tурка”, “Сандс”, “Горячинск”, “Нэргүй уул“, “Бичү уул” зэрэг 3,284 га газрыг хамтран ашиглаж байна. Эдгээр бүх объектууд нь аялал жуулчлалыг татах, хөгжүүлэх зорилготой.

 

3.5.4

Зураг 3.5.4. “Байкальскийн прибой” амралтын газар

3.5.5

Зураг 3.5.5. “Лемасово” амралтын газар

“Tурка”, “Сандс” зэрэгт зочид буудал, хурлын заал байгуулах, спорт цогцолборын төв, усан замын порт хийх, ил болон задгай биеийн тамирын талбай, ресторан байгуулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Энэ ажил үндсэндээ дуусч байна.

“Бичү уул”-ын хэсэгт жилийн 4 улиралд уулын амралт байгуулах, энэхүү бүс нь цаг уурын хувьд маш тааламжтай бөгөөд жилийн 200 өдөр нь нартай байдаг. 2012 онд энэ хэсгийн зураг төсөл хийгдсэн бөгөөд инженерийн болон тээврийн зураг төсөл нь гарсан байна(Зураг 3.5.6).

 

3.5.6

Зураг 3.5.6. “Байкальская гавань” амралт, сувиллын газрын албаны байр

3.5.7

Зураг 3.5.7. “Турка”-гийн хэсэг

Горячинск” хэсэг дээр “Гуратив” рашаан сувиллыг байгуулах бөгөөд эрдсийн болон халуун рашааныг эмчилгээ сувилгааны чиглэлээр ашиглах юм.

2012 онд Эдийн засгийн хөгжлийн бүсийн захирлуудын зөвлөл “Байгалийн Гавана” концепцийн баримт бичгүүдийг дэмжсэн бөгөөд үндсэн концепцийг захирлуудын зөвлөл баталсан байна.

Энэ бүх барилга байгууламжид нийт 3.6 тэрбум рублийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа болно (2012 оны үнээр). 2013-2017 онуудад “Байгаль” амралт-сувиллын цогцолбор, шинжлэх ухаан-соёлын сэдэвчилсэн парк, гэр бүлийн амралтын төвийг энэхүү амралт сувиллын төвд байгуулж дуусгах юм. Мөн спортын содон төрлүүд (виндсерфинг, подледный дайвинг), засагчлах бааз зэргийг боломжийн хэрээр байгуулах юм. Батлагдсан концепцийн дагуу аялагчдын замыг байгуулж, Байгаль нуурын аялал, жуулчдын тоог 2 саяд хүргэх юм. Үүнтэй уялдан Горячинскийн аялал жуулчдын тоог 50,000 хүргэх юм.

3.5.8
Зураг 3.5.8. “Горячинск” сувиллын газар

 

“Бухта Безымянная” амралтын газар нь Эдийн засгийн хөгжлийн бүсийн хамгийн алслагдмал бүс бөгөөд энд Байгаль нуурын хамгийн VIP жуулчдыг хүлээн авах юм. 2012 онд Эдийн Засгийн хөгжлийн бүсийн захирлуудын зөвлөлөөр боломжит зочид буудлын бизнес төлөвлөгөөг баталсан байна. 2008-2012 онуудад“Байгалийн Гавана” төсөлд 3.87 тэрбум рублийг зарцуулах юм.

2011-2018 онуудад ОХУ-ын дотоодын болон олон улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтот хөтөлбөрт орсон аялал жуулчлалын кластер болох “Подломори” (Kабанскийн район), автожуулчдын кластер болох “Хиагт” (Хиагтын район), “Байгаль” (Иволгины район), “Түнхийн хөндий” (Түнхийн район) гэсэн 4 том төслийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалыг эдийн засгийн нэгэн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхээр ажиллаж байна. Дэд бүтцийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтын тааламжтай орчинг бүрдүүлэх, аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулах, маркетингийн зохимжтой бодлого боловсруулах зорилгоор “Аялал жуулчлалын үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулсан байна. Улсын хэмжээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх 7 бүсийг зөвлөмж болгож байгаа юм. Үүнд:

-Монголын нийслэл-Улаанбаатар хот, 1639 онд Монголын буддизмын төв гэж байгуулагдсан, эртний уламжлал, орчин үеийн амьдралын хэв маягийг хосолсон хот (Зураг 3.5.9).

-Хөвсгөл-Монголын цасан бүрхүүл бүхий Альпийн уулс, болор мэт тунгалаг устай нууртай. Хөвсгөл нуур Дэлхийн хамгийн гүн нууруудын нэг (Зураг 3.5.10).

-Орхон голын хөндий-Эртний Хархорины нутаг, хаадын өлгий. Буддын анхны томоохон хийд-Эрдэнэ зуугийн хийд, түүнээс гадна олон тооны хөшөө, түүхийн дурсгалт газруудтай (Зураг 3.5.11).

-Цөлийн говь- Азийн хамгийн алдартай томоохон цөлийн нутаг. Сахарын элсэн цөл биш, биологийн олон янз байдал, ургамал, амьтны гайхамшигтай олон төрөлтэй.

-Монголын тал нь өргөн дэлгэр, тэгш, ойн бүрхүүлгүй, морьтон баатруудын эртний тулаан, тэдгээрийн оршин сууж байсан нутаг (Зураг 3.5.12). Зарим нутагт газар доорх агуй бий бөгөөд зарим агуй нь шохойн чулуу бүхий усаар дүүргэгдсэн байдаг.

-Хэнтий аймаг нь Чингис хааны төрсөн нутаг. Үзэсгэлэнтэй байгалийн дунд түүний амьдрал, амжилтыг харуулсан хааны хөшөө, музей бий (Зураг 3.5.12).

 

3.5.9

Зураг 3.5.9. Монголын буддын шашны төв-Улаанбаатар

3.5.10

Зураг 3.5.10. Хөвсгөлийн өндөр уулс

 

3.5.11

Зураг 3.5.11. Орхон голын хөндий

3.5.12

Зураг 3.5.12. Чингис хааны хөшөө

 

Монголыг зорин ирж буй жуулчдын 70-80% нь 10-11 хоногт загасчлал, ан, морь унах, байгалийн үзэсгэлэнт газрыг үзэх, явган болон авто аялал хийж байна (Зураг 3.5.14).

3.5.13

Зураг 3.7.13. Морин аялал

Сүүлийн 3 жилд 2009-2011 онуудад гадаадын жуулч­дын тоо 11% өссөн ба энэ хугацаанд аялал жуулчлалын орлого 32.5%-иар өссөн байна. 2011 онд Монгол Улсад 460 мянган жуулчид ирсэн бөгөөд энэ хугацаанд ажлын байр 25,000-д хүрч, аялал жуулчлал ДНБ-ний 4%-ийг эзлэх болсон байна.

 

2013 онд Монголд ирсэн жуулчдын 42.7% нь Хятад, 17.8% нь ОХУ, 10.8% нь БНСУ, 4.4% нь Япон , 3.5% нь АНУ, 2.7% нь Казахстан, 2.3% нь Герман болон бусад орноос ирсэн байна.

Сүүлийн жилүүдэд дотоодын аялагчид буюу Монголчуудын жуулчлал эрс нэмэгдэж байгаа бөгөөд дулааны улиралд жуулчид хувийн машин тэрэгтэйгээ хүссэн газраараа аялах болжээ. Дотоодын аялагчдын талаар статистикийн тоон мэдээ, хаашаа аялаж байгаа талаар нарийн мэдээлэл байхгүй ч Улаанбаатар болон бусад хот, суурины иргэд гол төлөв Сэлэнгийн сав газарт орших Богд хан уул, Тэрэлж (Зураг 3.5.14), Эрдэнэзуу, Хархорин, Улаанцутгалан, Цэнхэрийн халуун рашаан, Өгий нуур, Хөвсгөл нуур, Найман нуур, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуурыг зорих аяллууд дотоодын аялагчдын түгээмэл замнал болоод байна.

Сэлэнгийн сав газарт багтах Хөвсгөл аймгийн хэмжээнд 2013 оны байдлаар 53 жуулчны бааз, 22 отог, 33 гэр буудал, 15 амралтын газар, 5 зочид буудал, 18 дэн буудал ажиллаж нэг ээлжиндээ 3,000 жуулчин хүлээн авах хүчин чадалтай болсон. Орхон голын сав газарт нийт 40 гаруй жуулчны бааз аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхээр бүртгэгдсэний 34.1% нь Архангай, 31.7% нь Сэлэнгэ, 26.8% нь Өвөрхангай аймгийн нутагт байдаг. Туул голын сав газарт нийт 70 гаруй аялал жуулчлалын байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 70 орчим хувь нь Хан-Хэнтийн ТХГН болох Горхи-Тэрэлжийн орчимд байрлаж байна. Жуулчны баазууд нь хоногт нийт 4 мян.хүн хүлээн авах хүчин чадалтай байна. Тэдгээрийн 90 гаруй хувь нь улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг байна.

Монгол Улсад эмчилгээ сувилгааны аялал ихээхэн хөгжиж байна. Сувиллын ихэнх нь халуун, хүйтэн рашаан, эмчилгээний шавар зэрэг эмчлэн сувилах увидастай байгалийн биетийг түшиглэн оршиж байна. Монгол Улсад 40 орчим халуун, 50 орчим хүйтэн рашаан бий [15].

Сэлэнгийн сав газар нь халуун, хүйтэн рашаан олонтой бөгөөд тэдгээрт түшиглэн байгуулсан 20 гаруй амралт, рашаан сувиллын газар ажиллаж байгаагаас магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалд Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Хужирт” сувилал, “Эльма Хужирт”, Архангай аймгийн Батцэнгэл сумын “Хасу-Шивэрт” рашаан сувилал, аймгийн төвийн “Сувд” сувилал, Орхон аймгийн төвийн “Эрдэнэт” сувилал, Төв аймгийн Эрдэнэ сумын “Ар жанчивлан” рашаан сувилал, Хөвсгөл аймгийн Галт сумын “Галт халуун-Ус”рашаан сувилал, Булган аймгийн Могод сумын “Хульж” рашаан сувилал, Улаанбаатар хотын “Аминзаяа”, “Акуа”, “Арга билэг”, “Ариун лотус”, “Булагтай”, “Баруун зүүн-Эх”, “Гэгээн манал”, Мойлтын тохой, “Нандин ухаан”, “Нара зүй засал”, “Өнө-Энх”, “Сүүж уул”, “Сэтгэшгүй”, “Хүүхдийн төв сувилал”, “Хос вансэмбэрүү”, “ЭМЖЖ”, “Энх-Ундарга”, “Энх саран”, “Эрхэс” зэрэг сувилалууд, “Оргил” рашаан сувилал багтаж байна [16].

Оргил рашаан сувилал: нь Богдхан уулын ар хормойд, Улаанбаатар хотын өмнөд хэсэг болох Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Удирдлагын Академийн баруун талд байрладаг.

3.5.14

Зураг 3.5.14. Тэрэлжийн байгалийн цогцолборт газар

Гидрокарбонат-кальци-натрийн найрлагатай, сул эрдэсжилттэй, сул хүчиллэг, нүүрсхүчлийн хий, төмөртэй хүйтэн рашаан юм. Уухаас гадна орох, шавших угаах зэргээр хэрэглэнэ. Уух рашаан нь ходоодны архаг, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд сайн үйлчилгээтэй. Шавар эмчилгээг хорт хавдар, хурц үрэвсэлт өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, декомпенсацийн шатанд байгаа зүрхний гажиг, зүрхний цус хомсрох өвчин, даралт ихдэх өвчин, бронхийн багтраа, гломерулонефрит, элэгний хатуурал өвчний үед хэрэглэхэд тохиромжгүй. Оргил рашаан сувилал нь байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 250 хүн хүлээн авдаг.

Хужиртын халуун рашаан сувилал: Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг, Орхон голын сав газарт, Хангайн нурууны салбар Шунхлай, Гуа, Шивээт уулсын дунд далайн түвшнээс дээш 1,600 метрт, Улаанбаатараас 390 км-т оршдог. Карбонат-сульфат-натри-кальцийн найрлагатай, фторт азотын халуун рашаан бөгөөд үе мөч, арьсны өвчин, ясны гэмтэл, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед голдуу хэрэглэнэ. Тус сувилал нь байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 350-600 хүн хүлээн авах хүчин чадалтай.

Шивэртийн халуун рашаан сувилал: “Хасу-Шивэрт” рашаан сувилал, аялал жуулчлалын цогцолбор нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Дарьхинтын хөндийн байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Хүхэрлэг, 68°С-ийн халуун рашаан бөгөөд “Нохой унадаг” нуурын халуун шавраар мэдрэл, үе мөч, арьс харшил болон бусад өвчин эмгэгүүдийг сувилж эмчилнэ. Уг сувилал нь байнгын ажиллагаатай, нэг дор 250 хүн хүлээн авах хүчин чадалтай.

 


  1. Ашигласан материал
    1. 1.             “Байгаль нуурын сав газрын экологийн атлас”, Эрхүү хот, ОШУА СС-ын В.Б.Сочавын нэрэмжит Газар зүйн хүрээлэн, 1:5000,000, 2014 он. http://bic.iwlearn.org/ru/atlas/atlas
    2. 2.             “Байгаль нуурын сав газрын хил дамнасан оношлогоо дүн шинжилгээ”, http://baikal.iwlearn.org/en/project/tda/LB%20TDA_Mongolia_Final.pdf
    3. 3.             “2012 оны Байгаль нуурын төлөв байдал болон түүнийг хамгааалах тухай” Улсын илтгэл, Эрхүү хот, “Росгеолфонд”-ын Сибирийн салбар, 2013 он, 436 х, http://www.mnr.gov.ru/regulatory/list.php?part=1258
    4. 4.             “2013 оны Байгаль нуурын төлөв байдал болон түүнийг хамгааалах тухай” Улсын илтгэл, Эрхүү хот, “Росгеолфонд”-ын Сибирийн салбар, 2014 он, 462 х, http://www.mnr.gov.ru/regulatory/list.php?part=1258
    5. 5.             “Буриад улсын хүрээлэн буй орчин, хамгаалалтын тухай” 2012 оны Улсын тайлан, http://minpriroda-rb.ru/upload/iblock/9cb/frmoytmrq2013.pdf
    6. 6.             “Буриад улсын хүрээлэн буй орчин, хамгаалалтын тухай” 2013 оны Улсын тайлан, http://minpriroda-rb.ru/upload/iblock/9cb/frmoytmrq2013.pdf
    7. 7.             Забайгальск хязгаарын статистик, http://chita.gks.ru
    8. 8.             “Забайкальск хязгаарын улсын районууд болон хотын тойргуудын нийгэм-эдийн засгийн байдал” / Забайгальск хязгаарын статистик, Чита, 2013 он, 149 х.
    9. 9.             Монгол Улсын үндэсний статистикийн хороо, “Монгол Улсын стастистикийн эмхэтгэл”, УБ хот 2013 он.
    10. 10.          Буриад орон тоон хэлээр, 2014 он, Статистикийн эмхэтгэл/Буриадын статистик, Улаан-Үд хот, 2014 он, 107 х.
    11. 11.          “Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө”, 2013 он.
    12. 12.          Статистикийн жил бүрийн эмхэтгэл, 2013 он, Статистикийн эмхэтгэл/Буриадын статистик, Улаан-Үд хот, 2013 он, 514 х.
    13. 13.          “Буриад улсын 2011-2015 онуудын нийгэм-эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр” Буриад улсын хуулийн хэрэгжилтийн тухай 2012 оны тайлан, http://www.egov_buryatia.ru/uploads/tx_npa/3477docx
    14. 14.          www.baikaltrawel.ru
    15. 15.          БОНХЯ, “Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төсөл, “Монгол орны усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулахад зориулсан судалгааны эмхэтгэл”, III боть, УБ хот, 2012 он, http://bic.iwlearn.org/mn/documents/documents/state-reports/ulsyn-usny-nootsiin-neghdsen-mieniezhmientiin-tolovloghoo-bolovsruulakhad-zoriulsan-sudalghaany-emkhetghel-guravdughaar-devter-monghol-kheleer/view
    16. 16.          “Рашаан сувиллыг хөгжүүлэх хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 251 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, http://www.legalinfo.mn/annex/showPrint/1416
Document Actions
Document Actions
IW:LEARN