3.1 Эрдэс түүхий эдийн нөөц
Байгаль нуурын сав газарт өнгөт болон үнэт металл, нүүрс, шохойн чулуу, ураны нөөц элбэг (Зураг 3.1.1). Буриадын БНУ-д л гэхэд 135 тэрбум ам.доллартай дүйцэхүйц байгалийн баялаг нөөц тогтоогдоод байна. Эдгээрийн гуравны хоёр нь түлш, эрчим хүчний нөөц болох хүрэн нүүрс бөгөөд мөн үнэт болон өнгөт, ховор металл, нефелиний хүдэр, хайлуур жонш, фосфат, натри, төмрийн хүдэр элбэгтэй нь судалгаагаар тогтоогдсон. Баргажингийн районд шавар, шохойн чулууны нөөц, Кабанскийн районд шохойн чулуу, графитын нөөц геологийн судалгаагаар тогтоогдсон байна. Геологийн судалгаагаар Дээд Ангар, Баргажин, Жид, Темник, Цөх голуудын татам зэрэг 228 газарт аллювийн давхаргын алтны орд тогтоогдсон. Буриадын БНУ-ын уран, нүүрс, хайлуур жонш, хар тугалга, цайр, вольфрам, апатит, кварцын элс зэргийн том ордууд нь Байгаль нуурын бүсэд 140-200 км-т сунаж тогтсон байдаг [1, 2].
Зураг 3.1.1-ийн тайлбар
Байгаль нуурын ЭТБ нь экологийн онцгой хамгаалалтын объект юм. Энэ нутаг дэвсгэрт эрдэс баялагийн 44 орд тэмдэглэгдсэн бөгөөд техникийн болон газрын ховор элементийн 16 орд, түгээмэл тархалттай ашигт малтмалын 29 орд бүртгэгдсэн байна. Сав газрын Эрхүүгийн хэсэгт шохойн чулууны үйлдвэр ажиллаж байна. Мөн энд олон тооны ордуудыг илрүүлсэн бөгөөд одоогоор ашиглаагүй байна. Олхоны районд кварц, Слюдянкад сиенит, лазурит, волластанитын орд тогтоогдсон. ЭТБ-д хамаарах Эрхүү мужийн Слюдянка, Эрхүү, Олхон районуудад техникийн, химийн түүхий эд, эрдэнийн чулуу зэрэг 29 орд тэмдэглэгдсэн бөгөөд үүнээс барилгын материалын 13 орд (6 нь ашиглагдаж байсан) байна. Үүнээс 2012 онд Перевалын ордоос 902 мян.тн гантиг, 311 мян.тн шохойн чулуу, Ангасолын ордоос 505.8 мян.тн хайрга олборложээ [3, 4].
Сав газрын Оросын хэсэгт эрчим хүчний томоохон эх үүсвэр нь нүүрс, газрын тос юм. Нүүрс ихэвчлэн Сэлэнгийн сав газарт байдаг. Байгаль нуурын газрын тос, байгалийн хий нь бүр XYII зуунд илэрсэн бөгөөд энэхүү орд нь Байгаль нуурын экологийн төвийн бүс дотор байдаг учраас олборлолт хийхийг хориглоод байгаа юм.
2012 онд Буриадын БНУ-д хүрэн нүүрсний 5, чулуун нүүрсний 2 ордод ашиглалт явуулсан байна (Зураг 3.1.2).
2012 онд “Баянзүрх” нүүрсний компани 932.1 мян.тн нүүрс гаргасан нь 2011 онтой харьцуулахад 146%-иар өссөн байна. “Угольный разрез” компани 1,200 мян.тн-ыг олборлосон нь 2011 оныхоос 2.6 дахин их юм. Харин “Буриад нүүрс” компани 2012 онд 255.6 мян.тн-ыг олборлосон нь 2011 оныхоос 105.8%, “Тугинскийн разрез” компани 12.5 сая.тн нүүрс олборлосон нь 2011 онтой харьцуулахад 120.3%-иар өссөн байна.
2012 онд шороон ордоос 1.35 тн алт олборлосон нь 2011 онтой харьцуулахад 11.7%, үндсэн ордоос 4.6 тн алт олборлосон нь өмнөх оныхоос 13.5%-иар бага юм. 2012 оны байдлаар “Бурятзолото” компани, “Артель старателей Западная” хоршоо нь алтны томоохон аж ахуйн нэгжид орж байлаа.
Закаменскийн районд гянтболдын 4 орд байдаг. Жидийн гянтболд, молибденийн уурхайн хувьд Жид голын баруун эрэгт орших Инкур, Колтосонскийн ордыг олборлож байна. Энэхүү үйлдвэр хаагдсаны дараа 1 км2 бүхий талбайтай хаягдлын даланд гянтболдын гурван ислийн нөөц 21 тн үлдэхийг тогтоосон байна. 2010 оноос “Закаменск” компани энэхүү хүний үйл ажиллагаанаас буй болсон ордыг олборлож эхэлсэн бөгөөд ордын бааз дээр орчин үеийн хүдэр боловсруулах үйлдвэр, гянтболдын баяжмал боловсруулах гидрометаллургийн үйлдвэр байгуулсан байна [3].
Зураг 3.1.2-ийн тайлбар
Закаменскийн районд Мало-Оногорскийн молибденийн орд тэмдэглэгдсэн байна. ОХУ-ын бүртгэлд Зарчикинскийн молибденийн орд (Тарвагатайн район), Ермаковын флюорит-фенацит-бертрандитийн ордууд тэмдэглэгдсэн байна.
2012 онд Буриадын БНУ-д металл бус ашигт малтмалын 9 ордод олборлолт явуулж байсан бөгөөд Татарын ключ ордод 209.0 мян.тн шохойн чулуу, Тархбуканы орд (Заиграевын район)-оос 160 мян.тн доломит, Черамканы орд (Прибайкальскийн район)-оос 202.0 мян.тн кварцит, Тимулскийн орд (Иволгины район)-оос 35.0 мян.тн цементийн шавар, Ошурковын ордоос апатит олборлосон байна.
“Хиагда” компани Хиагдагийн ордоос туршилтын хэлбэрээр уран олборлож байгаа бөгөөд 2012 онд 331.7 тн уран олборлосон бөгөөд энэ нь 2011 оныхтой харьцуулахад 124.5% болж өссөн үзүүлэлт юм (2011 онд 266.4 тн) [11,12].
Зураг 3.1.2-ийн тайлбар
Буриадын БНУ-ын уул уурхайн секторын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2012 онд 13.8тэрбум рубль бөгөөд энэ нь 2011 оныхоос 106.4%-ийн өсөлттэй байна. Озерийн холимог металлын орд, Зарчикнискийн молибденийн орд, Инкур, Колтосоны гянтболдын орд, Никольскийн битумжсэн нүүрсний орд, Хиагдын ураны ордуудын бааз дээр хүдэр боловсруулах үйлдвэр байгуулах, хөрөнгө оруулалт хийх төслийг холбогдох байгууллагууд хэрэгжүүлж байна.
Забайкальскийн хязгаарт үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн төрөл бүрийн хэлбэрийн үйлдвэр аж ахуйн газар, хамтарсан үйлдвэрийг доорх хүснэгтэд харуулав (Хүснэгт 3.1.1) [6,7].
Хүснэгт 3.1.1. Статистик бүртгэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр, аж ахуйн газрууд (2013 оны 1 сарын 1-ний өдрийн байдлаар)
Красночикой, Петровск-Забайкальск, Улетовск, Хилок, Чит мужуудын үйлдвэр, уул уурхай, боловсруулах үйлдвэр, эрчим хүч үйлдвэрлэл, түгээлт, шатдаг хий, усны аж ахуйн газруудын нийт үйлдвэрлэлийн хэмжээ 26.2 тэрбум рубль бөгөөд эдгээрээс Петровск-Забайкальскийн район давамгайлах ба энэ нь 22.1 тэрбум рубль болж байсан.
2012 онд Хилокийн сав газарт (Петровск-Забайкальск, Хилок районууд) эрдэс баялагийг олборлох 10 лиценз, Цөх голын сав газарт 16 лиценз олгосон байна.
Петровск-Забайкальскийн район нь битум, хүрэн нүүрсний нөөцөөр баян юм. Тугнийн разрез, Обон-Шиврийн компаниуд 13 сая.тн битумжсэн нүүрс 2012 онд олборлосон бөгөөд Тугнийн разрез компани 260 мян.тн хүрэн нүүрс олборлосонбөгөөд энэ нь 2011 онтой харьцуулахад 121.4%-иар өссөн байна.
Красночикойн районд 14 жижиг алтны шороон ордууд оршдог бөгөөд Хикотой, Гутай, Тайга, Федотовка, Даури зэрэг компаниуд 200 кг алт олборлосон байна. Хилокийн районд оршдог металл бус ашигт малтмалын ордод Холины орд хамаардаг бөгөөд 0.6 тн цеолит, 380 мян.тн боржин гаргасан байна.
Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар бол уул уурхайн үйлдвэр бөгөөд ДНБ-ний 22%, экспортын 94%, гадаадын хөрөнгө оруулалтын 85%-ийг эзэлдэг [9]. Ашигт малтмалын батлагдсан нөөц гэвэл нүүрс (Зураг 3.1.2, Зураг 3.1.3), шороон ордын алт, мөнгө, төмөр, молибден, хайлуур жонш, цайр, вольфрам, хар тугалга, цагаан тугалга, уран, ховор металл зэрэг юм.
Хангайн бүсэд 15 төрлийн ашигт малтмалын хайгуул хийсэн болон хэтийн төлөвийн үнэлгээ өгсөн ордууд оршдог байна Үүнд: алтны 46, фосфорын 22, алт, мөнгө, зэс, марганец, төмөр, хайлуур жоншны ордууд тогтоогдсон байна.
2013 оны байдлаар хөдөлмөрийн насны хүн амын 4.6% буюу 50.3 мянган хүн уул уурхайн үйлдвэрт ажиллаж байна. Түүнээс гадна 40 мянган хүн хууль бусаар нүүрс, алт, гянт болд, элс-хайрга, элс гөлтгөнө олборлож байна. Хууль бусаар ашигт малтмал олборлогчдын 90% нь алтны хаягдсан ордууд дээр ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийг “нинжа “гэж нэрлэдэг. Хууль бусаар алт олборлох үйл ажилагааг Сэлэнгэ мөрний сав газарт орших Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай, Архангай аймгийн Цэнхэр сумуудад явуулж байна. Хууль бус алт олборлолт нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлдэг тул сүүлийн жилүүдэд энэ үйл ажиллагаагаар хөндөгдсөн газруудыг нөхөн сэргээж байна.
1992-2005 онуудад Монгол Улсын Засгийн газар алт олборлолтыг дэмжихэд чиглэсэн “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд алт олборлолт 1992 онд 773.6 кг байсан бол 2005 онд 21,900 кг болон өсч, олборлолт 28.3 дахин нэмэгдсэн байна (Зураг 3.1.4).
Сэлэнгийн сав газарт багтах Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Бороогийн алтны орд (1982-1990 онуудад Монгол-Зүүн Германы хамтарсан геологийн экспедиц уг ордыг нарийвчлан судалж, ордын геологийн нөөцийг 42.56 тн-оор тогтоосон)-ын талбайд 2004 оны 3 дугаар сард жилдээ 1.8 сая.тн (хоногт 5,000 тн) хүдэр боловсруулах хүчин чадалтай боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, 2003-2012 онуудын хооронд 1,628,000 унц буюу 46.15 тн алт олборложээ.
Бороогийн алтны ордыг 2007 оноос эхлэн Канадын “Сентерра гоулд” компани эзэмшиж байгаа бөгөөд 2009 оноос хойш алтны исэлдсэн хүдрийн нөөц эрс буурсаны улмаас 2010 оны 11 дүгээр сард ил уурхайн олборлолтын ажил зогсонги байдалд орж, улмаар ядуу агуулгатай хүдэрээ нуруулдан уусгах технологиор боловсруулж байгаад одоогоор түр зогсолтын байдалд ороод байна. Цаашид энэ ордын алтны нөөц дууссан тул стратегийн ач холбогдолтой ордоос хасагдах магадлалтай байна. Энэ боловсруулах үйлдвэрийг ашиглан “Сентерра гоулд” компани нь Бороогийн алтны ордоос 35 км зайд, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын алтны орд /2010 оны 12 дугаар сард тус ордын бодитой нөөцийн хэмжээг 1.5 сая.унц, боломжтой нөөцийн хэмжээг 491,000 унц, баттай нөөцийн хэмжээг 426,000 унц гэж тогтоосон/-ыг 2027 он хүртэл эзэмших тусгай зөвшөөрлийг аваад байгаа бөгөөд одоогоор ашиглаж эхлээгүй байна. Гацууртын ордын исэлдсэн болон сульфидын хүдрийг Бороогийн үйлдэрт боловсруулах, сульфидын хүдрийг биологийн аргаар исэлдүүлэх цехийг Бороогийн үйлдвэрт нэмж барихаар төлөвлөж байна.
Сэлэнгийн сав газарт Булган аймгийн Сайхан сумын нутагт орших Эрээн, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт орших Шарын гол, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутагт орших Улаан-Овоо, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт орших Нүүрстэй, Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутагт орших Налайх зэрэг том, жижиг нүүрсний ордуудад нүүрс олборлож байна.
Мөн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт орших Төмөр толгой /”Бэрэн” ХХК эзэмшдэг/, Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Төмөр толгой /”Дарханы төмөрлөгийн үйлдвэр” УҮГ эзэмшдэг/, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших Баянгол /”Болдтөмөр ерөө гол” ХХК эзэмшдэг/, Хуст-Уул /”Дарханы төмөрлөгийн үйлдвэр” УҮГ эзэмшдэг/, Хүдэр сумын нутагт орших Төмөртэй /”Дарханы төмөрлөгийн үйлдвэр” УҮГ эзэмшдэг/ зэрэг ордуудад төмрийн хүдэр олборлох, баяжуулах үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төмрийн хүдрийн үндсэн эрдэс нь скарн магнетит бөгөөд хүдэр дэх төмрийн агуулгыг 51.2-55.8, хүхрийн агуулгыг 0.1-3.8% гэж тогтоожээ.
Төв аймгийн Алтанбулаг сум болон хил залгаа Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, мөн Дархан-Уул аймгийн Дархан сум, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт олон аж ахуйн нэгжүүд Туул, Орхон, Хараа голын татамд барилгын материал /элс, хайрга, дайрга, гөлтгөнө, шохой г.м/ олборлож байгаа нь байгаль экологид ихээхэн сөрөг нөлөө үзүүлэхүйц үйл ажиллагаа явуулж байна.
Монгол Улсад аж үйлдвэрийг цогцолбор байдлаар төлөвлөж, ашигт малтмалын түүхий эдийг олборлон анхан, дунд, гүн боловсруулалт хийх замаар дотооддоо нэмүү өртгийг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвартай, байгаль орчинд хор хөнөөл багатай, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий хүнд үйлдвэрүүдийг барьж байгуулахыг зорьж байна.
Хар ба өнгөт төмөрлөгийн үйлдвэрт одоогоор 1994 онд ашиглалтад орсон Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон 1978 онд ашиглалтад орсон уулын баяжуулах “Эрдэнэт”-ийн зэс, молибдений үйлдвэрүүдийг багтааж байна.Дарханы төмөрлөгийн үйлдвэр Төмөртэйн уурхайд хуурай соронзон баяжуулах үйлдвэр байгуулах, Төмөртолгойд хуурай аргаар баяжуулах шинэ шугам барихаас гадна өөрийн үйлдвэр дээрээ нойтон аргаар баяжуулах үйлдвэр, гангийн үйлдвэрийн өргөтгөл зэргийг барихаар төлөвлөжээ.
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр нь 1978 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн Монгол-Оросын хамтарсан үйлдвэр (Монголын тал 51%, ОХУ-ын тал 49%-ийг эзэмшдэг) бөгөөд тус үйлдвэр нь жилд 25 сая.тн хүдэр боловсруулж, 530.0 орчим мян.тн зэсийн баяжмал, 3.0 орчим мян.тн молибдений баяжмал үйлдвэрлэдэг Зураг 3.2.6) [2]. .
Тус үйлдвэрийн ашиглаж буй Эрдэнэтийн овоо ордын хүдрийн нөөц нь 1,060,367 сая.тн, зэсийн нөөц нь 4.632 сая.тн бөгөөд 125,414 тн молибденийн нөөцтэй. Тус үйлдвэрийн ашиглах нөөцийг нь сүүлийн жилүүдэд хайгуулын үр дүнд нь 3 сая.тн зэс, 55 мян.тн молибденээр нэмэгдүүлсэн байна.
1997 оноос эхлэн “Эрдмин” ХХК нь Эрдэнэт үйлдвэрийн хаягдал хүдрийн овоолгын тодорхой хэсгийг ашиглан катодын зэс, улмаар зэсийн хавтан, цахилгааны зэс утас зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн ба цаашид энэ технологио улам боловсронгуй болгож цахилгааны кабель үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна.