5.2 Байгаль орчны талаарх хөтөлбөр, төлөвлөгөө ба тэдгээрийн хэрэгжилт
2005 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Оросын байгалийн нөөц ба экологи (2002-2010 он)” хөтөлбөрийн санхүүжилтийг 2012 онд хязгаарласны дараагаар “Байгаль нуур болон Байгаль нуурын зах хязгаарын хамгаалалт” дэд хөтөлбөр, “Байгаль нуур болон Байгаль нуурын зах хязгаарын нийгэм-эдийн засгийн хөгжлийг 2012-2014 онд сахин хамгаалах“ Холбооны улсын зорилтот хөтөлбөрийг ОХУ-ын Засгийн газрын 2012.08.21-ний өдрийн 847 дугаар тогтоолоор баталсан [4].
Хөтөлбөрт тусгагдсанаар энэхүү гайхамшигт нуурыг хадгалан хамгаалах нь ЮНЕСКО болон бүх дэлхийн байгалийн өв болохын хувьд гарцаагүй бөгөөд Байгаль нуурын бүс нутгийн тогтвортой хөгжилийн хүрээнд ОХУ-ын нийгэм-эдийн засгийн хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийн амжилт, ОХУ-ын нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудлуудтай бүрэн хамааралтай байгаа юм. Байгаль нуурын нутаг дэвсгэрийн хэмжээнд үүсч буй ээдрээтэй асуудлыг иж бүрэн цогц байдлаар шийдэх шаардлагатай. Энэхүү асуудлыг шийдвэрлэхдээ хөтөлбөр-үндсэн арга зүй, дэвшилтэт арга хэлбэрийг ашиглах, зорилго болон тулгамдсан асуудлын харилцан уялдааг хангах, асуудлыг бодитойгоор шийдвэрлэх нэгдсэн гаргалгаа болон иж бүрэн шийдлийг тусгах хэрэгтэй.
Хөтөлбөр нь Холбооны улсын хэмжээнд нутаг дэвсгэрийн экологийн төлөв байдалд үнэлгээ өгөх иж бүрэн аргачлал, экологийн доройтлыг арилгах болон хязгаарлах асуудалд улсын дэмжлэг үзүүлэх арга замыг тодорхойлох, өнгөрсөн үеийн аж ахуйн үйл ажиллагааны хохирол, мөн байгалийн онцгойлон хамгаалах системийн үүсэл хөгжлийг тусгасан болно.
Байгаль нуурын давтагшгүй экосистемийг хадгалах нь улсын бодлого байдаг учраас хөтөлбөрийн санхүүжилтийн үндсэн эх үүсвэрийг ОХУ-ын төсөв болон Холбооны улсын төсвийн эх үүсвэрээр бүрдүүлдэг.
Хөтөлбөрийн үндсэн зорилго нь Байгаль нуур болон Байгаль нуурын орчмын бүсийг антропогены сөрөг нөлөөллөөс хамгаалах, байгалийн хүчин зүйлийн унаган төрхийг хадгалахад оршино.
2012-2020 онуудын холбогдох жилд Хөтөлбөрийн санхүүжүүлтийн ерөнхий дүн нь мөнгөн дүнгээр 58,158.5 сая рубль бөгөөд түүний дотор:
- холбооны улсын төсвийн эх үүсврээс 83.2% (48,381.1 сая рубль, үүнээс: хөрөнгө оруулалт 33,513.0 сая рубль, шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажилд 464.1 сая рубль, бусад арга хэмжээнд 14,404.0 сая рубль)
- ОХУ-ын төсвийн тусгай эх үүсврээс 14.4% (8,374.9 сая рубль)
- төсвийн бус эх үүсврийн хөрөнгөөр 2.4% (1,402.5 сая рубль).
Эдгээр эх үүсвэрүүдийг Эрхүү муж, Буриадын БНУ болон Забайкальскийн хязгаарын бүс гэсэн гурван бүсэд хуваан зарцуулдаг. Энэ нь Байгаль нуурын бүх экологийн асуудлын 80%-ийг шийдвэрлэх боломжтой.
Хөтөлбөрийн улсын (төрийн) зохицуулагч-захиалагч байгууллага нь ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн яам болно. Хөтөлбөрийн улсын (төрийн) захиалагчид нь – ОХУ-ын бүс нутгийн хөгжлийн яам, газрын хэвлийн ашиглалтын Холбооны агентлаг, усны нөөцийн Холбооны агентлаг, загас агнуурын Холбооны агентлаг, байгалийн нөөц ашиглалт, хяналтын Холбооны алба, хүрээлэн буй орчны мониторинг ба ус цаг уурын Холбооны алба байдаг.
Төлөвлөсөн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах асуудлуудыг шийдвэрлэхээр тусгасан:
- байгаль нуурын нутаг дэвсгэрийн хэмжээнд усны объектуудад хаягдаж буй бохирдуулагч бодисуудыг хязгаарлах,
- байгаль нуурын нутаг дэвсгэрийн хаягдалаар бохирдсон бохирдолын түвшинг бууруулах, түүний дотор нутаг дэвсгэрийн нөхөн сэргээлтийг бий болгох,гүнзгий болон маш ихээр бохирдсон хэсэгт гол анхаарал хандуулах,
- онцгой хамгаалалттай бүс нутгийн нөхөн сэргээгдэх эрчмийг үр өгөөжтэй ашиглах,
- байгаль нуурын нутаг дэвсгэрийн хэмжээнд биологийн нөөцийг нөхөн сэргээх болон хадгалах,
- байгаль нуурын нутаг дэвсгэрийн хэмжээнд экологийн төлөв байдалд улсын хяналтыг хэрэгжүүлэх,
- байгаль нуурын нутаг дэвсгэрийн хэмжээнд Байгаль нуурын эрэг, голын болон бусад усны эх үүсврийн эргийн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх,
Хөтөлбөрийг 2012-2020 онуудад хэрэгжүүлэхдээ 2 үе шаттай байхаар авч үзсэн.
1-р үе шат (2012-2015 он)-нд тэргүүлэх ач холбогдолтой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх учиртай. 1-р үе шат амжилттай хэрэгжсэний үр дүнд байгаль хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх арга зам, аргачлал тодорхойлогдоно.
2-р үе шат (2016-2020 он)-д урьдах үе шатад эхэлсэн тэргүүлэх чиглэлийн төслүүдийг дуусгах, мөн Байгаль нуурын нутаг дэвсгэрийн хэмжээнд экологийн арга хэмжээнүүдийн хамрах хүрээг бодитойгоор өргөтгөх, Хөтөлбөрийн зорилтот үзүүлэлтүүдийг ханган амжилттайгаар хэрэгжүүлэх боломжийг бүрэлдүүлнэ.
2012 оны Хөтөлбөрийг хууль эрх зүй, нормын хүрээнд тасралтгүй хэвийн хэрэгжүүлэх нөхцөлийг хангах зорилгоор ОХУ-ын Байгаль орчны яам дараах тушаал шийдвэрийг гаргасан:
1) 2012.09.27-ны өдрийн № 296 “ОХУ-ын төсөв, холбооны улсын дэд төсвийн оролцоотойгоор холбооны улсын хөтөлбөрийн зорилгыг удирдлага болгон байгаль хамгаалах арга хэмжээг санхүүжүүлэх хэлэлцээрийг хэрэгжүүлэх арга хэлбэрийг батлах тухай”, “2012-2020 онуудад Байгаль нуурын хамгаалалт болон Байгаль нуурын нутаг дэвсгэрийн нийгэм-эдийн хөгжилийг хангах тухай”. Эдгээр тушаалуудаар оролцогч талуудын эрх үүрэг, эрх үүргийн хуваарилалт, шилжүүлэлтийн нөхцөл болон зарчим, хэлэлцээрийн арга хэлбэрийг баталсан болно.
2) 2012.10.16-ны өдрийн № 329 “ОХУ-ын экологи болон байгалийн нөөцийн яамны санал болгосноор холбооны улсын төсвийн захиран зарцуулалтыг холбооны улсын төсвийн болон улсын байгууллагуудад шилжүүлэх дүрэм журамд өөрчилөлт оруулах, 2012.06.01-ний өдрийн № 141 “ОХУ-ын экологи болон байгалийн нөөцийн яамны тушаалаар баталсан бусад зорилтот арга хэмжээг батлах тухай”. Эдгээр тушаалуудын дагуу Холбооны улсын төсвийн байгууллагуудын хөтөлбөрийн зорилго, хэрэгжилтийг хангах, эрх шилжүүлэлт, санхүүжилтийн эх үүсврийг бүрдүүлэх, улсын захиалгыг хэлбэртгүй хэрэгжүүлэх зорилгоор “Бүх оросын аж ахуй болон соёлын хөгжлийн төв” нь дараах арга хэмжээнүүдийг авна:
- Байгаль нуурыг хамгаалах хүрээнд мэдээллийн тоон систем-интернетээр хангах болон мэдээлэлийн системийг ашиглах, мэдээллийн эх үүсвэрийг улсын олон хэлэнд хөрвүүлэх (оруулах),
- Байгаль нуурын төлөв байдлын тайланг жил бүр гаргах,
- Байгаль нуурын нутаг дэвсгэрт байрлах ТХГН-ийг нэгдмэлээр хамгаалах горимыг бий болгох, аялал жуулчлал-амралт чөлөөт цагын цогцолбор болон бусад цогцолборуудын байршлыг оновчтойгоор төлөвлөх,
- Байгаль нуурын нутаг дэвсгэрт байрлах ТХГН-ийн үйл ажиллагааг шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний судалгааны үндсэн дээр удирдах,
- Оршин суугчид, хүн ардын экологийн боловсролыг дээшлүүлэх.
3) 2012.11.28-ний өдрийн №403 “Холбооны улсын зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх, удирдан чиглүүлэх зарим арга хэмжээг батлах тухай”, “Байгаль нуурыг хамгаалах болон Байгаль нуурын нутаг дэвсгэрийг бүхэлд нь 2012-2020 онуудад хөгжүүүлэх нийгэм-эдийн засгийн арга хэмжээ”-г батлах тухай ОХУ-ын Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 847 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолоор дараах чиг үүргийг тодорхойлсон:
- Хөтөлбөрийн удирдлагын зарчим болон улсын захиалагын харилцан хамаарлыг уялдуулах,
- Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зохион байгуулалт-санхүүжилтийн төлөвлөгөөний арга хэлбэрийг төгөлдөржүүлэх,эрэмблэх,
- Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад Хөтөлбөрийн арга хэмжээг засварлах, зохицуулах арга зам болон тэдгээрийн чадавхийг нэмэгдүүлэх нөөц боломжийг дайчлах,
- Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдал, үр дүн, зорилгын хэрэгжилтийн үзүүлэлтүүдийг мэдээлэх мэдээлэлийн ил тод байдлыг хангах үйл явц, арга хэмжээ, хэрэгжүүлэгчдийн оролцоог бий болгох нөхцөлийн тухай болон түүний арга зам, мөн гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулах үзүүлэлтүүд, тавигдах шаардлагын тухай.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор ОХУ-ын Засгийн газар 2013 оны 12 сарын 26-ны өдрийн “2012-2013 онуудад Байгаль нуурыг хамгаалах болон Байгалийн нутаг дэвсгэрийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн тухай” 1295 дугаар тогтоол гаргасан. Хөтөлбөрийн өөрчлөлт нь санхүүжилтээс хамааралтай [4].
Хөтөлбөр нь Байгаль нуурыг бохирдуулж буй бодисуудын хаягдалыг хязгаарлах асуудлыг шийдвэрлэх ба эхний ээлжинд түүний эрэг дагуу 50%, Байгаль нуурын нутаг дэвсгэрийн хүрээнд 80% хүртэл нөхөн сэргээх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Мөн сөрөг нөлөөлөл үзүүлж буй хүчин зүйлүүдийг багасгах чиглэлээр, Байгаль нуурын нутаг дэвсгэрийн төлөв байдалд экологийн хяналт шинжилгээний системийг боловсронгуй болгох зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр төлөвлөж байна [3].
Үүнээс гадна хөтөлбөр нь тухайн бүс нутагт биологийн олон төрөл зүйлийг хадгалах, байгалийн нөөцийн эрсдэлийг бууруулах, экологийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг иж бүрэн арга хэмжээнүүдийг багтаасан болно. Байгаль нуурын талаар эхний ээлжинд авч хэрэгжүүлэх арга хэмжээг санхүүжүүлэх асуудал холбооны улсын санхүүгийн эх үүсвэрт тусгагдсан, түүний дотор ТХГН-ийн хөгжил болон Буриадын БНУ-ын хуучин Жидингийн комбинат, БЦБК (Буриадын БНУ-ын цаас картоны комбинат) зэрэг бусад нөлөө бүхий объектуудын байгаль хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн болно.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2013 онд 1,182.2 сая рублийн зардал төсөвлөсөн бөгөөд (үүнээс холбооны төсвөөс 992.9 сая рубль, холбооны субъектүүдийн нэгдсэн төсвөөс 49.3 сая рубль, төсвийн гаднах эх үүсвэрээс 140 сая рубль). Бодит байдлаар хөтөлбөрийн зардал 104% байгаа. Үүнээс холбооны төсвийн зардал 98%, төсвийн гаднах эх үүсвэрээс 144% (140 сая рубль зарцуулахаар төсөвлөсөн байсан ч бодитоор 201.36 сая рубль зарцуулсан). Төсвийн гадуурх эх үүсвэрээр Жидийн гянт болд-молибденийн комбинатын 473.6 мян.тн хаягдлыг боловсруулсан байна [4].
2013 онд Холбооны “Байгаль нуурыг хамгаалах, Байгаль нуурын нутаг дэвсгэрийн нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх” зорилтот хөтөлбөрөөс гадна Байгаль нуурыг хамгаалах арга хэмжээнд холбооны төсвөөс 205.7 сая рубль зарцуулсан байна (2012 онд 156.58 сая рубль зарцуулсан).
Байгаль нуурын нутаг дэвсгэрт байрлах ОХУ-ын гүйцэтгэх засаглалын байгууллагуудаас Байгаль нуурын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд 2012 онд 62.582 сая рублийг дараах бүс нутгйин хөтөлбөрт тусгасан:
- “2017 он хүртэл Буриадын БНУ-ын Экологийн аюулгүй байдал хангах” улсын зорилтот хөтөлбөрийн арга хэмжээг санхүүжүүлэхэд 2012 онд 23.823 сая рубль, 2013 онд 33.264 сая рубль,
“2011-2015 онуудад Эрхүү мужийн хүрээлэн буй орчныг хамгаалах” урт хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2012 онд 36.639 сая рубль, 2013 онд 206.623 сая рубль.
Забайкальскийн хязгаарт 2012-2013 онд Хилок хотын шугам хоолойн байгууламжийн их засварын ажлыг гүйцэтгэсэн. Энэ ажлыг Холбооны улсын төсвөөс 2012 онд 2.12 сая рубль зарцуулсан бол 2013 онд орон нутгийн төсөв (бүс нутгийн дэд төсөв)-өөс уг ажилд 1.463 сая рубль гарган санхүүжүүлэхийг зөвшөөрчээ.
Буриад улсын төсвөөс Байгаль нуурын нутаг дэвсгэрийн арга хэмжээний зардалд 112.3 сая. рубль зарцуулсан бөгөөд үүнээс 56.1% нь Холбооны “Байгаль нуурыг хамгаалах болон Байгалийн нутаг дэвсгэрийн 2012-2020 онуудын нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх” зорилтот хөтөлбөрийн арга хэмжээнд зарцуулагдсан байна [4].
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр (UNDP) болон Даян дэлхийн Байгаль хамгаалах сан (GEF)-гийн дэмжлэгтэйгээр “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төсөл өөрийн үйл ажиллагааг Монгол, ОХУ-ын нутаг дэвсгэр дээр 2011 оноос явуулж байна. Сэлэнгэ мөрний хилийн усны нөөцийн салбарт хэдэн арван жилээр хоёр талын хамтын ажиллагаагаар бэхжиж ирсэн уламжлалт бат бэх харилцаа, уулын олборлох болон аялал жуулчлалын салбарын дэмжлэг нь Дэлхийн байгаль хамгаалах сангийн (ГЭФ) Үйл ажиллагааны хөтөлбөрийн Стратегийг хэрэгжүүлэх нь Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн хилийн усны менежмент, түүнийг хамгаалахад катализатор болж байна.
Төсөл нь хоёр орны үндэсний Засгийн газар, орон нутгийн түвшинд, иргэний байгууллагуудыг Байгаль нуурын сав газрын хил дамнасан давтагдашгүй экосистемийг хамгаалах, үр ашигтай ашиглах зорилгоор байгаль хамгаалах өөрийн улс төрийн болон практик үйл ажиллагаанд татан оролцуулж байна.
Төслийн үндсэн зорилго нь Хөвсгөл нуур болон Байгаль нуурын сав газрын байгалийн нөөцийг иж бүрэн удирдах, экосистемийн уян хатан байдлыг хангах, эдийн засгийн тогтвортой хөгжлийг усны чанарын буурах аюулаас урьдчилан сэргийлэх замаар хангахад оршино. 2012 оноос эхлэн төсөл 65 тендер зохион байгуулж (Байгууллагуудтай гэрээ байгуулах замаар), Монгол, ОХУ-ын нутаг дэвсгэр дээр олон арван ажлыг хийж, хэрэгжүүлж байна.