1.6 Байгаль нуур бол юнеско-гийн дэлхийн байгалийн өв мөн

1996 оны 12 дугаар сард Мексикийн Мерида хотод болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 20 дугаар хуралдааны тогтоолоор Байгаль нуурыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтанд оруулсан [5, 6]. Дэлхийн өвийн жагсаалтын гол зорилго нь олонд таниулах, өвөрмөц байгаль, түүхийн объектыг хамгаалах явдал юм. Энэ зорилгоор үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг нарийвчлан боловсруулсан байна. 1978 оноос эхлэн соёлын өвийн эхний 6 шалгуурыг хангасан бол 2002 оноос байгалийн өвийн 4 шалгуурыг хангасан байна. 2005 оноос бүх 10 шалгуур үзүүлэлтийг нэг жагсаалтад багтаасан. Дэлхийн байгалийн өвийн жагсаалтад багтсан 1000 объект байгаагаас байгалийн өвийн 4 шалгуурыг хангасан 10 орчим объект байдгийн нэг нь Байгаль нуур юм (Зураг 1.6.1).

1.6.1
Зураг 1.6.1. Байгаль нуур

ЮНЕСКО-гийн тогтоолд “Байгаль нуур нь байгалийн өвийн 4 шалгуурт нийцсэн дэлхий өвийн сонгодог хэлбэр юм. Нуурын усаар халхлагдан хүний нүднээс нууцлагдсан усан доорх ертөнц нь шинжлэх ухаанд ч, байгаль хамгаалалд ч үнэт ач холбогдолтой байна. Нуур нь уулын тайгын газар нутгийн тогтоцтой бөгөөд ТХГН, байгалийн унаган төрхөө хадгалсан газар нутгаар хүрээлэгдсэн байдаг нь онцгой ач холбогдлыг илтгэдэг байна” гэж тэмдэглэсэн (Зураг 1.6.2).


1.6.2
Зураг 1.6.2 Байгаль нуурын эрэг орчим

Байгаль нуур нь мезозойкийн үед тектоник хагарлын явцад бий болсон. Байгаль нуурын бүс нутагт чичирхийлэл харьцангуй олон удаа давтагддаг бөгөөд тектоник идэвхжил одоо ч явагдсаар байна.
Байгаль нуур нь хэдэн арван сая жилийн настай, дэлхий дээрх хамгийн эртний бөгөөд хамгийн гүн нуур юм. Энэ нь газрын гадаргын хагарлын асар том хотгорт оршдог бөгөөд жил бүр 2 см-ээр өргөссөөр байна. Байгаль нуур нь өндөрлөг газрын нуур бөгөөд усны түвшин нь далайн түвшнээс дээш 455.4-455.9 м (Сэлэнгэ мөрний садраа-дельта) хооронд хэлбэлзэж байдаг. Нуурын ёроол нь далайн түвшнээс доош 1,200 м-т байна. Зарим хэсэгтээ нуурын тунамал чулуулгийн давхарга нь 10 км гүнд байдаг. Нуурын тунамал чулуулагт 25-30 сая жилийн өмнөх Азийн уур амьсгалын өөрчлөлт болон геологийн түүхийн талаар мэдээлэл “шифрлэгдэн” үлдсэн байдаг.
Байгаль нуурын ус ер бусын цэвэр тунгалаг ба хүчилтөрөгчөөр ханасан байдаг. Байгаль нуурын усны маш тунгалаг байдал нь амьд организмын үйл ажиллагаатай холбоотой бөгөөд бага эрдэсжилттэй, нэрмэл устай ойролцоо шинжтэй. Байгаль нуур нь дэлхий дээрх хамгийн том цэнгэг устай сан гэдгээрээ байгалийн өвөрмөц үзэгдэл юм.
Нуурын усны эзэлхүүн нь 23 мян.км3 бөгөөд энэ нь дэлхийн цэнгэг усны нөөцийн 20%, ОХУ-ын цэнгэг усны нөөцийн 90%-ийг бүрдүүлдэг. Жил бүр Байгаль нуурын экосистем нь цэвэр тунгалаг, хүчилтөрөгчөөр баялаг 60 км3 орчим усыг бий болгодог. Зүүн Сибирь нь эрс тэс уур амьсгалтай хэдий ч Байгаль нуурын их хэмжээний ус болон түүний эргэн тойрны уулс нь өвөрмөц бичил (микро) уур амьсгалыг бүрдүүлж байдаг байна. Нуур нь дулааныг тогтворжуулж байдаг ба ойр орчмын бусад газар нутагтай харьцуулахад Байгаль нуур орчимд өвөл нь дулаан, зун нь сэрүүвтэр байдаг. Температурын ялгаа 10°С орчим байна. Үүний нөлөөгөөр нуурын эрэг орчмоор ой мод сайн ургадаг. Нуурын гадаргуугийн ус хүйтэн байдгаас ууршилт харьцангуй бага бөгөөд нуурын дээгүүр үүл хуримтлагдаггүй байна. Үүнээс гадна эрэг хавийн агаарын масс халсанаар үүл сарнидаг байна. Тиймээс нуурын орчмын тэнгэр нь ихэнхдээ цэлмэг байдаг байна.
Усан орчны төрөл зүйлийн хувьсал нь урт хугацааны турш үргэлжилсэн бөгөөд энэ нь тухайн нутагт л байж болох өвөрмөц амьтан, ургамлыг бий болгодог нь хувьслын явцыг судлахад онцгой ач холбогдолтой юм. Байгаль нуур бол дэлхийд хамгийн олон биологийн төрөл зүйлтэй нуурын нэг бөгөөд 1340 зүйлийн амьтан (745 эндемик төрөл зүйл) ба 570 зүйлийн ургамал (150 эндемик төрөл зүйл)- тай юм (Зураг1.6.3).


1.6.3
Зураг 1.6.3. Байгаль нуурын эндемик зүйлийн сам хорхой (Eulimnogammarus sp.)

Эрдэмтэд шинэ төрөл зүйлийг нээсээр байгаа бөгөөд энэ нь бид нууранд амьдардаг нийт төрөл зүйлийн зөвхөн 70-80%-ийг мэддэг гэдгийг харуулж байна. Нуурын экосистемийн тропик пирамидын оройд Лена Енисэй мөрнөөр дамжин орж ирсэн Байгаль нуурын унаган хав (nerpa) байх ба түүний өвөг дээдэс нь хойд мөсөн далайд байдаг юм. Нуур орчмын ойд 10 зүйлийн ургамал байх ба Байгаль хамгаалах олон улсын холбооны улаан номонд бүртгэгдсэн энэ хэсэгт хойд туйлын ой зонхилдог.
Нуурын эргэн тойрон нь уулын тайгын нутаг дэвсгэр зонхилсон, байгалийн унаган төрхөө хадгалсан, үнэ цэнэтэй тусгай хамгаалалтай газар нутгаар хүрээлэгдсэн байдаг. Эрэг орчмын тэн хагасаас илүү хэсэг нь улсын байгалийн цогцолборт газар, үндэсний парк болон дархан цаазат газар зэрэг тусгай хамгаалалтад орсон байдаг. Байгаль нуурын эрэг орчимд Баргажин, Байгаль-Ленск болон Байгальск (энэ цогцолборт газар нь өөрийн музейтэй) гэсэн байгалийн 3 цогцолборт газартай. Мөн энд При-Байгальск болон Забайгальск гэсэн үндэсний 2 парк, Фролихинск, Кабанск, Прибайкальск, Степнодворецк, Дээд Ангар, Энхэлукск гэсэн дархан цаазат 6 газар байдаг.
Байгаль нуурын нутаг дэвсгэр нь аялал жуулчлалын олон талын ашигтай бүс бөгөөд амралт чөлөөт цагаа өнгөрөөх болон аялал жуулчлалын олон сайхан нөөц бололцоог агуулсан байдаг. Эндэх нь байгалийн өвөрмөц дурсгалт газар болон янз бүрийн ургамал, амьтны баялагийн цогц юм. Байгаль нуурын хотгор нь уул нурууд, ой тайга, тундр, нуур, арлууд болон тал хээрийн үзэсгэлэнт газар нутгийн тогтоцтой. Нуурын эрэг залгаа байрлах дүүргүүдэд амралт чөлөөт цагаа өнгөрөөх газрыг хөгжүүлэх төрөл бүрийн боломжууд байдаг. Уламжлалт төрлийн аялал жуулчлал болох ан агнуур ба загасчлал өргөн дэлгэрсэн байдаг. Сүүлийн жилүүдэд орон нутгийн болон гадаадын жуулчдын спортын ан агнуур нэмэгдэх хандлагатай байна. Мөн бусад төрлийн аялал жуулчлал болох шумбах, морин ба явган аялал, салаар хөвөх, спорт ан агнуур болон загасчлал, экологийн аялалууд байдаг.
Байгаль нуурыг дэлхийн өвийн жагсаалтад багтааснаар ОХУ-ын Засгийн газарт дараах зөвлөмжийг уламжилсан байна. Үүнд:

- Байгаль нуурын талаарх Холбооны хуулийг батлах,
- Бохирдлын эх үүсвэрийг зайлуулах зорилгоор целлюлоз-цаасны үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэх;
- Сэлэнгэ мөрөнд бохирдуулагч бодис хаяхыг бууруулах;
- Нуурын зэргэлдээх байгалийн цогцолборт газар болон үндэсний паркийн нөөц хангамжийг сайжруулах;
- Байгаль нуурын талаар эрдэм шинжил¬гээ, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх.
Байгаль нуурын тухай хууль 2013 оны 12 дугаар сард батлагдан Байгаль нуурыг бохирдууулж байсан целлюлоз, цаасны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоосон. Хаагдсан үйлдвэрүүдийн газар нутгийг “ОХУ-ын Байгалийн цогцолборт газар”-ын үзэсгэлэнгийн төв болгож байна [6].
Ирээдүй хойч үеийн төлөө дэлхийн цэвэр цэнгэг усны эх үүсвэр, байгалийн унаган төрхөө хадгалан үлдсэн, өвөрмөц амьтан, ургамал бүхий Байгаль нуурыг хамгаалж, Байгаль нуур орчмын тогтвортой хөгжлийг хангах нь ОХУ-ын Засгийн газрын тулгамдсан асуудал болоод байна.

 

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

1. А.Р.Батуев, А.Б.Буянтуев, В.А.Снытко “Байгалийн бүсийн Сэлэнгийн хотгорын геосистем ба экологи-газарзүйн байдлын зураглал”, Новосибирск: ОШУА СС-ын хэвлэлийн газар, 2000 он. 164 х.
2. B.C.Михеев “Дорнод Сибирийн ландшафт” (Карт зураг), Москва Геодези, картографын төв оффис, 1977 он.
3. “Байгаль нуурын өмнөт, дундад, хойт хэсгийн голын сав газруудын усан орчныг нэгдмэлээр хамгаалах, ашиглах схем”. URL: http://www.enbvu.ru/
4. Н.А.Флоренсов, С.С.Коржуев “БНМАУ-ын геоморфологи”, “Наука” сэтгүүл, 1982 он, 258 х.
5. “2012 онд Байгаль нуурын төлөв байдал ба түүнийг хамгаалах арга хэмжээ” Улсын илтгэл, Эрхүү хот, “Росгеолфонд”-ын Сибирийн салбар, 2013 он, 436 х. URL: http://www.mnr.gov.ru/regulatory/list.php?part=1258
6. “2013 онд Байгаль нуурын төлөв байдал ба түүнийг хамгаалах арга хэмжээ” Улсын илтгэл, Эрхүү хот, “Росгеолфонд”-ын Сибирийн салбар, 2014 он, 462 х. URL: http://www.mnr.gov.ru/regulatory/list.php?part=1258
7. Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр. 2011 оны 1 сарын 06-ны өдрийн Улсын Их Хурлын №02 тоот тогтоол
8. БОНХЯ “Монгол Улсын Байгаль орчны төлөв байдлын тайлан” 2008-2010 он, УБ 2013 он
9. БОНХЯ, “Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төсөл, “Орхон голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулахад зориулсан судалгааны эмхэтгэл”, УБ хот 2012 он, http://www.tuulgol.mn/dmdocuments/reports/orkhon_r_b_report_mongolian.pdf
10. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол Улсын хууль, 1994.11.15, http://www.legalinfo.mn/law/details/479
11. БОНХЯ, “Монгол Улсын Байгаль орчны төлөв байдлын тайлан” 2011-2012 он, УБ 2013 он.
12. К.Л.Куимова, П.П.Шерстянкин “1950 оноос хойших Байгаль нуур, Арктикийн мөсний горимын шинж чанарын өөрчлөлтийн шинжилгээ, Төв Азийн уур амьсгалын өөрчлөлт, нийгэм-эдийн засаг, экологийн үр дагавар” олон улсын симпозиум, Чит хот, ЗабГГПУ-ын хэвлэлийн үйлдвэр, 2008 он.
13. В.А.Обязов “Забайкальскийн зүүн өмнөд хур тунадасны орон зай, цаг хугацааны өөрчлөлт” РГО-гийн хэвлэлийн газрын 2 дахь хэвлэл, 1996 он, 73-80-р х.
14. В.А.Обязов “Бүс нутаг, газар зүй, байгалийн нөөцөд үндэслэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” 2010 он, № 2.
15. И.И.Смирнова “Чийглэг хуурай уур амьсгалын нөхцөлд байгалийн хүчин зүйлийн агросистемд үзүүлэх нөлөөлөл (Баруун Забайкальскийн жишээн дээр)”, Газар зүйн шинжлэх ухааны докторын зэрэг горилсон бүтээлийн хураангуй, Улаан-Үд, 2011 он.
16. М.Н.Шимараев, В.Н.Синякович, Л.М.Куимова, Е.С.Троицкая “Даян дэлхийн дулаарлын нөхцөлд Байгаль нуурын уур амьсгал, ус зүйн процессын өөрчлөлтийн хандлага, уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд Евроазийн голуудын их урсацын шинжилгээ ба тоон загварчлал”, Эрхүү хот, ОШУА-ийн СС-ын Газар зүйн хүрээлэн, 2004 он, 213-220 х.
17. М.Н.Шимараев, Л.Н.Куимова, В.Н.Синюкович, В.В.Цехановский “20 дугаар зууны уур амьсгалын даяарчилсан өөрчлөлт Байгаль нуурт илэрсэн нь”, ШУА-ийн тайлан, 2000 он, Т. 383, № 3, 397-400 х.
18. Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний тайлан (MARCC, 2009), Улаанбаатар хот, 2009 он, 228-р х, http://asialeds.org/sites/default/files/resource/file/Mongolia%20-%20Assessment%20Report%20on%20Climate%20Change%202009.pdf
19. П.Д.Гунин, Т.И.Казанцева, С.Н.Бажа, Е.В.Данжалова, Ю.И.Дробышев “Цаг уурын хуурайшлаас    Монголын төв хэсгийн экосистемд үзүүлж буй нөлөөлөл / Төв Азийн уур амьсгалын өөрчлөлт, нийгэм-эдийн засаг, экологийн үр дагавар” Олон улсын симпоизумын материал, Чита хот, ЗабГГПУ-ын хэвлэлийн газар, 2008 он, 77-83 х.

Document Actions
IW:LEARN