ОРШИЛ
ОРШИЛ
Монгол Улс болон ОХУ, дэлхийн хамтын нийгэмлэгийн орнуудтай хамтран Байгаль нуурыг хамгаалахаа амласанаар 1996 онд ЮНЕСКО (НҮБ-ын БШУСБ) тус нуурыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэж авсан. Нуур, түүний орчимд амьдардаг 3 саяаас илүү хүн амын оюун санааны болон материаллаг баялгийг хангахуйц нөөц баялаг энд бий. Тиймээс тус бүс нутагт орчин үеийн өндөр технологид тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэх, хүн ардын амьжиргаа, байгаль орчны тогтвортой байдлыг хангах бүтээн байгуулалтыг хийх шаардлага байна. Тус бүс нутагт амьдардаг иргэдэд төдийгүй тус бүс нутагт аялан зочилж буй иргэдэд бүс нутгийн байгаль орчин, эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар үнэн зөв, бодитой мэдээлэл өгөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Энэхүү тайлан нь эдгээр зорилгыг хангахад чиглэгдэж байгаа болно.
Хил дамнасан Байгаль нуурын сав газрын хувьд адилхан мэдээлэлтэй байж байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, байгаль орчныг нь хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх боломжтой юм. Энэхүү тайлан нь Монгол Улс болон ОХУ-ын талаарх мэдээллийг нэгтгэж, энэхүү агуу том нуурын геосистемийн нийгэм-байгалийн цогц дүр зургийг бий болгохоор оролдсон анхны оролдлого юм.
Уг тайланг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) болон Даян дэлхийн байгаль орчныг хамгаалах сан (ДДБОХС)-гийн санхүүгийн дэмжлэг, хүсэлтээр Байгаль нуурын сав газрын байгалийн нөөцийн нэгдсэн менежментийг дэмжих, экосистемийн тогтвортой байдлыг хангах, усны чанарыг сайжруулах зорилгоор боловсруулсан. Тайланг хил дамнасан Байгаль нуурын сав газрын тогтвортой хөгжлийн талаар сайн мэддэг Монгол-Оросын судлаачид болон төрийн албан хаагчдын багаас бүрдсэн хамт олон бичсэн болно.
Тайлангын агуулга нь Монгол Улс болон ОХУ-ын 2012-2014 онуудад мөрдөгдөж буй байгаль орчинтой холбогдох хууль тогтоомж, Байгаль орчны төлөв байдлын тайлангууд, стратеги төлөвлөлтийн баримт бичгүүдээс гадна НҮБХХ-ийн “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн нэгдсэн менежмент” төслийн хүрээнд хийгдсэн суурь болон сэдэвчилсэн судалгааны ажлуудад суурилсан болно.