5.1 Байгаль орчныг хамгаалахтай холбогдсон хууль тогтоомж

ОХУ ба Монгол Улс нь хил хоорондын хамтын ажиллагааны байгаль хамгааллын салбарт олон улсын болон Засгийн газрын хооронд байгуулсан конвенци хэлэлцээрүүдийг удирдлагаа болгодог. Хоёр улс нь биологийн төрөл зүйлийн тухай конвенцэд гарын үсэг зурсан. 1993 онд [1] Монгол Улс, 1995 онд [2] ОХУ уг конвенцэд нэгдэн орсон. Түүнчлэн Монгол Улс нь 2007 онд Био-аюулгүй байдлын тухай Картагенийн Протоколд нэгдэн орсон. Тус хоёр улс биологийн төрөл зүйлийн үндэсний стратеги болон био төрөл зүйлийг хамгаалах төлөвлөгөөтэй [3].

1996 онд Байгаль нуур дэлхийн байгалийн өвийн статус авсан. 2000 онд Орхон голын хөндий нь энэхүү эрхийг авсан болно. Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах конвенцийн дагуу эдгээр үнэт зүйлс нь бүх хүн төрөлхтөнд хамаарагдах бөгөөд тэднийг хамгаалахын тулд бүх орнууд хамтран ажиллах үүрэгтэй хэмээн улс гүрнүүд хүлээн зөвшөөрлөө (Конвенцийн нэгдүгээр зүйлийн нэг дэх хэсэг).

1974 онд Сэлэнгэ мөрний сав газрыг үр дүнтэй ашиглах, хамгаалах хэлэлцээрт гарын үсэг зурснаар Монгол Улс ба ОХУ-ын хооронд экологийн аюулгүй байдал, хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлаарх хамтын ажиллагаа эхэлсэн. 1988 онд хил орчмын усны нөөцийн менежментийн чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурсан. 1995 онд хоёр орон хил орчмын усыг ашиглах, хамгаалах 2 талын хэлэлцээрийг үзэглэснээр өмнөх 2 хэлэлцээрийг хүчингүй болгож, дараах чиглэл [4]-ийг зохицуулсан цорын ганц эрх зүйн баримт бичиг болсон юм. Үүнд:

-      усны нөөцийг байгальд халгүйгээр ашиглах, усны бохирдол болон усны нөөц хомсдохоос урьдчилан сэргийлэх,

-      голын эхэнд гидрохими, гидробиологи болон өөрчлөлтийг судлах,

-      шар усыг зохицуулах, хамтран судлах, үнэлэх болон төлөвлөх,

-      усны хамтын мониторинг хийж, бохирдолоос урьдчилан сэргийлэх,

-      загас болон бусад амьтны ертөнцийн байгалийн нүүдлийн нөхцөлийг хадгалах,

-      голын сав газрын усны нөөцийг удирдах концепц-баримтлал боловсруулах,

-      бохирдлын мониторингийн үйл явц болон хамтын стандарт хэв хэмжээг боловсруулах,

-      усны нөөцийн удирдлагын салбарт төлөвлөсөн ажиллагааны талаар мэдээлэл солилцох,

-   хил орчмын үйл ажиллагааг хамтран санхүүжүүлэх болон олон улсын байгууллагуудыг татан оролцуулах,

-      өөр өөрийн нутаг дэвсгэр дээр хил орчмын усан орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хор хөнөөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх.

Байгаль нуурын сав газрыг удирдах хамтарсан ажлын хэсгийг хоёр орны усны нөөцийн холбогдох байгууллагуудын удирдлагаар ахлуулан байгуулсан. 2006 онд хамтарсан ажлын хэсгийн хуралдаан дээр голын сав газрыг төлөвлөгөөтэй удирдах хамтын төлөвлөгөөг дэлгэрэнгүй хэлэлцсэн. Сэлэнгэ мөрний ай сав газарт менежмент хийх асуудлыг туршилтын төсөл болгон эхлүүлэхээр санал болгосон.

2008 онд хоёр улсын зайлшгүй хянах ёстой ус бохирдуулагч бодис (хүнд металл, нефтийн бүтээгдэхүүн болон мөнгөн ус зэрэг)-ын дэлгэрэнгүй жагсаалтыг гаргасан. Үүнээс гадна Орос, Монгол хүний эрүүл мэндэд учрах аюул, Сэлэнгэ мөрөн болон түүний цутгал голуудын хил орчмын хэсэгт хамтын үнэлгээ өгөх, хамтран үнэлэх тухай хэлэлцээр батлагдсан. Хоёр улс гидрологи, гидрохимийн хяналт-шинжилгээг явуулж байгаа боловч энэ чиглэлийн үндэсний хэмжээний нэгдсэн тайлан мэдээлэл гараагүй байна.

2011 онд хил орчмын усан орчныг хамгаалах, ашиглах тухай хэлэлцээрийн хүрээнд уулзалт болж хамтын ажиллагааны тухай протоколд эцэслэн гарын үсэг зурлаа. Мэдээлэл тогтмол солилцох, хэлэлцээрийн заалтуудыг хэрэгжүүлэх хамтын ажиллагаа болон хоёр улсын хооронд ажиглалт, мониторинг хийх арга зүйг тохиролцох, түүнчлэн усыг бохирдуулагч бодисыг хянах, усны чанарын стандарттай холбоотой асуудлуудыг хамтарсан ажлын хэсэг хэлэлцлээ.

2013 онд хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол-Оросын хамтарсан ажлын хэсгийн хурал (Эрхүү хотод 8 дугаар сарын 1-2-ны өдрүүд), Монгол-Оросын холимог комиссын хурал (Москва хотод 11 дүгээр сарын 28-ны өдөр) тус тус зохион байгуулагдсан. Энэхүү хуралдаанаар талуудын экологийн талаар хүлээсэн үүргийн биелэлт, хилийн усны объектуудын аж ахуйн үйл ажиллагааны асуудлуудыг авч хэлэлцсэн байна. Ялангуяа Сэлэнгэ мөрний сав газрын усны аж ахуйн цогцолборын хэтийн төлөвт онцгой анхаарал тавьсан байна.

Сэлэнгэ мөрний усны нөөцийг зохицуулах, усны чанарыг сайжруулах тал дээр Монгол-Оросын хамтарсан санаачилга үндсэндээ чиглэгдэж байлаа. Удирдлага болон хамтын ажиллагааны ирээдүйн төлөвлөлтийг Байгаль нуурын сав газрыг бүхэлд нь бүрэлдүүлэгч газар болон усны хүчин зүйлийг нэгтгэсэн эко системийн загвар дээр авч үзэх зайлшгүй шаардлагатай байна [3].

Байгаль орчныг хамгаалахтай холбогдсон хууль тогтоомжийг боловсруулах, хэрэгжилтийг хангах төрийн төв байгууллага нь Монгол Улсын хувьд Байгаль орчин, ногоон хөгжлийн яам (БОНХАЖ) яам, Оросын хувьд ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яам юм.

2002 онд ОХУ-ын Засгийн газар Байгаль нуурын хүрээлэн буй орчныг хамгаалах үндэс­ний агентлаг (2012 оноос ОХУ-ын Енисейн сав газрын захиргааны нутаг дэвсгэрийн хэлтэс)-ыг байгуулсан бөгөөд түүний үйл ажиллагааны хүрээнд хил орчмын усны нөөцтэй холбоотой асуудлыг Монгол Улстай төрийн хэмжээнд зохицуулах үүрэг хүлээсэн [5].

ОХУ-д хүрээлэн буй орчныг хамгаалах, мониторинг хийхэд чиглэгдсэн бодлого, дүрэм, журмыг боловсруулах, хэрэгжүүлэх асуудал нь Оросын Байгалийн нөөц, экологийн яамны эрхлэх асуудлын хүрээнд байдаг.

“Росприроднадзор” (Байгаль ашиглалтад хяналт тавих Холбооны алба) нь Байгаль нуурыг хамгаалах төрийн зохицуулалтыг гүйцэтгэдэг Холбооны гүйцэтгэх засаглалын байгууллага юм. Мониторингийн ажлыг “Росгидромет” (Ус цаг уур, хүрээлэн буй орчны мониторинг) гүйцтэгэдэг. Усыг ашиглах, хамгаалах, усны чанарын мониторингийн зохицуулалтын ажлыг “Росводресурс” (Усны нөөцийн холбооны Агентлаг) гүйцэтгэдэг байна [3].

2007 онд төрийн ДУМ Байгаль нуурыг хамгаалах салбар дундын комисс байгуулж бүрэлдэхүүнд нь Оросын Байгаль орчны яам, Оросын Байгалийн хяналтын хороо, Эрхүү муж, Буриадын БНУ, Забайкалийн хязгаар, 6 яамд (хөдөө аж ахуй, эдийн засгийн хөгжил, онцгой байдал, аж үйлдвэр болон худалдаа, эрчим хүч, гадаад явдлын), болон ОШУА СС-ын төлөөллүүд орсон байна.

Байгаль нуурыг хамгаалах салбарт төрийн бодлогыг боловсруулж удирдах нь комиссын гол зорилго нь юм. Комиссын үүрэгт Байгаль нуурын газар нутгийн хүрээнд байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, хүрээлэн буй орчинг хамгаалах чиглэлийн норматив эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулж баталгаажуулах, тус бүс нутгийн эко системд дүн шинжилгээ өгөх, Байгаль нуурыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн хэмжээнд хамгаалах үүргээ биелүүлэх зэрэг болно [3].

2013 онд Салбар дундын комиссын 2 дугаар хуралдаан Байгаль нуурыг хамгаалах асуудлаар шинэ бүрэлдэхүүнтэйгээр болсон байна (Комиссын бүрэлдэхүүн ОХУ-ын Байгалийн нөөцийн яамны 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 148 дугаар тушаалаар шинэчлэгдсэн) (Зураг 5.1.1) [4].

5.1.1

Зураг 5.1.1 Байгаль нуурыг хамгаалах асуудлаар Салбар дундын комиссын хууралдаанд ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донского оролцов.

2013 онд болсон энэхүү хуралдаанаар Байгаль нуурын эдийн засгийн төв бүсүүдэд хориглосон жагсаалтаас дараах үйл ажиллагааг хассан байна.

-      Байгаль нуураас унд, ахуйн зориулалтаар усыг савлах,

-   Зэрлэг ургамал, хувийн аж ахуй, фермерийн аж ахуйн төмс, үр-жимсний бүтээгдэхүүнийг боловсруулах,

-      Эмийн ургамлын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх.

Байгаль нуурыг хамгаалахтай холбогдсон ОХУ-ын эрх зүйн гол баримт бичгүүд:

Байгаль нуурыг хамгаалах тухай хууль:(1999 он, 2004, 2006, 2008 болон 2011 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулсан)

Энэхүү хууль нь Холбооны улсад дагаж мөрдөх цорын ганц хууль бөгөөд тухайн бүс нутагт байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, хамгаалах асуудлыг зохицуулж байгаа болно. Хууль нь дараах үндсэн 4 хэсгээс бүрдэнэ:

1)    ОХУ-ын нутаг дэвсгэр дэх Байгаль нуурын сав газрын болон агаар мандлын хүрээнд Байгаль нуурын байгалийн хил хязгаарыг тодорхойлох, түүний төлөв байдлыг экологийн төв ба экологийн орчны (буфер) бүсэд хамааруулах,

2)    Байгаль нуурын зах хязгаарын хамгааллын дэг жаяг, түүнд нөлөөх аж ахуйн үйл ажиллагааны төрөл зүйлийг тодорхойлох, хязгаарлах, ургамал ба амьтны аймгийг хамгаалах онцлог, ой болон газар ашиглалт, амралт аялал жуулчлалын байгууллагуудын уялдаа холбоог хангах (Зураг 5.1.2),

3)    Байгаль нуур болон Байгаль нуурын зах хязгаарын экологийн унаган төрх байдалд үзүүлэх сөрөг нөлөөллийн байж болох бодит хязгаарыг тодорхойлох,

4)    Байгаль нуурыг хамгаалах хүрээнд улсын зохицуулалт хийх, Байгаль нуурын зах хязгаарын байгалийн нөөцийг нэгдмэлээр ашиглах, хамгаалах асуудлыг урьдчлан боловсруулах, аж ахуйн байгууллагуудыг экологийн талаас нь паспортжуулах, тэдгээрээс хамгийн ихээр сөрөг нөлөөлөл үзүүлэх хэсгийг хязгаарлах, экологийн төлөв байдал болон дүн шинжилгээнд улс­ын зүгээс экологийн хяналт хэрэгжүүлэх.

Энэхүү хуулиар Байгаль нуурыг хамгаалах үндсэн болон зохицуулалтын арга хэмжээг хуульчилсан болно. Энэхүү хуулийн тодорхой заалтуудыг хэрэгжүүлэх болон хэрэгжилтийг хангах зохицуулалтыг уг хуулийн дагуу гарсан эрх зүйн баримт бичгүүдэд үндэслэн шийдвэрлэнэ

5.1.2

Зураг 5.1.2. Усны хамгаалалтын бүсэд хориглосон үйл ажиллагааны сурталчилгаа

Тухайлбал, ОХУ-ын Засгийн газрын “Байгалийн нөөц ашиглалтын хэм хэмжээний тухай” 2001 оны 643, “БПТ-ын экологийн бүсийн хил хязгаар тодорхойлох тухай” 2006 оны 1641, “Эрхүүгийн УЦС-ын ашиглалтыг Байгаль нуурын зайлшгүй байх усны түвшинг бүрэлдүүлэх (зохицуулах) зорилгод нийцүүлэх тухай” 2001 оны 234, “Усны амьтад болон усны ургамлын унаган төрх байдлыг хадгалах болон тэдгээрийг хамгаалах зарим арга хэмжээний тухай” 2002 оны 67 дугаар тогтоолуудаар хуулийн хэрэгжилтийг хангаж байна.

Экологийн журмууд, байгалийн нөөцийг ашиглах байдал, цар хүрээг хязгаарлах Засгийн газрын тогтоол шийдвэр, өндөр хүчин чадлын үйлдвэрийн болон цэвэрлэх технологи бий болгох хатуу шаардлага, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх болон судлан тогтооход шаардлагатай нэмэлт хөрөнгийн болоод санхүүгийн эх үүсвэр бий болгох чиглэлээр ажиллаж байна [5].

Байгаль орчныг хамгаалах тухай хууль (2002 он): Экологийн төлөв байдлыг хадгалах, зохистой хэмжээнд байлгах болон нийгэм-эдийн засгийн хөгжлийг хүрээлэн буй орчны хүрээнд улс төрийн бодлого хэрэгжүүлэхийг зохицуулсан үндсэн эрх зүйн баримт бичиг болно. Уг хууль нь хүрээлэн буй орчныг хамгаалах арга хэмжээ, арга зам, механизмууд тухай үндсэн ойлголтуудыг тодорхойлж биологийн олон янз, ургамал, ой, газрын доорх болон гадаргын устай холбоотой бүхий л харилцааг зохицуулсан. Энэхүү хуулийн бас нэг онцлог нь ОХУ-ын үндсэн хуульд хүрээлэн буй орчны талаар заасан хуулийн заалтуудыг үндэс болгосноос гадна холбооны хуулиуд болон хэтийн төлөв, мөн бүс нутгийн хууль дүрмийг мөрдлөг болгосон болно.

Амьтны аймгийн тухай хууль (2004 он): Амьтны аймгийн хүрээллийг ашиглах болон хамгаалах хүрээний харилцааг зохицуулах, мөн биологийн олон төрөл зүйлийг бий болгох зорилгоор тэдний оршин тогтнох нөхцөлийг хангах улмаар хадгалах, тэдгээрийн хүчин зүйлүүдийг тогтвортой ашиглах нөхцөлийг бүрэлдүүлэх зорилготой. ОХУ-ын амьтны аймаг нь улсын өмчид хамаардаг. Амьтны аймгийн зарим нэг хэсэг нь холбооны өмч байдаг бөгөөд “ОХУ-ын улаан ном”-д орсон ховордсон болон устаж буй төрөл зүйлийг оруулдаг, мөн холбооны улсын түвшинд байгалийн ТХГН-ийг харъяалуулдаг (Зураг 5.1.3).

5.1.3

Зураг 5.1.3. Буриадын БНУ-ын “Улаан ном”-ын цахим хууда

Усны тухай хууль (2006 он): Усан орчны эргийн дагуу болон эрэг орчмын хил хязгаарыг хамгаалах харилцааг зохицуулж байна. Усны нөөцийг зүй зохистой зарцуулах орчин үеийн удирдлага нь ус цуглуулах талбай болон сав газрын хүрээнд үндэслэгдсэн байх учиртай. Байгаль нуур нь Ангар-Байгалийн сав газрын нэг хэсэг юм (Зураг 5.1.4). Энэхүү хууль нь усны нөөцийг зүй зохистой ашиглах харилцааг зохицуулах асуудлыг улсын үйлдвэрийн газруудын хариуцлагын түвшин болон цар хүрээнд уялдуулан зохицуулдаг.

5.1.4

Зураг 5.1.4. Енесей мөрний сав газрын зөвлөлийн хурал (2014.04.03, Улаан-Үд хот)

Ойн тухай хууль(2007 он): Ойг нөхөн сэргээх болон хамгаалах арга ажиллагааг тусгасан, тэдгээр биологийн олон төрөл зүйлийг хадгалах, экологийн голлох ач холбогдолыг харгалзан ойг ашиглах, ойг нөхөн сэргээх, түүний чанар үр өгөөжийг нэмэгдүүлэх, орчин нөхцөлийг сайжруулах, ойн нөхөн төлжилт, хортон шавьжтай тэмцэх, эрүүлжүүлэх асуудлыг тусгасан. Ойг ашиглах, хамгаалах, хадгалах, нөхөн сэргээх асуудал нь ойн болон байгалийн нөөц, экологийн системтэй нягт холбоотойгоор харилцан уялдаатайгаар хэрэгждэг. Энэхүү хууль нь ойн эрх зүйн горимыг зохицуулж өгсөн бөгөөд ялангуяа, Байгалийн ТХГН, усны хамгаалалтын бүсэд хамаарах юм.

Усны бионөөцийн хамгаалалт болон загас агнуурын тухай хууль(2004 он) нь загасны аж ахуйн чиглэлийн усан орчны усны чанарын норм болон усны орчинд тавигдах шаардлагыг тогтоож зохицуулдаг. Мөн загасны ховор төрлүүдийг хамгаалах, усны бусад био нөөцүүдийг хадгалах зорилготойгоор усан санг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгоор загасны аж ахуйн хамгаалалтын бүсийг тогтоох арга ажиллагаа, хэв хэмжээг тодорхойлдог. Ийм хамгаалалтын бүсийг тогтоох тусгай норм байдаггүй нь уг хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэхэд төвөг учируулдаг.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль(1995, 2008 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан) нь ТХГН-ийн байнгын удирдлагыг томилж, ТХГН-ийн бүсчлэлийг тайлбарлаж, улсын болон бүсийн удирдлагын байгууллагуудын эрх мэдлийн хэв хэмжээг зааглаж өгдөг. ТХГН дээр биологийн төрөл зүйлийг хамгаалах зорилгоор удирдлагын болон байгууллагын эрх зүйн хүрээг энэ хуулиар тодорхойлсон.

1999 онд Монгол Улсын Засгийн газар “Ус” үндэсний хөтөлбөрийг баталж, 2000 онд Усны үндэсний хороог байгуулсан бөгөөд тус хороонд уг хөтөлбөрийг удирдан, зохицуулах, хянах болон усны бодлогыг зохицуулж, хэрэгжилтийг нь хянах чиг үүргийг хариуцуулжээ.

Усны үндэсний хороо нь усны нөөцийн зүй зохистой хэрэглээг хангах, түүнийг сэргээх, хамгаалах, бохирдлоос урьдчилан сэргийлэх, хэрэглэгчиийн усны аюулгүй байдлыг хангах, усны бодлогын хэрэгжилтийг мөрдүүлдэг. Усны үндэсний хороо нь тодорхой Яамд, ажлын албадын салбар дундын зохицуулах үүргийг гүйцэтгэдэг. Усны үндэсний хороо нь БОНХЯ-ны боловсруулсан усны эх үүсвэрийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангадаг.

2012 оноос Усны үндэсний хороо нь Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжсэн. БОНХЯ нь усны нөөц, экологитой холбоотой асуудлыг, хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудлыг БХБЯ, бэлчээр, тариалангийн усжуулалтын асуудлыг ХХААЯ, усны чанар, эрүүл ахуйн асуудлыг ЭМЯ хариуцаж байгаа ба хууль тогтоомж, стандартыг мөрдүүлэх, зөрчлийг илэрүүлэх үүрэг бүхий Мэргэжлийн хяналтын алба ажиллаж байна [3].

Байгаль хамгаалахтай холбогдсон Монгол Улсын эрх зүйн баримт бичгүүд:[5]

Усны тухай хууль (2012 онд шинэчлэн баталсан)-ийн зорилт нь усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.5.1-д “Усны салбарын бүтэц, зохион байгуулалт, хяналтын механизмыг боловсронгуй болгож, ашиглагч нь хамгаалах, хариуцлага хүлээх тогтолцоог бий болгох, усны үнэлэмжийг нэмэгдүүлэх, нөөцийг хамгаалах, өсгөх ажлыг санхүүжүүлэх механизмыг тодорхой болгох, улсын төсвийн хөрөнгөөр хийсэн усны эрэл, хайгуулын зардлыг эргэн төлүүлэх чиглэлээр эрх зүйн зохицуулалт хийх”, 3.5.1.5-д “Усны сав газрын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, тухайн сав газрын хэмжээнд экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр ашиглах боломжтой гадаргын болон газрын доорх усны нөөцийг тогтоож, ашиглалтыг тогтоосон хэмжээнд нь хатуу барина. Аль нэг ашиглагчид давуу эрх олгохгүй байх эрх зүйн зохицуулалт бий болгоно” гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор 2012 онд шинэчлэн найруулсан.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль (1994 онд баталж, 9 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан)-иар байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх, соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьсч өөрчлөгдөх зүй тогтлыг судлах, танин мэдэх зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулдаг. Улсын ТХГН-ийг дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газар гэж 4 ангилдаг бөгөөд эдгээрийг орон нутаг болон Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаад хамгаалж байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хууль (1995 онд баталж, 14 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан)-ийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхтэй холбогдож төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Энэ хуульд газар, түүний хөрс, газрын хэвлий, түүний баялаг, ус, ургамал байгалийн ургамал, амьтан, агаарыг байгаль орчинд хортой нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэх, Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг төрийн өмч байна гэж заасан.

Ойн тухай хууль (2007 он, 2012 онд шинэчлэн баталсан)-иар ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг. Энэ хуульд ойн сангийн тодорхой хэсгийг ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр тогтоосон хугацаанд эзэмшүүлэх, хамгаалуулах, ашиглуулахаар заасан. Уг хуулиар хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглодог.

Ашигт малтмалын тухай хууль(1997 он)-иар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулдаг. Хуулиар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож байна.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль (2009 он)-иар Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордоос бусад нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухайн газарт байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулж байна.

Монгол Улсад эдгээр хуулиудаас гадна Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Ус цаг уур, орчны шинжилгээний тухай, Ариун цэврийн тухай, Хог хаягдлын тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай зэрэг устай холбогдох 8 хууль мөрдөгдөж байна. Эдгээр хуулиудыг хэрэгжүүлэх зорилгоор 40 гаруй дүрэм, журмыг батлан хэрэгжүүлж байна [3].

Document Actions
IW:LEARN