ДҮГНЭЛТ

 

ДҮГНЭЛТ

 

Дүгнэлт

 

Усан толион 23 мян.км2 талбай бүхий Байгаль нуур нь манай гарагийн хамгийн том цэвэр цэнгэг устай нуур бөгөөд түүний нөөцийн хэмжээ Оросын бүх голын 7 жилийн, Евро-Азийн бүх голын 3 жилийн урсацтай тэнцэнэ. 2013 онд Байгаль нуурын экосистемийн төлөв байдалд ямарваа нэгэн мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдаагүй, арав арван жилийн туршид түүний усны чанар нь хэвийн байсан төдийгүй ундны усанд тавигдах шаардлагаас хавьгүй дээгүүр байсан.

2013 онд Байгаль нуур дүүрэх хугацаанд усны түвшний үзүүлэлтүүд олон жилийн дундаж хэмжээнд байсан нь нуураас гарах зарцуулалтыг зохицуулж байгаа болон нуурын усны түвшин нь тогтоосон түвшнээс буураагүй нь ОХУ-ын Засгийн газраас 2001 оны 3 дугаар сарын 26-ны өдөр баталсан “Аж ахуйн болон бусад үйл ажиллагааг явуулахад Байгаль нуурын усны дээд түвшинг харгалзан үзэх тухай’’ 234 дугаар тогтоолыг баримталж байсны үр дүн юм.

2013 онд Байгаль нуурын сав газрын 5 том цутгал голын нийт урсац нь 7%-иар багассан байна. Урсацын хувьд Баргажин болон Турк голынх 10%-иар, Дээд Ангарын голынх 45%-иар, Тыя голынх 18%-иар буурсан байна. Нөгөө талаар Сэлэнгэ голын урсац нь 9 хувиар нэмэгдсэн байна. Сүүлийн жилүүдийн усны урсацын хэлбэлзэл олон жилийн дунджийн хэмжээнд байна.

2013 оны агаарын жилийн дундаж хэм зарим саруудын агаарын хэмийн бага зэргийн хазайцыг үл харгалзвал олон жилийн дунджийн хэмжээнд байсан. Харин Эрхүүгийн бүс нутгийн өмнөд хэсэгт л агаарын жилийн дундаж үзүүлэлтээс 1-1.5oC-аар нэмэгджээ.

Монгол оронд уур амьсгалын өөрчлөлт харьцангуй эрчимтэй явагдаж байгаа нь ган, зудын давтамж ихсэх, цөлжилт өргөжин тэлэх, усны нөөцийн хомсдох зэргээр илэрч байна.

2013 онд БЦЦҮ-ийн үйл ажиллагааг хязгаарласанаар үйлдвэрээс хаях бохир усны хэмжээ 2012 онтой харьцуулахад 2013 онд 46 хувиар буурсан нь хяналтын бүс дэх Байгаль нуурын усны чанар сайжирахад нөлөөлсөн. Хяналтын бүс нь хаягдал ус саармагжих 100 м-ийн гүнд байрладаг.

2012 онтой харьцуулахад 2013 онд Сэлэнгэ, Баргажин, Турк, Дээд Ангар, Тыя зэрэг өргөн хүрээнд судлагдсан 5 голоос нуурыг бохирдуулж буй хүчин зүйлийг авч үзвэл нефть бүтээгдэхүүн 31%-иар, уссан эрдэс бодис 12%-иар, бусад бохирдуулагч буюу хуурай үлдэгдэл 24%-иар нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ нууранд ирсэн зэс 36%-иар, гадаргуугийн идэвхит нийлэг бодис 80%-иар, дэгдэмхий фенол 55%-иар багассан байна. Урвалд өртөмтгий органик бодис, давирхай, асфальтын хэмжээ бараг тогтмол хэвийн түвшинд байна.

2012-2013 онуудад тодорхойлсон гидро­химийн 17 үндсэн үзүүлэлтээр авч үзвэл усны химийн бүтцийн 13 үзүүлэлт нь зөвшөөрөгдөх дээд агууламжаас давсан байна. Байгаль нуурын сав газрыг бүхэлд нь авч үзвэл 2013 оны байдлаар гадаргын усны гидрохимийн үзүүлэлтийн чанарт нөлөөлсөн гол хүчин зүйл нь цаг уурын болон байгалийн нөлөөлөл байжээ.

Модон хөл (Буриад улсын Закаменск район) болон Хиагт (Буриад улсын Хиагт район) голууд нь хүний үйл ажиллагааны идэвхтэй нөлөөлөлд байдаг учраас тусгайлан авч үздэг.

Хяналтанд байдаг бодисыг Байгаль нуурт авчирдаг үндсэн нийлүүлэгч нь Сэлэнгэ мөрөн юм. 2013 онд устай хамт нууранд ирсэн нийт бодисын 87.6%-ийг хуурай үлдэгдэл, 78%-ийг жигнэгдэх бодис болон урвалд орогч органик бодис эзэлж байна.

Монгол Улсын Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудын аж үйлдвэр болон олон тооны алт олборлолтын нэгжүүд, ОХУ-ын нутагт Улаан-Үдийн аж үйлдвэрийн цогцолбор нь Сэлэнгэ мөрний усыг хүний үйл ажиллагаагаар бохирдуулахад гол нөлөө үзүүлж байна.

2010-2013 онуудад Байгаль нуурын сав газрын газрын доорх усанд мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдсангүй.

2013 оны байдлаар агаарт хаягдах хаягдлын хэмжээ өмнөх оны түвшинд байлаа. Монгол Улсын болон ОХУ-ын нутаг дэвсгэр дээр агаарыг бохирдуулагч гол эх үүсвэр нь цахилгаан, дулааны станцууд болон авто машин, түүнчлэн Байгаль нуураас холгүй орших Сэлэнгийн цаас картоны үйлдвэр (СЦКҮ) болж байна.

Байгаль нуурын гүний нүүрстөрөгчийн системийн шинжлэх ухааны судалгааг “Мир” аппаратын тусламжтайгаар хийх ажлыг идэвхжүүлснээр тус бүс нутаг дахь нүүрст устөрөгч бичил биетүүдийн тухайн болон байгалиас нууранд орох нефтийн илрэлүүдийг бичил элементүүдийн боловсруулах боломжийг судлах боломжтой болсон. Түүнчлэн Байгаль нуурын ёроол дахь хийн нэгдлүүдийн тархалт болон хийн нөөц үүсэх үйл явцыг судлах боломжтой болсон. Олон улсын энэ экспедици нь манай гарагийн хосгүй энэ нуурын биологийн төрөл зүйлийг хамгаалах чиглэлд дэлхий нийтээрээ хамтран ажиллаж байгаагийн үр дүн юм.

2013 онд геологийн эндоген үйл явцын аюулын идэвхжилт 2008 онтой харьцуулахад бага түвшинд байлаа. 2013 онд сүүлийн 10 жилд тэмдэглэгдсэн геологийн идэвхжлийн дээд үзүүлэлтээс 500 дахин бага байв. Энэ сав газарт буй ажиглалтын цэг хангалттай бус байна. Ажиглалтын үр дүн зарим нэг бүс нутгийн аюулт үйл явцын талаар хэсэгчилсэн мэдээлэлийг өгч байгаа. Аюултай эндоген ба экзоген геологийн үйл явцын хувиралтын урьдчилан харж найдвартай хянаж байхын тулд ажиглалтын станцуудыг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Монгол орны цаг агаар дулаарч, хур тунадасны хэмжээ багасаж, мал сүргийн тоо толгой эрс нэмэгдсэн зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан тал хээр, ойн экосистем өөрчлөг­дөж, цөлжилтийн хамрах хүрээ нэмэгдсээр байна. Бэлчээрийн газар нутаг хомсдоход ямаан сүргийн тоо өссөн явдал хүчтэй нөлөөлсөн бөгөөд энэ нь дэлхийн эрэлт хэрэгцээ нь өссөөр байгаа өндөр чанарын ноолуурын үйлдвэрлэл өргөжиж байгаатай холбоотой юм.

Тус сав газрын ойн нөөцийн үндсэн хэсэг нь Оросын нутаг дэвсгэрт хамаарч байна (90 орчим хувь). Ойн нөөцийн ашиглалтын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж үзвэл мод бэлтгэл ихсэх төлөв ажиглагдаж байна. Гадаад зах зээл дээр модон эдлэлийн эрэлт хэрэгцээ болон үнэ өсөх хандлага байгаа нь хууль бусаар мод бэлтгэх явдал нэмэгдэх төлөвийг харуулж байна.

Монгол орны ойн сан бүхий талбай тийм ч их биш. Ойн хомсдолын асуудал байсаар байгаа бөгөөд энэ нь хууль ёсны болон хууль бус мод бэлтгэл, ойн түймэр, хортон шавьж зэрэг хэд хэдэн шалтгаантай. Эдгээр асуудал Оросын нутаг дээрх ойд ч адил хамаатай боловч сөрөг үр дагавар арай бага байна. Гэхдээ энэ сав газрын Монголын тал, Оросын тал аль аль нь ойн нөөцөө хадгалан хамгаалах, ойгоо нөхөн сэргээх хойшлуулж болшгүй шаардлага тулгараад байна.

Байгаль нуурын сав газарт уул уурхайн үйл ажиллагаа 2013 онд 2012 онтой харьцуулахад багассан байна.

Оросын газар нутагт хамаарах хэсгийн хэвлийн хэт ашиглалт буурсан нь Байгаль нуурын бүс нутагт “Байгаль нуурыг хамгаалах тухай” хуулиар экологийн хязгаарлалт хэрэгжүүлсэнтэй холбоотой. 2012-2013 онуудад Буриад улсын болон Забайгальскийн хязгаарын нүүрс олборлолт нэмэгдсэн боловч эдгээр нь Буриадын дархан цаазат газрын ЭТБ-ээс алслагдсан газар нутагт байршиж байгаа юм.

Монгол Улсад ашигт малтмалын олборлолт ерөнхийдээ нэмэгдэж байгаа нь газрын хэвлийг хууль бусаар ашиглах, ялангуяа алт олборлолт эрс нэмэгдэж байна. Хууль бус алт олборлолт Сэлэнгийн сав газарт орших Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай, Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт нийтлэг байв.

Байгаль нуурын сав газрын ОХУ-ын нутаг дэвсгэр дээр 1,058.5 мян.хүн амьдарч байна (2010 оны ОХУ-ын хүн амын тооллогын мэдээгээр). Хүн амын дийлэнх нь Буриадад төвлөрч байна. 2012-2013 онуудад хүн амын төрөлт нэмэгдэж, нас баралт багассан нь хүн ам өсөхөд нөлөөлсөн. Монгол Улсын хүн амын 65.4% буюу 2,930.3 мян.хүн Сэлэнгийн сав газарт амьдарч байна. 2013 онд Монголын хүн амын өсөлт 2.2% байсан бөгөөд нийт хүн амын 43% нь Улаанбаатар хотод амьдардаг.

Сав газарт аялал жуулчлал, амралт сувиллын цогцолборыг төлөвлөгөөтэйгээр хөгжүүлснээр ашгийн, төсвийн, нийгмийн гээд олон талын ач холбогдолтойн зэрэгцээ аж ахуйн үйл ажиллагаанд экологийн хязгаарлалт тавьсантай холбоотойгоор Эрхүү муж, Буриад улсад учирсан эдийн засгийн хохирлыг нөхөх боломж бүрдэнэ. Гэхдээ энэ нь Байгаль нуур орчмын экосистемд хүний үйл ажиллагаанаас үүдсэн ачааллыг нэмэгдүүлж болзошгүй юм. Буриад улс, Эрхүү муж болон Забайгальскийн хязгаарын засаг захиргаад Монгол Улсад аялал жуулчлалыг төрөөс зохицуулж буй ололт амжилтыг ашиглах хэрэгтэй.

Байгаль нуурын сав газрын Монгол-Оросын газар нутаг дээр амьдарч буй хүмүүсийн амьдрал, бүс нутгийн эдийн засагт тодорхой өсөлт байгаа боловч тус бүс нутгийн тогтвортой хөгжлийн өсөлтийг зөвхөн хоёр талын ашиг сонирхлыг үндэс болгосноор шийдэгдэх болно. Үүний дотор хил дамнасан байгалийн нөөцөд хохирол учруулбал хариуцлага хүлээнэ. Ийм нөөцөд дэлхийн байгалийн өв болох Байгаль нуурыг гол тэтгэгч Сэлэнгэ мөрөн хамаарна.

Хил дамнасан сав нутгийн байгаль орчныг хамгаалах олон улсын экологийн фондыг байгуулах эдийн засгийн тооцоог Оросын эрдэмтэд гаргасан (Сэлэнгэ мөрний сав газрын жишээн дээр). Байгаль нуурын экологийн фондыг байгуулсанаар нөөц ашиглалтын төлбөрийг төвлөрүүлж байгалийн нөөц болон био төрөл зүйлийг хамгаалах, сэргээх, тус бүс нутгийн экологийн тогтвортой хөгжлийг бүрэлдүүлэх, шинэчлэлийг практикт хэрэгжүүлэх үйл ажиллагааг хийнэ.

Байгаль нуурын сав газарт амьдарч буй Монгол-Оросын хүн амд байгалийн хүнд бэрх нөхцөл дэх нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, дулаан ба цахилгааны хомсдол, ачаа тээвэрлэлтийн өндөр зардал, эдийн засгийн шинэчлэлийн хоцрогдол, байгалийн нөөцийн ашиглалтаас хараат байх, хамгийн гол нь тус бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн зөрчил, хүрээлэн буй орчныг хамгаалах зайлшгүй шаардлага гэсэн асуудлууд тулгарч байна.

Document Actions
IW:LEARN