2.3 Ургамал, ойн нөөц

Байгаль нуурын сав газрын нутаг дэвсгэр нь үндсэндээ ойт хээр болон ойт тайгын бүсэд хамаарна [3, 4]. Гэхдээ нутаг дэвсгэрийн хэрчигдэл, уулс хоорондын хотгор, өндөр уулын бүслүүр нь ургамлан бүрхэвчийн тархалтад ихээхэн нөлөөлдөг. 
Сав газрын нутаг дэвсгэрийг хээрийн, ойт хээрийн, уулын нугын, тархмал ой, хагийн дэвсээ бүхий тагийн бүс мөн тагийн бүс гэж ангилдаг.

Тагийн бүс (нүцгэн): Энэ нь Байгалийн салбар нуруудад маш тодорхой байдаг. Бүсийн өндөрлөг намдаа л гэхэд хойт талаараа 1,100-1,500 м, өмнөд талаараа 1,600-2,000 м болно. Тагийн бүсэд өндөр уулын нүцгэн ландшафт давамгайлна. Өндөр уулын тагийн бүсийн ландшафтыг төрөл бүрийн сийрэг тархалттай, намхан ургамал, хагийн ургамал, бага хэмжээгээр арцны бутлаг ургамал бүрдүүлнэ. Энэхүү бүсийн бас нэг онцлог нь ургамлын бүрхэвчгүй чулуун нуранги өргөн тархсан байдаг (Зураг 2.3.1). Харьцангуй бага талбайд бутлаг хаг ургамал, бутлаг-модлог ургамал бүхий уулын тундрын хэсэг тааралдана. Баргажингийн нурууны хэсэгт уулын суб Альпийн нугын хэсэг тархсан (Тагийн бүсийн доод хэсэг) байдаг. Энэ нь томоохон тархалтыг үүсгэдэггүй боловч чулуулгийн хадархаг хэсэг, хушин сийрэг ой, асга хад, нурангийн ёроол, хөндийн эхэн хэсэгт тархана. Суб Альпийн нугын бүсэд өлөн өвслөг намаг бага хэмжээгээр тархана. Уулын нуга нь өндөр (40-60 см), өтгөн өвс ургамалтай бөгөөд удвал цэцэг, яргуй зэрэг олон төрлийн ургамлууд тархсан байдаг. Суб Альпийн нугад өлөн-цагаан хүлрийн хөвд болон нугын өлөн өвс тааралддаг.

2.3.1

Зураг 2.3.1. Баргажингийн нурууны тагийн бүс

Тагийн ойн бүс, тармаг хушин ой бүхий бүс: Уулын тайгаас дээш хойт хэсэгт 1,000-1,500 м, өмнөд хэсэгт 1,500-2,000 м-т оршино. Тэгшивтэр гадаргуу бүхий нуруу, ойн хилээс дээших тэгш оройд харьцангуй бага талбайг эзлэнэ. Уулын хажуу хэсэгт хушин ой мод 0.5-2 м-ийн өндөр үүсгэн тархсан байдаг бол тэгш гадаргуутай хэсэгт тагийн бүсийн сийрэг ой тархсан байдаг. Энд голдуу шинэс (хар мод), шинэс-хушны холимог болон хус зэрэг мод, бутлаг ургамал тармаг тохиолдоно (Зураг 2.3.2). Хөрсний бүрхэвч хэлбэрээр хаг, заримдаа хөвд давамгайлна (Зураг 2.3.3). Уулын тайгын бүс (сүүдэр тоссон уулын ар хажуу, голын болон нуурын дэнж)-ийн тагийн ой зэрэг зарим газарт агаарын температурын инвэрс (өөрчлөлт) харьцангуй тогтвортой ажиглагдана.

2.3.2

Зураг 2.3.2. Хамар давааны нурууны тагийн ойн бүсийн шинэс-хушин ой бут

 

2.3.3

Зураг 2.3.3. Баргажингийн нуруун дахь хаг

Уулын тайга: Энэ нь сав газрын нутаг дэвсгэрийн ландшафтын хувьд хамгийн тархсан бүс юм [3,4]. Байгаль нуурын сав газрын Оросын хэсгийн нутаг дэвсгэрийн 70%-ийг эзлэх бөгөөд ургамлын бүрхэвчийн дийлэнх нь энд байдаг. Уулын тайгын бүсэд Сибирийн болон Дагуурын шинэс, нарс, хуш зэрэг шилмүүст мод зонхилох ба гацуур, жодоо ховор тохиолдоно. Навчит модноос хус, улиангар нэлээд өргөн тархсан байдаг. Уулын тайгын бүс нь тухайн газрын өргөрөгөөс хамаарч янз бүрийн өндөрт байршина. Дээд Ангарын сав газрын хойт хэсэгт тайга нь 460-600 м-ээс 1,000-1,500 м-т, өмнө хэсэгт 1,000-1,400 м-ээс 1,500-1,800 м-т оршино. Байгаль нуурын эргийн дагуух тайгын доод хил нь нуурын усны зах хүрнэ. Тайгын дээд хил нь уулын хажуу налуугийн харагдах байдлаас хамаарна. Байгаль нууртай зэрэгцээ байдаг Баргажины нурууны баруун хажуугийн ойн дээд хил нь 900-1,400 м-т, арай илүү нар үздэг зүүн хажууд энэхүү хил 1,400-1,800 м болж дээшилнэ.
Уулын тайгын бүс нь өмнөд, дунд, хойт тайга гэсэн 3 өндрийн бүсэд хуваагдана. Өмнөд тайгын бүс нь хойт өргөрөгийн 52°-аас урагш 1,100-1,200 м-ийн өндрөөс хэтрэхгүй. Энд шинэс, нарсны холимог ой болон нарс таруу, мөн хус мод тархсан байдаг. Мөн дагуурын рододендрон (rhododendron), тавилгана (spiraea) зэрэг ургамлын зулзган бут таруухан тархсан байдаг (Зураг 2.3.4). 
Дундад тайгын бүс нь нэлээд өргөн тархалттай байдаг. Эндхийн модлог ургамлын үндсэн төрөл нь шинэс бөгөөд мөн нарс, хуш, хус юм. Байгаль нуур луу харсан нуруудын хажуу бэлээр улиангар, жодоо ургасан байдаг. Мөн зулзган хус (dwarf birch) болон дагуурын рододендрон (dahurian rhododendron) зэрэг ургамал таруу тархсан байна. Аньс, нэрс, алирс зэрэг өтгөн сөөг бутлаг ургамал хөрсийг бүрхэх боловч эдгээр нь хөрсийг тасралтгүй бүрхдэггүй.

 

2.3.4

Зураг 2.3.4. Хамар давааны уулын тайга

Модлог ургамлын бүрдэл болон төгөл нь уулын хажуу хаашаа харж буйгаас ихээхэн хамаарна. Хойшоо харсан хажуунуудад ургаа мод болон яшил, хушин төгөл, мөн аньсны дэвсэг элбэг тааралдана. Урагшаа харсан хажуунуудад голдуу нарсан ой, хөрсийг нь өвслөг болон бутлаг ургамал бүрхсэн байдаг. 
Хойт тайгын хувьд ургаа шинэс, хушны холимог сийрэгдүү байдаг. Ойн төгөлд нь ямагт хуш болон намхан хус, жижиг навчит рододендрон байдаг. Хөрсийг нь тэрэлж, сургар, нэрс, аньс, хаг болон өвслаг ургамал бүрхсэн байдаг. Мөн уулын оройн ус хагалбарын хэсэгт цагаан хүлрийн хөвд болон хаг хөрсийг бүрхсэн байдаг. Уулын тайгын бүсийн ой нь усны зохицуулалтын өндөр ач холбогдолтой бөгөөд цас хайлалтын болон зуны үерийн усны үед хөрсний угаагдлаас сэргийлдэг. Мөн тайга нь хөрсийг салхины элэгдлээс хамгаалахаас гадна цасан бүрхүүл үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Энэхүү тайга нь уулын эгц хажуугийн цасны нурангаас сэргийлдэг.
Ойт хээрийн бүсэд ерөнхийдөө хээрийн ургамал тархсан байдаг (Зураг 2.3.5).

2.3.5

Зураг 2.3.5. Тугнуй голын хөндийн ойт хээр

Забайгальскийн ойт болон хээрийн бүсэд уулын өмнөд хажуу бэл, хээр хослон тогтох ба хойт хажуу нь ойн бүрхүүлгүй байдаг [3, 4]. Ойт хээр нь үргэлжилсэн бүсийг үл үүсгэх ба хоорондоо уулын хээр, уулын тайгын ургамлын бүлгэмдлээр зааглагддаг. Ойт хээрийн ургамлын бүрхэвч нь 900-1,200 м-ийн өндөрт байдаг. Энэхүү бүсийн ой нь ихэвчлэн тармаг бөгөөд нарс, навчит мод, хус тааралдана. Ойн доорх ургамлын бүрхэвч сул хөгжсөн буюу огт ургамлын бүрхүүлгүй ч хэсэг бий. Хээрийн болон ойт хээрийн бүс нь ХАА-д тариалан, хадлан, бэлчээрийн зориулалтаар өргөн ашиглагддаг.
Хээрийн бүс нь үргэлжилсэн нэг цул масс хэлбэртэй байх ба заримдаа тектоникийн хот¬гор, голын хөндийд салангид “арал” хэлбэрээр тохиолддог [3, 4]. Тогтоцын хувьд газрын гадаргуугын овгор товгор, тэгш өргөгдсөн байдлаас нь хамааруулан уулын хээр, уулын бэлийн хээр гэсэн 2 бүлэгт хуваадаг. Тэдгээрийг мөн тус бүрт нь экологи-морфологийнх нь хувьд нугын хээр, хуурай хээр гэсэн 2 томоохон бүлэгт хуваагдаг. Мөн газар зүйн тогтоцоор нь бүсийг цогц бүлэг болгон Өмнөд сибирийн, Хойт монголын, Төв азийн хээр гэж хувааж болно (Зураг 2.3.6).

2.3.6

Зураг 2.3.6. Хойт Монголын тал хээр

Хээрийн бүсийн дээд хил нь 900-1,100 м-ээс дээшгүй. Улаан хүрэн хөрстэй хуурай хээрийн хувьд ургамал нь намхан (дундаж өндөр 10-15 см-ээс 25-35 см) бөгөөд сийрэг (ургамлын нөмрөг нь 60-70%) байдаг. Хар шороо ялзмаг бүхий хөрсөнд шигүү, өндөр төрөл бүрийн ургамал ургасан байдаг. Хээрийн ургамлын үндэс нь харьцангуй гүнзгий бөгөөд 10-70 см гүнд тархана. Ургамлын бүлэг нь туйлын олон янз. Өвслөг ургамлын хувьд хамгийн их тархсан нь хялгана, хазаар өвс, ерхөг, согоовор, мөлхөө хиаг, нугын биелэг үетэн, ширэг өлөн зэрэг олон төрөл ургадаг. Мөн шарилж, ишгүй гичгэнэ, одой сараана, гэсэр цэцэг зэрэг элдэв өвс ургамал ургана [4, 18]. Давслаг хөрсөнд давсанд дуртай ургамлууд ургах ба хужир мараа үүссэн байдаг (Зураг 2.3.7).

2.3.7

Зураг 2.3.7. Монголын тал хээрийн давслаг хөрс

Ойн нөөц. Байгаль нуурын сав газрын ОХУ-ын хэсгийн ойн нийт талбай нь 191,982.5 км2, түүнээс 169,118.7 км2 нь Холбооны Засгийн газрын мэдэлд, 22,863.9 км2 нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эзэмшилд байдаг (ОХУ-ын ШУА-ийн СС-ын БМБХ-ийн тоон зураг зүйн мэдээ) (Хүснэгт 2.3.1). 


Хүснэгт 2.3.1. Байгаль нуурын сав газрын ОХУ-ын хэсгийн ойн талбай, засаг захиргааны нэгжээр, км2

хүснэгт - 2.3.1

 

2013.01.01-ны өдрийн байдлаар Буриадын БНУ-ын нийт газар нутгийн 84.4% буюу 29,638.4 мян.га нь ойгоор бүрхэгдсэн ойн сан бүхий газар болон өөр зориулалтын газар байна (Зураг 2.3.8) [4, 7].

Буриадын БНУ-ын нийт ойн сангийн 91.1% буюу 27,010.3 мян.га ойн сан бүхий газар Буриадын Ойн аж ахуйн агентлагийн эзэмшилд байдаг. Ойн сан бүхий газрыг зориулалтаар нь хамгаалалтын (9,308.1 мян.га), ашиглалтын (9,436.4 мян.га), нөөцийн (8,265.8 мян.га) гэж гурав ангилдаг.

Сав газрын ойн сан бүхий газарт оросын талын ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны эзэмшилд байгаа ТХГН-ийн ой (2,065.1 мян.га буюу ойн сангийн 7%), Буриад улсын ТХГН болон хүн ам суурьшсан суурин газрын ой (29.6 мян.га буюу ойн сангийн 0.1%), бусад тусгай зориулалт (85.1 мян.га буюу ойн сангийн 0.3%) (усан сан, аж үйлдвэрлэл болон нөөц газар)-ын ойн талбай хамаарагдаагүй болно [7].

Монгол орны ой нь Төв Азийн хээр цөл,   зүүн Сибирийн их тайгын зааг дээр дэлхийн усны гурван том ай савын хагалбарыг дагаж ургасан байдаг (Зураг 2.3.9) бөгөөд гол, мөрний усны нөөцийг зохицуулан хамгаалах, цэвэршүүлэх, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан, ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтой, эмзэг тогтоцтой экосистем юм.

Монгол орон дэлхийд ойн нөөцөөр хомс орны тоонд ордог ч ойн санг 140 гаруй зүйлийн мод, сөөг бүрдүүлдэг ба 2013 оны байдлаар 18.3 сая.га талбайг ойн сан бүхий газарт тооцож байгаагийн 12.9 сая.га талбай буюу Монгол орны нутаг дэвсгэрийн 8.2% нь ой модоор бүрхэгдсэн байна (Зураг 2.3.8).

УИХ-аас 2012 онд баталсан Ойн тухай хуульд ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг “ойн сан” гэж тодорхойлсон байдаг [18, 19].

2.3.8

Зураг 2.3.8. Ой бүхий газар [1]

Ойн санг дотор нь хамгаалалтын бүсийн ой, ашиглалтын бүсийн ой гэж хоёр хуваадаг (Зураг 2.3.10). Хамгаалалтын бүсийн ойд цармын бүслүүрийн ой, ТХГН-ийн болон сургалт, судалгааны зориулалттай ой, ногоон бүс, хориотой зурвасын ой, заган ой, баянбүрдийн ой, 100 га хүртэлх хэмжээний төгөл ой, бут сөөг, 30 хэмээс дээш налуу газрын ой, нуур, рашаан, булаг, шандын ундаргын эргэн тойрон болон голын эргээс хоёр тийш 1,000 м доторх ойг хамруулдаг.

Ашиглалтын бүсийн ойд хамгаалалтын бүсийн ойгоос бусад ойг хамруулдаг ба ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт нөөцийг зохих төлбөр, хураамжийг төлсөний үндсэн дээр ашиглах боломжтой байдаг байна.

Хамгаалалтын бүсийн ойн дийлэнх нь ТХГН-т ойд хамаарах ба зарим ойн сан бүхий газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг (Зураг 2.3.10). Ойн сан бүхий газарт хүн ам суурьшсан суурин газрын ногоон бүсийн ойгоос гадна улсын хил, төмөр зам болон авто замын дагуух зурвасын ойг хамруулдаг. Орон нутгийн ТХГН-ийн хамгаалалтад авсан ой нь янз бүр байдаг ба үүнд заган ой, баян бүрдний ой, 100 га хүртэлх ой, 30°-аасилүү налуутай уулын налуу дахь ой гэх мэт.

2.3.9

Зураг 2.3.9. Монгол орны шилмүүст ой

2012 оны байдлаар Монгол Улсын ойн сан бүхий газар 18,592.4 мян.га, үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай нь 12,552.9 мян.га талбайг эзэлж байна. Ойн сангийн талбайн 75.4%-ийг шилмүүст болон навчит ой (Зураг 2.3.11), 24.6%-ийг заган ой тус тус эзэлдэг. Нийт ойн сангийн 15.3 сая.га нь хамгаалалтын бүсийн ойд хамаарах ба үүний 10.8 сая га нь шилмүүст болон навчит ой, 4.5 сая.га нь заган ой байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын мэдээлэлд үндэслэн Үндэсний статистикийн хорооноос улсын хэмжээнд ойн сан бүхий газрын хэмжээг бүс, аймаг, нийслэлээр жил бүр гаргадаг (Хүснэгт 2.3.2) [18, 19].

Монгол орны нутгийн хойд ба төвийн хэсэг болох Сэлэнгийн сав газарт багтах аймаг, нийслэлийн газар нутагт эзлэх ойн сангийн хэмжээг доорх хүснэгтэд үзүүлсэн ба хамгийн их ойтой нь Хөвсгөл аймаг, хамгийн бага ойтой нь Баянхонгор аймаг байна.

2.3.10

Зураг 2.3.10. Орон нутгийн хамгаалалттай ой

 

Хүснэгт 2.3.2. Сэлэнгийн сав газрын ойн сан бүхий газар, аймаг, нийслэлээр (2013 он)

хүснэгт - 2.3.2

 

Монгол орны умард хэсэг буюу Сэлэнгийн сав газар нь нарс, шинэс, хуш зэрэг холимог ой болон олон төрлийн өвслөг ургамлаар бүрхэгдсэн байдаг (Зураг 2.3.11).

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас 2013 оны зун 17 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан нэн ховор, гоц ашигт зарим ургамлын хээрийн судалгааны экспедицийг ойт хээр, хээр, цөлөрхөг хээр зонхилсон гурван бүсэд ажиллуулж, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймгуудад 188 зүйл ховор, 70 зүйл нэн ховор ургамал ургадагыг, мөн Төв аймгийн зарим нутгаар, Сэлэнгэ, Орхон, Булган, Архангай, Завхан аймагт 54 зүйл нэн ховор ургамал байгааг тус тус тогтоосны дотор Хангайн тойрогт 23 нэн ховор ургамлыг бүртгэжээ.

 

2.3.11

Зураг 2.3.11. Хөвсгөл нуур орчмын ой

Монгол Улсад бүртгэгдсэн нийт 2,800 гаруй зүйлийн ургамлаас эмчилгээ болон хүнсний зориулалтаар ашиглагддаг 382 зүйл ургамлын жагсаалтыг гаргаж тэдгээрийн 195 зүйлийг хамгаалах шаардлагатай байгаа ажээ (Зураг 2.3.12) [19]. Судлаачид зах зээлд өртөж хомсдож болзошгүй 102 ургамлын жагсаалт гаргаж, хэрэглээний чиглэлийг тодотгож, тэдгээрээс чихэр өвс, зээргэнэ, цөлийн аргамжин цэцэг, эгэл бавран, газрын ус, дэрэвгэр жиргэрүү, жодоо, монгол хунчир, чацаргана, онго, цагаан мөөг зэрэг 10 гаруй зүйл ургамал гадаадын зах зээлд хулгайн бизнест орох магадлалтайг нотлож, Монгол орны ховор ургамлын жагсаалтад 8 зүйлийг нэмж оруулахаар санал боловсруулан батлуулж, 37 зүйлийн ургамлыг хил гаалийн үзлэгт хамруулж байна.

Монгол Улсад хөнөөгдөж устах аюулд орсон эмийн ургамлын зүйл 75 байгаагаас 20 зүйл нь устаж байгаа, ийм хандлагатай хүнсний ургамал 11 зүйл байгаагаас 6 зүйл нь устаж байгаа, техникийн ургамал 16 байгаагаас 4 нь, гоёл чимэглэлийн 55 зүйл байгаагаас 5 зүйл тус бүр устаж байгааг судлаачид тодорхойлсон байна [21].

2.3.12

Зураг 2.3.12. Туул голын эхэн хэсгийн сэржмядаг (Hemerocallis minor)

Document Actions
IW:LEARN