1.3 Тусгай хамгаалалттай газар нутаг

Өнөөгийн байдлаар Байгаль нуурын сав газрын ОХУ-ын хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” холбооны хууль (1995)-д заасан ТХГН-ийн үндсэн ангилал болох улсын байгалийн цогцолборт газар, үндэсний цэцэрлэгт хүрээлэн (парк), холбооны болон бүсийн түвшний дархан цаазат газар, жижиг хэмжээний амралт сувилал, аялал зугаалгын газар, ботаникийн цэцэрлэг, байгалийн дурсгалт газар бүгд байдаг (Зураг 1.3.1) [3, 4].
Байгаль нуурын сав газрын ОХУ-ын хэсгийн ТХГН-ийн нийт талбай нь 31,252 км2 (ОШУА СС-ын БМБХ-гийн тоон зураг зүйн мэдээ). 2013 онд ТХГН дахь зөрчил нь 1,110 болж, 2012 оныхтой харьцуулахад 29%-иар нэмэгджээ.

1.3.1

Зураг 1.3.1. Тусгай хамгаалалттай газар нутаг [1]

Улсын байгалийн цогцолборт газар: Улсын хэмжээний 5 байгалийн цогцолборт газрын 3-ыг нь буюу Баргажин, Байгальск (Зураг 1.3.2) болон Сохондинскийн шим мандлын орчинг ЮНЕСКО-ын “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн дагуу бүртгэн авчээ [3, 4]. Баргажингийн байгалийн цогцолборт газрын хил нь Байгаль нуурын эрэг хавийн 3 км газрыг хамардаг. Байгальск болон Сохондинскийн байгалийн цогцолборт газарт хамгаалалтын экологийн орчны (буфер) бүс хамаарах ба байгаль хамгаалах чанд дэглэмд шилжүүлсэнээр газар нутгийн ашиглалт буурч байна. Бүс нутгийн байгалийн цогцолборт газар нь Байгаль-Ленагийн байгалийн цогцолборт газар болох Байгалийн нуруу; Баргажингийн цогцолборт газар болох Баргажингийн нуруу, Байгаль-Хамар давааны уулс, Жергинскийн цогцолборт газар болох Икатск ба Өмнөд Муйскийн нурууд болон Баргажингийн уулзар, Сохондинскийн цогцолборт газар болох Сохондогийн уулс зэрэг өндөр уул тайгын экосистемээс бүрддэг.

1.3.2

Зураг 1.3.2. Байгальскийн цогцолборт газрын оффис


Байгаль нуурын өмнөд эргийн Байгалийн шим мандлын цогцолборт газар нутаг нь Евразийн экологийн сүлжээний гол зангилаа бөгөөд түүнийг байгаль орчныг хамгаалах зорилго бүхий судалгаа шинжилгээнд ашиглагддаг. Энэ шим мандлын цогцолборт газарт амьтан, шувууны цуглуулгыг нь байнга шинэчилж байдаг Байгалийн музей байдаг (Зураг 1.3.3).

1.3.3

Зураг 1.3.3. Байгалийн цогцолборт газар дахь
Байгалийн музей


Мөн тус цогцолборт газарт 0.25 га талбай бүхий “Угсаатны хотхон” цогцолбор байдаг. 2012 онд музейн менежер 61 удаа экскурс зохион байгуулсан ба музейд 633 хүн зочилсон байна. Цогцолборт газрын нутаг дэвсгэр нь 6 чиглэлийн экологийн зөрөг замтай. 12 км-ийн урттай “Хамар давааны зөрөг зам” (үүнээс 2.5 км нь хамгаалалттай газар нутагт хамаарна) нь Осиновка голыг дайрч өнгөрөх ба энэ замаар явахад сүрлэг халзан уулсыг сайн харах боломжтой. Энэхүү чиглэлийн замыг “Их Байгалийн зөрөг зам нийгэмлэг”-ийн сайн дурын ажилтнууд сэргээн засварлан тохижуулж байна (Зураг 1.3.4). Хоёр дахь экскурсээр явдаг чиглэл нь 44 км-ийн урттай (үүнээс 22 км нь хамгаалалттай газар нутагт хамаарахгүй) Выдриная голын дагуух экологийн зам юм.
2012 онд байгалийн цогцолборт газарт болон хамгаалалттай газар нутагт 357 групп буюу 4.0 мян.хүн зочилсноос 100-аас олон хүнтэй 25 гадаадын групп байсан байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн (Үндэсний парк): Тус бүс нутагт аялал жуулчлал, амралт чөлөөт цагийн идэвхтэй үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн, байгаль хамгаалах онцгой дэглэмтэй тусгай хамгаалалттай байгалийн газар нутгийн онцгой нэг төрөл болох Үндэсний 4 парк байдаг [3, 4].

1.3.4

Зураг 1.3.4. Их Байгалийн зөрөг зам

 

ндэсний парк нь дотроо онгон дагшин газар, тусгай хамгаалалттай газар, аялал жуулчлалд суралцах газар, амралт зугаалгын газар, түүх соёлын объект бүхий газар гэсэн , үйл ажиллагааны бүсийн төрөлтэй байдаг. Байгаль нуурын сав газар дахь Үндэсний паркийн үйл ажиллагааны бүсчлэл нь өөр өөр байдаг байна. Тухайлбал: дээр дурьдсан бүсүүд дээр нэмэгдээд Забайгальскийн Үндэсний парк (Зураг 1.3.5)-т тусгай хамгаалалттай усан орчны бүс, уламжлалт эдийн засгийн үйл ажиллагааны бүсийг тогтоосон байдаг ба эдгээр газарт зохицуулалттай загасчлах (6,165 га буюу 2.7%)-ыг зөвшөөрдөг. Прибайгальскийн парк нь уламжлалт байгалийн менежментийн бүс (33,900 га буюу 8.1 %) боловч энэ нь ТХГН-т хамаардаггүй.

1.3.5

Зураг 1.3.5. Забайгальскийн Үндэсний парк (Google)


Прибайгальскийн Үндэсний парк нь Байгаль нуурын баруун өмнөд эрэг дагуух нарийхан зурвас газарт 600 гаруй км сунаж тогтсон байдаг. Уг парк нь Ольхон арал, Ольхон районы эх газар, Байгаль нуур орчмын уул нурууд болон Байгалийн нуруу гэсэн 5 тусгаарлагдсан хэсгийн цогц (кластер)-оос бүрддэг. Прибайгальскийн паркын хил дотор 112 мян.га хөдөө аж ахуйн газар бүхий 40 орчим суурьшил газар байгаа нь маргаантай нөхцөл байдлыг бий болгодог. Забайгальскийн Үндэсний паркын хувьд хөдөө аж ахуй нь цомхон учир хөдөө аж ахуйн газрын маргаан хялбархан зохицуулагдах боломжтой.
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны 2011 оны тогтоолоор Баргажингийн улсын цогцолборт газар болон Забайгальскийн Үндэсний паркыг нэгтгэн “Заповедное Подлеморье” гэж албан ёсоор нэрлэхээр болсон.
Холбооны түвшний (зэрлэг ан амьтны) дархан цаазат газар (ДЦГ): Холбооны гурван субьект (БНУ, муж, хязгаар)-ын нутаг дэвсгэр дотор голчлон захын хэсэгт байрлах холбооны түвшний 7 зэрлэг ан амьтны ДЦГ байдаг [3, 4]. “Фролихинск” ДЦГ нь Байгаль нуурын зүүн хойд эрэг болон Баргажин уулын баруун бэлд байрладаг.
Фролих нуур нь ургамал, амьтны зарим эндемик (тухайн орон нутгийн шинжтэй) зүйлүүд бүхий өвөрмөц байгалийн объект юм. ТХГН-ын зэргэлдээ Байгаль нуурын эргийн хэсэг нь тусгай хамгаалалттай дархан цаазат газар нутагт хамаарагдана. Энд “Хакусы” рашаан сувиллын газар байдаг.
“Кабанск”-ийн ДЦГ нь Сэлэнгэ мөрний доод бэлчирт байрлах ба Байгаль нуурын шим мандлын цогцолборт газрын бүрэлдэхүүний нэг хэсэг юм (Зураг 1.3.6). Тус ДЦГ нь олон тооны усны сувгууд, намгархаг газар бүхий усан болон хагас усан цогцолборын нэгдэл юм. Энэ газар нутаг нь Олон улсын ач холбогдолтой ус, намгархаг газрын конвенц (РАМСАР-ын конвенц)-д “шувуу судлалын чухал нутаг” гэсэн статустайгаар олон улсын ач холбогдолтой нутаг дэвсгэрээр бүртгэгдсэн байна. Учир нь энэ ДЦГ-т ховор болон ховордсон зүйлд багтдаг олон тооны шувууны зүйлийн нүүдлийн зам дээрх гол зангилаа байдаг (Зураг 1.3.6).

1.3.6

Зураг 1.3.6. Шувууны урхи


“Алтачейск”-ийн ДЦГ нь Сулхар болон Хилок гол (Сэлэнгэ мөрний баруун цутгал)-ын бэлчир дээр байрладаг ба дундаж өндөрлөг уулын нарсан ой болон Сэлэнгийн хуурай хээр хоорондын шилжилтийн бүсэд байрладаг. Хамгаалалтад байгаа гол зэрлэг амьтны төрөл зүйлүүд гэвэл бор гөрөөс, Сибирийн буга, тоодог, нумид (demoiselle)-ын тогоруу, дагуурын зараа юм.
“Буркальск”-ийн ДЦГ нь Хэнтий-Цөхийн уулс хооронд төвлөн байршсан ба хушин тайга (Сибирийн шинэс)-ыг хамгаалж байдаг. Эндэхийн Цөх булганы популяци нь эндемик (орон нутгийн шинжтэй) бөгөөд Баргажин булганаас арай бараан өнгийн үстэй, биеэр том байдгаараа ялгардаг байна.
Бүс нутгийн онцлогтой зэрлэг ан амьтны дархан цаазат газар: Эрхүү муж нь бүс нутгийн онцлогтой 12 зэрлэг ан амьтны ДЦГ (эдгээрийн 9 нь цогц шинжтэй, Зулумайск, Иркутный болон Кочергатск нь тодорхой төрөл зүйл байдаг)-тай ба Буриадын БНУ-д 13 ДЦГ (бүгд “улсын байгалийн биологийн” аж ахуйн нэгжийн статустай), Забайгальскийн хязгаарт 15 ДЦГ (үүнээс Ивано-Арахлейск нь ландшафтын төрлийг илэрхийлнэ) байдаг [3, 4].
ТХГН-ийн энэ төрөл нь өнөөгийн шатанд ОХУ-ын субъектүүдийн гүйцэтгэх засаглалын тусгай газруудын мэдэлд байдаг. Холбооны хуулийн дагуу ийм газрууд нь тодорхой хугацаагаар байгуулагддаг бөгөөд хугацаа дуусссаны дараа тэдгээрийн хүчин төгөлдөр байдлыг сунгах эсэх талаар тусгай шийдвэр гаргадаг. Байгалийн бүсийн бүс нутгийн ач холбогдолтой ийм газрууд нь одоо хугацаагүй болсон гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Эрхүү мужийн хувьд 2003 оноос эхлэн энэхүү дэглэм нь байгалийн цогцолборт газраар дамжуулан хэрэгжсэн (Иркутный, Магданск, Кочергатск болон Бойскийн намгархаг газрууд) ба хожим 2008 оноос эхлэн Буриадын, 2009 оны 2 дугаар сараас Забайгальскийн хязгаарын бүх ДЦГ болон байгалийн цогцолборт газруудын хугацааны хязгаарыг хүчингүй болгосон.
Эрхүү мужийн ихэнх ДЦГ-ууд нь дундаж өндөртэй уулсын голын хөндий болон нуурын хотгорыг эзлэн туурайтан амьтдын нүүдлийн замнал, хоёр нутагтан буюу усны шувуудыг оролцуулан бүх шувуудын үүрлэх газрын зангилаа болдог.
Буриадын Байгаль нуурын эргийн    ойрол¬цоох ТХГН-т Дээд Ангар (Кичера болон Дээд Ангар голын садраа-дельта), Прибайкальск болон Энхэлукскийн ДЦГ; өндөр уул, тайгын ТХГН-т Муйск, Снежинск, Улюнск (Забайкальскийн Үндэсний паркийн хамгаалалтын бүсийн үйл ажиллагаанд зарим хэсэг нь хамаарагддаг); уул, тайгын ТХГН-т Ангирск, Кижингинск, Кондинск, Узколугск, Худакскийн ДЦГ; тал хээрийн ТХГН-т Тугнуйск болон Боргойскийн ДЦГ тус тус хамаарагддаг.
Забайгальскийн хязгаарын уул, тайгын ДЦГ нь Ацинск, Бутунгарск, Никишинск, Ульдургинск, Читийг хамардаг. Ивано-Арахлейскийн зэрлэг ан амьтны ДЦГ-ын нэн чухал хэсэг нь нуур, намаг бүхий газрын цогцоос бүрддэг.
Байгалийн дурсгалт газар (БДГ) нь ТХГН дотроо хамгийн их тоотой байдаг ч эдгээр нутаг дэвсгэр нь хэмжээний хувьд жижиг, хуулиар бага хамгаалагдсан байдаг [3, 4]. Ихэнх тохиолдолд БДГ-ын хяналтыг байгууллага бус хамтын аж ахуй зэрэг газраас тавьж байгаа гэж үзэж болно. Эрхүүгийн бүсэд холбооны түвшний 4, бүсийн түвшний 28, орон нутгийн түвшний 43, нийт 75 БДГ байдаг.
Геологийн болон геоморфологийн 2 ангилалын байгалийн дурсгалт 23 газраас гадна гидрологийн 18, ботаникийн 9, амьтан судлалын 4, ландшафтын 5, цогцолборт 12 БДГ байдаг. Өнөөг хүртэл БДГ-т археологийн дурсгалуудыг хамруулдаг бөгөөд эдгээр нь байгаль хамгаалахтай холбоотой бус түүх соёлын дурсгалыг хамгаалах үүрэг бүхий улсын байгууллагуудад хамаарч хяналт тавьж иржээ.
Буриадын БНУ-ын байгалийн дурсгалт 152 газар нь бүгд бүс нутгийн статустай. Тэдгээр нь геологийн 43, гидрологийн 53, ботаникийн 19, амьтан судлалын 9, ландшафтын 19, цогцолборт (байгалийн-түүхийн дурсгалт газрыг оруулаад) 9 гэсэн төрлүүдээр тодорхойлогдсон байна.
Забайгальскийн хязгаарт бүсийн түвшний байгалийн дурсгалт нийт 66 газар байх ба тэдгээрийн 21 нь геологийн, 17 нь гидрологийн, 9 нь ботаникийн, 1 нь амьтан судлалын болон 18 нь цогцолборт (байгалийн-түүхийн болон амралт зугаалгын газрыг оруулаад) газар байна.
Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар ТХГН-ийг “Дархан цаазат газар” (ДЦГ), “Байгалийн цогцолборт газар” (БЦГ) (Зураг 1.3.1 ба Зураг 1.3.7), “Байгалийн нөөц газар” (БНГ), “Дурсгалт газар” (ДГ) гэж дөрөв ангилдаг [10].

1.3.7

Зураг 1.3.7. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар


2012 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 19 аймаг, нийслэлийн 166 сум, дүүргийн нутгийг хамарсан 27.2 сая.га талбай бүхий 99 газрыг улсын ТХГН-т хамруулаад байгаа нь улсын нийт газар нутгийн 17.4%-ийг эзэлж байгаа бөгөөд хэтдээ энэ хэмжээг 30%-д хүргэхээр төлөвлөж байна.

Улсын ТХГН-ийн ангиллаар нь авч үзвэл 2012 оны байдлаар Дархан цаазат 20 газар 12,402,429 га талбайг, Байгалийн цогцолборт 32 газар 11,711,815 га талбайг, Байгалийн нөөц 34 газар 2,958,142 га талбайг, Дурсгалт 13 газар 126,848 га талбайг тус тус эзэлж байна. Монгол Улсын Засгийн газраас ТХГН-ийн хэмжээг жил бүр нэмэгдүүлсээр байгааг доорх хүснэгтэд үзүүлэв [11].
Монгол орны Олон улсын ач холбогдол бүхий 11 нуур, тэдгээрийн эргэн тойрны ус, намгархаг газрыг Рамсар (RAMSAR)-ын конвецид бүртгэсэн байдгаас Сэлэнгийн сав газарт хамаарах Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт орших Өгий нуур (47ө46’N 102ө46’E) болон мөн аймгийн Тариат сумын нутагт орших Тэрхийн цагаан нуур (48°10’N, 99°43’E)-ыг 1998 онд Рамсарын конвецид бүртгэжээ.
Төв Азийн 2000 гаруй жилийн турш нүүдэлчдийн түүх, соёлын арвин их, хосгүй үнэт дурсгалыг хадгалан үлдсэн Орхоны хөндийг 2004 онд ЮНЕСКО-гоос Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авсан [9]. Энд YIII-IX зууны Уйгарын нийслэл Хар балгас хотын туурь, XIII-XIY зууны үеийн Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум (Хархорин) хот, Хөшөө цайдамын дурсгалууд, Эрдэнэ зуу (Зураг 1.3.8), Төвхөн, Баруун хүрээ зэрэг эртний сүм хийдүүд, Мойлтын ам, Орхон-7 палеолитын үеийн чулуун зэвсгийн үеийн дурсгалууд, Орхон голыг хөвөөлсөн балар эртний булш, эртний Түрэгийн үеийн бунхан, бичээст хөшөөнүүд, Билгэ хаан болон түүний дүү Культегин жанжинд зориулан босгосон гэрэлт хөшөө зэрэг түүх соёлын дурсгалт газар, археологийн нэн ховор дурсгалууд байдаг.

1.3.8
Зураг 1.3.8. Хархорин дахь Эрдэнэ зуугийн хийд

Document Actions
IW:LEARN