1.5 Байгаль нуурын усны түвшин
Байгаль нуурын олон жилийн усны балансыг авч үзвэл нуурын тэжээгдэл нь:
- Гадаргын усны урсацаар 57.77 км3/жил (82.4%);
- Хур тунадаснаас 9.26 км3/жил (13.2%);
- Газрын доорх уснаас 3.12 км3/жил (4.4%) хэмжээтэйгээр тэжээгдэж байна [6].
Байгаль нуураас гадагшилж байгаа урсац буюу алдагдал нь: Ангар мөрнөөр 60.89 км3 (86.8 %) ус урсан гарч (Зураг 1.5.1), нуурын усан толионоос 9.26 км3 (13.2 %) ус ууршин алдагдаж байна.
Нуурын усны түвшин нь Эрхүүгийн УЦС, Братскийн УЦС болон Зүүн-Илимскийн УЦС-уудын ашиглалтын горимоос хамаарах ба эдгээр нь бүгд өөр хоорондоо хамааралтай ажилладаг.
Зураг 1.5.1. Эрхүү хот дахь Ангар мөрөн
Богучанскийн УЦС-ын усан сангийн усыг 2012 оны зунаас хуримтлуулж эхэлсэн ба тус станцыг 2012 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс албан ёсоор ашиглалтад оруулсан бөгөөд 2014 онд усан санг дүүргэж дууссан. Ангар мөрний эхээс доош 70 км-т Эрхүүгийн УЦС-ын боомт (боомтын өндөр нь 44 м, урт нь 2.5 км) баригдсаны дараагаар (Зураг 1.5.2) тус станцын усан санг 1956-1958 онуудад дүүргэж, сангийн усны түвшин дээшилсээр 1959 онд Байгаль нуурт хүрч, нуурын усны түвшинг нэмэгдүүлсэн ба 1964 онд нуурын усны түвшин 1.3 м (456.8 м)-ээр нэмэгдсэн байлаа.
Зураг 1.5.2. Эрхүүгийн УЦС-ын боомт
Цаашид нуурын усны олон жилийн түвшинг Эрхүүгийн УЦС-ыг барихаас өмнөх дундаж түвшингээс 1 м-ээс дээш байхаар зохицуулалт хийнэ. Энэ нь нуурын усны түвшинг улирлын, жилийн, олон жилийн усны түвшингийн хэмжээнд зохицуулж, усан сангаар урсацын тохируулга хийх боломжийг бүрдүүлэх юм. Нуурын усны түвшингийн хэлбэлзлийн жилийн явц нь бүхэлдээ байгалийн горимд ойролцоо байгаа юм. Нуурын усны түвшингийн амплитуд (далайц)-ыг нэмэгдүүлэх замаар (80-113 см хүртэл) хамгийн их түвшин бууралтыг багасгах замаар усан санг дүүргэнэ.
Байгаль нуурын хэвийн түвшин 5-11 дүгээр саруудад нэмэгддэг ба 10 дугаар сард дээд түвшинд хүрч, 11 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэл түвшин нь буурдаг. 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар Байгаль нуурын усны дундаж түвшин 456.46 м байсан бөгөөд энэ нь өмнөх жилийнхтэй харьцуулбал 0.07 м-ээр нэмэгдэж, олон жилийн дундаж (дундаж түвшин 456.43 м)-аас 0.03 м-ээр их байлаа (Зураг 1.5.3) [6].
2013 оны туршид нуурын усны түвшин олон жилийн дунджаас хэтрээгүй, дүүрэн байсан бөгөөд үерийн илүүдэл гараагүй байна. Үерийн түвшний далайц (amplitude) 0.74 м байсан.
Зураг 1.5.3. Байгаль нуурын 2012, 2013 онуудын усны түвшинг хамгийн их (1964 он), хамгийн бага (1981 он) болон олон жилийн дундаж түвшинтэй харьцуулсан үзүүлэлт