You are here: Home / ГЗМС (GIS) / Байгаль нуурын сав газрын экологийн атлас / 007. Газар хөдлөлтийн эрсдэлтэй бүс

007. Газар хөдлөлтийн эрсдэлтэй бүс

007. Газар хөдлөлтийн эрсдэлтэй бүс

07. Газар хөдлөлтийн эрсдэлтэй бүс

Томруулж харах

Газар хөдлөлтийн эрсдэлтэй бүс 

Газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсийн зурагт  тухайн нутагт үүсч болох, бас өгөгдсөн цаг хугацааны зааг дотор хэт ихсэх магадлалтай хамгийн их чичирхийллийн улмаас учирч болох газар чичирхийллийн аюулыг тоймлон харуулдаг.

Газар чичирхийллийн ерөнхий мужлалтыг үйлдэхдээ тухайн улс орны нутаг дэвсгэр дээрх газар чичирхийллийн горим, чичирхийллийн шинж, орчин үеийн геодинамикийн төлөвийг тодорхойлогч бүс нутгийн ба дэлхийн хэмжээний чичирхийлэл үүсгэгч бүтцүүдийн судалгаанд тулгуурладаг. Энэхүү мужлалт нь газар ашиглалтыг зохистой хөтлөх, чичирхийлэлд тэсвэртэй барилга байгууламжаар хангахад үндэслэл болох бөгөөд газар чичирхийллийн ерөнхий мужлалын суурь зургуудын масштаб нь 1:2500000-аас томгүй байна. Тодорхой бүс нутаг болон хязгаарлагдмал талбайн хүрээнд газар чичирхийллийн аюулын зэрэглэлийг нарийн тогтоохын тулд нэмэлт хээрийн судалгаа, багажийн хэмжилт хийж газар чичирхийллийн дэлгэрэнгүй мужлалтын зургийг 1:500 000 масштабаар, газар чичирхийллийн бичил мужлалтын зургийг 1:50 000 буюу түүнээс ч том масштабаар боловсруулдаг.

Байгаль нуурын сав нутгийн газар чичирхийллийн мужлалтын зурагт хүчтэй газар хөдлөх боломжтой Байгаль нуур орчмын болон Монголын нутаг дээрх идэвхитэй хагарлын мужуудыг олон жилийн хугацаанд байнга судалж хуримтлуулсан материалыг тусгав. Арга зүйн хувьд энэ зургийг зохиохдоо нутаг орны газар чичирхийлэл-тектоникийн хөгжлийн онцлогийг илэрхийлэгч геологи-геофизикийн мэдээнүүдийг ашигласнаас гадна газар хөдлөлийн голомт байх магадлалтай  ГХГБМ бүсүүдийг ялгахдаа түүхэн бүтэц, тектонофизикийн болон эртний газар чичирхийллийн хандлагыг харгалзсан болно. ГХГБМ бүсүүдийг тогтоохдоо ирээдүйд янз бүрийн мангнитуудтай (М), тодорхой давтамжтайгаар газар хөдөлж болзошгүй голомт газруудын байрлалыг бодит байдалд хамгийн дөхүү тусгаж үзүүлэхийг зорьсон юм. ГХГБМ бүсүүдийг зураг дээр дүрслэхдээ геологи-геофизикийн илэрхий нөхцөлд болж өнгөрсөн газар хөдлөлийн боломжтой магнитудыг түүнтэй ижил нөхцөлтэй боловч өмнө нь газар хөдлөлт болж байгаагүй морфоструктурын хагарлын хам бүрдлүүд дээр шилжүүлэн тараах аргыг хэрэглэсэн нь үр дүнгээ өгсөн гэж үзэж байна.

Энд толилуулж буй газар чичирхийллийн мужлалтын зургийг 1000 жилийн хугацаанд тохиох хүчтэй газар хөдлөлтийн урт хугацааны прогноз гэж ойлгож болно. Уг зургийг зохиохдоо сав нутгийн хэмжээнд 100 гаруй жилийн ажиглалтын хугацаанд хуримтлуулсан газар чичирхийллийн тоо бүртгэлийн мэдээ болон сейсмологийн судалгааны материал, идэвхитэй хагарлуудын зургийг үндэслэл болгон ашиглав.

Газар чичирхийллийн ерөнхий мужлалтын зургийн гол зорилго нь тухайн нутаг дээрх цэг бүрийн газар чичирхийллийн аюулын бодит түвшнийг баллаар илэрхийлэн тусгах явдал бөгөөд тэхдээ газар чичирхийллийн аюулаар ялгаатай мужуудын хил заагийг дүрслэхдээ магадтай хэмжигдэхүүнээр үнэлсэн тоон үзүүлэлтийг харгалзан үзэв. Зургаас харахад газар чичирхийллийн аюулын баллаар ялгарах адил түвшний шугамууд уртавтар сунамал байдалтайг тод ажиглаж болох ба энэ нь тэр бүх шугамуудын дүрслэлийн суурь нь газар чичирхийллийн линеаментуудтай давхцаж буйтай холбоотой. Газар чичирхийллийн линеамент нь чичирхийлэл идэвхт гурван хэмжээст хагарлын бүтцүүдийн орой дээрх ирмэгүүдийн тэнхлэг бөгөөд тэдгээр бүтцүүдтэй холбоотой газар чичирхийллийн тусгал гэлтэй.

Байгаль нуурын бүх сав нутаг газар чичирхийллийн аюулын 7-9 баллын адил түвшний шугамуудаар битүү хүрээлэгдсэн байна. Нуурын хотгорын өмнөт үзүүр орчимд 10 баллын (зураг дээр >9 балл) доргилт үүсэх боломжтой нарийн зурвас бүсүүд ялгарч байгаа нь Саяны гол хагаралтай холбоотой бөгөөд энэ бүс рүү эртний газар чичирхийллийн олон тооны шилжээс чиглэсэн байна. Тэрхүү эрт үеийн үйл явдал 10-11 баллын хүчтэй доргилтууд үүсгэсэн байж болох юм. 10 баллын газар хөдлөлтийн хоёрдох тийм толбо Байгаль нуурын хойт үзүүрт Кичерскийн эртний газар хөдлөлийн шилжээс бүхий районд зурагдсан нь Кичерскийн чичирхийлэл идэвхит хагарлуудын системд хамаарагдах бөгөөд тэнд М=7.0-7.5 магнитудтай газар хөдлөлт үүсэх бломжтой. Гурав дахь тийм толбо Сэлэнгэ мөрний садраа адагт Дельтийн чичирхийлэл идэвхт хагарлын бүсэд тэмдэглэжээ. Тэнд 1862 онд тохиолдсон М=7.5 магнитудтай (газрын гадарга дээр 10 баллын) маш хүчтэй газар хөдлөлтийн голомт бий. Байгаль нуурын бүх усан гадарга 9 баллын адил түвшний шугамаар хүрээлэгдэнэ. Түүний гадна талаар 8 баллын газар чичирхийллийн адил түвшний шугам тойрон бүсэлж Байгаль нуурын хоёр талаар зүүн хойт зүг рүү сунаж орших ба энэ бүсийн дотор Эрхүү, Улаан-Үд мэтийн томоохон хотууд байрладаг.

Монгол улсын нутагт Хөвсгөл нуураас урагшаа Булнай, Цэцэрлэгийн хагарлуудын мужийг дагаж 10 баллын (зураг дээр >9 балл) газар хөдлөлтийн бүс бараг өргөргийн дагуу байрлалтай орших бөгөөд тухайн нутагт 1905 оны Булнай, Цэцэрлэгийн газар хөдлөлтийн голомтууд бий. Тэрхүү газар чичирхийллийн үйл явц дэлхийд багажийн хэмжилттэй болсноос хойшхи үеийн эх газар дээрх хамгийн хүчтэй (М=8.5 идэвхижил 11-12 балл) газар хөдлөлт болсон юм. Хөвсгөл нуур болон  түүний эргэн тойрны нутаг газар хөдлөлтийн 9 баллын шугамд хамаарагдана.

Улаанбаатар хот газар чичирхийллийн 8 баллын бүсэд орших бөгөөд уг бүсийг хоёр талаас нь хүрээлсэн 7 баллын адил түвшний шугам зүүн хойшоо чиглэж Чита хот хүртэл үргэлжилнэ.

Энэ бүх материал ОХУ-ын газар чичирхийллийн мужлалтын шинэ зурагт тусгагдсан гэдгийг дурьдах хэрэгтэй.

Document Actions
Document Actions
Navigation
IW:LEARN