040. Ландшафт (геосистемүүд)
040. Ландшафт (Геосистемүүд)
Байгалийн мужлалт ба ландшафтын хэв шинжийн бүтэц
Энэ зураг нь орос-монголын судлаачдын хамтран зохиосон, өөр хоорондоо харилцан холбоотой, нэг нь нөгөөгийнхөө агуулгыг баяжуулсан байгалийн цогцолбор зураг болон байгаль хамгааллын зургаас бүрдэнэ. Ландшафтын ба байгалийн мужлалтын зураг нь тус атласын байгалийн хэсэгт орсон олон зургийг ерөнхийд нь холбож уялдуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
Ландшафтын зураг бол бүхэл бүтэн геосистемийг дүрслэн харуулдаг билээ. Хэлбэр тектоникийн гол шинж төрх болон ландшафтын бүтцийг илэрхийлэгч бүс, бүслүүрийн бүрдлийг үндэслэн талын, уулын, хотгорын гэсэн гурван ангийн ландшафтыг ялгалаа. Хотгорын ландшафтыг ангиллын эрэмбээр хамгийн том нэгжийн нэг болгож ялгасны учир бол хотгорууд их түгээмэл тархсан төдийгүй тэдгээрийн дотор байгалийн онцгой бүсшил илэрдэгтэй холбоотой юм. Ландшафтыг шим-уур амьсгалын шинжээр нь мөнх цасныхаас авахуулаад хэт гандуу цөлийнх хүртэл бүсийн хэвшинж, дэд хэвшинжүүдэд хуваав. Бүс дундын ландшафт ч энд бас элбэг юм.
Ангилал шатлалын арай доод төвшинд ландшафтыг усны эвдлэх үйлчлэлээр хэр зэрэг шигүү, гүн хэрчигдсэнийг нь харгалзан бүлэг төрлүүд болгон ялгасан байна. Бүлэг төрлүүдийн дотор ландшафтыг бодисын шилжих хөдөлгөөний чиглэлээр нь эвдрэл-элэгдлийн, элэгдлийн, элэгдэл-хуримтлалын, хуримтлалын төрөлд тус тус хуваав. Ангиллын эрэмбээр хамгийн доод шатны нэгж бол ландшафтын зүйл юм.
Байгалийн мужлалтын зургийг ландшафтын зургийн үндсэн дээр зохиолоо. Уг зурагт бие биедээ захирагдан багтах таван шатлалтай бүс нутгийн систем болох байгалийн их муж, муж, дэд муж, район, дэд районыг ялган харуулав.
Байгалийн их мужийг ялган тогтоохдоо түүний байгалийн нөхцөл, хил зааг бүрэлдэн буй болоход хэлбэр тектоник шинж зонхилох рольтой гэсэн төсөөллийг үндэс болгосон билээ. Байгалийн их муж бол ерөнхий хэлбэр бүтцийн хувьд нэгдмэл шинжтэйгээс гадна шим-уур амьсгалын бүс, бүслүүрийн бүрдэл хийгээд ландшафтын бүтэц бүрэлдэн тогтох явдлыг тодорхойлогч чийглэг агаарын ноёлох урсгал, хэлбэр бүтэц хоёрын харилцан үйлчлэлийн хувьд мөн нийтлэг нэгдмэл шинжтэй юм. Байгалийн муж бол нэгдүгээр зэргийн хэлбэр бүтэц болон шим-уур амьсгалын олон янзын бүс, бүслүүрийн бүрдлийн нийтлэг нэгдмэл шинжтэй байдаг. Байгалийн дэд муж бол хоёрдугаар зэргийн хэлбэр бүтэц, шим-уур амьсгалын арай цөөн янзын бүс, бүслүүрийннэгдмэл байдлаар тодорхойлогдоно. Мужлалтын доод нэгжүүд болох байгалийн район, дэд район нь гурав, дөрөвдүгээр зэргийн хэлбэр бүтэцтэй тохирч, ландшафт тус бүрийн дотоод бүтцийг тусган илэрхийлнэ.
Ландшафт ба байгалийн мужлалтын зураг нь Байгаль нуурын ай савын бүх нутаг дэвсгэрийн ландшафтын бүтцийг илтгэн харуулна. Эндэхийн гадарга уул-тал-хотгор хосолсон эрс тэс байдалтай, чийг-дулааны нь горим онцлог шинжтэй учир Азийн энээхэн бүс нутагт нарийн бүтэц бүрдэл бүхий өвөрмөц маягийн ландшафтууд бүрэлдэн бий болдог ажээ. Ландшафтууд орон зайд ялгаран тогтоход нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг бол газрын гадарга бөгөөд тэр нь уур амьсгалын өргөргийн бүсүүд жигд илрэхэд садаа учруулж, түүний улмаас тус улсын нутаг дэвсгэрийн ихээхэн хэсэг байгалийн ямар бүсэд хамаарах тухай асуудал одоо хүртэл маргаантай хэвээр байна. Монгол орны зөвхөн төв ба зуун өмнөд хэсгийн талархаг нутагт өргөргийн бүсүүд тод илэрч ландшафтын бүрэлдэхүүнд шим-уур амьсгалын хүчин зүйл голлож байгаа нь тодорхой харагддаг.
Уулархаг нутгийн босоо бүслүүрийн бүтэц уул нуруудын үнэмлэхүй өндөр, газарзүйн өргөрөг, чийглэг агаарын урсгалын чиглэлд уулс хэрхэн байрласан байдал, хажуугийн зүг эовхис зэргээс хамаарна. Босоо бүслүүрийн тоо, тэдгээрийн ландшафтын бүрдэл өөр өөр уулт тогтолцоонд харилцан адилгүй байдаг. Хотгор газраар хотгорын нөлөөлөл тод илэрнэ. Энэ нөлөөлөл хэр тод, хэр хүчтэй байх нь хотгорын хэмжээ, хэлбэр дүрс, гүнээс голлон хамаардаг бөгөөд эдгээр нь хотгор дахь агаарын зүйлсийн шилжил хөдөлгөөний онцлогийг тодорхойлдог байна. Хотгоруудад эргэн тойрных нь нутгийг бодвол нэлээд урдуур өргөргийн ландшафт бүхий босоо бүслүүр бүрэлдэн тогтдог ажээ.
Ашигласан хэвлэл
Сочава В.Б. Введение в учение о геосистемах.-Новосибирск: Наука. Сиб. отд., 1978.-320 с.
Сочава В.Б., Тимофеев Д.А. Физико-географические области Северной Азии // Доклады Института географии Сибири и ДВ.- 1968.- Вып. 19.- С. 3-19.
Преображенский В.С., Фадеева Н.В., Мухина Л.И., Томилов Г.М. Типы местности и природное районирование Бурятской АССР.- М: Изд-во АНСССР, 1959.-219 с..
Ландшафты юга Восточной Сибири. Карта М 1:1500000; Физико-географическое районирование. Карта М 1:8 000000 / Михеев В.С., Ряшин В.А. при участии Богоявленской Н.Г., Ветровой С.Д., Дмитриенко Л.С., Житлухиной Т.И., Космаковой О.П., Кротовой В.М., Смирновой Д.А. / Общ. ред. В.Б. Сочавы.- М. ГУГК, 1977.
Михеев В.С. Физико-географическое районирование // Природопользование и охрана среды в бассейне Байкала.- Новосибирск: Наука. Сиб. отд-ние, 1990.- С. 21-29.
Михеев В.С., Ряшин В.А. Ландшафты; Физико-географическое районирование // Атлас Забайкалья.- М.-Иркутск: ГУГК,1967.- С.70-71, С. 76, текст с. 172-173.
Батжаргал Б., Михеев В.С., Эрдэнэчимэг Ж.. Ландшафты (карта 39, текст с.103).
Физико-географическое районирование (карта 45, текст с.104) // Атлас озера Хубсугул.- М: ГУГК, 1989.
Фадеева Н.В., Смирнова Е.В., Тулгаа Х. Ландшафты и природное районирование в атласе МНР // Национальный атлас Монгольской Народной Республики (проблематика и научное содержание).- Новосибирск: Наука. Сиб. отд-ние, 1989.- С.109-125.
Даш Д., Смирнова Е.Л., Тулгаа Х., Фадеева Н.В. Ландшафты и природное районирование. Карты 145, 146 (М 1:3000000), текст с. 83 // Национальный атлас МНР.- ГУГК СССР, ГУГК МНР,1990.