012. Хотгор, гүдгэрийг өөрчлөгч орчин үеийн гадаад хүчин зүйлс
012. Хотгор гүдгэрийг өөрчлөгч орчин үеийн гадаад хүчин зүйлс
Хотгор гүдгэрийг өөрчлөгч орчин үеийн гадаад хүчин зүйлс
Хотгор гүдгэр үүсгэгч гадаад хүчний үйл явцуудаас тэргүүлэх үүрэгтэйгий нь ялгаж зураглахын тулд тухайн масштабт тохирох геоморфологийн ангиллын нэгжүүд болох хотгор гүдгэрийн хэв шинж, дэд хэв шинж, хам бүрдлүүдийг үндэслэн тэдгээрт холбогдолтой анги, бүлгийн үйл явцуудыг авч үзэв. Зургийн таних тэмдэгт нэг нэг тэргүүлэх үйл явцыг сонгож үзүүлсэн боловч зарим онцгой тохиолдолд тухайн хэсэг газрын орчин үеийн хотгор гүдгэр бүрэлдэх явц тэргүүлэгч хоёр бүлэг хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн бол зураг дээр тэр янзаар нь тусгав. Нутаг орны тэргүүлэх үйл явцуудыг ялгахдаа дараах гурван үзүүлэлтийг үндэслэв. Үүнд: 1) тархалтын талбай, 2) тасралтгүй үргэлжлэх хугацаа, 3) үйлдлийн эрчим.
Үйл явцыг ялгахдаа хотгор гүдгэр, хурдас хуримтлал, ландшафтын бүрдэл, ургамалжилт болон байгалийн бусад үзэгдлийн нөлөөллийг харгалзсаны дотор хотгор гүдгэрийн морфологи шинж, гарал үүсэл, нас хугацаа, хурдас хуримтлалын хэв шинжүүдийг нэгдүгээр зэрэгт анхаарч үзэв. Хотгор гүдгэрийн хэлбэр маяг, түүн лүгээ хамааралтай хурдас хуримтлалыг нэгтгэн судлахдаа суурин ажиглалтын үр дүнг ашигласан явдал тэргүүлэх шинжтэй үйл явцуудыг ялгаж зураглах боломжийг олгосон юм. Жижиг ба дунд масштабын зургуудыг зохиоход 1:1000000 масштабтай сансрын зураг, мэдээллийг өргөн ашигласан нь Сибирь, Монголын бага судлагдсан нутгийг зураглахад чухал үүрэг гүйцэтгэжээ.
Дээрх аргуудаар боловсруулсан орчин үеийн хотгор гүдгэр үүсгэгч гадаад хүчний тэргүүлэх үүрэгтэй үйл явцыг харуулсан зураг нь гадаад хүчний нөлөөгөөр үүссэн хотгор гүдгэрийн бүтэц, үйл ажиллагааг нарийвчлан судлах, тэдгээр үйл явцыг мужлах үндэслэл болж өгнө.
Энэхүү зураг нь тухайн сав нутгийн хэмжээнд байгаль ашиглалтын зохистой хувилбарууд зохиох, хотгор гүдгэрийн гадаад хүчний үйл явцуудыг үнэлэх, газрын гадаргыг геоморфологийн тааламжгүй болон аюултай үзэгдлээс хамгаалах арга ажиллагааг боловсруулахад шаардлагатай мэдээллийг агуулна.