You are here: Home / ГЗМС (GIS) / Байгаль нуурын сав газрын экологийн атлас

Atlas

029. Үер

29. Үер

Томруулж харах

Гол, мөрний үер

Үерийн зургийн зорилго бол үерийн эрсдэл, түүнээс хүн ам, эд хөрөнгөд учруулж болзошгүй аюул заналын хэмжээг нийт нутгаар үзүүлэхэд оршино.  Үерийн зургийг зохиоход улсын усны кадастрын лавлах мэдээ [олон жилийн …, 1986; усны нөөцийн…, 1973], үерт автсан нутаг дэвсгэр, хохирлын талаарх мэдээ, материал, түүнчлэн архив, зурган мэдээг ашиглав.

Сэлэнгө мөрөн болон Хялга, Үүд, Дээд Ангар, Баргажин голд томоохон үер тохиолдож байв. Ердийн үерийн үед дээрх голын татам 0.5-1.0 хүртэлх гүнтэй усанд автах бол их үерийн үед энэ нь 1.8-3.0 м хүрнэ. Татамд хальсан үерийн усны гүн голын урсгалын дагууд нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, Сэлэнгэ мөрний дагууд үерийн үед татам дахь усны гүн Усть-Хиагт орчимд 1.0 м орчим байдаг бол адгаар буюу Улаан-Үүд хот орчимд 3.0 м хүрнэ.

Үер үргэлжлэх ба голын татам усанд автах хугацаа Сэлэнгэ мөрний дагууд, Цөх голын адгаар нэлээд урт, 30-90 хоног үргэлжилнэ. Харин энэ хугацаа Баргажин, Дээд Ангар, Үд, Зэд ба бусад голын савд 25 хүртэл хоног үргэлжилнэ. Байгаль нуурт шууд цутгах жижиг голуудын хур борооны үерийн үргэлжлэх хугацаа 3 – 7 хоногоос үл хэтэрнэ.

Энэхүү бүс нутгийн голуудад хаврын цас, мөсний хайлалтын улмаас шар усны үер, зуны улиралд хур борооны үер болно. Бүс нутгийн өмнөд хэсэгт шар усны үер сул хүчтэй ажиглагдана. Сэлэнгэ мөрний сав газар, Хамар Даваа, Приморийн уулсаас усжих голууд шар усны үерийн горимтой байна. Энэ бүс нутгийн хойт хэсгийн голууд хавар-зуны шар усны үертэй голууд болно (Дээд Ангар, Баргажин, Турк, Тыя, Рель, Гоуджекит болон бусад голууд).

Хур борооны үер шар усны үерийн төгсгөлөөс эхэлж бүх зуны турш үргэлжилнэ. Хур борооны үерийн хамгийн их өнгөрөлт ихэнхдээ 7-8 дугаар сард ажиглагдана. Аргад, Цаст (Снежный), Зэд голд хур борооны үерийн усны түвшин хамгийн эрчимтэй нэмэгдэнэ. Сэлэнгэ мөрнйи дагууд, ялангуяа түүний адгаар хур борооны үерийн усны түвшний хэлбэлзэл аажим бөгөөд татмын зохицуулах нөлөөгөөр хур борооны үер удаашран, эрчимшил буурна. Голын адгаар татам үерийн их гүн усанд удаан хугацаагаар автах нөхцөлтэй ба энд хот суурин, үйлдвэр аж ахуйн газар ихтэй, хүн ам шигүү суурьшсан зэрэг нь эрсдэлийг нэмэгдүүлнэ.

Тухайн бүс нутагт хур борооны үерийн хамгийн их өнгөрөлт шар усны үерийнхээс ямагт их, үерийн тохиолдлын тоогоор ч олон байна [Кичигина, 2000].  Харин бүс нутгийн хойт хэсгийн голуудын усны (Дээд Ангар, Баргажин, Рель, Тыя) горимд шар усны үер зонхилно. Усны горимд хур борооны үер ба шар усны үер зонхилох ус судлалын харуулын байршлыг зурагт үзүүлэв.

Үерийн давтамж, эрчимшил ихтэй, ихээхэн газар нутгийг хамрах хур борооны үер энэ бүс нутагт үлэмж хохирол учруулдаг. Хур борооны урьдчилсан мэдээнээс ихээхэн хамааралтай байх үерийн прогнозын урьдчилгааны хугацаа, онч, таарц төдийлөн сайнгүй байна. Тухайлбал, 1966 оны 7 дугаар сард Туул голын савд тохиосон хур борооны их үерийн үед усны түвшин 3 м дээшлэн  хэдхэн цагийн дотор Улаанбаатар хотын үлэмж хэсэг үерийн усанд автаж, энэхүү үерт 130 орчим хүний амь эрсдсэн байна.

Байгаль нуурын өмнөд эрэг (Мысовка голын цутгалаас Ангарын эх хүртэлх хэсэг) ба Байгаль нуурын зүүн-өмнөд хажуу, Сэлэнгэ мөрний зарим цутгал голын савд  хур борооны үертэй хамт уруйн үер тохионо  [Макаров, 2012]. Хажуу бэлийн хэвгий ихтэй хийгээд сэвсгэр хурдас бүхий хуурай сайр, жижиг голын савд аадар борооны үед уруйн үер үүснэ. Хамардавааны араас усжих голуудын адаг, Байгаль нуурыг хөвөөлөх төмөр замын дагууд уруйн үер буух нөхцөл илүүтэй.  Уруйн үер үлэмж их сүйтгэл учруулах эрч хүчтэй бөгөөд зарим үед гамшгийн байдалд хүргэж, ихээхэн хохирол учруулж болзошгүй юм. Похабиха, Тиганчиха болон бусад жижиг голд халиа, тошингийн хайлалтын улмаас усны түвшин дээшлэх нь бий.

Аливаа үерийн аюул нь үүсэх нөхцөл, давтамж, нөлөөллийн эрч хүч, хохирлын хэмжээ, үерийг урьдчилан мэдээлэх чадавх зэргээр тодорхойлогдоно.

Үерийн нийт эрсдлийг хүн ам, газрын сангийн ангилалтай уялдуулан нутаг дэвсгэрийн өртөнгийн (физик, эдийн засаг, нийгмийн эрсдлийн тооцоогоор) зурагт үндэслэн үерийн аюулын үнэлгээний аргаар Т.А.Борисова, А.Н. Бешенцев нар тооцжээ [Борисова, 2013].

Байгаль нуурын өмнөд хэсэг, Хамар даваа нуруунаас усжих судалгаагүй голуудын савд уруйн үерийн эрсдлийн тооцоог дам аргаар гүйцэтгэв.

Үерийн мэдээ, мэдээлэлд үндэслэн Байгаль нуурын сав газрын нутаг дэвсгэрт үерт автах бүс, түүнд хамрагдах  хот суурин газрын зураглалыг хийв. Нийтдээ 75 хот суурин энэ бүсэд багтах ба үерийн аюулд өртөх нөхцөлтэй хот суурин газрын байршлыг зурагт тэмдэглэв.

 

Ашигласан хэвлэл

Борисова Т.А. Природно-антропогенные риски в бассейне озера Байкал / отв. ред. чл.-кор. РАН А.К. Тулохонов/ – Новосибирск: Академическое изд-во “Гео”, 2013. – 126 с.

Кичигина Н.В. Генетический и статистический анализ максимального стока рек юга Восточной Сибири // Природные и социально-экономические условия регионов Сибири. – Новосибирск: Изд-во СО РАН, 2000. - С. 19-22.

Макаров С.А. Сели Прибайкалья. – Иркутск: Изд-во Института географии им. В.Б. Сочавы СО РАН, 2012. – 111 с.

Многолетние данные о режиме и ресурсах поверхностных вод суши. – Л.: Гидрометеоиздат, 1986.  - Вып. 13. - 346 с.; Вып. 14. - 282 с.

Ресурсы поверхностных вод СССР. - Л.: Гидрометео­издат, 1972. – Т.16. – Вып. 2. - 586 с.;  1973. – Т.16. – Вып.3. - 400 с.

Экологически ориентированное планирование землепользования в Байкальском регионе. Слюдянский район. – Иркутск: Изд-во Института географии СО РАН, 2002. – 141 с.

Document Actions

030. Гадаргын усны өөрөө цэвэрших явц

30. Гадаргын усны өөрөө цэвэрших явц

Томруулж харах

Гадаргын усны өөрөө цэвэрших нөхцөл

«Гадаргын усны өөрөө цэвэрших нөхцөл» бол усанд орсон бохирдуулагчийг саармагжуулан улмаар усны өөрийн анхдагч шинж чанар, найрлагыг сэргээх байгалийн чадавхийг илэрхийлнэ. Усны өөрөө цэвэрших чадавх нь хими, физик, биологийн процессийн үр дүнд бүрэлдэх ба түүнд сүлэгдэх ба  исэлдэх үйл явц давамгайлна.

Бохирдуулагч бодисын агууламж нуур, голын усаар сүлэгдэн шингэрэх, саармагжих үйл явц усны урсацын хэмжээ, эзэлхүүнээс шууд хамаарах ба түүнийг цутгал голын урсацын хэмжээ ба экосистемийн төлөв байдал хамгийн эмзэг байх гачиг үеийн урсацын хэмжээгээр тодорхойлно.

Бүс нутгийн ихэнх нуурын цутгал урсацын талаарх мэдээ хомс тул бохирдлыг шингэрүүлэх тэдгээрийн чадавхийг нуурын олон жилийн дундаж эзлэхүүнээр үнэлэв.

Шим бодисын исэлдэх процесс агаараас усанд уусах хүчилтөрөгчийн хангамжаас голлон хамаарах ба энэ нь тухайн гол, нуурын усны температурын горим, холигдох нөхцөлөөр тодорхойлогдоно.

Исэлдэх процесст шаардагдах ууссан хүчилтөрөгчийн агууламжийг биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5 ба ХХХ)-өөр илэрхийлэх ба янз бүрийн бодисын исэлдэх биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч хэмжээг усны 20°С температурын нөхцөлд стандарт болгон тогтооно. Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн (БХХ5 ба ХХХ) мэдээний хомс байдлаас шалтгаалан дулааны улирлын усны дундаж температур ба усны холигдлын эрчимшлээр исэлдэх урвалын эрчмийг дам үнэлж болно. Усны холигдол түүний нягтын ялгаагаар явагдахын зэрэгцээ салхины түрлэг, туугдал, долгион зэрэг бусад динамик нөлөөллөөр явагдана.

Байгаль нуурын сав газарт усны долгионы ажиглалтын мэдээ хомс (цутгалын урсацын мэдээний адил) тул дээрх динамик нөлөөллийг дам аргаар үнэлэхэд хүрсэн болно. Холигдлын эрчимшлийг нуурын дүрсзүйн үзүүлэлт болох усны гүн ба усан толионы талбай хоорондын харьцаагаар илэрхийлж болох ба энэ нь мөн салхи, долгионы хүчийг дам илэрхийлнэ. Харин голын усны холигдлын эрчимшлийг тогтооход түүний урсгалын хурдыг тодорхойлогч хэвгийгээр илэрхийлж болно. Энэ бүхнээс үзэхэд усны темпертур, өнгөрөлт, нуурын эзэлхүүн, голын хэвгий, дүрсзүйн зарим үзүүлэлтүүд зэрэг нь гадаргын усны өөрөө цэвэрших чадавхийг тодорхойлогч үндсэн үзүүлэлт болно. Бүс нутгийн онцлогийг илэрхийлэх дунд ба томоохон, том гол, нуурын сав газарт дээрх дүн шинжилгээ, судалгааг явуулав (Страллерын ангиллаар 4 – 6 дугаар эрэмбийн гол).

Дээрх үзүүлэлтүүдийн тоон холбогдлыг тусгай хуваарь, матриц зохиож, статистик ба харьцуулах аргаар тогтоов. Энэ зургийг зохиоход Байгаль нуурын сав газрын 200 гол, горхи болон 12 нуурын кадастрын мэдээг ашиглав [олон жилийн .., 1986; нөөцийн.., 1972, 1973].

Бүс нутгийн ихэнх голд холигдлын эрчимшлийг тэдгээрийн уртын дагуух хэвгийг хэсэг, хэсгээр тодорхойлон илэрхийлэв. Хэвгийн өөрчлөлт, хэлбэлзлийг талын голын хамгийн бага (0–2 ‰), уулын голын хамгийн их хэвгий (15 ‰-ээс их) хүртэл нийтдээ 4 зайцад хувааж үнэлэв. Усны температур тэг градусыг давах хугацаа 5 ба 10 дугаар сард тохиох учир дулаан улирлын усны дундаж температруыг 6-9 дүгээр сарын дунджаар авав. Усны температурыг 10 оС-ээс бага, 10-15оС ба 15 оС-ээс их гэсэн 3 зайцад хувааж тархацыг илэрхийлэв. Бохирдлыг шингэрүүлэх шаардлагатай усны эзэлхүүнийг голын 30 хоногийн хамгийн бага урсац (10-800 м3/с хүртэл 7 зайцаар) ба нуурын жилийн дундаж эзэлхүүнээр (10-аас бага ба 500 м3 хүртэл гэсэн 4 зайцаар) тооцов. Гол ба нуурын өөрөө цэвэрших нөхцөлийг ээлж дараагаар тодорхойлов.

Эхний ээлжинд биохимийн үйл явцын үед бохирдуулагч бодисын зөөгдлийг тодорхойлж, дараа нь бохирдуулагчийг шингэрүүлэх нөхцөлд дүн шинжилгээ хийв. Эцэст нь гол, нуурын өөрөө цэвэрших чадавхийг 4 зэргээр ангилав.

Зурагт гол мөрний өөрөө цэвэрших нөхцөлийг тэдгээрийн голдрилын дагууд өнгөт шугамаар, нуурынхыг тасархай шугамаар тус тус тэмдэглэв. Байгаль нуурын сав газарт байгалийн усны өөрөө цэвэрших хамгийн тааламжтай нөхцөл Сэлэнгэ мөрний дагуух зарим хэсэгт ажиглагдав. Ерөнхийдөө бүс нутгийн ихэнх нь хангалттай сайн хэмээх ангилалд хамаарч байна.

Усны өөрөө цэвэрших чадавхийг усны экосистемд үзүүлэх хүний үйл ажиллагааны нөлөөлөл, дарамтыг давж гарах, усны цэвэр шинж чанар тогтвортой байх нөхцөлийн чадавхи гэж үзэж энэ зургийг бүс нутгийн усны экосистемийн даацын үнэлгээний нэг үзүүлэлт гэж болно.

Ашигласан хэвлэл

Многолетние данные о режиме и ресурсах поверхностных вод суши. Бассейн Байкала – Т. 1: вып. 14. - Л.: Гидрометеоиздат, 1986. – 361 с

Ресурсы поверхностных вод СССР [Текст]   – Т. 16: вып. 3. – Л.: Гидрометиздат, 1972. – 595 с.

Ресурсы поверхностных вод СССР. - Т.16: вып.3. - Л.: Гидрометеоиздат, 1973. – 400х.

Document Actions

031. Газрын доорх ус

31. Газрын доорх ус

Томруулж харах

Газрын доорх ус

Зураг дээр үндсэн уст бүлгүүд буюу гидрогеологийн давхаргадасыг зураглалын аргаар дүрслэн үзүүлсэн бөгөөд уст иж бүрлүүдийг ялгахдаа бүтэц-гидрогеологийн онцлог, уулын хурдас чулуулгийн ус нэвтрүүлэх ба ус түгээх чанарын гол үзүүлэлтийг иш үндэс болгов.

Байгаль нуурын сав нутагт мезозой ба кайнозойн настай сул барьцалдсан сэвсгэр хурдаст байдаг нүх сүв – давхаргын ус, мөн архейн эринээс палеозойн сүүлч – мезозойн дунд үе хүртэлх янз бүрийн настай хувирмал, бялхмал, тунамал чулуулгийн аль алинд нь байдаг ан цавын ус элбэг тархжээ. Гидрогеологийн хувьд Байгаль нуурын сав нутаг бол артезийн ай сав ба гидрогеологийн массивуудын нарийн нийлмэл систем юм. Артезийн сав газар нь суурийн талст чулуулаг ба түүнийг бүрхсэн сэвсгэр тунамал чулуулгуудаас тогтсон уулс хоорондын хотгоруудыг эзлэн оршдог. Ийм хотгоруудад идэвхтэй ус солилцооны бүсийн нүх сүв – давхаргын ус ба суурь чулуулгийн ан цав – давхаргын шахалттай голдуу ус байдаг онцлогтой. Гидрогеологийн массив чулуулгаас бүрдэх бөгөөд гадаад хүчний хагарлын бүс дэх ан цавын усыг өөртөө агуулдаг.

Идэвхитэй ус солилцооны бүсийн зузаан 100-150 м –ээс илүүгүй байна. Усаар хамгийн элбэг нь хөндийлжийн тогтолцоотой карбонатын чулуулаг бөгөөд бас тектоник эвдрэлийн бүсэд хүйтэн ба халуун устай байх нь элбэг.

Ашигласан хэвлэл

Атлас гидрогеологических и инженерно-геологических карт СССР/ - М  1:5000000, 1983.

Национальный атлас Монгольской Народной Республики,  М  1:4500000,  1990.

Document Actions
Document Actions
Navigation
IW:LEARN