001. Сансрын зураг
001. Сансрын зураг
Байгаль орчны экологийн байдал дэлхий дээрх хамгийн чухал асуудлын нэг болоод байна. Энэ асуудал Байгаль нуурын сав газарт түүний улсын хил дамнасан газарзүйн байрлалын онцлогоос хамаараад нэлээд өвөрмөц шинжтэй аж. Байгаль нуурын сав газар Ази тивийн төв хэсэгт Орос, Монгол хоёр улсын нутагт 576,5 мян.км2 талбайг эзлэн орших бөгөөд үүнээс Байгаль нуурын усан гадаргын талбай 31,5 мян.км2 юм (Эх сурвалж). Нийт ус хурах талбайн 45% гаруй нь ОХУ-ын нутагт, 55% орчим нь Монгол Улсын нутагт орших ба цутгал голуудын усны 53% нь Буриад улсын нутагт, 27% нь Монголд, 16% нь Өвөр байгалийн хязгаарт, 4% нь Эрхүү мужид байдаг.
Байгаль нуурын сав газар нь ландшафт-экологийн нэгдмэл чанар, аж ахуй-соёлын нийтлэг төрхийг бүрэн хадгална. Тухайн бүс нутагт Хойт Мөсөн далайн (Енисей, Лена мөрний), Номхон далайн (Амур мөрний) ба Төв Азийн гадагш урсгалгүй мужийн ай савуудыг холбосон дэлхийн нэг томоохон усны хагалбар оршдог. Чухамхүү уулзүйн энэ томоохон зангилаа нь баруунаас Атлантын далайгаас, зүүнээс Номхон далайгаас, хойноос Арктикийн бүсээс болон өмнөдөөс ирэх агаарын урсгалуудыг саатуулж сулруулдаг байна.
Байгаль нуурын экосистем нь дэлхийн байгаль орчны гайхамшигуудын нэг гэж үнэлэгдэхүйц хосгүй олон онцлогуудтай. Байгаль нуур нь ёроолдоо хүртэл амьдрал тээсэн цорын ганц цэнгэг уст гүнзгий нуур бөгөөд энд маш олон төрөл зүйлийн ургамал, амьтан амьдардгаас ихэнх нь энэ нуурын уугуул нутагтан байдаг нь гойд сонин. Одоогоор олдоод байгаа 2700 гаруй зүйлийн ургамал, амьтдын гуравны хоёроос (2/3) илүү нь эндхийн унаган гаралтай байдгаас үзэхэд Байгаль нуур нь биологийн зүйл үүсдэг дэлхийн нэг төв, байгалийн хувьсалын лаборатори, амьдралын өвөрмөц нэгэн дархан газар юм. Геологийн цаг хугацааны хэмнэлээр авч үзвэл Байгаль нуурын гүн тасралтгүй доошилсоор байгаа бөгөөд ёроолын экологийн тэрхүү шинээр үүссэн орчинд амьдралын шинэ зүйлүүд байнга бий болж биологийн төрөл зүйл олшрох экологийн суурь нөхцөл бүрддэг байна.
Байгаль нуурын эргэн тойрон болон нийт сав газар, Байгаль нуурын бүс нутгийн хэмжээнд геологийн тогтоц, агаарын орчил хөдөлгөөн, газарзүйн байрлал, биогазарзүйн онцлог, тэдгээрийн харилцан үйлчлэлийн үр дүнд тундрын,тайгын ба хээрийн ландшафт бүхий өвөрмөц төрхтэй байгаль орчин бүрэлдэн тогтож, өндрийн түвшний хэлбэлзэл, хотгорын ба уулын хажуугийн нөлөөнөөс хамаарч байгалийн эрс тэс нөхцөл, олон янзын элемент хосолжээ.
Байгаль нуурын сав газар нь бүхэлдээ газарзүйн болон геополитикийн байрлал, байгалийн нөөц баялаг, эдийн засгийн болон угсаатан-соёлын чадавхийн хувьд Оросын зүүн, Монголын хойт хэсгийн стратегийн гол бүс нутаг, хоёр улсын нийгэм-эдийн засгийн хөгжлийн чухал тулгуур юм. Гэхдээ эндхийн хөгжил Байгаль нуурын сав газрын байгаль ашиглалтын онцгой горимоос шалтгаалж өөрийн өвөрмөц шинжтэй. Байгаль нуур болон түүний орчин тойрныг Дэлхийн байгалийн өвд бүртгэж зарласан явдал бүх дэлхийн олон нийтийн анхаарлыг татаж, байгалийн хосгүй гайхамшигт үзэгдэл болох энэ агуу нуурын үүрэг ролийг онцгойлон үзэж, улмаар энд дэлхий дахины ач холбогдолтой амралтын бүс байгуулах, ирээдүйд зөвхөн экологийн баримжаатай газар ашиглалт, бизнесийн эх нутаг болгох санааг агуулжээ. Алсдаа дэлхий дээр цэнгэг усны хомсдол улам хүндрэх нөхцөлд Байгаль нуурын ус стратегийн онцгой чухал нөөц болж усны хүчин зүйл хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх цаг ирнэ. Усыг нөхөн сэргээх, нөхөн үйлдвэрлэх үйл ажиллагаа Байгаль нуурын нийт ай савыг хамрах тул тэндхийн байгаль орчныг хамгаалахад онцгой анхаарч хүрээлэн буй орчны өөрчлөлтийг хязгаарлах, Байгаль нуурын усыг хүн төрөлхтөнд хадгалж үлдээхийн тулд үйлдвэрлэлийн олон салбарыг хорьж зогсоох асуудал ч тулгарч болно.
Өнөө үед Байгаль нуурын сав газар дахь байгалийн нөөц баялгийг эрчимтэй ашиглаж байгаагаас болж уг нутгийн ландшафтын болон биологийн давтагдашгүй төрөл зүйлүүдийг хадгалж хамгаалах явдал зайлшгүй шаардлагатай байна. Тус сав нутгийн янз бүрийн хэсэгт байгалийн нөөцтэй харьцаж буй хүний үйл ажиллагааны төрөл, хүрээлэн буй орчинд нөлөөлөх байдал харилцан өөр өөр байх нь мэдээж. Гагцхүү аж ахуйн аливаа үйл ажиллагааг зохион байгуулахдаа Байгаль нуурын сав нутгийн экологи-нөөц баялгийн онцгой үүрэг роль, стратегийн учир холбогдлыг сайтар анхаарч тухайн нөхцөлд тохирсон иж бүрэн аргыг зориудаар ашиглаж гэмээ нь энэхүү бүс нутгийг XXI зууны эхний гуч гаруй жилийн дараа эдийн засгийн, геополитикийн, гео-хүн амзүйн хувьд бүрэн үнэ цэнэтэй, дэлхий дахинд ач холбогдолтой хэвээр нь авч үлдэх болно. Энэ үйл хэрэгт Байгаль нуурын ай савын экологийн атлас багагүй тус хүргэх нь лавтай.
Энэхүү атласыг ДДБОС-ийн санхүүгийн тусламж, НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр НҮБ-ийн Төслийн Үйлчилгээний Алба гүйцэтгэж байгаа “Байгаль нуурын сав газрын хил дамнасан экосистемийн байгалийн нөөцийн менежмент” төслийн захиалгаар зохиож Байгаль нуурын сав газар дахь экологийн байдал бүрэлдэхэд нөлөөлсөн үндсэн хүчин зүйлс болон байгаль орчны өнөөгийн шинж төлвийн талаарх бүх мэдээ, мэдээллийг нэгтгэн тус бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийн эдийн засаг, экологийн асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болохуйц хэлбэрээр үзүүлэхийг хичээв.
Атласыг зохиохдоо сэдэвчилсэн атласын зураглалын орчин үеийн ололт туршлага, Газарзүйн Мэдээллийн системийн технологи, зайнаас тандан судлах арга болон Оросын ШУА-ийн Сибирийн салбарын В.Б.Сочавын нэрэмжит Газарзүйн хүрээлэн, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Нуур судлалын хүрээлэн, Эрхүүгийн их сургууль (Эрхүү хот), Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Байгаль ашиглалтын Байгаль-нуурын хүрээлэн (Улаан-Үд хот), Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Байгалийн нөөц, экологи, цэвдэг судлалын хүрээлэн (Чита хот), Монголын ШУА-ийн Ш.Цэгмидийн нэрэмжит Газарзүйн хүрээлэн (Улаанбаатар хот) зэрэг эрдэм шинжилгээний байгууллагуудын шинэхэн судалгааны мэдээ материалыг ашиглав.
Энэ атлас Байгаль нуурын бүс нутгийн тогтвортой хөгжлийн зурагзүйн мэдээллийн системийн (ЗМС) анхдагч хэсэг нь бөгөөд энэхүү систем нь нутаг дэвсгэрийн янз бүрийн мэдээллийг шуурхай цуглуулах, хадгалах, боловсруулах, эцсийн хэрэглэгчдэд зураглалын болон бусад тохиромжтой хэлбэрээр хүргэх автомат хураагуурын хэрэгсэл бүхий шинжлэх ухаан-техникийн аргуудын бүрдэл юм. Зурагзүйн мэдээллийн системийн гол онцлог нь компьюторын шинэ зургуудыг бүтээхдээ системчилсэн хандлагатай, тодорхой зорилгод чиглэсэн, маш шуурхай, олон хувилбартай байхаас гадна нарийвчлан шалгасан шинжлэх ухааны баттай мэдлэгийг шингээсэн зураг зүйн суурь бүтээлийн шинжийг өөртөө хадгалсан байдаг. Ийм учраас ГМС нь олон дахин, олон зорилгоор ашиглахад зориулагдсан байна.
Атласт Байгаль нуурын сав газрыг бүс нутаг хоорондын хил дамнасан хөгжлийн онцгой систем, мөн нийт ОХУ ба Монгол улсын нутаг дэвсгэрийн системийн бүрэлдэхүүн хэсэг гэдэг утгаар авч үзэв. Иймд Атласыг зохиох явцад экологийн байдал болон тулгамдаж буй асуудлыг нэг талаар нутаг дэвсгэрийн хувьд, нөгөө талаар агуулгын хувьд нэгтгэж судлах шаардлага тавигдсан юм. Атласын мэдээллийн сангийн бүтэц, хангамжийн түвшин нь нутаг дэвсгэрийн хувьд засаг захиргааны хоёрдугаар зэрэглэлийн нэгжүүдийг, тухайлбал ОХУ-ын нутагт хотуудын дүүрэг ба нутгийн захиргааны районуудыг, Монгол улсын нутагт аймгуудыг зураглан үзүүлэх бүрэн боломжийг олгож байна. Агуулгын хувьд гэвэл электрон зураглалын иж бүрэн хөтөлбөрийг тодорхой зорилготой боловсруулсны ачаар экологийн өнөөгийн төрх байдал бий болоход нөлөөлсөн эдийн засгийн, нийгмийн, хүн амзүйн, байгалийн нөөцийн ба биологийн хүчин зүйлсийг нэгтгэн үзэх боломж бүрдсэн бөгөөд тэрхүү хөтөлбөрт экологийн нэгдсэн зураглалд тавигдах зорилтыг шийдвэрлэхэд шаардагдах нутаг дэвсгэрийн обьектуудын талаарх ашиглаж болох бүх бодит мэдээллийг бэлдэж цэгцлэх жаяг журам тусгагдсан байлаа.
Ажлын явцад Атлас зохиох үндсэн үе шатлалын дагуу: зургийн сууриудыг бэлтгэх; сэдэвчилсэн зургуудын агуулгыг боловсруулахад шаардагдах мэдээллүүдийг цуглуулах; хөтөлбөрт тодорхойлогдсон сэдэвчилсэн зургийн давхарлагуудыг тоон мэдээлэлд оруулах; сэдэвчилсэн мэдээллийн баазыг бүрдүүлэх; Газарзүйн мэдээллийн системийн (ГМС) орчинд төсөл зургуудыг боловсруулах; газрын зураг, хавсарга зураг, бүдүүвч, хүснэгт зэргийг эвлүүлж бүрдүүлэх ажлуудыг гүйцэтгэв.
Байгаль нуурын сав нутгийн электрон атласын зураглалыг хоёр үндсэн масштабаар, тухайлбал: байгалийн хүчин зүйлийн зургуудыг 1:5000000, экологийн төлөв байдалд нөлөөлөх нийгэм-эдийн засгийн хүчин зүйлийн зургуудыг 1:6000000 масштабаар боловсруулав. Мэдээллийн бааз, түүний сэдвүүдийн хамрах хүрээ нь тухайн нутгийн нийгэм-эдийн засгийн нөхцөл, зураглаж буй үзэгдэл, үйл явцын шинж төрх, байгаль ашиглалтын холбогдолтой эдийн засгийн, нийгмийн, хүн амзүйн болон экологийн асуудлаас шууд хамаарах боловч мэдээллийн эх сурвалж хэр олдоцтой эсэхээс багагүй зүйл шалтгаална. Байгаль нуурын сав нутгийн зарим районы хувьд, мөн зарим салбарын сэдэвчилсэн зураглалын хувьд мэдээллийн хангамж жигд биш, судалгаанд хамрагдсан түвшин адилгүй байсан явдал Атласын зарим зургийн утга санаа, бүтэц бүрэлдэхүүнд нөлөөлсөн тал бий.
Цуврал зургуудын мэдээллийн сэдэвчилсэн баазыг бүрдүүлэхдээ тоон мэдээнүүд нь нэг цаг хугацаанд хамаарсан байх; хангалттай дэлгэрэнгүй байх; байрлалын хувьд яг нарийн байх; бусад мэдээтэй маш нийцтэй байх; үзэгдлийн мөн чанарыг тов тодорхой илэрхийлсэн байх; хэрэглэгчдэд ойлгомжтой байх зэрэг шаардлагуудыг тавьсан билээ. Мөн электрон зураглалд шаардагдах газарзүйн сууриудыг бэлдэх болон анхдагч тоон мэдээнүүдийг эмхлэх ажлыг тусгайлан гүйцэтгэв.
Атлас нь бүтцийн хувьд удиртгал хэсэг болон сэдэвчилсэн зургаан хэсэг, бүгд 7 бүлгээс бүрдэнэ. Үүнд: 1) Экологийн төлөв байдал бүрэлдэх байгалийн нөхцөл, 2) Экологийн төлөв байдал бүрэлдэх нөөц баялгийн хүчин зүйл, 3) Экологийн төлөв байдал бүрэлдэх нийгэм-эдийн засгийн хүчин зүйл, 4) Хүрээлэн буй орчны хувьсал өөрчлөлт, 5) Эмнэлэг-экологийн төлөв байдал, 6) Хүрээлэн буй орчны хамгаалал, 7) Байгаль нуурын усан орчны экологийн байдал.
Газрын зургуудын агуулгыг боловсруулахдаа нэгдсэн том тодорхойлолт төдийгүй энгийн жижиг сэдвийн хувьд ч зураглаж буй үзэгдэл, үйл явцын бодит байдлыг зүгээр нэг харуулах биш, хөгжлийнх нь зүй тогтолыг тодотгож, динамик шинжийг нь боломжийн хэрээр тусгаж гаргахыг зорьсон юм. Үүний тулд зураг зохиосон аргазүй, ашигласан мэдээллийн эх сурвалжийн тухай товч бичвэрийг зургуудад хавсаргав.
Атлас нь зөвхөн энд үзүүлсэн газрын зургуудын цуглуулга төдий зүйл биш, нэгдмэл үзэл санаанд тулгуурлан бий болгосон хоорондоо уялдаа холбоо бүхий мэдээллийн баазын цогц хуримтлал учраас Даян дэлхийн байгаль орчны сангаас хийж байгаа Байгаль нуурын бүс нутгийн геопорталын нэг чухал электрон (цахим) нөөц болгохоор зориулагджээ.
Энэхүү атлас нь Байгаль нуурын ай савын ус хурах нийт талбайн болон Байгаль нуурын усан орчны экологийн төлөв байдал бүрэлдсэн орон зайн зүй тогтлыг анх удаа тусган харуулснаараа ирээдүйд Орос, Монгол хоёр улсын хил залгаа нутаг дэвсгэрийн тогтвортой бөгөөд экологийн тэнцвэртэй хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох боломжийг олгох юм.
Атлас нь шинжлэх ухааны төрөл бүрийн мэргэжилтэй Орос, Монголын олон эрдэмтэн судлаачдын хамтын бүтээл бөгөөд атласыг зохиоход ОХУ-ын Эрхүү муж, Буриад улс, Өвөр байгалийн хязгаар болон Монгол улсын төр захиргааны байгууллагууд статистикийн тоо мэдээгээр хангаж тусалсанд Атласыг зохиогчдын өмнөөс гүн талархал дэвшүүлж байна.