006. Геологийн зураг

006. Геологийн зураг

06. Геологийн зураг

Томруулж харах

 

06. Геологийн зургийн таних тэмдэг

Томруулж харах

Геологи

Байгаль нуурын сав нутгийн геологийн тогтоцын ихэнх онцлогууд нь Зүүн Сибирийн чулуун мандлын гол хавтангууд болох эртний Сибирийн тавцан ба түүнээс залуу Төв Азийн хөдөлгөөнт бүс хоёрын хил зааг дээр оршдогтой холбоотой. Тус сав газрын Оросын ба Монголын нутаг дээрх геологийн бүтцүүдийн тогтворжилт кембрийн өмнөх үеийн анхнаас эхэлжээ. Иймээс зураг дээр үзүүлсэн геологийн бүтцүүд нь кембрийн өмнөх ба фанерозойн эрин галвуудад болж өнгөрсөн тектоник үүслийн ул  мөрүүдийг хадгалсан байдаг.

Кембрийн өмнөх үед бүрэлдсэн тогтоц Байгаль нуурын хотгорыг хүрээлсэн уулс болон түүнээс урагш, баруун урагш, мөн Монголын баруун хойт хэсэгт илэрчээ. Байгаль нуурыг хүрээлсэн уулс дахь барагцаалбал архейн настай тунамал-хувирмал чулуун бүрдлийг чулуулгийн төрөл, хувирлын хэмжээ, хайлмалын илэрцийн хэв маяг болон атриат бүтцийн шинжээр нь Шарыжалгын, Хамар-Давааны, Ольхоны гэсэн гурван цувралд ялгадаг. Шарыжалгын цувралын чулуулаг Байгаль нуурын урд шугамаар зааглагдан тархах бөгөөд түүний бүрэлдэхүүнд хоёр төрлийн чулуулаг: биотитот, биотит-анарт ба биотит-гиперстент гнейс, мөн амфиболит, пироксент талстат занар зонхилохоос гадна боржингийн төрлийн чулуулгууд тохиолдоно. Хамар-Давааны тунамал-хувирмал чулуулгийн цуврал Байгаль нуурын өмнөт эрэг ба Хамар-Давааны нуруунд элбэг тархах ба түүний бүрэлдэхүүнд эх газрын гаралт карбонатлаг хурдсын зузаан давхарга  болон шаварлаг занар, гнейс бүхий зөв зузаалаг хурдас зонхилно. Ольхон орчмын цувралын бүрэлдэхүүнд гантиг, пироксен-плагиоклазийн талстат занар, амфибо-биотитын гнейс, мигматит чулуулаг голлоно.

Кембрийн өмнөх офиолитын бүрдэл Монголын баруун хойт атриат бүсийн заадсаар ажиглагдана.

Эрт протерозойн кварцит, занар, хувирмал бялхмал чулуулгаас бүрдсэн хурдас нуурын эрэг дагуу Приморскийн нурууны дээд биеэр ил гарсан байна. Хожуу протерозойн (усны хад, цохион) хурдас Байгалийн уулт мужийн хойт хэсэгт патомын цуврал (дотроо хэд хэдэн дэд цуврал ба давхаргадастай), Байгалийн баруун талын уулст байгалийн цуврал (дотроо гурван давхаргадастай), өмнөт хэсгийн Ольхон-Голоустиний өндөрлөгт мотын цувралын ушаковын давхаргадас байдлаар тус тус тархжээ.

Конгломерат, элсэн чулуун зэрэг маш нарийн ширхэгтэй карбонатын зүйлс хүртлэх олон янзын чулуулгаас бүрдсэн кембрийн хүрдас Дунд-Витимийн, Анар-Бургузиний, Хамар-Давааны уулархаг нутаг болон Хөвсгөл нуурын эргэн тойрны уулс, Үд голын сав нутагт өргөн тархжээ. Доод девоны карбонатын хурдас, дээд девоны эх газрын ба галт уул-эх газрын гаралтай хурдас бүхий девон галавын хурдас нилээд өргөн тархалттай байдаг бол чулуун нүүүрсний галавын эх газрын тэнгисийн хурдас (элсэн чулуу, зануунцар, гравелит, конгломерат, занар) зонхилсон хуримтлал энд тэндгүй салангид байдалтай тархсан байна. Пермийн хурдас бас ихээхэн салангид байдалтай тархах бөгөөд бүрэлдэхүүнд нь эх газрын гаралтай хурдас давамгайлж, тэнгис-тив газрын үүсэлтэй карбонатын чулуулаг маш ховор тохиолдоно.

Триасын галавт хамаарах галт уулын гаралтай чулуулаг өргөн тархалттай Зэд-Хялгын цувралыг үүсгэнэ. Түүний эрт үеийн чернояровскийн давхаргадас суурьлаг бялхмал, бөсөлт конгломерат, бөсөлт элсэн чулуунаас тогтсон бол хожуу үеийн тамирын дархаргадас хүчиллэг бялхмал болон түүний бөсөн, зануунцараас бүрднэ. Тунамал ба тунамал-галт уулын гаралт тариасын хурдас Монголын баруун хэсэгт ихээхэн талбайг эзлэх бөгөөд зарим газарт нь юрийн хурдас толботон тогтсон байна.

Доод юрийн хурдас Өвөрбайгалийн зүүн хэсэгт голчлон тохиолддог бол доод дунд юрийн тэнгисийн хурдас зөвхөн Зүүн Өвөрбайгалийн төв хэсгээр үзэгддэг. Түүнээс баруун хойш ба зүүн өмнө тийш тэнгисийн хурдас эх газрын хурдсаар солигддог. Юрийн галавын дунд үеэс эхлээд Өвөрбайгалийн хойт ба баруун хэсгээр конгломератын, элсэн чулууны, зануунцарын, аргиллитын зузаалаг чулуун нүүрсний үеүүдтэй холилдон тогтжээ. Юрийн дээд үед хүчиллэг бялхмалийн бүрхүүл үүсч, түүнтэй төстэй бялхмал-тунамал чулуулаг Витимийн тэгш өндөрлөгт хүртэл үргэлжилнэ. Ихэнхдээ зүүн хойшоо хандсан хотон атрианы гол хэсгээр цэрдийн галавын цэнгэг уст-эх газрын хурдас тархсан байна. Эдгээр хурдасын доод хэсэг нь Юрийн галавт, дээд хэсэг нь цэрдийн галавт хамаарагддаг. Доод цэрд конгломерат, элсэн чулуу зануунцар, хүрэн нүүрсний үеүүдээс тогтдог бол цэрдийн дээд хэсэг бул чулуу, хайрга, элс, шавраас бүрднэ. Монголын төв хэсэг дэх цэрдийн хурдас орон зайн хувьд гүний хагаралуудтай холбогдож, үл нийцэх байдлаар девоны ба кембрийн хурдсууд дээр байралдаг. Палеогений хурдас хэсэг хэсэг тасалданги байдалтай тархсан байх ба улаан, цоохор-улаан өнгийн шаварлаг бүрхүүл, элс-хайрга, нуурын шавар зэргээс бүрднэ. Миоцений хурдас Байгаль нуурын зүүн хойт эрэг дагуу элбэг тархахаас гадна Усть-Сэлэнгийн хотгор, Баргузины хотгор, Хойт Прибайкалск орчмын уулс хоорондын хотгорт хийсэн өрөмдлөгөөр янз бүрийн гүнээс олдсон байна. Мөн Зэд ба Хамар-Давааны уулархаг нутгийн дээд биеэр миоцений үед хамаарах хүрэн чулуун бүрхүүл тогтжээ. Дээд плиоцен ба эоплейстоцены настай хурдас чулуулаг их төлөв нэгдмэл байдлаар Байгалийн өмнөт хэсэг болон Байгаль нуурын хотгорын зүүн, баруун, өмнөт хүрээг дагаж алан цоог тархсан байна.

Дөрөвдөгчийн хурдас чулуулгийн үүсэл, төрхдөсийн хэвшинжээр янз бүр бөгөөд геоморфологийн өөр өөр нөхцөлд түгэн тархжээ. Дөрөвдөгчийн доод үед гол төлөв нийлмэл шинжтэй зузаан элсэн дархраа зонхилдог бол плейстоцений дээд хэсэг ба голоцений галчинд хэмхдэс чулуурхаг хурдас, түүний дотор морены хурдас давамгайлна.

Евразийн хавтангийн Сибирийн блок болон түүн лүгээ хашиж тогтсон Саян-Байгалийн атриат бүс геологийн үйл явдлын янз бүрийн хувирлыг туулж өнөөгийн шинж байдлыг олжээ.

Кембрийн өмнөх үеийн эхэнд өнөөгийн Сибирь хэмээх нэг блокод нэгдэж нийлсэн цахиур-хөнгөнцагааны масс эх газрын царцдас бүхий архейн эриний хэд хэдэн цулдам тарамцагийг бий болгож байсан бөгөөд тэдгээр нь анхны далайн усан сангаар тусгаарлагдаж байжээ. Түрүү протерозойн сүүлчээр тэрхүү анхны эх газрын хэсгүүд нийлж эх газрын гүйцэд биежсэн царцдас бүхий томоохон массив Сибирийн тавцангийн суурийг бий болгожээ. Түрүү протерозойн уул үүслийн үр дүнд эх газрын захаар уулархаг гадарга үүссэн боловч рифейн эхэн үед устжээ. Рифейн дунд үеээс Сибирийн тавцангийн тунамал чулуун бүрхүүл хуримтлагдаж эхэлсэн байна. Рифей-вендийн эрины сүүлчээр эртний эх газрын нилээд их хэсэг тэнгисийн усаар дүүрч, мөн энэ үед уул үүсэх хөдөлгөөний үр дүнд Баргузины ба Хөвсгөлийн бичил тивүүд өргөгдөн тогтож цувраа гинжин уулсыг үүсгэснээр эртний тив Сибирийг эртний азийн далайгаас тусгаарлаж байжээ. Вендийн сүүлч-Кембрийн эхэн үед уулс ерөнхийдөө намсаж нилээд тэгширч ирсэн байна. Кембрийн эхэн ба ордовик-силурийн эринд бичил тивүүдийн зүүн ба урд талын зах хаяа газрууд усан доогуур шургаж далайн усан сангийн хажуу эх газрын дээд хэсэг нь болжээ. Түрүү палеозойн хоёрдугаар хагас ба хожуу палеозойн эхэн үед Баргузины, Хөвсгөлийн болон бусад бичил тивүүд эртний Сибирь тивийн захын хэсэгтэй тулж мөргөлдсөнөөр эртний азийн далай эртний Сибирь тивийн өмнүүр залгаж иржээ. Герцений үед Монгол-Охотын бүсийн тектоникийн идэвхитэй үйл явц Саяан-Байгалийн муж болон Сибирийн тавцангийн өмнөт хэсэг дэх тектоник-бялхмалын идэвхжлийг сэргээжээ. Мезозойн эхэн үед тектоникийн босоо хөдөлгөөний эрч суларсны улмаас тэгшрэлийн үе эхэлж өгөршлийн зузаан хучаас бүрэлдэн тогтжээ. Мезозойн эриний тектоникийн идэвхижил Саяан-Байгалийн мужийн уулархаг нутгийг тэлж сэргээснээс гадна гүний шургамал хайлмагшил (магматизм)-ыг идэвхжүүлжээ.

Цэрд-палеогений сүүлчээр тэгшрэлийн ба царцдас үүсэх үйл явц удаан хугацаагаар үргэлжилсэний эцэст кайнозойн эриний рифт үүслийн (усан дотор хад цохио үүсэх) үйл явц өрнөж Байгаль нуурын рифтийн бүсийн морфоструктурын (хэлбэр бүтцийн) төлөв бүрэлдэн бий болжээ.

Тектоникийн үе шатуудыг ялгасан нь Монголын нутаг дахь тектоникийн гурван бүс нутагт маш тод тогтоогдсон байна. Тухайлбал: баруун хэсэгт каледоны, төв хэсэгт талстат суурь чулуулгийн олон тооны хадан мөргөцөг ба түүн дээрх герциний болон мезозойн бүтцүүд бүхий түрүү каледоны, өмнөт хэсэгт герцины атриашил ялгарна.

Монголын нутаг дээрх  орчин үеийн бүрхүүл-атриашлын бүтцийг ажиглахад орон зай, цаг хугацааны тодорхой зүй тогтол харагдах бөгөөд хойт ба баруун нутгаар илүү эртний бүтэц, өмнөд нутгаар арай залуу бүтцүүд байрлажээ.

Байгаль нуурын сав нутаг боржингийн төрлийн чулуулгийн тархацаар хосгүй содон бөгөөд нутгийн нийт талбайн 70 гаруй хувийг олон янзын боржинлог чулуу эзэлнэ. Хүчиллэг магм бүрэлдэх үйл явц архейн эринээс түрүү цэрдийн галав хүртэл үргэлжлэхдээ Монгол-Охотын хөдөлгөөнт бүсэд болж өнгөрчээ. Энд магматизмын (бялхмалын) дараах үе шатуудыг ялгадаг. Үүнд:

1.  Архейн эртний уул үүслийн-мигматит ба гнейс боржин, боржингийн мэшил маягийн биетүүд үүссэн. Архейн хожуу уул үүслийн-ягаан, улаан өнгийн лейкократын шургамал биетүүд, калийн боржин ба аляскит үүссэн.

2.  Түрүү протерозойн хожуу уул үүслийн хагарлын шургамал-приморскийн боржингийн бүрдэл

3.  Хожуу байгалийн-түрүү каледоны (венд-түрүү кембр)-үндсэн галтуулшил, хэт суурьлаг шургамал

4.  Хожуу каледоны  (кембр-силур) –боржин их хэмжэээгээр үүссэн

5.  Түрүү герцений (девон)-орон нутгийн шинжтэй хүчиллэг ба холимог галт уулшлын хөгжил, шүлтлэг шороон сиенит, боржин, аляскитын боржингийн шургамал

6.  Хожуу герциний (карбон-перм) габбро-монцонит-сиенитийн, шүлтлэг сиенитийн ба шүлтлэг боржингийн найрлагатай шургамалын цуврал

7.  Триас-цэрдийн-галт уул-тектоникийн бүтцүүдтэй тектоник-бялхмалын идэвхжлийн цуврал. Ердийн ба шүлтлэг шороон гранодиорит-лейкоборжингийн шургамал, хүрмэн чулууны бялхмал үүссэн.

8.   Дөрөвдөгчийн үе-усан дахь хад, цохионы (рифт) үүсэл, шүлтлэг хүрмэн чулууны бялхмал

Document Actions
Document Actions
Navigation
IW:LEARN