You are here: Home / ГЗМС (GIS) / Байгаль нуурын сав газрын экологийн атлас / 112. Хүрээлэн буй орчинг хамгаалах дэд бүтэц

112. Хүрээлэн буй орчинг хамгаалах дэд бүтэц

112. Хүрээлэн буй орчинг хамгаалах дэд бүтэц

112. Хүрээлэн буй орчинг хамгаалах дэд бүтэц

Томруулж харах

Хүрээлэн буй орчин хамгааллын дэд бүтэц

Орчин хамгааллын дэд бүтэц (ОХДБ) нь экологийн дэд бүтцийн нэг бүрэлдэхүүн хэсэг, орчин үеийн аж ахуй-нутаг дэвсгэрийн цогцолборын нэг чухал салбар юм.

ОХДБ-ийн үндсэн үүрэг нь газар дээрх хуурай, хатуу хог хаягдал, усанд шингэсэн бохир, агаарт цацагдсан хортой бодис зэрэг үйлдвэрлэлийн ба ахуйн хэрэглээнээс ялгарсан зүйлсийн байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийг багасгах, тэдгээрийг ялган төрөлжүүлж хоёрдогч түүхий эдийн нөөц гаргаж авах явдал юм. ОХДБ-ийн энэхүү үйл ажиллагаа нь хүний амьдрах таатай орчныг хамгаалах болон байгалийн баялагийг зохистой ашиглахад тус нэмэр болно. Зураг дээр зөвхөн үйлдвэрийн ба ахуйн хатуу хог хаягдалд хамаарах ОХДБ-ийг үзүүлэв.

Байгал нуурын сав нутгийн хэмжээнд (Оросын хэсгийн нутгийн захиргааны районууд болон Монголын хэсгийн аймгуудын хүрээнд) жил 86 сая тн орчим үйлдвэрийн ба ахуйн хатуу хог хаягдал үүсдэг бөгөөд түүний ихэнх нь үйлдвэрийн газруудын (хүдрийн нунтаг шорооны хураагуур, шавхдас хадгалагч, чулуу шороон далан, үнс шаарагны овоолго гэх мэт) болон хот суурингуудын (хог хүлээн авах талбай, овоолго) орчин хамгааллын дэд бүтцийн байгууламжууд дээр бөөгнөрдөг аж. Хог хаягдал хадгалагч 600 гаруй байгууламж тоологдсоноос гадна Улаан-Үд хотод хог боловсруулах үйлдвэр ажилладаг. Мөн Эрхүү, Улаанбаатар хот болон Буриад улсад “Байкальская Гавань” хэмээх хог боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Тэрчлэн Чита хотод хог ялгагч цогцолбор, Байгал нуур дээр хөвөгч төхөөрөмжүүдээс ялгарсан хог хаягдлыг цуглуулж авдаг хэд хэдэн цэг байгуулахаар төлөвлөөд байна.

Байгал нуурын сав нутгийн хүрээнд үйлдвэрийн ба ахуйн гаралтай хог хаягдлын нийт хэмжээ жилээс жилд ихэссээр байна. Ялангуяа Өвөрбайгалийн хязгаар хог хаягдал хамгийн ихтэй бөгөөд Байгалийн сав нутаг дахь тооцоолсон хог хаягдлын бараг 2/3 нь тэнд үүсчээ. Бүс нутгийн нийт бүтээгдэхүүний нэгжид (тн/сая руб.) оногдох хог хаягдлын хэмжээгээр Эрхүү муж тэргүүлдэг байна. Харин ОХДБ-ийн байгууламжуудын тоо болон тэдгээрийн эзлэх талбайн хувьд Монголын хэсэг нэгдүгээрт, Буриад улс хоёрдугаарт орж байгаа нь нутаг дэвсгэрийн хэмжээтэй холбоотой. Нутгийн захиргааны нэгжүүд ба аймгууд дахь ОХДБ-ийн байгууламжийн эзлэх талбай сав нутгийн дунджаар 4,3 га байдаг бол Монголын аймгуудын дундаж 5,3 га буюу бүс нутгийнхаас бараг 1,5 дахин их байна. Цаашид дахин ашиглаж болох хог хаягдлыг ялгаж төрөлжүүлэх ажиллагааг сэргээж боловсронгуй болгохоор төлөвлөж байгаа бөгөөд үүний үр дүнд хог хаягдал, овоолгын эзлэх талбайг багасгах боломж бүрдэнэ.

Үйлдвэрүүдээс ялгаруулж байгаа нийт хог хаягдлын ихэнхи хувь нь (90-ээс илүү) ашигт малтмалын олборлолт ба дулааны эрчим хүчний үйлдвэрүүдээс гардаг байна. Уулын олборлох үйлдвэрийн олон тоннын хаягдал болон үнс шаараг, барилгын хатуу хог хаягдлууд нь байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн хувьд аюулгүй буюу аюул багатайд (аюулын үзүүлэлтийн V ангид) тооцогддог байна.

Ашигласан хэвлэл

Государственный доклад «О состоянии оз. Байкал и мерах по его охране в 2012 году». – Иркутск: Сибирский филиал ФГУНПП «Росгеолфонд», 2013. – 436 с.

Document Actions
Document Actions
Navigation
IW:LEARN