118. Ховор амьтдын зүйлийн тархалт (хоёр нутагтан, хэвлээр явагч)
Ховор амьтад
Байгал нуурын сав нутгийн газарзүйн өвөрмөц байрлалын шалтгаанаар гарал үүсэл, экологийн хувьд адилгүй онцгой олон төрөл зүйлээс бүрдсэн хосгүй баялаг амьтны аймагтай. Энэ нутагт ангилалзүй, экологийн шинжээр хоорондоо төстэй олон зүйл, дэд зүйл амьтдын тархалтын хил зааг нийлж давхцдаг онцлогтой. Түүнчлэн зах хязгаарын ба бүр тусгаарлагдмал бүл сүргийн (популяцийн) амьтад, тэр ч байтугай сүүлчийн мөсдлийнүеэс үлдэж хоцорсон зүйл ч бий. Мэдээжийн хэрэг эдгээр амьтдын зүйлийн бүрдэл цөөн, тоо толгой олон биш, тархсан нутаг нь хязгаарлагдмал учраас бүгдийг нь Улаан номонд оруулсан ба тэднийг онцгойлон хамгаалах шаардлагатай.
Сав нутгийн гол, нуур, усан сангуудад 60 гаруй зүйлийн загас амьдардаг бөгөөд түүний хагас нь орон нутгийн орогномол ба үлдэгдэл зүйлүүд юм. Байгал нуурын сав нутгийн нуур, голын унаган гаралтай загасны аймгийн үүсэл гагцхүү бореаль нутгийн уул, талын болон арктикийн цэнгэг усны амьтны иж бүрдлийн төлөөллүүдээс эхтэй бөгөөд харин сибирь хилэм, шаргал үхэрдээ загас хоёр эртний дээд гуравдагчийн үеийн амьтны үлдэгдэл аж. Тус бүс нутгийн усан сангуудад гаднаас нэвтэрч орж ирсэн ба оруулж ирж нутагшуулсан өөр хамбүрдлийн төлөөлөл болох загасны зүйлүүд цөөнгүй бий. Зөвхөн Байгал нуурт байдаг бүх зүйлийн загасны 55%нь тэндхийн орогномол (эндемик) зүйлүүд байдгаас үзэхэд тус нуурын загасны аймгийн цөм хэсэг уугуул үүсэл гаралтай болохыг харуулж байна. Хөвсгөл нуурт 10 зүйлийн загас амьдардаг ба түүний хагас нь агнуурын үнэ цэнэтэйд тооцогддог. Ер нь Оросын Холбооны Улс ба Монгол улсын Улаан номуудад бүртгэгдсэн загасны бүх зүйлийн талаас илүү нь агнуурын чухал ач холбогдолтой бөгөөд тийм ч учраас сүүлийн 100 жилд хүний аж ахуйн идэвхтэй үйл ажиллагааны нөлөөгөөр тэдгээр загасны тоо эрс хорогджээ. Загас олборлолт, гидротехникийн барилга байгууламж, усны бохирдлоос болоод загасны популяци ихээр нэрвэгдэж, тархалтын хэмжээ нь ч багасчээ. Одоогоор тус сав нутагт байдаг 15 зүйлийн загасыг хамгаалалтад авч, өсгөж үржүүлэх шаардлагатай болжээ.
Байгал нуурын сав нутгийн байгаль-уур амьсгалын хатуу ширүүн нөхцөл, бүрэлдэн тогтсон түүхээс шалтгаалж тус нутагт харьцангуй цөөн (15 орчим) зүйлийн мөлхөгч амьтад байдгийн хагас нь оршин амьдардаг нутгийнхаа зах хязгаараар тархдаг. Тэдгээр амьтдын байдаг орчин хүний нөлөөгөөр өөрчлөгдөж, гол нуурын ус хомсдож, бохирдож, гал түймэрт байн байн өртөж, аялал амралтын үйл ажиллагааны ачаалал ихэссэн зэргээс болоод мөлхөгч амьтдын нэлээд зүйлийн тоо толгой цөөрч, тархалтын орон зай нь хумигдсан байна. Одоогоор 4 зүйлийн хоёр нутагтан, 6 зүйлийн хэвлээр явагч амьтныг хамгаалахгүй бол устах аюултай болжээ.
Тус бүс нутгийн шувууны аймаг үндсэндээ сибирийн, монголын, хятадын, европын болон арктикийн хэвшинжийн шувуудаас бүрдэх ба багаахан хэсэг нь түвдийн өндөрлөг, Газрын дундад тэнгисийн жигүүртний төлөөлөл байдаг. Өнөөгийн байдлаар Байгал нуурын сав нутагт 400 гаруй зүйлийн шувууд байдгаас 100 орчим зүйлийг нь хамгаалалтад авах шаардлагатай болжээ. Хүний аж ахуйн үйл ажиллагаа шувууны аймгийн бүтцэд харилцан адилгүй нөлөө үзүүлдэг. Ой мод огтлох, гал түймэр, газар хагалах, бэлчээрийн доройтолтой холбоотой байгаль орчны өөрчлөлт зарим зүйлийн шувуудын хувьд тоо толгой хорогдох шалтгаан болдог бол нөгөө хэсэг шувуудын хувьд амьдрах орон зайгаа тэлэх, тоо толгой нь нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлдэг аж. Аж ахуйн үйл ажиллагааны нөлөөгөөр угаасаа цөөн тоотой явцуухан орчинд амьдардаг шувууд илүү өртдөг байна. Байгаль-цаг уурын таагүй нөхцөл ихэнх зүйлийн шувуудын хувьд сөрөг нөлөө үзүүлэх нь мэдээж.
Хөхтөний аймаг 90 гаруй зүйлийн амьтдаас бүрдэх бөгөөд түүний дотор тооны хувьд голарктикийн арктобореалийн, палеоарктикийн тайгын, баруун палеоарктикийн тайгын, голарктикийнтундрын ба сарьдагийн, өмнөт палеоарктикийн хээрийн, төв азийн элементүүд зонхилно. Ховор амьтдын жагсаалтад орсон хөхтөний ихэнх нь саяхан болтол, зарим нь одоо ч гэсэн ан агнуурын амьтдын бүлэгт байдаг бөгөөд тооцоогүй олборлолт, хулгайн ан агнуураас болж тоо толгой нь эрс цөөрчээ. Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагааны нөлөөгөөр өвчин тээгч зарим мэрэгч амьтдын тоо цөөрсөн нь цөөнгүй. Байгал нуурын сав нутаг дахь хөхтөн амьтдаас 30 гаруй зүйлийн амьаныг онцгойлон хамгаалж, тоо толгойг нь өсгөх арга хэмжээ авах шаардлагатай болжээ.
Ангилал зүйн шинжээр нь бүлэглэсэн загас, хоёр нутагтан ба хэвлээр явагч, шувуу, хөхтөн амьтдын дотроос ховор зүйлийн амьтдыг ялгаж тэдгээрийн тархалт, амьдрах орон зайг цуврал зургаар үзүүлэв. Зургуудын хавсралт хүснэгтүүдэд ОХУ-ын ба Монгол улсын амьтны Улаан номуудад бүртгэгдсэн ховор амьтдын зүйл, дэд зүйлүүдийг устаж алга болох эрсдэлийн байдлаар нь ялган ангилсан зэрэглэлийг үзүүлэв. Үүнд:
Ховор амьтадын зүйл, дэд зүйлүүд устаж алга болох эрсдэлийн зэрэглэл (Эрхүү муж, Буриад улс, Өвөрбайгалийн хязгаар)
Категори 0 |
- устаж алга болох зүйлүүд |
Категори I |
- тоо толгой нь аюултай түвшинд хүртэл цөөрсөн устаж болзошгүй зүйлүүд (дэдзүйлүүд) |
Категори II |
- тоо толгой нь байнга цөөрсөөр байгаа зүйлүүд (дэд зүйлүүд) |
Категори III |
- угаасаа цөөн тоотой, тодорхой хязгаарлагдмал нутагт амьдардаг зүйлүүд (дэд зүйлүүд) |
Категори IV |
- тодорхойгүй байдалтай, дээр дурьдсан категоруудын аль нэгд нь хамрагдах магадлалтай зүйлүүд (дэд зүйлүүд) |
Категори V |
- дахин сэргэж байгаа зүйлүүд (дэд зүйлүүд) |
Категори VI |
- тогтвортой оршин амьдардаггүй ховор зүйлүүд (дэд зүйлүүд) |
Категори VII |
- Буриад улсын нутагт аюулгүй нөхцөлд байдаг боловч ОХУ-ын ба Монгол улсын улаан номонд бүртгэгдсэн зүйлүүд (дэд зүйлүүд) |
Ховор амьтдын зүйл, дэд зүйлүүд устаж
алга болох эрсдэлийн зэрэг (Монгол улс)
RE |
- устаж алга болсон зүйлүүд |
CR |
- онцгой аюултай нөхцөлд байгаа зүйлүүд |
EN |
- устаж болзошгүй зүйлүүд |
VU |
- осолтой байдалд байгаа зүйлүүд |
NT |
- осолтой байдалд орж болзошгүй зүйлүүд |
LC |
- хамгийн аюул багатай нөхцөлд байгаа зүйлүүд |
ДД |
- тухайн зүйлийн талаар мэдээлэл байхгүй |
Ашигласан хэвлэл
Красная книга Забайкальского края. Животные. Новосибирск: Новосибирский издательский дом, 2012.–344с.
Красная книга Иркутской области. – Иркутск: Изд-во «Ветер странствий», 2010. – 480 с.
Красная книга Республики Бурятия: Редкие и находящиеся под угрозой исчезновения виды животных, растений и грибов. – Улан-Удэ: Изд-во БНЦ СО РАН, 2013. – 688 с.
Красная книга Российской Федерации. Животные. — М. Изд-во: АСТ: Астрель, 2001. – 862 с.
Mongolian Red List of birds. – Ulaanbaatar: ADMON Printing, 2006. – 1036 p.
Mongolian Red List of fishes. – Ulaanbaatar: ADMON Printing, 2006. – 68 p.
Mongolian Red List of mammals. – Ulaanbaatar: ADMON Printing, 2006. – 96 p.
Mongolian Red List of reptiles and amphibians. – Ulaanbaatar: ADMON Printing, 2006. – 68 p.