029. Үер
Гол, мөрний үер
Үерийн зургийн зорилго бол үерийн эрсдэл, түүнээс хүн ам, эд хөрөнгөд учруулж болзошгүй аюул заналын хэмжээг нийт нутгаар үзүүлэхэд оршино. Үерийн зургийг зохиоход улсын усны кадастрын лавлах мэдээ [олон жилийн …, 1986; усны нөөцийн…, 1973], үерт автсан нутаг дэвсгэр, хохирлын талаарх мэдээ, материал, түүнчлэн архив, зурган мэдээг ашиглав.
Сэлэнгө мөрөн болон Хялга, Үүд, Дээд Ангар, Баргажин голд томоохон үер тохиолдож байв. Ердийн үерийн үед дээрх голын татам 0.5-1.0 хүртэлх гүнтэй усанд автах бол их үерийн үед энэ нь 1.8-3.0 м хүрнэ. Татамд хальсан үерийн усны гүн голын урсгалын дагууд нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, Сэлэнгэ мөрний дагууд үерийн үед татам дахь усны гүн Усть-Хиагт орчимд 1.0 м орчим байдаг бол адгаар буюу Улаан-Үүд хот орчимд 3.0 м хүрнэ.
Үер үргэлжлэх ба голын татам усанд автах хугацаа Сэлэнгэ мөрний дагууд, Цөх голын адгаар нэлээд урт, 30-90 хоног үргэлжилнэ. Харин энэ хугацаа Баргажин, Дээд Ангар, Үд, Зэд ба бусад голын савд 25 хүртэл хоног үргэлжилнэ. Байгаль нуурт шууд цутгах жижиг голуудын хур борооны үерийн үргэлжлэх хугацаа 3 – 7 хоногоос үл хэтэрнэ.
Энэхүү бүс нутгийн голуудад хаврын цас, мөсний хайлалтын улмаас шар усны үер, зуны улиралд хур борооны үер болно. Бүс нутгийн өмнөд хэсэгт шар усны үер сул хүчтэй ажиглагдана. Сэлэнгэ мөрний сав газар, Хамар Даваа, Приморийн уулсаас усжих голууд шар усны үерийн горимтой байна. Энэ бүс нутгийн хойт хэсгийн голууд хавар-зуны шар усны үертэй голууд болно (Дээд Ангар, Баргажин, Турк, Тыя, Рель, Гоуджекит болон бусад голууд).
Хур борооны үер шар усны үерийн төгсгөлөөс эхэлж бүх зуны турш үргэлжилнэ. Хур борооны үерийн хамгийн их өнгөрөлт ихэнхдээ 7-8 дугаар сард ажиглагдана. Аргад, Цаст (Снежный), Зэд голд хур борооны үерийн усны түвшин хамгийн эрчимтэй нэмэгдэнэ. Сэлэнгэ мөрнйи дагууд, ялангуяа түүний адгаар хур борооны үерийн усны түвшний хэлбэлзэл аажим бөгөөд татмын зохицуулах нөлөөгөөр хур борооны үер удаашран, эрчимшил буурна. Голын адгаар татам үерийн их гүн усанд удаан хугацаагаар автах нөхцөлтэй ба энд хот суурин, үйлдвэр аж ахуйн газар ихтэй, хүн ам шигүү суурьшсан зэрэг нь эрсдэлийг нэмэгдүүлнэ.
Тухайн бүс нутагт хур борооны үерийн хамгийн их өнгөрөлт шар усны үерийнхээс ямагт их, үерийн тохиолдлын тоогоор ч олон байна [Кичигина, 2000]. Харин бүс нутгийн хойт хэсгийн голуудын усны (Дээд Ангар, Баргажин, Рель, Тыя) горимд шар усны үер зонхилно. Усны горимд хур борооны үер ба шар усны үер зонхилох ус судлалын харуулын байршлыг зурагт үзүүлэв.
Үерийн давтамж, эрчимшил ихтэй, ихээхэн газар нутгийг хамрах хур борооны үер энэ бүс нутагт үлэмж хохирол учруулдаг. Хур борооны урьдчилсан мэдээнээс ихээхэн хамааралтай байх үерийн прогнозын урьдчилгааны хугацаа, онч, таарц төдийлөн сайнгүй байна. Тухайлбал, 1966 оны 7 дугаар сард Туул голын савд тохиосон хур борооны их үерийн үед усны түвшин 3 м дээшлэн хэдхэн цагийн дотор Улаанбаатар хотын үлэмж хэсэг үерийн усанд автаж, энэхүү үерт 130 орчим хүний амь эрсдсэн байна.
Байгаль нуурын өмнөд эрэг (Мысовка голын цутгалаас Ангарын эх хүртэлх хэсэг) ба Байгаль нуурын зүүн-өмнөд хажуу, Сэлэнгэ мөрний зарим цутгал голын савд хур борооны үертэй хамт уруйн үер тохионо [Макаров, 2012]. Хажуу бэлийн хэвгий ихтэй хийгээд сэвсгэр хурдас бүхий хуурай сайр, жижиг голын савд аадар борооны үед уруйн үер үүснэ. Хамардавааны араас усжих голуудын адаг, Байгаль нуурыг хөвөөлөх төмөр замын дагууд уруйн үер буух нөхцөл илүүтэй. Уруйн үер үлэмж их сүйтгэл учруулах эрч хүчтэй бөгөөд зарим үед гамшгийн байдалд хүргэж, ихээхэн хохирол учруулж болзошгүй юм. Похабиха, Тиганчиха болон бусад жижиг голд халиа, тошингийн хайлалтын улмаас усны түвшин дээшлэх нь бий.
Аливаа үерийн аюул нь үүсэх нөхцөл, давтамж, нөлөөллийн эрч хүч, хохирлын хэмжээ, үерийг урьдчилан мэдээлэх чадавх зэргээр тодорхойлогдоно.
Үерийн нийт эрсдлийг хүн ам, газрын сангийн ангилалтай уялдуулан нутаг дэвсгэрийн өртөнгийн (физик, эдийн засаг, нийгмийн эрсдлийн тооцоогоор) зурагт үндэслэн үерийн аюулын үнэлгээний аргаар Т.А.Борисова, А.Н. Бешенцев нар тооцжээ [Борисова, 2013].
Байгаль нуурын өмнөд хэсэг, Хамар даваа нуруунаас усжих судалгаагүй голуудын савд уруйн үерийн эрсдлийн тооцоог дам аргаар гүйцэтгэв.
Үерийн мэдээ, мэдээлэлд үндэслэн Байгаль нуурын сав газрын нутаг дэвсгэрт үерт автах бүс, түүнд хамрагдах хот суурин газрын зураглалыг хийв. Нийтдээ 75 хот суурин энэ бүсэд багтах ба үерийн аюулд өртөх нөхцөлтэй хот суурин газрын байршлыг зурагт тэмдэглэв.
Ашигласан хэвлэл
Борисова Т.А. Природно-антропогенные риски в бассейне озера Байкал / отв. ред. чл.-кор. РАН А.К. Тулохонов/ – Новосибирск: Академическое изд-во “Гео”, 2013. – 126 с.
Кичигина Н.В. Генетический и статистический анализ максимального стока рек юга Восточной Сибири // Природные и социально-экономические условия регионов Сибири. – Новосибирск: Изд-во СО РАН, 2000. - С. 19-22.
Макаров С.А. Сели Прибайкалья. – Иркутск: Изд-во Института географии им. В.Б. Сочавы СО РАН, 2012. – 111 с.
Многолетние данные о режиме и ресурсах поверхностных вод суши. – Л.: Гидрометеоиздат, 1986. - Вып. 13. - 346 с.; Вып. 14. - 282 с.
Ресурсы поверхностных вод СССР. - Л.: Гидрометеоиздат, 1972. – Т.16. – Вып. 2. - 586 с.; 1973. – Т.16. – Вып.3. - 400 с.
Экологически ориентированное планирование землепользования в Байкальском регионе. Слюдянский район. – Иркутск: Изд-во Института географии СО РАН, 2002. – 141 с.