030. Гадаргын усны өөрөө цэвэрших явц
Гадаргын усны өөрөө цэвэрших нөхцөл
«Гадаргын усны өөрөө цэвэрших нөхцөл» бол усанд орсон бохирдуулагчийг саармагжуулан улмаар усны өөрийн анхдагч шинж чанар, найрлагыг сэргээх байгалийн чадавхийг илэрхийлнэ. Усны өөрөө цэвэрших чадавх нь хими, физик, биологийн процессийн үр дүнд бүрэлдэх ба түүнд сүлэгдэх ба исэлдэх үйл явц давамгайлна.
Бохирдуулагч бодисын агууламж нуур, голын усаар сүлэгдэн шингэрэх, саармагжих үйл явц усны урсацын хэмжээ, эзэлхүүнээс шууд хамаарах ба түүнийг цутгал голын урсацын хэмжээ ба экосистемийн төлөв байдал хамгийн эмзэг байх гачиг үеийн урсацын хэмжээгээр тодорхойлно.
Бүс нутгийн ихэнх нуурын цутгал урсацын талаарх мэдээ хомс тул бохирдлыг шингэрүүлэх тэдгээрийн чадавхийг нуурын олон жилийн дундаж эзлэхүүнээр үнэлэв.
Шим бодисын исэлдэх процесс агаараас усанд уусах хүчилтөрөгчийн хангамжаас голлон хамаарах ба энэ нь тухайн гол, нуурын усны температурын горим, холигдох нөхцөлөөр тодорхойлогдоно.
Исэлдэх процесст шаардагдах ууссан хүчилтөрөгчийн агууламжийг биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5 ба ХХХ)-өөр илэрхийлэх ба янз бүрийн бодисын исэлдэх биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч хэмжээг усны 20°С температурын нөхцөлд стандарт болгон тогтооно. Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн (БХХ5 ба ХХХ) мэдээний хомс байдлаас шалтгаалан дулааны улирлын усны дундаж температур ба усны холигдлын эрчимшлээр исэлдэх урвалын эрчмийг дам үнэлж болно. Усны холигдол түүний нягтын ялгаагаар явагдахын зэрэгцээ салхины түрлэг, туугдал, долгион зэрэг бусад динамик нөлөөллөөр явагдана.
Байгаль нуурын сав газарт усны долгионы ажиглалтын мэдээ хомс (цутгалын урсацын мэдээний адил) тул дээрх динамик нөлөөллийг дам аргаар үнэлэхэд хүрсэн болно. Холигдлын эрчимшлийг нуурын дүрсзүйн үзүүлэлт болох усны гүн ба усан толионы талбай хоорондын харьцаагаар илэрхийлж болох ба энэ нь мөн салхи, долгионы хүчийг дам илэрхийлнэ. Харин голын усны холигдлын эрчимшлийг тогтооход түүний урсгалын хурдыг тодорхойлогч хэвгийгээр илэрхийлж болно. Энэ бүхнээс үзэхэд усны темпертур, өнгөрөлт, нуурын эзэлхүүн, голын хэвгий, дүрсзүйн зарим үзүүлэлтүүд зэрэг нь гадаргын усны өөрөө цэвэрших чадавхийг тодорхойлогч үндсэн үзүүлэлт болно. Бүс нутгийн онцлогийг илэрхийлэх дунд ба томоохон, том гол, нуурын сав газарт дээрх дүн шинжилгээ, судалгааг явуулав (Страллерын ангиллаар 4 – 6 дугаар эрэмбийн гол).
Дээрх үзүүлэлтүүдийн тоон холбогдлыг тусгай хуваарь, матриц зохиож, статистик ба харьцуулах аргаар тогтоов. Энэ зургийг зохиоход Байгаль нуурын сав газрын 200 гол, горхи болон 12 нуурын кадастрын мэдээг ашиглав [олон жилийн .., 1986; нөөцийн.., 1972, 1973].
Бүс нутгийн ихэнх голд холигдлын эрчимшлийг тэдгээрийн уртын дагуух хэвгийг хэсэг, хэсгээр тодорхойлон илэрхийлэв. Хэвгийн өөрчлөлт, хэлбэлзлийг талын голын хамгийн бага (0–2 ‰), уулын голын хамгийн их хэвгий (15 ‰-ээс их) хүртэл нийтдээ 4 зайцад хувааж үнэлэв. Усны температур тэг градусыг давах хугацаа 5 ба 10 дугаар сард тохиох учир дулаан улирлын усны дундаж температруыг 6-9 дүгээр сарын дунджаар авав. Усны температурыг 10 оС-ээс бага, 10-15оС ба 15 оС-ээс их гэсэн 3 зайцад хувааж тархацыг илэрхийлэв. Бохирдлыг шингэрүүлэх шаардлагатай усны эзэлхүүнийг голын 30 хоногийн хамгийн бага урсац (10-800 м3/с хүртэл 7 зайцаар) ба нуурын жилийн дундаж эзэлхүүнээр (10-аас бага ба 500 м3 хүртэл гэсэн 4 зайцаар) тооцов. Гол ба нуурын өөрөө цэвэрших нөхцөлийг ээлж дараагаар тодорхойлов.
Эхний ээлжинд биохимийн үйл явцын үед бохирдуулагч бодисын зөөгдлийг тодорхойлж, дараа нь бохирдуулагчийг шингэрүүлэх нөхцөлд дүн шинжилгээ хийв. Эцэст нь гол, нуурын өөрөө цэвэрших чадавхийг 4 зэргээр ангилав.
Зурагт гол мөрний өөрөө цэвэрших нөхцөлийг тэдгээрийн голдрилын дагууд өнгөт шугамаар, нуурынхыг тасархай шугамаар тус тус тэмдэглэв. Байгаль нуурын сав газарт байгалийн усны өөрөө цэвэрших хамгийн тааламжтай нөхцөл Сэлэнгэ мөрний дагуух зарим хэсэгт ажиглагдав. Ерөнхийдөө бүс нутгийн ихэнх нь хангалттай сайн хэмээх ангилалд хамаарч байна.
Усны өөрөө цэвэрших чадавхийг усны экосистемд үзүүлэх хүний үйл ажиллагааны нөлөөлөл, дарамтыг давж гарах, усны цэвэр шинж чанар тогтвортой байх нөхцөлийн чадавхи гэж үзэж энэ зургийг бүс нутгийн усны экосистемийн даацын үнэлгээний нэг үзүүлэлт гэж болно.
Ашигласан хэвлэл
Многолетние данные о режиме и ресурсах поверхностных вод суши. Бассейн Байкала – Т. 1: вып. 14. - Л.: Гидрометеоиздат, 1986. – 361 с
Ресурсы поверхностных вод СССР [Текст] – Т. 16: вып. 3. – Л.: Гидрометиздат, 1972. – 595 с.
Ресурсы поверхностных вод СССР. - Т.16: вып.3. - Л.: Гидрометеоиздат, 1973. – 400х.