035. Хөрс

35. Хөрс

Томруулж харах

Хөрс

Зураг дээр хөрсний бүлгэмдлүүдийн тархалтыг үзүүлсэн бөгөөд бүлгэмдлийн доторх хөрсний хослол нь бэсрэг ба бичил хотгор гүдгэрийн онцлог, зүг зовхисын ялгаа, эх чулуулгийн олон янз байдлаас шалтгаалж өөр өөрөөр илэрсэн байна. Таних тэмдгүүдийн нэрийн эхэнд зонхилогч хөрсийг, дараа нь дагалдагч ба тохиолдлын шинжтэй хөрсний нэрийг жагсаав. Хөрсний ихэнх нь хэвшинжийн түвшинд, цөөхөн нь дэд хэвшинжийн түвшинд ялгарна.

Хөрсний тархалтад өргөрөгийн ба өндрийн бүсшлийн зүй тогтол зонхилох боловч уулын хажуунуудын зүг зовхисын ялгаа, хотгорын бүсшил, мөнх цэвдгийн нөлөө багагүй үүрэгтэй. Байгаль нуур орчмын уулын тайга болон уулархаг тэгш өндөрлөгт нимгэн давхаргатай чандруулаг ба бордуу хөрс голлож хүлэрлэг бордуу, ширэгт чандруулаг хөрс бага шиг тархана. Эдгээр уулсын бэл хормой, Ольхон орчмын нутгаар хүрэн хөрстэй, хуурай хээрийн ландшафт тархсан нь уулын хуурайшуулах нөлөөтэй холбоотой. Хамар даваа, Муйск, Дээд Ангарск, Баргузин, Саяны нуруу, Хөвсгөл орчмын уулс болон Хангайн нурууны хамгийн өндөр оргилуудад хад-шороон хөрс, хүлэрлэг чулуу-шороон, бүдүүн ялзмагт чулуу-шороон хөрс, хүлэрлэг цэвдэг-шороон хөрс, бүдүүн ялзмагт цэвдэг-шороон хөрс, цэвдэгт чулуу-шороон хөрс зонхилох суурийг эзлэх бөгөөд заримдаг тагийн нугархаг газраар бүдүүн ялзмагт, ялзмагт, бараан ялзмагт хөрс тархжээ.

Байгаль нуураас зүүн, зүүн өмнө зүгт орших уулын ой тайгад бордуу, чандруулаг, ширэгт чандруулаг, ширэгт бордуу, саарал ялзмагт, бүдүүн ялзмагт, бараан ялзмагт хэв шинжийн хөрсүүд тархдаг бол Монгол орны хойт хэсгийн уулын ой тайгад цэвдэгт бордуу , ширэгт бордуу болон бараан ялзмагт хөрсүүд голлож, харин чандруулаг хөрс ховор үзэгдэнэ. Хээрийн болон хуурай хээрийн ландшафт бүхий дундаж өндөр ба нам уулс, уулсын хоорондын өргөн хөндий хотгорууд, голын өндөр дэнжүүд нэлэнхийдээ хар шороон, хүрэн шороон хөрсөөр бүрхэгдэж уул, ухаа толгодын оройд чулуун-шороон хөрс, нугархаг шинжтэй харьцангуй нам хотос газраар бараан ялзмагт, саарал ялзмагт, далд глейрхэг хөрс, голуудын хөндий, татамд аллювийн ялзмагт-глейрхэг, хүлрэнцэр-глейрхэг,бараан ялзмагт, бараан ялзмагт  далд глейрхэг, аллювийн саарал ялзмагт, аллювийн үелсэн тогтоцтой хөрс тархаж хужир мараалаг хөрс мэр сэр тохиолдоно. Нуур усны эргэн тойрны хотгор хонхор газруудаар давсархаг болон нуга, намгийн, заримдаа цэвдэгтэй хөрс тархсан байна. Зуны үер бороо, хаврын хүчтэй салхи, шороон шуурганы нөлөөгөөр хөрсний элэгдэл, эвдрэл үүсч багагүй нутаг дэвсгэрийг хамарсан нь хүний аж ахуйн үйл ажиллагаатай холбож үзэх экологийн тулгамдсан асуудлын нэг болж байна.

Document Actions
Navigation
IW:LEARN