038. Сээр нуруугүй амьтдын бүлгэмдлийн төрөл зүйлийн ангилал
038. Сээр нуруугүй амьтдын бүлгэмдлийн төрөл зүйлийн ангилал
Хөрс-амьд бүлгэмдлийн ангилал зүйн ялгаа
Газарт амьдардаг сээр нуруугүй амьтдын зүйлийн (ангилал зүйн)ялгаа, тэдгээрийн хоорондох системийн ба үйл ажиллагааны холбоос, үүсгэсэн бүлгэмдлүүдийн оройн зайн тархалтыг зурагзүйн үүднээс задлан шинжилж, ялангуяа хөрсөн дотор ба түүний гадарга дээр амьдардаг харьцангуй том сээр нуруугүйтнийгголлон авч үзэв.
Байгаль нуурын сав нутаг дахь тайгын, уулын тайгын, хээрийн геосистемийг төлөөлсөн туршилтын талбайд сээр нуруугүйтний бүлгэмдлүүдийн тооны харьцааг нарийвчлан судалж мэдээ цуглуулснаас гадна, хөрсөн бүрхэвч, ургамалжилт, хөрсний чийг ба дулаан хангамж, зураг зүйн холбогдолтой олон материалыг харьцуулан шинжлэв. Энэхүү ажлыг сэдэж гүйцэтгэхдээ хөрсний зоологийн ба биогеоценологийн судалгааны арга зүй, газарзүйн харьцуулалтын аргыг хэрэглэснээс гадна хөрс-амьд бүлгэмдлийн тархалтын зургийг боловсруулахдаа ландшафтын индикацийн боломж буюу нэг төрлийн тодорхой орон зайн хүрээнд байгалийн бүх бүрдэл хэсгүүд хоорондоо нягт холбогдож харилцан бие биенээ нөхцөлдүүлж бүхэл бүтэн систем үүсгэдэг тухай онолын баримтлалыг үндэслэл болгосон билээ.
Хөрсөнд амьдардаг организмуудын амьдралын хэвийн үйл ажиллагааг хангадаг хөрсний тодорхой нөхцөлд тодорхой бүлгэмдлийн амьтад зохицон оршдог хамаарлыг ландшафт-типологийн хандлагын үүднээс ухварлан тайлж, амьдралын тодорхой орчинд идээшсэн хөрсний сээр нуруугүй амьтдын бүлгэмдлийг хооронд нь харьцуулах, ижилсүүлэх судалгааг хийв.
Байгаль нуурын бүс нутгийн хэмжээнд хамгийн сайн судлагдсан сээр нуруугүй амьтдын загвар бүлэглэлүүд болох Lumbricidae, Carabidae, Staphylinidae, Elateridae аймгийг төлөөлсөн амьтдын хувьд байгалийн босоо бүсшил, хөрсний чийгшил, температурын горим зэрэг экологийн нөхцөлөөс шалтгаалан зүйлийн бүрэлдэхүүн нь хэрхэн өөрчлөгдөх орон зайн зүй тогтлыг илрүүлжээ.
Нэгдмэл аргачлалаар явуулсан судалгааны үр дүнд газрын сээр нуруугүй амьтдын бүлгэмдлийг ландшафтын хувьд өндөр уулын, тайгын, ойт хээрийн ба хээрийн, нугын ба усархаг орчны гэсэн үндсэн 4 бүлэгт хуваав. Бүлэг тус бүрийн дотор тухайн бүлгэмдэл дэх ангилалзүйн нэгжийн (таксоны) тоогоор нь бүтцийн ялгаатай доорхи таван шатлалыг ялгав: 1.) маш бага ялгаатай (5-аас цөөн таксонтай), 2.) бага ялгаатай (6-10 таксонтай), 3.) дунд зэргийн ялгаатай (11-15 таксонтай), 4.) их ялгаатай (16-20 таксонтай), 5.) маш их ялгаатай (20-иос олон таксонтай).
Амьдрах орчны ялгаа болон түүнд зохицсон сээр нуруугүй амьтдын иж бүрдлийг бүтэц-динамикийн үүднээс шинжиж үзээд газарзүйн макро түвшинд дараах хоёр үндсэн хэв шинжийн бүтцийг ялгав: 1.) мезотермогигрофильний (дунд зэргийн дулаан чийгсэг)- шавьжийн эзлэх хувь харьцангуй бага, цагираган өтний тоо хэмжээ ихтэй; 2.) ксерорезистентний (хуурайд тэсвэртэй)- шавьжны аймгийн төлөөлөл нэлээд ихтэй. Нэгдүгээр хэв шинжид-тайга, ой, нугын, биогеоценозын амьтдын хам бүрдэл хамаарагддаг бол хоёрдугаар хэв шинжид-хээрийн ба хээршсэн, хүний нөлөөгөөр эвдэрч өөрчлөгдсөн газрын хам бүрдэл хамрагдах бөгөөд түүний бүрэлдэхүүнд амьдралын харьцангуй богино мөчлөгтэй эсвэл чийг багатай орчинд дасан зохицсон шавьжны төрлийн амьтад зонхилно. Энэ нь байгаль орчны хоёр үндсэн бүстэй, тухайлбал: илүүдэл чийгтэй, гумид уур амьсгалтай тайгын бүс, нөгөө нь чийг дутагдалтай субгумид уур амьсгалтай хээрийн бүстэй тохирч байна.