043. Түлш, эрчим хүчний нөөц, олборлолт

43. Түлш, эрчим хүчний нөөц, олборлолт

Томруулж харах

Түлш – эрчим хүчний нөөц, түүний ашиглалт

Байгаль нуурын сав газрын түлш-эрчим хүчний гол нөөц хатуу шатах ашигт малтмал (чулуун ба хүрэн нүүрс) болон шатдаг занар, ураны орд газруудаар тодорхойлогдоно.

Нүүрсний орд газрууд дээд дунд төрмөлийн эриний хотгоруудад байрлах ба зарим томоохноос нь дурьдвал Тугнуйск, Гусиноозерск, Удинск, Чикойск гэх мэт. Чулуун нүүрсний үндсэн нөөц Эрдэм-Галгатайск, Красночикойск, Никольск, Олон-Шибирск ба Зашуланскийн орд газруудад төвлөрдөг бол хүрэн нүүрснийх Гусиноозерск, Загустайск, Тасейск, Шарын гол, Улаан-Овооны орд газруудад байрлана. Хамгийн томоохон орд газрууд төмөр зам, авто замын сүлжээ бүхий дэд бүтцийн хөгжил сайтай эдийн засгийн эзэмшлийн районуудад байдаг бөгөөд Байгаль нуурын сав нутаг дахь 33 нүүрсний ордоос одоогоор арван зургаа нь ашиглагдаж байна.

Тухайн сав нутагт төдийгүй Зүүн Сибирь, Алс Дорнодын хэмжээнд хамгийн том нүүрс олборлох үйлдвэр бол Олон-Шибирскийн орд дээрх (орд газрын нөөцийн 97%- нь Забайкальскийн хязгаарын Петровск-Забайкальскийн нутгийн захиргааны районд, 3%- нь Буриад улсын Мухоршибирийн районд байрлана) Тугнуйскийн уурхай юм. Дэлхийн фирмүүдийн бүтээсэн хамгийн орчин үеийн өндөр хүчин чадалтай техникийг нэвтрүүлсний ачаар энэ уурхайн олборлолтын хэмжээ сүүлийн гурван жилд хоёр илүү дахин өсч 2012 онд 13 сая.тн орчим нүүрс гаргажээ. Олборлосон нүүрснийхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд нарийн технологи бүхий баяжуулах үйлдвэр байгуулжээ. Энэхүү боловсруулах үйлдвэрийн хүчин чадал одоогоор жилд 9 сая.тн хүрч, нүүрсээ Япон, Солонгос, Хятад болон Ази номхон далайн бүс нутгийн бусад улсуудад экспортоор гаргаж байна. 1990-ээд оны эхээр тэр үеийн нүүрс олборлодог байсан гол үйлдвэрүүдийг хааснаас болоод Буриад улсын нүүрсний аж үйлдвэр нэг хэсэгтээ уналтад орсон боловч одоо Гусиноозерскийн орд газрын Баян-Зурхе, Холбольджинскийн уурхайнуудыг ашиглалтад оруулж Гусиноозерскийн цахилгаан станцид нүүрс нийлүүлдэг боллоо. Давхаргуудын гүн боловсруулалтын иж бүрэн шинэ технологи хэрэглэснээр эндхийн нүүрс олборлолтын хэмжээ аажмаар өсч байна (2012 онд 932 мян.тн).

Сүүлийн жилүүдэд Буриад улсын Бичурскийн нутгийн захиргааны районд байрладаг Окино-Ключевскийн хүрэн нүүрсний орд газрын уурхайн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж жилд 5 сая.тн нүүрс олборлох хэмжээнд хүргэхээр төлөвлөж, нүүрсээ Гусиноозерскийн цахилгаан станц руу зөөвөрлөхийн тулд Хоронхой станц хүртэл салаа төмөр зам тавихаар товлож байна. Үүнээс гадна Буриад улсын дулааны эрчим хүчний үйлдвэрүүдийг дотоодын нүүрсээр хангах зорилгоор Никольскийн чулуун нүүрсний орд газрын балансын нөөцийг түшиглэн баяжуулах үйлдвэр бүхий томоохон уурхайн цогцолбор байгуулахаар болж байна. Мөн Сэлэнгийн нутгийн захиргааны районд жилд 200 мян. гаруй тн хүрэн нүүрс олборлодог Загустайскийн орд газрыг одоо ашиглаж байна.

Байгаль нуурын сав газар дахь Забайкальскийн хязгаар ба Буриад улсын бусад нүүрсний уурхайнууд (Дабан-Горхонский, Хара-Хужирский, Зашуланский, Буртуйский) орон сууц, хот нийтийн аж ахуйн хэрэгцээнд зориулан бага шиг хэмжээний (жилд 10-50 мян.тн) нүүрс олборлолт явуулдаг. Харин Петровск-Забайкальскийн районы Тарвагатайн орд газраас ил аргаар 2012 онд 260мян.тн хүрэн нүүрс олборлосон нь 2010-2011 оныхоос нилээд хэмжээгээр нэмэгджээ.

Монгол улсын нүүрсний анхны үйлдвэр Налайхын уурхай 1912 оноос бага багаар олборлолт явуулж байгаад 1950-иад онд шинэчлэлт хийснээс хойш жилд 600-800 мян.тн хүртэл хүрэн нүүрс олборлож хүчин чадал нь нэмэгдсэнээр Улаанбаатар хотын дулааны цахилгаан станцуудыг түлшээр хангадаг ганц эх үүсвэр нь байсан юм. Үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах боломжгүйн улмаас уг уурхайг албан ёсоор хааж одоо тэнд зөвхөн гар аргаар жижиг хэмжээний олборлолт явуулж байна.

Шарын голын хүрэн нүүрсний ордыг 1961 оноос хойш ашиглаж ил аргаар олборлолт явуулсаар байна. 1980-аад онуудад уурхайн хүчин чадал хамгийн дээд хэмжээнд хүрч жилд 2,5 сая тн нүүрс олборлож байсан бол одоо 2010 оны байдлаар 1 сая орчим тн нүүрс гаргажээ. Сэлэнгэ аймагт Улаан-Овооны өндөр илчтэй хүрэн нүүрсний ордыг 2010 оноос ашиглалтад оруулаад байна. Мөн Хөвсгөл аймгийн Жулчиг, Нүүрстэйн ам, Булган аймгийн Эрээн, Сайхан-Овооны ордуудаас бага хэмжээний чулуун нүүрс олборлож байгаа билээ.

Ураны түүхий эдийн хувьд багавтар нөөцтэй хоёр орд Буриад улсын нутагт байдгийн нэг нь Джидинскийн районы Сланцевое орд, нөгөө нь Мухоршибирийн районы Журавлиное орд, хоёулаа Сэлэнгийн ураны хүдрийн мужид хамрагдах ба одоогоор урьдчилсан хайгуул хийгээд байна. Мөн дунд зэргийн нөөцтэй хоёр ордын нэг нь Буриад улсын Еравнинскийн районы Буяновское орд – Еравнинскийн ураны хүдрийн мужид байрлах ба одоогоор улсын нөөцөд байгаа, нөгөө нь Забайкальскийн хязгаарын Красночикойскийн районы Горное орд – Чикойскийн ураны хүдрийн мужид орших ба энэ ордыг түшиглэн байгалын ураны баяжмал гаргаж авах үйлдвэрийг газар доор байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна.

Байгаль нуурын сав газарт хатуу түлшнээс гадна нүүрстөрөгчийн түүхий эдийн үйлдвэрийн нөөц илрэх хэтийн төлөв харагддаг. Юуны өмнө Сэлэнгийн ба Усть-Баргузинскийн рифтийн (дэвээ цохиот) хотгорууд дахь байгалийн шатах хийг дурьдаж болно. Усть-Сэлэнгийн хотгорт 1955, 1962, 1990 онуудад хийсэн хайгуул - үнэлгээний ажлын дүнгээс харахад нүүрстөрөгчийн боломжит нөөц нефьтээр 364 сая.тн, байгалийн хийгээр 520 тэрбум м3 хэмжээтэй гарчээ. Бургузинскийн хотгорын хэтийн төлвийг үнэлэх ажил одоогоор үргэлжилж байна.

Шатах занарын ордуудын хувьд хэмжээ нь их биш, давирхайны агууламж доогуур (8-10%) учраас үйлдвэрлэлийн ач холбогдол багатай юм.

Зураг дээр хатуу түлшний ашигт малтмалын (чулуун нүүрс, хүрэн нүүрс, ураны) ордуудыг таних тэмдгээр үзүүлсэн бөгөөд тэмдэгний хэмжээ нь орд газрын их, багын хэмжээг заана. Түүнчлэн уулын олборлох үйлдвэрүүдийг тэмдгийн аргаар үзүүлсэн ба тэмдэгний хэмжээ нь үйл ажиллагаатай байгаа үйлдвэрүүдийн хувьд сүүлийн 3-5 жилийн олборлолтын дундаж хэмжээг, төлөвлөж буй болон барьж байгаа үйлдвэрүүдийн хувьд төлөвлөгөөт хүчин чадлын хэмжээг тус тус илэрхийлнэ. Үйлдвэрүүдийг ангилахдаа нүүрс олборлох уурхайнуудын хувьд: 1) том – олборлолт нь жилд 1 сая.тн-оос их, 2) дунд – олборлолт нь жилд 100 мян.тн-оос 1 сая.тн хүртэл,3) жижиг – олборлолт нь жилд 100 мян.тн –оос бага гэсэн шатлалыг хэрэглэв. Төлөвлөж байгаа уран олборлох “Горное” үйлдвэр жилд 1мян.тн-оос бага олборлолт явуулах тул жижиг үйлдвэрт тооцогдоно. Таних тэмдгийг тойруулж хүрээлсэн байвал далд аргаар олборлодог үйлдвэрийг, өнгөөр ялгасан байвал үйлдвэрийн ашиглалтын үе шатыг (үйл ажиллагаа явуулж байгаа, баригдаж байгаа, төлөвлөж байгааг) харуулна. Дээд дунд төрмөлийн хотгоруудыг дэвсгэр зургаар дүрсэлж нүүрс бодитой байгаа болон нүүрстэй байж болох газрууд, мөн нефьт хийн ирээдүйтэй талбайнуудыг ялган үзүүлэв.

Document Actions
Navigation
IW:LEARN