061. Гадны нөлөөлөлд эрсдэх боломж
Ландшафтын мэдрэмтгий чанар
Ландшафтын мэдрэмтгий чанарын зураг нь гадны хүчний, түүний дотор хүний үйл ажиллагааны нөлөөллийн хариуд ландшафт ямар байдалтай байхыг харуулна. Ландшафтын мэдрэмтгий чанар гэдэг нь тухайн ландшафт хэсэг хугацаанд тодорхой хил заагийн дотор бүтэц байдлаа хэвээр нь хадгалж чадах <<өөрийгөө зохицуулах>> чадвар юм.
Тэрхүү мэдрэмтгий чанар нь ландшафтын шинжүүдтэй маш нягт холбоотой. Тухайн газар нутгийн чийг-дулааны хангамж “хэвийн байх” ургамалжилтын биологийн бүтээмж “хамгийн өндөр байх” зарчмыг үндэслэн ландшафтын мэдрэмтгий чанарыг тодорхойлдог. Дулаан чийгийн харьцаа экологийн хэвийн хэмжээнээс аль нэг тийшээ хэвийж өөрчлөгдөх тусам ландшафтын мэдрэмтгий чанар ихэсдэг. Чийг дулааны хангамж хэвийн, биологийн бүтээмж ихтэй ландшафт хүний үйл ажиллагааны нөлөөллийг мэдрэх нь бага байдаг. Гэтэл биологийн бүтээмж багатай, экстремаль (эрс туйлширмал) нөхцөл дэх ландшафт гадны нөлөөлөлд хамгийн мэдрэмтгий байна.
Зураг дээр ландшафтын мэдрэмтгий чанарыг харьцангуй байдлаар-маш өндөр, өндөр, дунд зэрэг, бага, маш бага гэсэн ангиллаар үзүүлэв.