066. Хонь, ямааны тоо толгой
066. Хонь, ямааны тоо толгой
Хөдөө аж ахуйн газар ашиглалт: мал аж ахуй ба газар тариалан
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл Монгол улсын аж ахуйн салбарууд дотор тэргүүлэх байрын нэгийг эзэлдэг бөгөөд ялангуяа бэлчээр эзэмшлийн системд тулгуурласан мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлвэрлэл зонхилдог нь Монгол улсын өвөрмөц онцлог юм. Харин ОХУ-ын Байгаль нуурын бүс нутгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэмжээг бүх Оросынхтой харьцуулахад 1 % хүрэхгүй бага хэдий ч Зүүн–Сибирийн эдийн засгийн районы хувьд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр Эрхүү муж 2-р байрт, Буриад улс 3-рт, Өвөр Байгалийн хязгаар 4-рт ордог. Хөдөө аж ахуйн салбарт Эрхүү муж нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 8,1%-ийг, Буриад улс 11,5%-ийг, Өвөр Байгалийн хязгаар 12% -ийг тус тус гаргадаг.
Хөдөө аж ахуй хөгжүүлэхэд байгалийн нөхцөл таатай биш, хүйтэн уур амьсгал зонхилдог учраас биологийн идэвхтэй хугацаа богино. Газар тариалангийн бүс дэх биоуур амьсгалын чадавхи Еропын хэсгийнхээс 2-2,5 дахин бага байна. Иймд энэ бүс нутагт хөдөө аж ахуйн нэгж бүтээгдэхүүн гаргаж авахад илүү эрчим хүч зарцуулагдах нь мэдээж.
Хөдөө аж ахуйн хоёр үндсэн салбар болох мал аж ахуй, ургамлын аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ Эрхүү мужийн хувьд бараг адил байдаг бол Монгол улс, Буриад улс, Өвөр Байгалийн хязгаарт мал аж ахуйн салбар давамгайлж хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 70 гаруй хувийг нийлүүлдэг байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйнуудын эзэмшилд байгаа хөдөө аж ахуйн эдэлбэр газрын талбай жилээс жилд багасч хөдөө аж ахуйн эргэлтээс хасагдах явдал ажиглагдсаар байна. Гэсэн ч хүн амын хөдөө аж ахуйн эдэлбэр газрын хангамж хүрэлцээтэй, нэг хүнд оногодох талбай Эрхүү мужид -1,1 га, Өвөр Байгалийн хязгаарт – 6 га (Орос орны дундаж 1,5 га) байна. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын бүтцийг харахад Эрхүү мужид 69 % нь хагалсал газар, 20% нь бэлчээр, 10% нь нуга, хадлангийн талбай, Өвөр Байгалийн хязгаарт 80% нь бэлчээр, нуга, хадлангийн газар, бусад нь тариалан, Буриад улсад 30% нь тариалан, үлдсэн нь бэлчээр, хадлангийн талбай байна. Нийт тариалангийн ихэнхийг үр тарианы ургамал (75 гаруй хувь), түүнээс 45%-ийг улаанбуудай эзэлнэ. Үр тарианы дундаж ургац их биш (1 га-аас 8-9ц) боловч зарим аж ахуй 1 га-аас 20ц буюу түүнээс ч илүү ургац хураадаг. Төмс, хүнсний ногоо тарьдаг газар нийт тариалангийн талбайн 8%-ийг эзлэх ба түүнээс 1% нь ногооны газарт оногдоно.
Монгол улсад үр тарианы тариалалтын талбай 283,6 мян.га, төмснийх 13,6 мян.га хүрдэг бөгөөд газар тариалангийн үйлдвэрлэлээр Сэлэнгэ, Булган аймаг тэргүүлдэг.
Хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний ихээхэн хэсгийг мал аж ахуйгаас гаргаж авдаг. Ойн бүсэд сүү-махны чиглэлийн үхрийн аж ахуй, ойт-хээр ба хээрийн бүсэд мах-сүүний ба махны чиглэлийн үхрийн аж ахуй, хонь, адуу, ямааны аж ахуй зонхилох бөгөөд мал ажахуйн тэжээлийн нөөцийн 15-85% -ийг байгалийн бэлчээрийн өвс ургамлаар хангадаг. Ихэнх нутагт өвөл цас багатай байдаг тул жилийн дөрвөн улирлын турш мал бэлчээрлүүлэх боломжтой. Нийт мал сүргийн дийлэнх нь хувийн эзэмшилд байдаг бөгөөд монголын малчид цаг агаарын байдал, өвс ургамлын гарцаас шалтгаалан жилдээ хэд хэдэн удаа нүүдэллэж мал аж ахуйгаа эрхэлдэг.