068. Зам, тээвэр
Зам, Тээвэр
Байгаль нуурын сав газрын тээврийн дэд бүтэц нь Эрхүү муж, Бүгд Найрамдах Буриад Улс, Забайгальск, Монгол улсын тээврийн системийн нэг хэсэг юм. Энэ нутаг дэвсгэрт тээврийн бараг бүх л төрөл болох төмөр зам, авто зам, усан зам, агаарын тээвэр байдаг.
Байгал нуурын хойд эрэг дагуу, улмаар дээд Ангар мөрний хөндийгөөр Байгал-Амарын төмөр замын шугам дайрч өнгөрнө. Байгал нуурын өмнөд эрэг дагуу болон тэндээс зүүн тийш Транссибирийн төмөр замын шугам үргэлжилж уг шугмаас хоёр төмөр зам салаасны нэг нь Байгалийн тойруугийн 84 км зам, нөгөө нь Улаан-Үдээс Наушкийн 253 км урт зам үргэлжилнэ. Наушкаас урагш Монголын нутгаар Улаанбаатар хотыг дайран өмнөд хил хүртэл үргэлжилж Бээжин хотыг зорино. Наушкаас Улаанбаатар хот хүртэлх энэ төмөр замаас Эрдэнэт, Шарын гол, Багануурын төмөр замын салбар шугам салбарладаг.
Авто замаас улсын чанартай Эрхүү-Улаан-Үд-Читын хурдны зам нь чухал ач холбогдолтой юм. Энэхүү замаас гадна Култук–Монд, Эрхүү–Листвянкийн зам, мөн Северобайкальск–Уоян–Таксимо, Баяндай–Еланцы–Хужир, Улаан-Үд–Турунтаево– Курумкан, Улаан-Үд–Хиагт-Закаменск, Улаан-Үд–Бичур, Улаан-Үд–Сосоново-Озерск –Багдарин, Чита-Багдарин, Чита–Агинск чиглэлийн төв зам зэргийг дурьдаж болно. Монгол улсын нутагт Оростой хил залгаа Алтанбулаг-Сүхбаатараас Дархан-Улаанбаатар хүртэл, Дарханаас баруун тийш Эрдэнэт-Булганы чиглэлийн, Улаанбаатараас зүүн тийш Өндөрхаан хүртэл, Улаанбаатараас баруун тийш Цэцэрлэг, Арвайхээр хүртэл хатуу хучиллтай замтай ба бусад төв суурингуудтай шороон замаар холбогдоно.
Байгал нуур, Хөвсгөл нуур, Ангар болон Сэлэнгэ мөрөнд усан замын тээвэр хөгжсөн. Байгал нуурын флот ачаа тээврийн, зорчигч тээврийн, экспедицийн, эрдэм шинжилгээний хөлөг онгоцуудтай бөгөөд зорчигч тээврийн усан онгоц Эрхүү хотоос Ольхон, Северобайкальск, Доод Ангарск хүртэл мөн Эрхүү хотоос Усть Баргузин, Больших Котов, Бухты Песчаной хүртлэх чиглэлүүдээр зорчдог. Мөн Сэлэнгэ (274 км), Баргузин (138 км), Дээд Ангар (254 км) голоор усан онгоц явах тохиромжтой газрууд бий. Монгол орны хувьд Хөвсгөл нуурт зорчигч-ачаа тээврийн хөлөг онгоц Хатгал-Ханх боомтын хооронд үйлчилдэг. Сэлэнгэ мөрөн, Орхон голын урсгалын адаг орчмоор ачаа тээврийн жижиг усан онгоцууд 1930-аад дунд үеэс эхлэн явдаг байсан боловч удалгүй үйл ажиллагаа нь хаагджээ.
Агаарын тээврийн гол үйлчилгээ Улаанбаатар, Эрхүү, Улаан-Үд, Чита хотуудын нисэх онгоцны буудал дээр төвлөрч дотоодын ба улс хоорондын нислэгүүд тасралтгүй явагддаг. 2012 онд Оросын нутаг дахь онгоцны буудлаар 1.1 сая хүн, Монгол улсын онгоцны буудлаар 770 мянган хүн үйлчлүүлсэн байна. Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны “Чингис Хаан” буудлаас Москва, Берлин, Франкфурт, Париж, Дубай, Эрхүү, Бээжин, Хөх хот, Сөүл, Токио, Нагоя, Хонгонг хүртэл шууд нислэг үйлддэг.