073. Хүн амын шилжилт, хөдөлгөөн
Хүн ам
Хүн амын зургуулыг боловсруулахдаа Байгаль нуурын сав нутаг дах хүн ам зүйн байдал, хүн амын нутагшил, суурьшлын орчин үеийн онцлогийг нийгэм эдийн засаг, экологийн хүчин зүйлүүдтэй нь холбож тэдгээрийн харилцан нөлөөллийг нэгтгэн харуулахыг голчилж анхаарав. Хүн амын зургуудыг Оросын Холбооны Улсын статистикийн алба, Монгол улсын Үндэсний Статистикийн Хорооны тоо мэдээлэлд тулгуурлан зохиосноос гадна Орос ба Монгол улсын хүн амын тооллогын дүнг ашигласан.
Байгаль нуурын сав нутагт хүн ам суурьшсан газруудын байршил маш жигд биш, хүн амын бөөгнөрөл бүхий дөрвөн бүс нутаг ялгарна. Нэгдэх нь болох Эрхүү мужид хүн амын байршлын үндсэн зурвас нутаг мужийн баруун хилээс Байгаль нуур хүртэлх Транссибирийн төмөр замын шугам дагуух зурвас газрыг хамарна. Энд хөдөө аж ахуйн олон суурингуудаас гадна боловсруулах аж үйлдвэр зонхилсон засаг захиргаа-аж ахуйн томоохон төвүүд байрладаг. Суурин газруудыг олон үүрэг бүхий том төв-Эрхүү хот тэргүүлэх бөгөөд Байгал нуурын ай савд тус хотын Ольхоны ба Слюдянскийн район, мөн Эрхүүгийн районы зарим хэсэг хамаарагдана. Эрхүү ба Шелехов хотууд Байгал нуурын дэргэд ойрхон орших боловч байрлалын хувьд Ангар мөрний ай савд багтдаг. Хоёр дахь нь Буриад улсад Улаан-Үд хот болон түүнээс урагших нутагт хүн амын томоохон суурьшлын төв бүрэлджээ. Гэхдээ суурингуудын төрөлжилт газарзүйн хувьд тод ялгарах бөгөөд тухайлбал; Транссибирийн төмөр замын гол шугам дагуу аж-үйлдвэр-тээврийн үүрэг зориулалт бүхий суурингууд зонхилдог бол Буриадын өмнөт хэсэгт голчлон хөдөө аж ахуйн суурингууд байрладаг. Гуравдугаарт Өвөрбайгалийн хязгаарт төмөр зам дагуу аж үйлдвэр-тээврийн суурингууд, ашигт малтмалын орд газруудын орчимд уул уурхайн аж үйлдвэрийн суурингууд, Чита хотоос урагших ойт хээр, хээрийн бүсэд хөдөө аж ахуйн суурингууд тус тус зонхилно. Дөрөвдүгээрт, Монгол улсад нийслэл Улаанбаатар хот болон түүнээс хойшоо Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хот хүртэл Дархан, Эрдэнэт хотуудыг хамарсан төвийн бүсэд хүн амын суурьшил үндсэндээ бөөгнөрч улсын нийт хүн амын талаас илүү хувь нь энэ нутагт амьдардаг. Байгаль нуурын сав газарт багтах Монголын бусад нутагт нутагт хүн ам таруу суурьшсан байна.
Хүн амын байршил, орон нутагт таран суурьшсан байдлыг “Хүн амын нягтшил, 2013.01.01”, “Хөдөөгийн хүн амын нягтшил ба хотын оршин суугчид, 1989.01.01, 2013.01.01” зургуудаар харуулав.
Байгаль нуурын сав нутаг бүхэлдээ хүн ам багатай, жигд биш суурьшилтай бүсэд хамаарах бөгөөд хүн амын нягтшил нь дэлхийн дундаж (53 хүн/км2)-аас 17 дахин бага юм. Хүн амын таран суурьшихад нөлөөлдөг орон зайн хэдэн шалтгаан байдгийн нэг нь томоохон хот, засаг захиргааны төвүүдээс гадагш алслагдах дутам хүн амын нягтшил багасдаг. Мөн Байгаль нуурын ай сав дах ОХУ-ын нутагт өмнөөс хойшоо, баруунаас зүүн тийш хүн амын нягтшил сийрэгшдэг. Монгол-Оросын хилийн бүс нь Сэлэнгэ мөрний хөндийн хэсгээс бусад газарт хүн амын нутагшлын орон зайг салгаж тусгаарладаг бол харин Сэлэнгийн хөндий дагуу Улаан-Үдээс Улаанбаатар хот хүртэл хүн амын нягтшил илүүтэй зурвас нутаг үүссэн байна. Хүн амын хамгийн их бөөгнөрөл Эрхүү, Улаан-Үд, Чита зэрэг томоохон хотуудын орчин тойронд ажиглагддаг бол бараг хүнгүй шахам зэлүүд нутаг хэдэн арван мянган км2 талбайг эзлэх нь бий. Хөдөөгийн хүн амын нутагшил хотуудынхыг бодвол эрс тэс ялгарал багатай. Хөдөөгийн хүн амын голлох хэсэг нь ойт хээр ба хээрийн бүсэд нутаглах бөгөөд хүн амын нягтшил нь 10-20 хүн/км2 орчим байна.
Оросын нутаг дахь хотуудын олонхи нь, тухайлбал 13 хотоос 11 нь төмөр замын дагуу байрладаг бөгөөд зөвхөн Закаменск, Хиагт хот хоёр л төмөр замаас зайдуу оршдог. Харин Монголын нутагт төмөр зөм дагуу байрлалтай хот цөөн, 15 хотоос 5 нь л төмөр замын өртөөнүүд дээр төвлөрчээ. Хэдхэн тооны томоохон хотод хүмүүс олноор бөөгнөрснөөс болоод хөдөөгийн цэлгэр уудам нутагт оршин суугчид цөөрч хүн амын тоон хэлбэлзэл ихэссэнийг “Хүн амын тооны өөрчлөлт, 1989-2013 онуудад” зургаас харж болно.
Байгаль нуурын сав нутгийн Оросын талын 1989-2013 оны хоорондох хүн амын тооны динамик өөрчлөлтөөс харахад доорхи зүй тогтол ажиглагдана. Үүнд: Баруун өмнөөс зүүн хойт нутаг руу хүн амын тоо буурах хандлага ажиглагдаж байгаа бол бүс нутгийн төвүүд (Эрхүү, Улаан-Үд, Чита) болон тэдгээрийн орчин тойронд хүн амын тоо өсөх харьцангуй таатай нөхцөл бүрджээ. Тухайлбал, Эрхүү мужийн Эрхүү, Шелехов, Ольхоны районд, Буриад улсын Иволгийн районд, Өвөр байгалийн хязгаарын Читийн районд хүн амын тоо мэдэгдэхүйц нэмэгдэж, ялангуяа Иволгийн ба Эрхүүгийн районы хүн ам 160%-иар өсч дээд үзүүлэлт тогтоов. Гэтэл алс умар зүгийн нутгуудад хүн амын тоо хамгийн ихээр буурч Буриад улсын Муйск ба Умарт байгалийн районы хүн амын хагасаас илүү хувь нь хорогджээ.
Байгаль нуурын сав нутгийн Монголын тал хүн амын өсөлтөөр бас жигд биш, нийслэл Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудын хүн ам илүү хурдтай өсч, ялангуяа Улаанбаатар хотын оршин суугчдын тоо 1989 оныхтой харьцуулахад 244%-иар нэмэгджээ. Мөн Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн хүн амын тоо нэлээд өсөлттэй байгаа боловч Архангай, Завхан, Төв, Хэнтий аймгуудын хүн ам ойролцоох хот, аймаг руу нүүж шилжсэнээс болоод тоо нь буурсан байна.
Ийнхүү Байгаль нуурын сав нутгийн Оросын хэсэгт оршин суугчдын дунд гадагшаа нүүж шилжих урсгал хүн амын ердийн хорогдлоос олон дахин их байдаг бол Монголын хэсэгт хүн амын ердийн өсөлт шилжих хөдөлгөөнөөр нүүж ирэгсэдээс илүү байдаг хүн амын өвөрмөц динамик өөрчлөлтийг ажиглаж болно.
Хүн амзүйн хөгжлийн нутаг дэвсгэрийн онцлогийг “Хүн амын ердийн өсөлт” зургаар харуулав. Байгаль нуурын сав нутгийн хэмжээнд хүн амзүйн үйл явцуудыг илэрхийлэх өргөн хэлбэлзэлтэй тоон үзүүлэлт бүхий хүн амын нөхөн үржихүйн өөр өөр горим зэрэгцэн орших бөгөөд ерөнхийд нь зарчмын ялгаатай нөхөн үржихүйн хоёр хэвшинжийг тодорхойлж болно. Тухайлбал, нийт Монгол, Тува болон Буриадын зарим нутагт төрөлтийн түвшин өндөртэй, дунд зэргийн нас баралттай, ердийн өсөлт ихтэй хүн амын нөхөн үржихүйн өргөжмөл хэвшинж зонхилдог бол Эрхүү мужийн Байгаль нуур орчмын хэсэг, Өвөрбайгалийн хязгаар болон Буриадын ихэнх нутагт төрөлтийн түвшин багатай, нас баралт ихтэй, ердийн өсөлт багатай буюу ердийн хорогдолтой хүн амын нөхөн үржихүйн хязгаарлагдмал хэвшинж давамгайлдаг аж. Монголын аймаг, хотуудад хүн амын ердийн өсөлт жил дутам 17-19% байна. Гэтэл Байгаль нуурын сав нутгийн Оросын хэсэгт хүн амын ердийн хөдлөлзүй жигд биш, нутгийн захиргааны 23 нэгжийн хувьд хүн ам ердийн өсөлттэй байсан бол 10 нэгжийн хэмжээнд хүн амын ердийн бууралт ажиглагджээ. Ерөнхийдөө хүн амын ердийн өсөлт дунджаар 1,4% байгаа хэдий ч хэлбэлзэл ихтэй байдгийг дараах жишээнээс харж болно. Үүнд:Өвөрбайгалийн Петровск болон Эрхүү, Ольхоны районуудад хүн амын хорогдол -5-аас -6% байхад Жид, Кижингин, Тер-Холийн районд хүн амын ердийн өсөлт 10,4-16,0% хүрчээ. Хүн амын ердийн өсөлт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 17,2% байхад Улаан-Үд хотод 4,3%, Чита хотод 3,4% байна. Харин Эрхүү хотын хүн амын тоо (-27%) буурсан байна.
“Хотжилт” зурагт Оросын засаг захиргааны районууд болон Монголын аймгуудын нийт хүн амд хотын оршин суугчдын эзлэх хувийг харуулав. Хотын хүн ам дунджаар нийт хүн амын 74% -ийг эзэлдэг боловч энэ нь хотуудын тоо цөөн байдагтай холбоотой. Хүн амын хотжилтйн түвшин (74%) ийнхүү дэлхийн дунджаас (51%) бараг 1,5 дахин их байгаа хэдий ч нутаг дэвсгэрийн хотжилтийн түвшин доогуур байна. Хотын нутаг дэвсгэрт гол төлөв төмөр зам дагуух хүн амын бөөгөнөрөл ихтэй нутгийн захиргааны төвүүд хамрагддаг. Байгаль нуурын сав нутгийн Монголын хэсэгт нийслэл Улаанбаатар болон Орхон, Дархан-Уул аймаг хамгийн өндөр хотжилтойд тооцогдох бөгөөд бусад аймгуудад хотын хүн ам харьцангуй бага (17,5-аас 34,9% хүртэл) хувийг эзэлнэ. Монгол улсад аймгуудын төвийн оршин суугчдыг хотын хүн амд тооцдог бол ОХУ-ын хуулиар нутгийн захиргааны районууд заавал хотын хүн амтай байх албагүй. Иймээс 2013 оны байдлаар Байгаль нуурын сав нутаг дах Оросын 14 районд хотын хүн ам огт байхгүй бөгөөд 2000-аад оны засаг захиргааны шинэчлэлтийн үр дүнд Баргузин, Иволгин, Кырен, Хорин гэх мэт тосгонууд хотын статусгүй болсон байна. Байгаль нуурын сав нутаг дах Монголын хотуудын хүн ам 1989-2013 оны хооронд бараг 2 дахин өсч, түүний дотор Улаанбаатар хотын хүн ам 540,6 мянга байснаа 1318,1 мянга болж эрс нэмэгджээ. Харин Оросын хотуудын хүн ам төдий л өссөнгүй. Эрхүү хотынх 572,4 мянгаас 606,1 мянга хүртэл, Улаан-Үд хотынх 352,5 мянгаас 416,1 мянга хүртэл өөрчлөгджээ.
“Хүн амын шилжих хөдөлгөөний өсөлт” зурагт 2010-2012 оны оны хоорондох шилжих үйл явцын гол үр дүнг тусгажээ. Байгалийн бүс нутгийн хүрээнд сүүлийн 20 жилд хүн амын шилжих хөдөлгөөний идэвх мэдэгдэхүйц буурсан авч харин тус бүс нутгаас гадагшаа шилжих хүмүүсийн урсгал өндөр түвшинд байсаар байна. XX зууны 90-ээд оны дунд үеэс өнөөг хүртэл хүмүүсийн гадагшаа нүүж шилжих хөдөлгөөн бараг жил бүхэн давтагдсаар иржээ. Хүн амын шилжих хөдөлгөөн гол төлөв Байгалийн бүс нутгийн дотоодод өрнөж нийт шилжин нүүгсэдийн 2/3 орчим нь бүс нутгийн дотоод дахь шилжих хөдөлгөөний эргэлтэнд хамрагджээ. Харин Орос орны дотоод дахь бүс нутаг хоорондын хүн амын шилжих хөдөлгөөнд оролцогсод гадагшаа нүүж алдагдалд хүргэдэг байна. Тус бүс нутагт жил бүр хэдэн арван мянган хүн шилжих хөдөлгөөнд оролцдог бөгөөд 2010-2012 онд шилжин ирэгсэдийн тоо дунджаар 66,5 мянга, харин шилжин явагсадын тоо дунджаар 58,6 мянга хүрч Байгалийн бүс нутгийн хүн амын тоо жилд дунджаар 7,9 мянган шилжин ирсэн хүмүүсээр нэмэгджээ. Гэхдээ шилжин ирэгсэд нь Эрхүү (+9,3 мян.хүн), Улаан-үд(+3,4 мян.хүн), Чита (+2,9 мян.хүн) хотуудад суурьшиж тэдгээр хотуудын хүн ам нийлбэр дүнгээр 15,6 мянган хүнээр өсчээ. Харин тус бүс нутгийн бусад газруудаас 7,7 мян.хүн гадагшаа шилжин явжээ. Хүн амын шилжих хөдөлгөөний хуваарилалтын үр дүнд гол төлөв томоохон төв, суурин газруудын оршин суугчдын тоо өсдөг бөгөөд тухайлбал нутгийн захиргааны 10 нэгжийн хүн ам шилжин ирэгсэдийн нөлөөгөөр өссөн байхад үлдэж буй 24 нэгжийн хүн амын тоо шилжин явагсадаас болж буурсан байна.
Бүхэлд нь авч үзвэл нутаг дэвсгэрийн ихэнхи хэсэгт хүн амын гадагшаа чиглэсэн урсгал хөдөлгөөн улам лавширч шилжин явагсадын бүрэлдэхүүнд залуучууд болон боловсролтой хүмүүс байдаг нь таагүй байдлыг гүнзгийрүүлэхэд хүргэж байна. Шилжих хөдөлгөөний үр дүн төв ба зах хязгаар нутгийн хоорондох харьцаанд тодорхой илэрч Оросын хэсэгт шилжих хөдөлгөөний улмаас Эрхүү, Улаан-үд, Чита хотын орчин тойрон хүн ам нь өссөн бол Монголын хэсэгт Улаанбаатар хот болон Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад хүн амын өсөлт ихтэй байна.
Байгаль нуурын сав нутгийн хүн амзүйн байдалд эх газрын төв дундах байрлал, байгалийн хатуу ширүүн нөхцөл, Евразийн хүн ам шигүү суурьшсан нутгаас хэт алслагдмал зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг нь ойлгомжтой. Байгаль нуурын сав нутаг дахь Оросын ба Монголын хэсгийг хооронд нь харьцуулахад хүн амын нутагшил, нийгэм-хүн амзүйн бүтэц, хүн амын хөдөлмөр эрхлэлт, амьдралын чанарын хувьд нутаг дэвсгэрийн эрс тэс ялгаа тодорхой ажиглагдана.
Ашигласан хэвлэл
База данных показателей муниципальных образований / Федеральная служба государственной статистики (Росстат) - URL: http://www.gks.ru/dbscripts/munst/munst.htm
Федеральная служба государственной статистики (Росстат) - URL: http://www.gks.ru/
Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2012 года/ Росстат. М., 2012. 527 с.
Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года/ Росстат. М., 2013. 525 с.
Всесоюзная перепись населения 1989 года. Том I - численность и размещение населения, группировки районов и сельских Советов по численности населения, группировки городских и сельских пунктов по типам и численности населения. М., 1991
Итоги Всероссийской переписи населения 2010 года. Том 1. Численность и размещение населения. - URL: http://www.gks.ru/free_doc/new_site/perepis2010/croc/perepis_itogi1612.htm
MONGOLIAN STATISTICAL YEARBOOK. 2010. National Statistical Office of Mongolia. - Ulaanbaatar. 2011. 463 p.
National Statistical Office of Mongolia. - URL: http://www.nso.mn/