079. Соёлжилт
079. Соёлжилт
Соёл. Боловсрол
Боловсрол, соёл бол тодорхой нутаг дэвсгэрийн хүн амын амьдралын үйл ажиллагааны чухал хэмжигдэхүүн бөгөөд тодорхой түвшинд амьдралын чанарыг тодорхойлно. Газрын зураг зохиоход авч ашигласан мэдээллийн үндсэн эх үүсвэр нь 2012 оны (зарим тохиолдолд 2011 оны) албан ёсны статистикийн материалууд юм. Энэ зурагт ОХУ-ын Статистикийн улсын албаны материал болон Монгол улсын Статистикийн Хорооны эмхэтгэлийг ашигласан болно.
Соёлын байгууллагууд
Соёлын байгууллагууд бол ард түмний түүхэн болон соёлын дурсгалыг хадгалан хамгаалагч, өв залгамжлагч төдийгүй дараагийн удам, үр саддаа шилжүүлэн өгдөг байгууллага юм. Соёлын байгууллагын сүлжээнд номын сан, музей, театр, клуб, соёлын ордон, кинотеатр, амралт, соёлын цогцолборууд ордог.
Байгаль нуурын сав газрын нутаг дэвсгэр дээр 1770 орчим соёлын байгууллага ажиллаж байна. Судалж буй бүс нутагт нийт 875 соёл-амралтын газар, 720 номын сан, 106 музей, 30 театр, 36 кинотеатр, 4 цирк үйл ажиллагаагаа явуулж байна. Тус нутаг дэвсгэрийн Оросын хэсэгт хүүхдэд зориулсан хөгжим, уран зураг, бүжиг, урлагын нийт 247 сургуулиудтай. Засаг захиргааны дүүрэг тус бүрт соёл-амралтын байгууллага (клуб), номын сантай бөгөөд ихэнхи дүүрэгт музей байдаг.
Соёлын амьдрал Улаанбаатар, Эрхүү, Чита, Улаан-Үд зэрэг томоохон хотуудад илүү тод өрнөнө. Энд олон түмний мэддэг болсон нэрд гарсан театр, музей, цирк, томоохон номын сан, кинотеатрууд байдаг.
Музей бол ой санамжийг амьдралд хэрэгжүүлэх үндсэн арга бөгөөд гол чиглэл нь орон нутгийн болон угсаатанзүйн чиглэл байдаг. Музейгээр дамжин мөн жуулчдад мэдээлэл өгдөг бөгөөд тухайн газар нутгийн онцлог шинж, өвөрмөц байдлыг тухайн газрын байгаль, түүх, соёлоор дамжуулан тодорхойлно. Бүс нутгийн төв (Улаанбаатар, Эрхүү, Улаан-Үд, Чита) хотуудад байдаг музейн төрөл маш олон янз. Эрхүү мужийн музей дотроос судлагдаж буй нутаг дэвсгэрийн онцгой үнэт цуглуулганд эртний судар, шашдир зэргийг Эрхүү мужийн В.П.Сукачевын нэрэмжит уран зургийн музей, Эрхүү хотын орон нутгийн музей, "Тальцы" уран барилга – угсаатны зүйн музей, декабристуудын гэгээн дурсгалд зориулсан түүхэн дурсгалын музей, Листвянка тосгонд байрлах Байкальский музей зэргүүд орно. Буриадын Бүгд Найрамдах Улсын томоохон музей нь Улаан-Үд хотын Сампиловын нэрэмжит Дүрслэх урлагын музей, Улаан-Үд хотын Буриадын байгалийн болон түүхийн музей, Хиагт хотын орон нутгийн музей, Забайкалскийн угсаатны зүйн музей орно. Забайкальск мужид тус мужийн нутаг дэвсгэрт хамаарах газар нутгийг эзэмшсэн баялаг түүх, декабристууд болон цөллөгдсөн бусад хүмүүсийн энд амьдарч байсан үеийг харуулсан түүх-орон нутгийн музей голдуу байдаг.
Монгол улсын түүх, соёл, байгаль орчныг ард олонд үзүүлэх таниулах зорилгоор 1924 онд монголын үндэсний музейн эх үүсвэр тавигджээ. 1950 оноос улсын төв музей, 1991 оноос Монголын Үндэсний түүхийн музей, 2008 оноос Монголын Үндэсний музей болгон өөрчилжээ. Уг музей нь монголын нутагт хүн аж төрснөөс эхлэх бөгөөд өнөө үеийг хүртэлх түүхийг өгүүлэх олдвор, баримтыг агуулсан 3 давхар бүхий 10 танхим 50000 гаруй үзмэртэй үндэсний хэмжээний тэргүүлэх музейн нэг юм. Тус ай савын монголын нутаг дэвсгэр дээр улсын 11, аймаг орон нутгийн 11 музей ажиллаж байна. Улаанбаатар хотод Дүрслэх урлаг, Театр, Монгол цэрэг, Улсын хил, Марк, Үндэсний хувцас, Оюун ухааны олон улсын музей гээд арав гаруй музей ажилладаг.
Театр. Томоохон театруудаас дурьдвал Эрхүү хотын Н.П. Охлопковын нэрэмжит Академик Театр, Загурскийн нэрэмжит Хөгжмийн театр, хүүхэд багачуудад зориулсан «Аистенок» хүүхэлдэйн театр, А. Вампиловын нэрэмжит Залуу үзэгчдийн театр, цирк зэргийг зүй ёсоор нэрлэж болно. Буриадын БНУлсад Буриадын Дуурь Бүжгийн Улсын Академик театр, БНУлсын хамгийн ахмад театрын хамт олон болсон Хоца Намсараевын нэрэмжит Буриадын Драмын Улсын Академик театр, Николай Бестужевын нэрэмжит Орос улсын Драмын театрууд баялаг өв уламжлалтай билээ. Мөн Бүгд Найрадмах Улсад авангард чиглэлийн театр болох Улаан-Үд хотын Димитровын гудамжинд байдаг Залуучуудын студи-театр болон «АзАрт» нэртэй орчин үеийн уран хөдөлгөөн, үггүй жүжгийн пантомим театр байдаг. Түүнчлэн Буриад Улсын Филармони, Дуу Бүжгийн «Байкал» хамтлаг, ардын бүжгийн «Бадма-Сэсэг» улсын театр, Буриадын «Улигер» хүүхэлдэйн театрууд байдаг. Чита хотод Забайкальскийн Драмын орон нутгийн театр, «Тридевятое царство» хүүхэлдэйн театр ажилладаг.
Монгол улсын нэрд гарсан театрын тоонд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Д. Нацагдоржийн нэрэмжит Улсын Драмын Эрдмийн театр зүй ёсоор орно. Энэхүү 2 том театр нь дэлхийн болон Европын орнуудын сонгодог болон үндэсний дуурь, бүжиг, драмын жүжгийн тоглолтуудаар ард иргэдэд үйлчилж байна.
Түүнчлэн 60 гаруй жилийн түүхтэй Монгол улсын цирктэй бөгөөд циркийн дэргэд циркийн сургууль ажилладаг. Одоогоор Улаанбаатар хотод 70 гаруй соёл урлагийн байгууллага олон нийтэд үйлчилж байна.
Номын нь сан ном зохиол, бусад төрлийн хэвлэлийг цуглуулах ажлыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ тэдгээрийн тусгай боловсруулалт хийх, сурталчлан таниулах, уншигч олны дунд олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах ажил явуулдаг. Соёлын яам, их, дээд сургуулиуд болон яамдын газарт мөн өөр өөрийн номын сантай. Эрхүү хотод И.И.Молчанов-Сибирскийн нэрэмжит Эрхүү мужийн улсын төрөлжсөн шинжлэх ухааны номын сан байх бх энэхүү номын сан нь 1861 оноос эхлэн Ангарск орчмын нутгийн уншигчдад үйлчилж байна. Улаан-Үд хотод орчин үеийн мэдээллийн дүр төрхийг харуулсан байгууллага болох Буриадын Үндэсний Номын Сан байдаг. Номын сангийн материаллаг баазад тулгуурлан Эрхзүйн мэдээллийн төв, Соёлын аялал жуулчлалын мэдээллийн төв, Байкальск мэдээллийн төв, Байкальск уншлагын төв, Мэдээллийн газар тариалангийн төв, Интернет-төв, Медиа-төв, Майкрософт сургалтын төв зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Чита хотод Забайкальскийн орон нутгийн А.С. Пушкины нэрэмжит нэгдсэн номын сан бий. Улаанбаатар хотод улсын хамгийн том номын сан Монголын Үндэсний номын сан бий. Номын сангийн одоо байгаа гурван сая гаруй ном бүтээлээс нэг сая нь үнэт болон ховор нандин ном судар, гар бичмэл түүний дотор дэлхийд цорын ганц хувь “Есөн эрдэнийн Ганжуур”, 18-р зууны үед цэвэр мөнгөн хуудсан дээр алтаар бичигдсэн “Сандуйн жүд”, Энэтхэгийн гүн ухаантан Нагаржунайн хэрэглэж байсан дал модны навчин дээр бүтээгдсэн “Жадамба” зэрэг үнэт, ховор бүтээлтэй улсын хамгийн том номын сан юм.
Кинотеатр хүн амд зориулж кино үзмэрийн үйлчилгээ явуулж байна. Орчин үеийн кино театр амралт зугаа цэнгэлд зориулсан төрөл бүрийн нэмэлт үйлчилгээ үзүүлдэг. Эрхүү хотод 15 кинотеатр, Улаанбаатар хотод – 6, Улан-Удэ хотод – 5, Чита хотод – 4 кинотеатр ажиллаж байна.