You are here: Home / ГЗМС (GIS) / Байгаль нуурын сав газрын экологийн атлас / 044. Хар, өнгөт, ховор металлын нөөц, олборлолт

044. Хар, өнгөт, ховор металлын нөөц, олборлолт

044. Хар, өнгөт, ховор металлын нөөц, олборлолт

44. Хар, өнгөт, ховор металлын нөөц, олборлолт

Томруулж харах

Хар ба өнгөт металл, ховор металлын нөөц, түүний ашиглалт

Байгаль нуурын сав нутагт геологи хайгуулын судалгаагаар металлын эрдэс түүхий эдийн 150 гаруй орд газрыг илрүүлжээ.

Хар металл. Гарал үүслийн хэв шинжээр ялгаатай төмрийн хүдрийн ордуудаас магнетитын нөөцтэй хоёр жижиг ордын нэг нь Буриад улсын Хоринсксийн районы Балбагарскийн орд, нөгөө нь Забайкальскийн хязгаарын Петровск – Забайкальскийн районы Балегинскийн орд. Балегинскийн хүдрийн уурхай нь 18-19-р зууны үед Нерчинскийн тойргийн уурхайнуудыг төмөр, ган эдлэлээр хангадаг байсан Петровскийн заводод төмрийн хүдэр нийлүүлж байжээ. Эрхүү мужийн Ольхонский районд төмрийн хүдрийн багатвар нөөцтэй (Борсойскийн, Кучелгинскийн гэх мэт) хэдэн орд газрууд бий бөгөөд 18-р зууны эхний хагаст эдгээр ордын хүдрийг Агинскийн (Ланинскийн) төмөр бүтээгдэхүүний заводод ашиглаж байв.

Монгол улсын нутагт Баянголын төмрийн хүдрийн бүсэд байрладаг Төмөртолгой, Баянгол, Төмөртэйн судал маягийн ордууд нэлээд их нөөцтэй бөгөөд үүнээс гадна Захцаг, Тамир голын төмрийн хүдрийн ордуудыг бага багаар ашиглаж байна. Баянголын төмрийн хүдрийн бүсийн ордуудаас сүүлийн жилүүдэд 5 сая гаруй тн хүдэр олборлож анхдагч боловсруулалт хийсний дараа хүдрийн баяжмалыг Хятад улсад экспортолж байна.

Дунд зэргийн нөөцтэй марганцын орд (Олдакит) Хойт Байкальскийн районд БАМ-ын шулуун замаас 30 км орчим зайтай газар байрладаг. Одоо үед Орос оронд энэ төрлийн түүхий эд ховордож байгаа тул тухайн орд газар сонирхол татаж болох юм. Үүнээс гадна Байгаль нуурын сав газарт марганцийн хэд хэдэн жижгэвтэр орд байдгаас Ольхоны районы Озерское ордыг 19-р зуунд Николаевскийн төмрийн үйлдвэрийн хэрэгцээнд зориулан ашиглаж байжээ.

Өнгөт металл. Бүс нутгийн хэмжээнд зэсийн хүдрийн бараг бүх нөөц Монгол улсад Сэлэнгийн галт уул-гүний шургамал чулуулгийн бүсэд байрладаг зэс-молибдений орд газруудад төвлөрчээ. 1978 оноос эхлэн өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа Эрдэнэтийн овооны томоохон ордыг түшиглэн байгуулсан Монгол-Оросын хамтарсан Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр зэс-молибдений хүдрийг олборлох, анхан шатны боловсруулалт хийх үйл ажиллагаа явуулж зэсийн баяжмалын үйлдвэрлэлээр дэлхийн тэргүүлэх үйлдвэрүүдийн нэг нь болжээ. Сүүлийн жилүүдэд хүдэр олборлолтын хэмжээ нь 25 сая.тн орчим байна. Дэлхийн эдийн засаг даяаршиж буй өнөөгийн нөхцөлд үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварын асуудал тулгарч зэс хайлуулах завод барих явдал зайлшгүй хэрэгтэй болж байна. Энэ зорилгоор Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр Америкийн RCM компанитай хамтран катодын цэвэр зэс үйлдвэрлэх туршилтын үйлдвэр байгуулжээ.

Байгаль нуурын сав нутагт хартугалга-цайрын сульфидийн хүдэр бүхий Хольднинскийн томоохон орд газрыг үйлдвэрлэлийн чиглэлээр эзэмших бэлтгэл хийгдэж байгаа бөгөөд энэ ордын хартугалгын нөөц ОХУ-ын бүх тооцоот нөөцийн 11.2%, цайрын нөөц – 34.1%-ийг бүрдүүлдэг байна. Энэ орд газрын эдийн засгийн үзүүлэлт дэлхийн дээд жишигт хүрэх ба хүдэр олборлолтын хэмжээ нь нэг жилд 3 сая.тн, цайрын баяжмалын үйлдвэрлэл 504 мян.тн, хар тугалганых – 60.3 мян.тн хүрэх техник-эдийн засгийн тооцоо гарчээ. Харин тухайн орд газар Байгал нуурын байгалийн цогцолборт газрын экологийн Төв бүсэд орших тул ашиглалтын лицензийг 2015 он хүртэл хойшлуулжээ. Олон металлын түүхий эдийн бусад ордуудаас Буриад улсын Хоринский районд илрүүлж үнэлгээ хийсэн дунд зэргийн нөөцтэй Даванткинскийн ордыг нэрлэж болно.

Буриад улсын нутагт молибдений хүдрийн хоёр том (Жарчихинск, Мало-Ойногорск) орд, хоёр жижиг орд (Первомайск, Долон-Модонск) бий. Улан-Үдэ хотоос урагш 40км зайтай оршдог хүдрийн молибдений агууламж нь 0.1%-иас их Жарчихинскийн орд газрыг түшиглэн Прибайкальскийн уулын баяжуулах үйлдвэр байгуулах зураг төсөл хийгдсэн хэдий ч технологийн ба текник-эдийн засгийн үзүүлэлт өндөртэй энэ ордыг үр ашигтай эзэмших нь экологийн бүхий л  шаардлагыг хангасан нөхцөлд биелэх боломжтой.

Вольфрам бол энэ бүс нутагт өргөн тархалттай элементийн нэг. Закаменскийн районд байдаг их бүдүүн судалт хүдрийн орд-Инкурск нь хүдрийн нөөц болон вольфрамын агууламжаар дэлхийн ижил төрлийн том ордуудтай ойролцоо бөгөөд түүнээс баруун тийш орших Холтосонск орд нь Орос дахь судалт хэвшинжийн хамгийн том орд төдийгүй дэлхийн хэмжээнд ховорхонд тооцогдоно. 1934 оноос 1996 он хүртэл энэ хоёр орд газар болон Первомайскийн молибдений ордыг түшиглэн Джидинскийн вольфрам-молибдений комбинат ажиллаж байв. Уг үйлдвэрийг хаасны дараа 1 км2 гаруй талбайтай хаягдал хадгалах газар үлдсэн бөгөөд тэрхүү техникийн гаралтай Баруун-Нарынск ордыг 2010 оноос ашиглаж Закаменск хотоос 1.5км зайтай баяжуулах фабрик байгуулж комбинатын хаягдлыг боловсруулснаар жилд 300 тн орчим баяжмал үйлдвэрлэж байна. Инкурск ба Холтосонскийн орд газрын уул уурхайн үйлдвэрүүдийг сэргээж орчин үеийн баяжуулах фабрик болон вольфрамын баяжмалыг дахин боловсруулах усанметаллургийн цех байгуулж вольфрамын цэвэр нэгдлүүд гаргаж авахаар төлөвлөж байна. Забайкальскийн хязгаарын Петровск-Забайкальскийн районд дунд зэргийн нөөцтэй Бом-Горхонскийн вольфрамын ордыг далд аргаар ашиглаж сүүлийн жилүүдэд 600 тн орчим баяжмал үйлдвэрлэв. Байгаль нуурын сав газрын Орос улсад хамаарах нутаг дээрх вольфрамын бусад орд газрууд одоогоор улсын бэлтгэл нөөцөд байна.

Монгол улсын нутагт вольфрамын хэд хэдэн орд газар байдгаас Цагаан Давааны орд дээр вольфрамын хүдэр боловсруулах бага хэмжээний завод байгуулж, жилд 40 тн орчим баямал үйлдвэрлэж эцсийн бүтээгдэхүүнээ Америк, Хятад улс руу экспортолж байна.

Забайкальскийн хязгаарын Красночикойскийн районы цагаан тугалганы орд нөөц багатай, одоогоор хаалттай байна. Буриад улсын Джидинскийн районд дунд зэргийн нөөцтэй Боргойск (дунджаар 19.8% агууламжтай) ба Боцинскийн (дунджаар 21.4% агууламжтай) нефелин агуулагч чулуулгийн ордуудыг урьдчилан судалсан нь одоогоор ашиглагдаагүй байна.

Ховор металл. Буриад улсын Кижингинскийн районд байдаг бериллийн хүдрийн Ермаковскийн орд Орос улсын бериллийн нөөцийн 80%-ийг бүрдүүлэх бөгөөд хүдрийн найрлага дахь металлын агууламжаар хосгүй. Энэ ордыг 1978 оноос Забайкальскийн уулын баяжуулах үйлдвэр ашиглаж байгаад 1990 онд үйл ажиллагаа нь хаагджээ. Бериллий бол цөмийн, агаар сансрын, нисэх хүчний аж үйлдвэр болон телевизийн шугам сүлжээний тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бүтээхэд шаардлагатай стратегийн ач холбогдолтой металл юм. Орос улсад энэ металлын хэрэгцээг одоо импортоор хангаж байна.

Северо-Байкальскийн районд Байгаль нуурын байгалийн цогцолборт газрын экологийн Төв бүсийн хил дотор иттрийн бүлгийн газрын ховор элементийн 3 орд газар (Честэнск, Акитск, Прямой-II) бий бөгөөд нөөц ихтэй, холбооны улсын хэмжээний ач холбогдолтой тул улсын бэлтгэлд нөөцлөгджээ.

Үнэт металл. Байгаль нуурын сав газрын Орос улсын хилийн доторхи нутагт (ашиглаж дууссан Красночикойскийн районы Воскресенскийн ордоос өөр) алтны хүдрийн үндсэн орд байхгүй. Бага ба дунд зэргийн нөөцтэй алтны шороон ордууд (Джидинск, Намаминск, Ямбуй-Толутайск, Чикойск, Бальджиканск) бий боловч Буриад улсад сүүлийн гурван жилд алт олборлолт бараг явагдаагүй аж. Харин Забайкальскийн хязгаарын Красночикойскийн районд алт хайгч дөрвөн артель задгай усан механизмын аргаар жил дутам 300-400 кг алт олборложээ.

Монгол улсын хувьд алт бол зэсийн дараа орох их нөөцтэй. Алтны хүдрийг үйлдвэрлэлийн аргаар олборлох ажиллагаа Монголд 20-р зууны эхнээс Ерөө, Бороо голын сав, Хөвсгөл орчимд өрнөжээ. Алтны үндсэн ордууд нь судлын шинжтэй, цөөнх тохиолдолд эрдэсжлийн бүсүүд байна. Нөөц ихтэй томоохон үндсэн ордуудын тоонд Бороо-Зуун модны районы Бороогийн орд, Заамарын районы Бумбат орд орох бөгөөд зарим хавтан үеүүдийн алтны агууламж 10г/тн хүрнэ. Дээрх хоёр ордны эхнийхээс жилд 5тн, дараачийнхаас жилд 1.5тн металл олборлож байна. Эдгээрээс гадна одоо Нарантолгой, Нарийн голын ордууд дээр хүдрийн алтны олборлолт явуулж байна.

Алтны шороон ордуудын олонхи нь гадарга орчмын нэг хавтан үетэй, бага ба дунд зэргийн нөөцтэй байдаг бол хоёр хавтан үетэй, нөөц ихтэй шороон орд цөөн тохиолдоно. Гүн давхаргатай нь бүр ч ховор. Шороон ордуудыг томоохон компаниуд ашиглаж дууссаны дараа үлдсэн газар дээр нь хувиараа алт хайгчид бөөн бөөнөөрөө ирж ажилладаг. Ингэж хувиараа алт олборлодог хүмүүсийн тоо албан ёсны мэдээгээр 10 мянга гаруйд хүрч гол усны эх, голуудын хөндий дагуу алт угаах ажиллагаа өрнөснөөс болж голын урсац хомсдох, хөрс, ус бохирдох, бэлчээр доройтох үзэгдэл газар авч, тэр ч байтугай нууцаар мөнгөн ус, цианид хэрэглэж буй нь экологийн байдлыг хурцатгаж байна.

Зураг дээр металлын эрдэс түүхий эдийн ордуудын байрлал, тэдгээрийн хэмжээ, ашигт малтмалын төрлүүдийг тэмдгийн аргаар үзүүлэв. Түүнчлэн уулын боловсруулах үйлдвэрүүдийг тэмдгээр харуулж, олборлолтынх нь хэмжээг тэмдгийн том жижгийн хэмжээгээр илэрхийлэв. Металлуудын хүдэр олборлолт жилд 1-ээс 10 сая.тн хүрч байвал том үйлдвэр, 0.1-1 сая.тн байвал дунд зэргийн, 0.1 сая.тн-оос бага байвал жижиг үйлдвэр гэж ангилав. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр жилд 20 сая.тн гаруй хүдэр олборлодог тул хамгийн том үйлдвэрт тооцогдоно. Алтны уурхайнуудын хувьд хүдрийн олборлолт жилд 1 тн-оос их байвал – том, 0.1-1тн байвал – дунд зэрэг, 0.1тн-оос бага бол – жижиг гэж ангилав. Тэмдгийн өнгө нь үйлдвэрийн газрын ашиглалтын үе шатыг – ашиглалтад байгаа, төлөвлөж байгаа, баригдаж байгааг илэрхийлнэ. Тэмдгийг гадуур нь хүрээлсэн байвал далд аргаар олборлолт явуулдгийг заана. Алтны шороон ордтой газруудыг дэвсгэр зургаар үзүүлэв.

Document Actions
Document Actions
Navigation
IW:LEARN