049. Уур амьсгалын амралт, зугаалгад таатай нөхцөл

49. Уур амьсгалын рекреацын нөөц

Томруулж харах

Уур амьсгалын амралт, зугаалгад таатай нөхцөл

Нарны гэрэлтүүлэх хугацаа удаан (сав нутгийн өмнөт хэсэгт жилд 2400 цаг, хойт хэсэгт 1500 цаг), дулааны хангамж харьцангуй өргөн хэлбэлзэлтэй (10˚С-аас дээших хоногийн дундаж температурын нийлбэр сав нутгийн өмнөт хэсэгт жилд 2400 ˚С, өндөр уулст 244˚С), хотгор газраар нам температуртай хугацаа удаан үргэлжилдэг, салхины хурд их биш зэрэг уур амьсгалын хүчин зүйлүүдийн хам шинж хүмүүсийн амралтын улиралд хэр тохиромжтой болох нь нутаг нутагт их ялгаатай. Том жижиг хотгорууд, голуудын хөндий, нам, дундаж өндөр, өндөр уулс зэрэг янз бүрийн хэв шинжтэй нутгуудад уур амьсгалын суурь шинж өөр өөр  байдаг хэдий ч уур амьсгалын үндсэн төлөв байдлыг тодорхойлогч олон талт үзүүлэлтүүдийн хүнд нөлөөлөх хам үйлчлэл нь ижил үр дагавартай байж болох юм. Агаарын чийгшил ба салхины хурд өөр өөр байхад агаарын температур нь ижил байлаа ч хүний биед нөлөөлөх түүний дулааны үйлчлэл адилгүй байна.

Хүний биеийн дулааны байдалд нөлөөлөх уур амьсгалын хам шинжийг тодорхойлохын тулд Г.Миссенардын тусгай томъёог хэрэглэн хэвийн-тэнцүү ашигт температур гэгчийг тооцож гаргадаг. Хүмүүсийн гадаа орчинд дасан зохицох чадвараас шалтгаалан дулааны ая тухтай мэдрэмжийн түвшин нэлээд их хэлбэлзэлтэй байна. Эрс тэс ялгаатай нутгуудын суурь үнэлгээг гаргахын тулд 8°С-аас дээш хэвийн-тэнцүү ашигт температуртай үеийн үргэлжлэх хугацааг ашигласан нь үр дүнтэй болжээ.

Энд авсан (Q­­­­np) температур нь өвлийн улиралд агаарын температур ба салхины хурд хоёрын хавсармал үйлчлэлийн нөлөөгөөр хүний биеийн ил гадаргаас алдагдах дулааны алдагдлыг илэрхийлнэ. Температурын хэмжээ -32˚С-аас доошоо болоход осгох боломж нэмэгдэж, гадаа задгай агаарт амрахыг хязгаарлана. Хүмүүсийн амралтад тохирох ая тухтай уур амьсгалын нөөцийг тодорхойлох хамгийн чухал үзүүлэлт болох хэвийн-тэнцүү ашигт температур 8 ˚С-аас дээш байх үеийн үргэлжлэх хугацаа, түүнийг хязгаарлагч Qnp -32 ˚С-аас доош гэсэн хоёр хам шинжийг зурагт цогц байдлаар харуулсан байна. Эдгээр үзүүлэлтийн улирлын явц нь нутаг орны уур амьсгалын рекреацийн боломжийн тухай ерөнхий ойлголтыг тодотгож өгнө.

Дээрх үзүүлэлтүүдийн орон зайн хуваарилалт нэг талаас уур амьсгал бүрдүүлэгч үндсэн хүчин зүйлүүд болох нарны цацраг ба агаарын орчил хөдөлгөөн, нөгөө талаас бичил уур амьсгалын ялгаа, өргөргийн ба өндрийн бүсшлийн илрэл, хүн амын амралтын орон нутгийн онцлог зэрэгт нөлөөлдөг газрын гадаргын нөхцөл хийгээд эдгээр бүх хүчин зүйлийн харилцан үйлчлэлээс шалтгаална. Зуны улиралд уур амьсгалын горимыг бүрдүүлэгч өргөргийн хүчин зүйлээс гадна ландшафтын олон янзын төрх байдал сав нутгийн байгальд чухал нөлөө үзүүлнэ. Тал хөндийн бэсрэг уур амьсгал, голын хөндий, уулын бэл хажуу, тал газрыг эзэлсэн хээрийн, нугын, ой-тайгын, нарсан ойн үзэсгэлэнт ландшафт хүн амын амралт, эмчилгээ сувиллыг зохион байгуулах өргөн боломжийг бүрдүүлнэ. Энэ нутагт хэвийн-тэнцүү ашигт температур 8 ˚С-аас дээш байх тааламжтай үеийн үргэлжлэх хугацаа хамгийн урт (70 өдрөөс илүү) байна. Уулархаг нутаг болон бараан шилмүүст ой бүхий уул хоорондын хөндий, намгархаг газрууд бүхэлдээ уур амьсгалын рекреацийн нөөцөөр сайн биш, тааламжтай үеийн үргэлжлэх хугацаа 40-70 хоног байна. Уулын тайгын ландшафт бүхий уулын оройн хэсэг ба хажуунууд , хар шилмүүсэн ойтой өндөрлөг газар рекреацийн нөөцөөр хангалтгүй, тааламжтай үеийн үргэлжлэх  хугацаа нь 40 өдрөөс цөөн байна. Ян сарьдаг, уулын нуга, тундр бүхий өндөр уулуудад хэвийн-тэнцүү ашигт температурын дундаж ихэнхдээ 8 ˚С хүрдэггүй аж.

Өвлийн улиралд уур амьсгалын рекреацийн боломж бага байдаг нь агаарын орчил урсгал ба астрономын хүчин зүйлүүдээс шалтгаална. Зуны улиралд уур амьсгалын нөөцөөр бага ялгардаг газрууд (тал хөндий, нам уулс, нарийн хөндий) өвөл эрс тэс  ялгаатай болдог нь өргөргийн бүсшлийн нөлөөлөлтэй холбоотой. Өвөл задгай агаарт амралт зохион байгуулах хязгаарлагдмал боломж бүхий хугацаа сав нутгийн хойт ба өмнөт хэсэгт бараг хоёр дахин ялгаатай байна. Мөн өвлийн цагт уулс хоорондын битүү хотгор, нарийн хөндийд -32 ˚С-аас доош температуртай үе арай удаан үергэлжлэх тул уулын энгэр хажуунуудад арай тааламжтай нөхцөл бүрдэх ч бий. Өвлийн уур амьсгал задгай тал газар илүү хүйтэн ширүүн байдаг нь салхины горим нөлөөлснийх.

Байгаль нуурын эрэг дагуу нутагт нэлээд өвөрмөц нөхцөл байдал ажиглагдана. Нуурын усны масс өвлийн улиралд дулааруулах, зуны улиралд сэрүүцүүлэх нөлөө үзүүлэх тул түүний нөлөөллийн бүсээс гадна орших нутагтай харьцуулахад нуурын эрэг орчимд ландшафтын уур амьсгал-физиологийн тааламжтай байдал буурсан хандлага ажиглагдана. Энэ нь юуны өмнө эх газар, нуурын хоорондох температурын хэвтээ чиглэлийн зөрүү их, тэр нь хүчтэй салхи байн байн үүсэх нөхцлийг бүрдүүлдэгтэй холбоотой. Салхи нь маш олон янз, урьдаас мэдэх боломжгүй, хурдны өөрчлөлт ихтэй байдаг. Иймээс эрэг орчмын зарим газар, ялангуяа баруун эрэг дагуух нарс, шинэсэн ойтой уулын тайгын ландшафттай газраар хэвийн тэнцүү ашигт температур 8 ˚С-аас дээш байх тааламжтай өдрийн тоо хамгийн цөөн (40 хоногоос доош) байна. Гэтэл тэндхийн салхинаас хамгаалагдсан нөмөр газруудад (Песчаная булан, Кученга голын хөндий гэх мэт) амралтын нөхцөл хэвийн байдалтай байна. Өвлийн улиралд уур амьсгалын рекреацийн нөхцөл газар нутгийн байрлалаас шалтгаалах нь илүүтэй ажиглагддаг. Нуурын эрэг дагуух зуны улиралд тааламжтай байдаг газруудад өвөл -32 ˚С-аас доош температуртай үеийн үргэлжлэх хугацаа ихээхэн ялгаатай байдаг.

Нийтэд нь авч үзэхэд Байгаль нуурын сав газрын уур амьсгалын рекреацийн нөөц нэлээд жигд биш байна. Тааламжтай хугацаа богинотой, рашаан шаврын нөөцтэй газруудад мэргэжлийн асрамж-сувиллын эмчилгээг зохион байгуулах боломж бий. Энэ талаар Хангайн дундаж уулс, Орхон Сэлэнгийн хоорондох нутаг илүү сонирхолтой. Уур амьсгалын нөөцийн хувьд аялал жуулчлал, суурин амралт өргөн хэмжээгээр хөгжүүлэхэд тохиромжтой нутаг хангалттай бий. Байгаль нуур, Хөвсгөлийн эрэг орчмын нутаг дулааны хангамжаар тааруу, температур-салхины горимын хэлбэлзэл ихтэй байдаг учраас зөвхөн эрүүл хүмүүсийн амралт зугаалгад тохиромжтой. Чийг дулааны солилцооны онцлог болон орон нутгийн агаарын урсгалын горимоос шалтгаалж амралт аялалын янз бүрийн төрлүүдийг зохион байгуулах цаг үе адилгүй байх нь ойлгомжтой. Жишээ нь: Байгаль нуурын урд эрэг дагуух Хамар Давааны хажуунууд цас ихтэй, салхи-температурын горим нь зохистой байдаг учраас тэнд өвлийн амралт зохион байгуулахад илүү тохиромжтой байдаг бол Байгаль нуурын дунд хэсгийн эрэг дагуу нарлаг өдрүүд удаан үргэлжилдэг учраас зуны амралт зугаалгад илүү таарамжтай байдаг.

Уур амьсгалын рекреацийн нөөцийг үнэлсэн янз бүрийн масштабын судалгаа, зураглалын ажлын туршлагаас харахад хүний амралт сувилалд шаардлагатай уур амьсгалын нөөц нь тухайн нутаг орны бичил уур амьсгалын нөхцөлөөс шалтгаалж өргөргийн шинжтэй суурь үзүүлэлтээс сайн  байх тохиолдол цөөнгүй гардаг. Иймд хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх зорилгоор тодорхой районыг сонгох хэрэг гарвал уур амьсгалын рекреацийн нөөцийн асуудлаар бүх талын хяналт шинжилгээ хийлгэж байх нь чухал.

Ашигласан хэвлэл

Башалханова Л.Б., Веселова В.Н., Корытный Л.М. Ресурсное измерение социальных условий жизнедеятельности населения. – Новосибирск: Академическое изд-во «Гео». – 2012. – 221 с.

Ландшафты юга Восточной Сибири (карта). - М.: 1:1 500 000. Михеев В.С., В.А.Ряшин. – М.ГУГК,1977. – 4л.

Национальный атлас  Монгольской  народной Республики

Document Actions
Navigation
IW:LEARN