You are here: Home / ГЗМС (GIS) / Байгаль нуурын сав газрын экологийн атлас

Atlas

035. Хөрс

35. Хөрс

Томруулж харах

Хөрс

Зураг дээр хөрсний бүлгэмдлүүдийн тархалтыг үзүүлсэн бөгөөд бүлгэмдлийн доторх хөрсний хослол нь бэсрэг ба бичил хотгор гүдгэрийн онцлог, зүг зовхисын ялгаа, эх чулуулгийн олон янз байдлаас шалтгаалж өөр өөрөөр илэрсэн байна. Таних тэмдгүүдийн нэрийн эхэнд зонхилогч хөрсийг, дараа нь дагалдагч ба тохиолдлын шинжтэй хөрсний нэрийг жагсаав. Хөрсний ихэнх нь хэвшинжийн түвшинд, цөөхөн нь дэд хэвшинжийн түвшинд ялгарна.

Хөрсний тархалтад өргөрөгийн ба өндрийн бүсшлийн зүй тогтол зонхилох боловч уулын хажуунуудын зүг зовхисын ялгаа, хотгорын бүсшил, мөнх цэвдгийн нөлөө багагүй үүрэгтэй. Байгаль нуур орчмын уулын тайга болон уулархаг тэгш өндөрлөгт нимгэн давхаргатай чандруулаг ба бордуу хөрс голлож хүлэрлэг бордуу, ширэгт чандруулаг хөрс бага шиг тархана. Эдгээр уулсын бэл хормой, Ольхон орчмын нутгаар хүрэн хөрстэй, хуурай хээрийн ландшафт тархсан нь уулын хуурайшуулах нөлөөтэй холбоотой. Хамар даваа, Муйск, Дээд Ангарск, Баргузин, Саяны нуруу, Хөвсгөл орчмын уулс болон Хангайн нурууны хамгийн өндөр оргилуудад хад-шороон хөрс, хүлэрлэг чулуу-шороон, бүдүүн ялзмагт чулуу-шороон хөрс, хүлэрлэг цэвдэг-шороон хөрс, бүдүүн ялзмагт цэвдэг-шороон хөрс, цэвдэгт чулуу-шороон хөрс зонхилох суурийг эзлэх бөгөөд заримдаг тагийн нугархаг газраар бүдүүн ялзмагт, ялзмагт, бараан ялзмагт хөрс тархжээ.

Байгаль нуураас зүүн, зүүн өмнө зүгт орших уулын ой тайгад бордуу, чандруулаг, ширэгт чандруулаг, ширэгт бордуу, саарал ялзмагт, бүдүүн ялзмагт, бараан ялзмагт хэв шинжийн хөрсүүд тархдаг бол Монгол орны хойт хэсгийн уулын ой тайгад цэвдэгт бордуу , ширэгт бордуу болон бараан ялзмагт хөрсүүд голлож, харин чандруулаг хөрс ховор үзэгдэнэ. Хээрийн болон хуурай хээрийн ландшафт бүхий дундаж өндөр ба нам уулс, уулсын хоорондын өргөн хөндий хотгорууд, голын өндөр дэнжүүд нэлэнхийдээ хар шороон, хүрэн шороон хөрсөөр бүрхэгдэж уул, ухаа толгодын оройд чулуун-шороон хөрс, нугархаг шинжтэй харьцангуй нам хотос газраар бараан ялзмагт, саарал ялзмагт, далд глейрхэг хөрс, голуудын хөндий, татамд аллювийн ялзмагт-глейрхэг, хүлрэнцэр-глейрхэг,бараан ялзмагт, бараан ялзмагт  далд глейрхэг, аллювийн саарал ялзмагт, аллювийн үелсэн тогтоцтой хөрс тархаж хужир мараалаг хөрс мэр сэр тохиолдоно. Нуур усны эргэн тойрны хотгор хонхор газруудаар давсархаг болон нуга, намгийн, заримдаа цэвдэгтэй хөрс тархсан байна. Зуны үер бороо, хаврын хүчтэй салхи, шороон шуурганы нөлөөгөөр хөрсний элэгдэл, эвдрэл үүсч багагүй нутаг дэвсгэрийг хамарсан нь хүний аж ахуйн үйл ажиллагаатай холбож үзэх экологийн тулгамдсан асуудлын нэг болж байна.

Document Actions

036. Хүний үйл ажиллагааны нөлөөн доорх хөрсний тогтвортой байдал

36. Хүний үйл ажиллагааны нөлөөн доорх хөрсний тогтвортой байдал

Томруулж харах

Хөрсний тогтвортой байдал

Хөрсний тогтвортой байдал буюу гадны нөлөөллийг эсэргүүцэх чадвар, эвдэрч доройтсон шинж төрхөө сэргээх чадварт үнэлгээ өгөхдөө гадаад дотоод хүчин зүйлүүдийнг тооцож үзэх нь зүй. Хөрсний тогтвротой байх чанар талархаг гадаргатай налуу багатай газар харьцангуй илүү байдаг бол өндөршлийн түвшин нэмэгдэж хажуунууд нь эгц олгцом болох тусам тогтворжих чадвар нь бүхэлдээ багасдаг байна. Харьцах өндөр нь нэмэгдэх, хажуунууд нь эгц огцом болохын хэрээр шавранцар хурдас нимгэн давхаргатай сайр чулуурхаг хурдсаар солигдож бас дулаан хангамж муудах нь тодорхой. Хөрсөн бүрхэвчийг тогтвортой байх шинжээр нь доод, дунд, дундаас дээш, өдөр биш гэсэн 4 зэрэглэлд хувааж зурагласан ба зургийн таних тэмдэгт тэдгээрийн ялгааг тодорхойлжээ.

Document Actions

037. Хөрс - Экологийн мужлалт

37. Хөрс - экологийн мужлалт

Томруулж харах

Хөрс-Экологийн мужлалт

Уг мужлалтыг боловсруулахдаа “Эрхүү мужийн хөрс-экологийн мужлалт”(Кузьмин,2004), “Байгалийн бүс нутгийн хөрсний мужлалт” (Кузьмин, 1993), “Монгол орны хөрс-газарзүйн мужлалт” (Доржготов, 2009) зэрэг бүтээлүүд болон хөрсөн бүрхэвчийн зураг, олон нийтийн судалгааны үр дүнд цуглуулсан хөрс, байгаль орчны тухай мэдээлэл, геологи, геоморфологи, байгалийн бусад хам бүрдлийн тухай материалыг ашиглав.

Хөрс-экологийн мужлалтын зураг дээр 9 муж, 28 тойргийн ялгааг харуулав. Мужуудыг ялгахдаа газрын гадаргын өвөрмөц бүтэц, уулзүйн онцлог, био уур амьсгалын хүчин зүйл, байгаль-экологийн бүс, бүслүүрлэг шинжийг голлон харгалзав. Харин тойргуудыг ялгахдаа хурдас чулуулаг-геоморфологийн шинжийг баримталж хотгор гүдгэр ба хөрс үүсгэх эх чулуулгийн онцлогоос шалтгаалан хөрсөн бүрхэвчийн бүтцийн хэв шинжүүд нь тодорхой зүй тогтлоор сэлгэн байрласан нутаг дэвсгэрийн нэгжүүдийг тойрог болгон авчээ.

Хөрс-экологийн мужлалтыг үйлдэхдээ бүхэлдээ хөрсөн бүрхэвч бүрэлдэхэд нөлөөлөх байгалийн нөхцлийн бүх хам шинжийг анхааралдаа авч ландшафтын бусад хэсгүүдтэй хөрс ямар холбоотойг илрүүлэх оролдлого хийв. Хөрсөн бүрхэвчийн бүс нутгийн онцлогийг илрүүлэх нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн байршлыг оновчтой төлөвлөхөд хэрэгтэй төдийгүй хүний үйл ажиллагааны байгальд нөлөөлөх сөрөг үр дагаварыг сааруулах арга хэмжээг боловсруулахад ч бас хэрэгтэй.

Ашигласан хэвлэл

Доржготов Д., Батхишиг О. Почвы. Почвенно-географического районирование Монголии // Национальный Атлас Монголии, Улан-Батор. - 2009. - С. 120-122.

Доржготов Д. Классификация почв Монголии. - Улан-Батор, 1976, 170 с.

Доржготов Д. Почвы Монголии. – Улан-Батор, 2003, 370 с.

Классификация и диагностика почв России. Авторы и составители: Шишов Л.Л., Тонконогов В.Д., Лебедева И.И., Герасимова М.И. - Москва, Почвенный институт им. В.В. Докучаева РАСХН, 2013, http://soils.narod.ru/obekt/obekt.html.

Кузьмин В.А. Почвенный покров. Почвенно-экологическое районирование Иркутской области // Атлас Иркутской области, 2004. – С. 40-41.

Кузьмин В.А. Почвенное районирование // Атлас Байкала, 1993. – С. 130.

Убугунов Л.Л., Убугунова В.И., Бадмаев Н.Б., Гынинова А.Б., Убугунов В.Л., Балсанова Л.Д. Почвы Бурятии: разнообразие, систематика и классификация //
Вестник Бурятской государственной сельскохозяйственной академии им. В.Р. Филиппова, 2012, № 2. - С. 45-52.

Шишов Л.Л., Тонконогов В.Д., Лебедева И.И., Герасимова М.И. Классификация и диагностика почв России. Смоленск: Изд-во Ойкумена, 2004. - 342 с.

Document Actions
Document Actions
Navigation
IW:LEARN