Atlas
045. Металл бус түүхий эдийн үндсэн төрлүүд: нөөц ба олборлолт
Металл бус ашигт малтмалын төрөл: нөөц, ашиглалт
Металл бус ашигт малтмал нь аж үйлдвэрт чухал ач холбогдолтой. Байгаль нуурын сав нутагт уулын химийн, уулын техникийн, шил дурангийн түүхий эдийн, барилгын материалын, эрдэс бордооны, гоёл чимэглэлийн ба үнэт чулууны орд газрууд хангалттай бий.
Кварцын түүхий эдийн ашигт малтмал стратегийн эрдсийн нөөцөд тооцогддог. Сав нутгийн хэмжээнд хайгуул хийгдсэн ба аж үйлдвэрт ашиглахаар бэлтгэсэн кварцын түүхий эдийн багагүй нөөц бий. Тухайлбал, онцгой цэвэр талсжсан кварцын ордууд (Чулбонск, Надежное, Гоуджекитск гэх мэт) болон кварцитын (Черемшанск, Голоустенск) ордууд байдгийн ихэнх нь Буриад улсын нутагт оршино. Иймээс тэнд аж үйлдвэрийн өндөр технологийн салбарт зориулж кварцийн түүхий эдийг гүнзгий боловсруулах үйлдвэрүүд байгуулж, олон талстат цахиур үйлдвэрлэж, улмаар эрчим хүч хэмнэх систем бүтээх бүх урьдчилсан нөхцөл бий. Одоогоор Северо-Байкальскийн районы Чулбонскийн талсжин кварцын орд газрыг эзэмшиж гэрлэнцахилгаан систем шиг эцсийн бүтээгдэхүүн гаргаж авах төсөл боловсрогдоод байна.
Черемшанскийн орд газраас олборлож буй кварцитын түүхий эд маш өндөр чанартай тул техникийн цахиур, нүүрст цахиур, төмөрт цахиур үйлвэрлэх шаардлагыг хангах нь магад. Сүүлийн жилүүдэд нарны эрчим хүчний үйлдвэрт шаардагдах маш цэвэр цахиур гаргаж авах, мөн пьезокварцын монокристалл ургуулах зорилгоор кварцитын хамгийн цэвэр төрлүүдийг нарийвчлан судлах ажил явуулж байна. Тухайн ордыг 1992 оноос эхлэн ашиглаж үйлдвэрийн хүчин чадал нь жилд 200 мян. орчим тн хүрч Орос улсын хэмжээнд цахиурын хамгийн орчин үеийн үйлдвэрүүдийн нэг болсон төдийгүй тунгаамал цахиур үйлдвэрлэдэг цорын ганц нь юм.
Голоустенскийн орд газрын кварцитыг төмөрлөгийн үйлдвэрт галд тэсвэртэй тоосго хийхэд зориулан ашигладаг. Харин Ольхонскийн районд Байкальскийн нурууны зүүн хажууд байрладаг Заворотнинск, Среднекедровын хоёр том ордын бичил кварцит нь сайн чанарын хусагч-өнгөлөгч (абразив) түүхий эд болдог бөгөөд Заворотнинскийн ордыг 1975 оноос 1993 он хүртэл ашиглаж байгаад одоо улсын нөөц газар болгожээ.
Хайлуур жоншны түүхий эдийн нэлээд их нөөц Буриад улсын нутагт илэрчээ. Одоогийн байдлаар Еравнинскийн районы дунд зэргийн нөөцтэй Эгитинскийн ордыг ашиглаж тэндээс олборлосон хүдрийг Забайкальскийн уулын баяжуулах комбинатын баяжуулалтын үйлдвэрт боловсруулдаг. Сэлэнгийн районы Наранскийн ордыг хэсэг хугацаанд ашиглаж байгаад одоо дахин үйлдвэр байгуулахаар бэлтгэж байна. Хоронхой тосгоны ойролцоох Хиагтын хайлуур жоншны фабрик 1966 оноос өөрийн орон нутгийн түүхий эдээр ажиллаж байгаад дараа нь Монгол улсаас түүхий эдээ зөөдөг байв. Одоо энэ үйлдвэрийн үйл ажиллагаа зогсчээ.
Химийн цэвэр шохойн чулууны нөөц хангалттай бий. Ольхонскийн районд байдаг Усть-Ангинскийн орд, Занграевскийн районы одоо нүүрст кальций үйлдвэрлэхэд ашиглаж байгаа Билютинскийн орд, будаг лакийн үйлдвэрт ашиглаж байгаа Татарский ключийн орд зэргийг нэрлэж болно. Мөн Тарабукинскийн орд газрын доломитын нөөцийг шилний болон төмөрлөгийн үйлдвэрт түүхий эд болгон ашиглаж байна.
Фосфатын түүхий эдийн орд газрууд гэвэл Байгаль нуур орчимд Ольхонскийн районы Сарминскийн фосфоритын орд, Слюдянскийн районы Слюдянскийн апатитын орд, мөн Монгол улсын нутаг дахь Хөвсгөлийн фосфоритын сав газрын үелсэн давхаргуудаас тогтсон их хэмжээний нөөцтэй фосфоритын орд газруудыг дурьдаж болно. Хөвсгөлийн орд газрууд нь нуураасаа ойрхон байрлах тул олборлолт явуулахад бэрхшээлтэй. Улан-Үдэ хотын ойролцоох Ошурковскийн томоохон хэмжээний апатитын ордыг ашиглалтад оруулахаар бэлтгэж байна. Баталгаат нөөцийг үндэслэн эхний ээлжинд Забайкальскийн апатитийн заводыг барьсан боловч Байгаль нуурын экологийн төлөв байдлыг доройтуулж болзошгүйн улмаас баяжуулах фабрик байгуулж байх үед үйл ажиллагааг нь хаажээ. Одоогоор хүдэр олборлох ба баяжуулах байгальд ээлтэй технологийн үндсэн дээр орд газрыг ашиглах төсөл боловсруулаад байна. Өнөөдөр фосфорын бордоо үйлдвэрлэхэд шаардагдах түүхий эдийн баазыг нэмэгдүүлэх асуудал Орос орны эдийн засгийн аюулгүй байдалтай холбогдох хэмжээнд хүрчээ. Үйлдвэрлэхээр төлөвлөж буй апатитын баяжмалын хэмжээ жилд 500 мян.тн, түүний дагалдах бүтээгдэхүүн болох үйрмэг чулуу бас 500 мян.тн хүрнэ.
Шаазан ваарны шавар болон галд тэсвэртэй түүхий эдийн орд газруудаас: Шаазангийн “Сибфарфор” фабрикийг түүхий эдээр хангадаг байсан Эрхүү мужийн Нарын-Кунтинскийн бичил шигдээст пегматитийн орд: 1784 оноос хойш 170 жилийн турш янз бүрийн шилэн эдлэл хийдэг байсан Тальцинскийн заводын гол бааз Харгинскийн шилний элсний орд: Харьцангуй шинэ төрлийн эрдсийн түүхий эд болох волластонитын нөөц бүхий Асямовскийн орд: Буриад улсын өмнөт хэсэгт орших Черная Сопкийн силлиманитовын (их шаварлаг шороот) занарын ордыг дурьдаж болно. Черная Сопкийн занарын ордын хүдэр нь энгийн эрдэст найрлагатай, баяжуулахад хялбар тул түүнийг түшиглэн силлиманитын ба кварцын таваарлаг бүтээгдэхүүн гаргаж авах хаягдалгүй үйлдвэр байгуулж болох юм. Дээр дурьдсан бүх ордууд одоогоор улсын нөөцөд хадгалагдаж байна.
Гялтагнуур-флогопитын орд Байгаль нуурын өмнөт хэсэгт 18-р зууны хоёрдугаар хагасаас мэдэгдсэн бөгөөд уг ордыг цахилгаан техникийн аж үйлдвэрийн хөгжилтэй уялдаж 1924 оноос ил ба далд аргаар тогтмол олборлож байгаад 1973 онд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хаажээ. Тэрхүү Слюдянскийн районы ордоос жил бүр 4-7 мян.тн сайн чанарын түүхий эд олборлодог байв.
Бал чулууны хоёр томоохон орд байдгийн нэг нь Слюдянскийн районы Безымянный орд, нөгөө нь Кабанскийн районы Боярскийн орд. Эхний орд нь сайн чанарын хүдэртэй, баяжуулалт хийхэд хялбар боловч Байгаль нууртай маш ойр байрладаг. Баярскийн орд нөөц ихтэй, хүдрийн найрлага дахь графитын агууламж дунд зэрэг, тээврийн газарзүйн байрлал сайнтай тул түүнийг ашиглахад эдийн засгийн үр ашиг өндөр байх боломжтой.
Байгаль нуурын сав нутгийн нэлээд хэсэгт өнгөрсөн хугацаанд галт уулын үйл ажиллагаа идэвхтэй байсан тул түүний бүтээгдэхүүн болох перлитийн орд хэд хэд бий. Тэдгээрээс хамгийн их нөөцтэй нь Мухор-Талинск, Закулстинск, Холинскийн ордууд юм. Одоогийн байдлаар Мухор-Талинскийн орд газарт үйлдвэрлэл явуулж байгаа бөгөөд олборлолтын хэмжээ нь сүүлийн гурван жилд жил дутам 1-10 мян.м3 түүхий эд гаргаж байна. Забайкальскийн хязгаар ба Буриад улсын хил дээр оршдог Холинскийн перлит, цеолитын ордыг түшиглэн уулын олборлох үйлдвэр байгуулсан бөгөөд одоогоор олборлолтын түвшин нь өндөр биш ердөө 0,8 мян.тн цеолит гаргаж аваад байна.
Бүс нутгийн хэмжээнд гоёл чимэглэлийн ба үнэт эрдэнийн чулууны ашиглаж байгаа ордууд бий. Тухайлбал, Забайкальскийн районд турмалин гэдэг гоёлын чулууны хосгүй ордыг малтаж ашиглаж буй нь Орос улсын хэмжээнд ганцхан юм. Буриад улсын Харгантинскийн орд газарт жил бүр 20 тн нефритийн түүхий эд олборлож байна. Мөн Хамархудинскийн нефритийн ордын ашиглалтыг эхлүүлж 2012 онд 510 тн чулуу олборложээ.
Байгаль нуурын сав газар барилгын эрдэс материалын түүхий эдийн нөөцөөр нэн баялаг. Энд цементийн, тоосгоны, элс-хайрганы, барилгын ба өнгөлгөөний чулууны түүхий эдийн орд газар олон бий. Ангарскийн цементийн заводын түүхий эдийг Слюдянскийн цементийн гантиг чулууны томоохон орд хангадаг бөгөөд уг уурхай жилд 900 мян.тн орчим бүтээгдэхүүн нийлүүлдэг аж. Таракановскийн цементийн шохойн чулууны орд, Тимлюйскийн шавранцарын орд хоёр Тимлюйскийн цементийн заводыг түүхий эдээр хангаж жилд дунджаар 240-400 мян.тн шохойн чулуу, 20-35 мян.тн шавранцар олборлодог байна. Өнгөлгөөний чулууны нөөцийн хувьд Байгаль нуурын баруун ба зүүн өмнөт эрэг орчим оршдог Буровщиний, Ново-Буровщиний ягаан гантигийн орд, мөн цасан цагаанаас утаан саарал хүртэл янз бүрийн өнгө туяатай баримал чимэглэлийн гантиг бүхий Бугульдейскийн ордыг нэрлэж болно. Барилгын чулууны хувьд Эрхүү мужийн дунд зэргийн нөөцтэй Ангасольскийн орд, Забайкальскийн хязгаарын ихээхэн нөөцтэй Жипхегенский ордыг ашиглаж хайрган чулууны заводуудыг түүхий эдээр хангадаг. Барилгын чулууны Байкальск, Ермолаевск, Динамитийн гэх мэт ордууд Байгаль нуурын эргийн зурваст оршдог тул тэдгээрийг олборлох боломжгүй юм. Мөн Северо-Байкальскийн районд Ирканинск, Прибайкалийн орчимд Муринск, Хужирскийн тоосгоны ба шаазан ваарны шаврын ордууд, Утуликскийн элс-хайрганы орд, Паньковскийн барилгын элсний орд зэрэг олон газрыг судалж илрүүлсэн байна.
Бусад ашигт малтмалын тухайд гэвэл Зангодинск, Калинишенскийн эрдэс будгийн орд, Хаянскийн хүрэн шаврын орд, мөн чулуун цутгамалын түүхий эдийн, сульфат-натрийн давсны ордуудыг дурдахад хангалттай.
Монгол улс дахь Байгаль нуурын сав нутагт асбест, гөлтгөнө, бал чулуу, тальк (танар), магнезит, бентонит, гоёл чимэглэлийн чулуу (нефрит, серпентинит, оюу, мана гэх мэт), кварцын түүхий эд, эрдэс давсны багавтар ордууд бий. Барилгын материалын түүхий эдээс тоосгоны ба ваар шаазангийн шавар, элс-хайрга, барилгын элс, чулууны ордуудыг ашиглаж байна.
Зураг дээр металл бус түүхий эдийн үндсэн ордуудыг, тэдгээрийн хэмжээ, ашигт малтмалын төрөл зүйлийг харгалзан тэмдгийн аргаар үзүүлсэн бөгөөд мөн уулын олборлох үйлдвэрүүдийг сүүлийн 3-5 жилийн хугацааны олборлолтын дундаж хэмжээгээр, төлөвлөгдсөн ба барьж байгаа үйлдвэрүүдийг тооцоот хүчин чадлаар нь тус тус ялгаж тэмдгүүдээр дүрслэн харуулав. Тэмдгийн өнгө нь тухайн үйлдвэрийн ашиглалтын үе шатыг илэрхийлнэ. Хөвсгөлийн фосфоритын сав газрыг дэвсгэр зургаар үзүүлэв.
Document Actions
046. Усны нөөц ба усны хэрэглээ
Усны нөөц ба түүний хэрэглээ
Байгаль нуурын сав газарт 10.4 мянга орчим гол, горхи бий. Сав газрын зүүн өмнөд ба зүүн хойт хэсэгт усан сүлжээ элбэгтэй, бусад хэсэгт харьцангуй бага учраас Байгаль нуурын сав газар усан сүлжээний тэгш бус хэмтэй. Томоохон цутгал гол бол Сэлэнгэ мөрөн, түүний баруун гар талаас цутгах Цөх, Хялга, Үүд гол ба Баргажин, Дээд Ангар зэрэг гол болно. Усны нөөцийн 53 % Буриад, 27% Монгол улс, 16% Байгалын чанад, 4% Эрхүү мужийн тус тус нутаг дэвсгэрт бүрдэнэ. Байгаль нуурын жилийн дундаж цутгал урсац Ангар мөрнөөр гарахдаа 60 км3 болно.
Голууд ихэнхдээ 1200-1400 м өндрөөс эх аван урсана. Иймээс голууд эхэндээ, түүнчлэн ихэнх нь нийт уртын дагуудаа уулын голын шинжийг агуулна. Эдгээр голын хөндий гүнзгий хавцалтай, чулуурхаг голдрилтой. Иймд голын хөндийн дийлэнх хэсэгт татам үл ажиглагдана. Зөвхөн томоохон гол дунд ба адагтаа талын голын шинжтэй болно [Гидроклиматические …, 2013].
Байгаль нуурын хамгийн том цутгал Сэлэнгэ мөрөн, Баргажин гол, нуурын баруунаа орших уулсын хажуугаас усжих Сарма, Бүгүлдейк, Ангар зэрэг нь хамгийн эртний голын системийг бүрдүүлнэ. Нуурын хойт ба зүүн өмнөөс усжих Утулик, Тыя, Дээд Ангар, Турк болон бусад голын сав харьцангуй залуу систем юм.
Гол мөрний услагийн зураглалд бүтцийн гидрографын аргыг хэрэглэв. Сав газрын усан сүлжээг бүхэлд нь хамруулан түүний бүтэц ба дундаж услагтай уялдуулан урсацын тооцоог дурын цэг бүрд хийв [Амосова, Ильичева, Корытный, 2012]. Топозургаар усан сүлжээг тодорхойлж, голын бэлчир бүрд бүтцийн үзүүлэлтүүдийг тогтоов. Усны өнгөрөлтийг (Q, м3/с) тухайн цэг дэх бүтцийн хэмжээсийн үзүүлэлтэд харьцуулан бүтцийн модулийг тодорхойлов. Ус судлалын 105 харуулын олон жилийн дундаж урсацын мэдээг энд ашиглав [Ресурсы …, 1972; Гидрологический …, 1977].
Голын услагийн тархацыг тэдгээрийн уртын дагууд эпюрээр зураглан үзүүлэв. Голын дагууд бэлчир бүрд голын услагаас хамааран эпюрийн өргөн өөрчлөгдөнө. Усны өнгөрөлтийн хэлбэлзлийн агууриг их байгаатай уялдуулан (> 500 м3/с, 50–500 м3/с ба 5–50 м3/с) гурван зайцаар эпюрийг байгуулав. Олон жилийн дундаж өнгөрөлт 5 м3/с-ээс бага голыг зураглалд оруулахад хүндрэлтэй учраас өнгөрөлтийн уг хязгаараас дээших голыг зураглалд хамруулав [Корытный, 2001].
Засаг захиргааны хилээр хязгаарлан орон нутгийн болон нийт урсацыг тогтоов. Орон нутгийн урсацаар хангах усан хангамжийн хэмжээг 5 зайцаар илэрхийлэв. Байгаль нуурын хотгорын хойт ба өмнөд уулсаас усжих голын савд усан хангамжийн хамгийн их нөөцтэй байна. Монгол орны нутаг дахь Сэлэнгэ мөрний сав газрын хэсэгт засаг захиргааны нэгжийн хүрээнд бүрдэх орон нутгийн урсацаар хангах усан хангамжийн нөхцөл тун ядмаг (0.05-аас бага, 0.05-0.15 км3/жил) байна.
Ус ашиглалтын зориулалтаас хамааруулан тойргийн голч ус ашиглалтын хэмжээтэй шууд хамааралтай байхаар, түүний хэмжээг тойргоор, процентоор дүрслэн үзүүлэв. Байгаль нуурын сав газарт 2011 онд 502050 мян.м3 усыг ашиглаж, үүнээс 56440 мян.м3 усыг унд ахуйн, 389170 мян. м3 усыг үйлдвэрлэлийн, 56440 мян.м3 усыг ХАА-н зориулалтаар ашиглаж байна. Усны дийлэнхийг Сэлэнгэ мөрнөөс авч ашиглаж байна. Улаан-Үүд, Северобайкальск зэрэг хотууд хамгийн их ус ашиглагчид болно.
Ашигласан ном хэвлэл
Амосова И.Ю., Ильичева Е.А., Корытный Л.М. Структурно-гидрографические закономерности строения речной сети Байкальской природной территории // www.channel2012.ru - Томск, 2012.
Гидрологический режим рек бассейна р. Селенги и методы его расчета / Под ред. В.А. Семенова и Б. Мягмаржава.- Л.: Гидрометеоиздат, 1977. – 237 с.
Гидроклиматические исследования Байкальской природной территории / Под. ред.Л.М. Корытного. - Новосибирск: Академическое изд-во «ГЕО», 2013. - 186 с.
Document Actions
047. Газрын доорх усны нөөц
Газрын доорх усны байгалийн нөөц
Энэ зургийг зохиохдоо газрын доорх усны байгалийн нөөцийн (газрын доорх урсацын модулиар илэрхийлсэн) хэмжээг талбайн аргаар дүрслэх зарчмыг баримтлав. Газрын доорх усны нөөцийн үнэлгээг хийхдээ голын нийт урсацын усзүйг хэсэгчлэн хуваахад хэрэглэсэн гидрологи-геохимийн иж бүрэн аргыг үндэслэл болгосон юм. Зураглал үйлдэхдээ геологи-гидрогеологийн нэг ижил нөхцөлтэй, урсацын ажиглалт нь хангалттай урт хугацааг хамарсан, нэг уст хам бүрдлийн хязгаар дотор оршдог голуудын ус хураалтын суурь хэмжээг харуулав. Хэрвээ урсацын мэдээ байхгүй буюу ганц нэгийн төдий байх тохиолдолд тухайн нутгийг зураглахдаа гидрологи- гидрогеологийн адилтгалын аргыг хэрэглэв.
Зургийн өнгө будгийн ялгааг гаргахдаа газрын доорх урсацын модуль бага хэмжээтэй байвал хүйтэн өнгөөр, их хэмжээтэй байвал дулаан өнгөөр үзүүлэв. Цагаан өнгөтэй спектрийн захын утгууд нь газрын доорх урсацын туйлын хэмжээсүүдтэй тохирно. Газрын доорх усны байгалийн нөөцийн хэмжээг илэрхийлсэн дэс дараалал болон ангилсан шатлалыг боловсруулахдаа тухайн нутагт хэрэглэдэг тулгуур материалыг ашиглав. Монголын нутагт газрын доорх урсацын модулийн утга өндөр биш учраас доод шатны ангиудыг илүү жижигрүүлэн хуваах хэрэгтэй болсон.
Байгаль нуурын сав нутгийн хэмжээнд газрын доорх усны байгалийн нөөцийн нутагт дэвсгэрийн хуваарилалт туйлын жигд биш боловч ерөнхийдөө өндрийн ба өргөрөгийн бүсшилийн зүй тогтолд захирагдаг байна. Гидрогеологийн нөхцөл нь ээдрээтэй сав газруудад газрын доорхи урсацын модулийн утга нэлээд хазайлттай байна.
Ашигласан хэвлэл
Естественные ресурсы подземных вод юга Восточной Сибири. - Новосибирск: Наука, 1976. - 127 с.
Писарский Б.И. Закономерности формирования подземного стока бассейна озера Байкал. - Новосибирск: Наука, 1987. - 158 с.