Atlas
060. Байгалийн үзэсгэлэнт газар
Байгалийн нөөц: Байгаль нуурын сав газрын
ландшафт экологийн нөөц
Жижиг масштабын тойм зургуудаас бүрдсэн энэхүү бүлэг зураг Байгаль нуурын сав нутгийн ландшафтуудын экологийн нөөцийн ялгаа, хамгийн ерөнхий зүй тогтлыг харуулна. “Экологийн нөөц” гэдэг ойлголтыг “Экологийн чадамж” гэдэг ойлголттой адилтган хүмүүсийн оршин амьдрахад шаардагдах бүхий л нөхцлийг хангадаг, өөрөөр хэлбэл орон нутгийн шинжтэй өвөрмөц амьдрах орчныг бүрдүүлдэг ланшафтын чадавхи гэж үзлээ.
Бүлэг зургийн бүтцийг боловсруулахдаа байгалийн ланшафтуудыг зохистой ашиглах ба хамгаалах бүс нутгийн хөтөлбөрүүдийг мэдээллээр хангах практик зорилтыг шийдвэрлэхэд хэрэг болох талаас нь анхаарав.
Ландшафт экологийн
Энэ зурагт тив газрын хоёр том хэсэг (Хойт ба Төв Ази), байгалийн нөхцлийн гурван өөр хэв шинжид (умардын, гандуувтар, гандуу) хамаарагдах ландшафтуудын бүтцийн 16 хуваагдлыг ялган үзүүлэв.
Ландшафтуудын хэв шинжийн (сарьдагийн, цармын, дээд тайгын, тайгын, доод тайгын, хээрийн гэсэн) ангилал нь орчны босоо бүслүүрийн ялгаа, хотгорын болон уулын бэлийн нөлөөллийг тусгадаг бол ландшафтуудыг бүс нутгаар (Байгаль жугжурын өмнөд Сибирийн, Төв Азийн, Хангай-Дагуурын, Дундад Халх-Монголын гэж) ангилсан нь агаарын массын янз бүрийн чиглэлтэй (голдуу баруун ба зүүн тийш шилжих) ноёлох хөдөлгөөний нөлөөгөөр үүссэн орон нутгийн чанартай (секторлог) ялгааг илэрхийлнэ. Түүнчлэн бүс нутгаар ангилсан явдал Байгаль нуурын сав нутаг дахь байгалийн нөхцлийн хосгүй өвөрмөц бүрдэл, тэдгээрийн харилцан нэвтэрсэн байдлыг тодруулж өгнө.
Бодис-энергийн солилцооны онцлогийг харгалзан хойт Азийн сарьдагийн, тайгын, доод тайгын ландшафтыг байгалийн нөхцлөөр нь туйлширмал (экстремаль), буурмал, хязгаарлагдмал, хэвийн хөгжилтэй гэсэн дэд бүлгүүдэд хуваав. Мөн өмнөт Сибирийн ба Төв Азийн хээрийн ландшафтыг байгаа газрынх нь чийг хангамжийн нөхцлөөс шалтгаалан хуурайвтар, хуурай, их хуурай гэж ангилав.
Зургийн таних тэмдэгт ландшафтуудын нэгдмэл үйлдлийн идэвхижлийг тодорхойлдог хүчин зүйлийг тоон утгаар (дулаан ба чийг хангамж, ургамалжилтын биологийн бүтээмжийг) илэрхийлж хавсаргав. Үүнд:
1) Дулаан хангамж (10°С-аас дээших хоногийн дундаж температурын нийлбэр): хүйтэн (600-800°С), хүйтэвтэр (800-1200°С), дулаавтар (1200-1600°С), дулаан (1200-2000°С)
2) Чийг хангамж (хуурайшлын цацрагийн индекс): илүүдэл чийгтэй (0.5-аас бага), чийгтэй (0.5-0.9), чийгтэйдүү (1.0-1.4), чийг хангалтгүй (1.5-1.9), хуурай (2.0-2.4), их хуурай (2.5-аас их)
3) Ургамалжилтын биологийн бүтээмж (дулаан ба чийг хангамжийн өгөгдсөн нөхцөл дэх ургамалжилтын жилийн өсөлт, газар дээрх ба газрын доорх ургамлын органик бодисын масс): маш бага (20 ц/га-аас бага), бага (20-40 ц/га), дунд зэрэг (40-60 ц/га), их (60-80 ц/га), маш их (80 ц/га-аас дээш).
Ландшафтын орчны үнэлгээний ба зөвлөмжийн зориулалттай туслах зургуудыг зохиоход энэ зургийн суурь мэдээллийг эх сурвалж болгон ашиглаж болно.
Document Actions
061. Гадны нөлөөлөлд эрсдэх боломж
Ландшафтын мэдрэмтгий чанар
Ландшафтын мэдрэмтгий чанарын зураг нь гадны хүчний, түүний дотор хүний үйл ажиллагааны нөлөөллийн хариуд ландшафт ямар байдалтай байхыг харуулна. Ландшафтын мэдрэмтгий чанар гэдэг нь тухайн ландшафт хэсэг хугацаанд тодорхой хил заагийн дотор бүтэц байдлаа хэвээр нь хадгалж чадах <<өөрийгөө зохицуулах>> чадвар юм.
Тэрхүү мэдрэмтгий чанар нь ландшафтын шинжүүдтэй маш нягт холбоотой. Тухайн газар нутгийн чийг-дулааны хангамж “хэвийн байх” ургамалжилтын биологийн бүтээмж “хамгийн өндөр байх” зарчмыг үндэслэн ландшафтын мэдрэмтгий чанарыг тодорхойлдог. Дулаан чийгийн харьцаа экологийн хэвийн хэмжээнээс аль нэг тийшээ хэвийж өөрчлөгдөх тусам ландшафтын мэдрэмтгий чанар ихэсдэг. Чийг дулааны хангамж хэвийн, биологийн бүтээмж ихтэй ландшафт хүний үйл ажиллагааны нөлөөллийг мэдрэх нь бага байдаг. Гэтэл биологийн бүтээмж багатай, экстремаль (эрс туйлширмал) нөхцөл дэх ландшафт гадны нөлөөлөлд хамгийн мэдрэмтгий байна.
Зураг дээр ландшафтын мэдрэмтгий чанарыг харьцангуй байдлаар-маш өндөр, өндөр, дунд зэрэг, бага, маш бага гэсэн ангиллаар үзүүлэв.
Document Actions
062. Ландшафтын экологийн чадавхи
Ландшафтын экологийн чадавхи
Энэ зурагт хүн амьдрах орон нутгийн өвөрмөц орчныг бүрдүүлэх ландшафтын чадавхыг тодорхойлов. Тэгэхдээ ландшафтуудын төрх байдлыг экологийн үүднээс шинжиж Байгаль нуурын сав нутгийг хүний амьдрал үйл ажиллагаанд тааламжтай нөхцөлөөр ялган бүсчлэв.
Ландшафтуудын экологийн тааламжтай байдлыг тогтоохдоо тухайн нутаг орны чийг-дулаан хангамжийн харьцуулсан үнэлгээ (чийг дутагдалтай, чийг илүүдэлтэй гэх мэт) болон ургамлан бүрхэвчийн бүтээмжийн үзүүлэлтийг (бага, дунд зэрэг, их, маш их) голлож ашиглав. Ландшафтын экологийн чадавхыг харьцангуй үнэлгээний шатлалаар (маш бага, бага, дунд зэрэг, өндөр, маш өндөр гэж) ялган үзүүлэв. Зургийн таних тэмдэгт тэрхүү шатлалын тодорхойлолтыг өгөв.